| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2019/00659/И |
| Дугаар | 181/ШШ2019/01248 |
| Огноо | 2019-05-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2019/01248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ТББ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МХЭАХҮХ ТББ -д холбогдох
Баримтат кино хийсэн ажлын хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Баатарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг 25 жилийнхээ ойг тэмдэглэх болж тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Оюунбаатар, Дэд ерөнхийлөгч Тогтохбаяр над надтай тохирч өөрсдийн удирдлаганд ажилладаг Гүйцэтгэх захирал Тунгалагт үүрэг өгөн манай студитэй хоёр талаасаа хүлээсэн үүрэг бүхий уран бүтээлийн гэрээ байгуулан баримтат кино хийлгэсэн юм.
Би студийн захирлын хувьд гэрээг үзэглэж өөрөө тайлбарыг нь бичиж, өөрийн хүмүүсээр үүнийг хийлгэсэн. Баримтат кино хийнэ гэдэг бол зохиолч, зураглаач, нэвтрүүлэгч, эвлүүлэгч гэх мэт олон хүний хөдөлмөр бүтээлээс бүрддэг ажил бөгөөд дурдсан хоёрхон сая төгрөгөөр ч хийдэг зүйл биш юм.
Тус нийгэмлэгийг харж үзэж маш бага зардлаар, маш богинохон хугацаанд өдөр шөнөгүй сууж байж киног дуусган гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн.
Тус холбооны Дэд ерөнхийлөгч Тогтохбаяр манай студээс салахгүй хоёр, гурав хоног бидний дэргэд сахин хүлээж байгаад киногоо хийлгэн 10 хувь хувилуулж аваад явсан. Маргааш нь нэгэн эмэгтэйтэй хамт ирж Хөвсгөлийн Хэрэглэгчдийн нийгэмлэгт ажиллах энэ эмэгтэйд өгье, бас бус хүмүүст тарааж өгнө гээд дахин 4 хувь хувилуулаад явсан.
Гэрээнд заагдсан 2 сая төгрөгөө авья гэхэд Тогтохбаяр Ойгоор их мөнгө зарлаа. Таньж мэдэхгүй улс биш ойн дараа өгье гэсэн. Ойн дараа уулзахад Тунгалаг захирлаас ав гэсэн. Тунгалагтай уулзахад Надад мөнгө алга. Оюунбаатар Ерөнхийлөгчтэй уулз гэлээ. Оюунбаатар тэр үед Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Ерөнхийлөгчийнхөө хажуугаар Монгол Улсын Засгийн газрын Шадар сайдын албыг давхар хашиж байсан. Ингээд түүнтэй Шадар сайдын өрөөнд уулзсан. Сай ойн үеэр зохиогдсон арга хэмжээнд их мөнгө зарлаа. Одоогоор мөнгө алга. Би УИХ-д нэр дэвших гэж байна хандивын мөнгө ороод ирэхээр өгье. Дараа уулз гээд гаргасан.
Хожим уулзахад Ерөөсөө ШӨХТГ-т танай хийсэн киноны 1 хувийг өгөөд тэднийхээс мөнгө гаргуулая. Та киногоо дахин хуулаад өгчих гэхээр нь дахиад 3 хувь хувилж өгсөн. Сураг алдарсан. Утасдахаар утсаа авахгүй, очихоор байхгүй. Гүйцэтгэх захирал Тунгалаг нь ажлаа өгөөд түүний ажлыг Шагжжав авсан. Мөн л танай мөнгийг өгнө, тэвчээртэй хүлээ гэдэг.
Иймд баримтат кино хийсэн ажлын хөлс 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарлаж, Монгол Улсын хэрэглэгчийн хуулийг шинэчлэн найруулах, хэрэглэгчийн төлөө Засгийн газрын хөтөлбөрийг боловсруулж, батлуулах томоохон зорилтыг дэвшүүлсэн юм.
Энэ ажлын хүрээнд олон цогц ажлыг төлөвлөсөн бөгөөд үүний нэг нь Ц.Баатарсүрэн сэтгүүлчтэй Хэрэглэгчийн жилийн үйл ажиллагааны талаар баримтат кино хийхээр тохирч хэлцэл хийсэн юм.
Ц.Баатарсүрэн баримтат кино гэж CD авчирч өгсөн боловч хэрэглэгчийн жилийн үйл ажиллагааг харуулаагүй, хуучны бичлэгүүдийн цуглуулга байсан учраас шаардлага хангаагүй, дахин өөрчлөн шинэчилж хийлгэх үүргийг удирдлагаас өгсөн юм. Үүнийг Ц.Баатарсүрэн мэдэж байгаа. Бид хамтран ажиллаж шаардлага хангасан баримтат киногоо хүлээн авч хэлцлийг дүгнэсэн нөхцөлд тооцоог хийх болно.
МХЭАХНҮХ нь ашгийн бус байгууллага бөгөөл ямар нэг орлогогүй ТББ юм.
