Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 0098

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч                                                       М.Б /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            М.Б /цахимаар/

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч,

Иргэний хариуцагч                                                М.О

Хохирогч                                                       Л.Б

Нарийн бичгийн дарга                             С.Бадмааравдан нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолтой, М.Бд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Бы давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Д овгийн М-н Б.

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 4-р гудамжны зүүн талын зам дээр Л.Цын цээжин тус газар хутгалж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д овогт М-н Б-ыг хэрэг хариуцах чадваргүйд тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 2, 7 дахь хэсэгт зааснаар  М.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэг хариуцах чадваргүй байдал арилах хүртэл хугацаагаар Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн тусгай эмнэлэгт хэрэглэж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, М.Быг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд хүргэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.О-с 1 614 400 /нэг сая зургаан зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О -д олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шар өнгийн 4 хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу, талийгаач Л.Ц-н өмсөж явсан ногоон өнгийн саравчтай малгай, хар хөх өнгийн куртик, саарал өнгийн ноосон цамц, хөх өнгийн ноосон цамц, ногоон фудболк, бор өнгийн тэлээ, саарал өмд, саарал ноосон дотуур өмд, цэнхэр өнгийн амны хаалт, саарал өнгийн брюкэн өмд, хөх ноосон цамц, цэнхэр өнгийн оруулгатай урт ханцуйтай цамц, хар өнгийн богино куртик, М.Баас хураан авсан хөх өнгийн богино куртик, хутга 3 ширхэг, хатаасан цус, хумс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь М.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 169 хоног цагдан хоригдсон, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн тогтоол 10 дугаар сарын 29-ний өдөр ирсэн. Шүүхээс хэргийг цагаатгаж хэргийг хүчингүй болгосон ч Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх шийдвэр гаргасан нь өмнөх шийдвэртэйгээ зөрчилдөж байгаа учраас давж заалдах өргөдөл гаргаж байна. Үндэслэл нь хоригдох хугацаандаа 2 удаа Улаанбаатар хотод Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвд шилжүүлсэн бөгөөд тухайн бүрд нь хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Хуулийн дагуу хэрэг нь цагаатгагдсан тохиолдолд сэжигтнээс хураан авсан эд зүйлсийг буцаан олгодог юм байна. Надаас хурааж авсан эд зүйлсийг устгахаар бичигдсэн байсан. Үүнийг буцаан олгож өгнө үү. Эгч М.О-с гаргуулах 1.614.400 төгрөгийн нэхэмжлэлийг хүчингүй болгуулж миний хоригдсон хоногийг хохирлын төлбөрийг хуулийн этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7 дахь заалт буюу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон гэсэн заалтыг баримталсан атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д ... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байдлаар бичигдсэн байна ... гэж заасныг зөрчсөн байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 632 дугаартай дүгнэлтээр М.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын клиникт 3 жилийн хугацаагаар авах шаардлагатай гэж дүгнэсэн байхад хэрэг хариуцах чадваргүй байдал арилах хүртэл хугацаагаар гэж тодорхой бус хугацаа тогтоосон нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний 320 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    

              Шүүгдэгч М.Быг 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 4 дүгээр гудамжны зүүн талын зам дээр Л.Цын цээжин тус газарт нь хутгалж хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн М.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

              Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт М-н Б-ыг хэрэг хариуцах чадваргүйд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 2, 7 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэг хариуцах чадваргүй байдал арилах хүртэл хугацаагаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай эмнэлэгт хэрэглэж шийдвэрлэжээ.

 

              Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд

 

              Шүүгдэгч М.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 04 дүгээр гудамжны зүүн талын зам дээр Л.Цын цээжин тус газар нь хутгалж санаатай алсан гэмт үйлдсэн үйл баримт тогтоогдож байгаа ба энэ гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 623 дугаартай ...М.Б нь органик дэмийрлийн эмгэг, хий үзэгдэл дэмийрлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. ...Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг удирдах чадваргүй байсан. Хэрэг хариуцах чадваргүй М.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын клиникт 3 жилийн хугацаагаар авах шаардлагатай ...  гэсэн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

              Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

              Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

              Тухайлбал: Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7.д ...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохоор тодорхой зохицуулсан байхад мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тогтоох хэсэгт баримтлах заалтыг удиртгал болгох хэсэгтээ баримталсан,

 

              Шүүхийн сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд М.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын клиникт 3 жилийн хугацаагаар авах шаардлагатай гэж дүгнэсэн байхад ...хэрэг хариуцах чадваргүй байдал арилах хүртэл хугацаагаар гэж тодорхой бус хугацаа тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7.д заасан ...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно... гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

              Мөн анхан шатны шүүх эд мөрийн баримтаар М.Баас хураан авсан хөх өнгийн богино куртикийг устгахаар шийдвэрлэсэн байх боловч шүүгдэгч М.Бы давж заалдах гомдолдоо дурдсан “... эд мөрийн баримтаар хураагдсан куртикийг өөрт буцаан олгож өгнө үү ...” гэсэн энэ хэсгийг хүлээн авч, гомдолд дурдсан бусад хэсгийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолын удирдлага болгох хэсгийн ... 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7... гэснийг хасч,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг ... гэснийг  ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэг ... гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... хэрэг хариуцах чадваргүй байдал арилах хүртэл ... гэснийг ... 3 жилийн хугацаагаар ... гэж,

 

тогтоох хэсгийн 6 дахь заалтын ... М.Баас хураан авсан хөх өнгийн богино куртикийг устгасугай ... гэснийг ... М.Баас хураан авсан хөх өнгийн богино курткийг шүүгдэгч М.Бд буцаан олгож ... гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч М.Бы давж заалдах гомдлын “эд мөрийн баримтаар хураагдсан куртикаа буцаан олгож өгнө үү” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

                      ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                    С.ЦЭЦЭГМАА