Засгийн газраас Хэрэглэгчийн жил болгон зарлаж зардлыг Засгийн газрын 233-р тогтоолоор олгохоор заасан бөгөөд өр, авлага үүсээд одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа нь манай байгууллагын буруу биш юм. МХЭАХНҮХ-ны Ерөнхийлөгч/тэргүүн нь билэгдлийн шинж чанартай, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, санхүүгийн эрх мэдэлгүй, мөнгө төгрөгний асуудалд огт хамааралгүй болно. Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нь Ц.Баатарсүрэнд мөнгө, төгрөг, төлбөр тооцооны талаар яриагүй, ийм эрх хэмжээ түүнд байхгүй болно.
Манай байгууллагад орон тооны цалин авдаг нэг ч хүн байхгүй бөгөөд түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй учраас байрнаас гарч байгаа болно.
МХЭАХНҮХ-ны гүйцэтгэх захирал Ц.Шагжжавыг нэр дэвшүүлсэн боловч одоогоор хурлаар орж батлагдаагүй байна. Ц.Баатарсүрэн МХЭАХНҮХ дээр ирж, хэлцлээ дүгнэж баримтат киногоо хүлээлгэн өгсөн тохиолдолд Засгийн газрын олгох мөнгөнөөс бид төлбөрийг бүрэн төлж болох юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Уран бүтээлийн Мичид студи ТББ нь хариуцагч Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо ТББ-д холбогдуулан, баримтат кино хийсэн ажлын хөлс 2,000,000 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нотариатын зардал төлсөн баримтыг шүүхэд өгөөгүй учир 3,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж тайлбарласан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Талууд 2016 оны 03 сарын 03-ны өдөр Уран бүтээлийн гэрээ гэх гэрээ байгуулж, Уран бүтээлийн Мичид студи ТББ нь Монгол Улсад Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулж МХЭАХНҮХ-ны үүсэл, хөгжил, шинэчлэлт өөрчлөлтийг тусган харуулсан баримтат кино хийж 2016 оны 03 сарын 13-ны өдөр хүлээлгэн өгөх, Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо ТББ нь баримтат кино хийх зардал 2,000,000 төгрөгийг өгөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.
Иймд ажил гүйцэтгэгч Уран бүтээлийн Мичид студи ТББ нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо ТББ-аас шаардах эрхтэй юм.
Гэрээнд заасан хугацаанд баримтат кино хийж, 14 ширхэг хувилж холбооны Дэд Ерөнхийлөгч н.Тогтохбаярт, 3 ширхэг хувилж холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатарт тус тус хүлээлгэн өгсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгэхгүй байгаа боловч уг баримтат кино нь хэрэглэгчийн жилийн үйл ажиллагааг харуулаагүй, хуучны бичлэгүүдийн цуглуулга байсан учраас шаардлага хангаагүй, дахин өөрчлөн шинэчилж хийлгэх үүргийг удирдлагаас өгсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Уран бүтээлийн гэрээ гэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1-д захиалагч нь баримтат кинонд орох дүрс бичлэг болон цуглуулсан материалуудыг үзэж саналаа хэлэх, дүрс бичлэгийг нэмж, хасуулах эрхтэй байхаар, 1 дүгээр зүйлийн 5-д захиалагч нь баримтат киног хүлээн авахдаа уран сайхны болон техникийн шаардлага хангахааргүй бүтээл болсон байна гэж үзвэл засуулах, дахин хийлгэх эрхтэй байхаар тус тус тусгасан байх боловч Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо ТББ-ын зүгээс ийнхүү баримтат киноны бичлэгийн талаар санал тавьсан, баримтат киног засуулах, бичлэгийг нэмж, хасуулах талаар санал гаргасан болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагч нь баримтат киног шаардлага хангахгүй гэж үзсэн бол хүлээн авахаас татгалзах эрхтэй атлаа энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, харин баримтат киноны бичлэг бүхий CD-г хүлээн авсан үйл баримт зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д гүйцэтгэсэн ажилд нь ямар нэгэн доголдол байвал захиалагч нь ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргахаар зохицуулсан байх тул баримтат киноны доголдлын талаар Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо ТББ-ын зүгээс гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байгааг дурдах нь зүйтэй.
Уран бүтээлийн гэрээ буюу ажил гүйцэтгэх гэрээний дагуу эрх, үүрэг нь уг гэрээг байгуулсан талууд болох Уран бүтээлийн Мичид студи ТББ, Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо ТББ-д үүсэх учир Монгол Улсын Засгийн газар мөнгөний асуудлыг шийдвэрлэхгүй байгаа тул манай байгууллагын буруу биш гэсэн агуулга бүхий хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.
Мөн ямар нэгэн орлогогүй, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байгаа зэрэг нөхцөл байдлууд нь хариуцагч талыг ажил гүйцэтгэх гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо ТББ-аас 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Уран бүтээлийн Мичид студи ТББ-д олгон шийдвэрлэв.
Хариуцагчийн төлөөлөгч А.Тунгалаг нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо ТББ-аас 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Уран бүтээлийн Мичид студи ТББ-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Уран бүтээлийн Мичид студи ТББ-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР