| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2024/0120/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/01 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа,
Улсын яллагч Б.Төрболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.А,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2223002100006 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн .... сумд төрсөн, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ... сумын .... багийн .... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .... овогт ...-ийн Б, регистрийн дугаар ............
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэр ... гэх газарт аспалтан зам дээр 00-00 улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй ... техникийн зөрчилтэй автомашин, ... ашиглахыг хориглоно: 3.1. заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын ... автомашинд дугуйн хээний гүн 1,6 мм -ээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн:”, 12.1. заалт "Жолооч ... замын ... нөхцөл...-ийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... тохируулан сонгож явна.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч улмаар авто машинд зорчиж явсан Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
- 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 51-62 дугаар хуудас/
- Хохирогч Ё.Б-ын “...Би 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн .... сумаас 05 цагийн орчимд .... сум руу шинжилгээ өгөх зорилгоор Завхан аймгийн .... сумаас ирсэн Приүс-20 маркийн машинд Н болон түүний бэр, жолооч гэж 1 залуу бас 1 танихгүй хүний хамт гарсан. Замдаа ... сумд .... сумаас суулгасан 1 хүнээ буулгаад би жолоочийн хажуу талын урд суудалд сууж, харин хойд талын суудалд Н бэртэйгээ суугаад явсан. Тэгээд 08 цагийн орчим ..... даваа уруудаад нэлээд явж байтал гэнэт машин эргээд 1 мэдэхэд замын хажуу тал руу уначихсан. Намайг жолооч болон Н бэртэйгээ хамт машинаас татаж гаргасан. Тухайн үед миний нүүрнээс цус гараад машинаас гараад газар суух гэтэл сууж болохгүй бөөр, нуруу, бүсэлхий хэсгээр өвдөөд байсан. Мөн би гишгэж, явж чадахгүй байсан. Тэгтэл удалгүй аймгаас .... сум явж байсан 1 машин ирээд намайг Н болон түүний бэрийн хамт авч ..... сумд хүргэж нэгдсэн эмнэлэгт аваачиж өгсөн. Тухайн осол болох үед би машин хэдэн километр цагийн хурдтай явж байсныг харж чадаагүй цаг агаар цэлмэг нар туссан байсан. Замын хувьд тухайн осол болсон газрын замын хажуу тал цастай жаахан мөстсөн байх шиг байсан. Би сайн харж чадаагүй. ...Тухайн ослоос болж би толгойдоо 5 ширхэг оёдол хийлгүүлж, нуруу гэмтэл авсан, нүүр хэсэг хавдаж хөхөрсөн, бүсэлхий хэсгээр өвчтэй, босож, явж чадахгүй, удаан хэвтсэнээс болж баруун талын ташаа цоорсон байдалтай байна. ...Би осол юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Жолооч залуу тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. ...Би тухайн үед хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Тээврийн хэрэгсэл ямар хурдтай явсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Намайг .... сум руу явж байсан хүн .... сум руу хүргэж өгөхөөр авч явах үедээ онхолдсон машиныг хараад дугуйнууд зуны дугуй байна, солиход яадаг байна гэж хэлж байсан. ...Эмнэлэгт хэвтэх хугацаанд эмчилгээний зардал болон цаашид хийгдэх эмчилгээний зардлыг жолооч Б гэх хүнээс гаргуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас/,
- Хохирогч Ё.Б-ын дахин мэдүүлсэн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр .... сумаас .... сум руу эмнэлэгт үзүүлэх шалтгаантай явсан. ...Би осол болохоос өмнө хөл дээрээ босож яваад, ганцаараа гэрийнхээ ажлыг хийдэг байсан. Надад архаг хууч өвчин байхгүй, баруун гар жаахан чичирдэг байсан. Одоо миний биеийн байдал сайн биш байна. Босоод ганцаараа явж чадахгүй, толгой байнга өвдөж байна. Мөн өдөр бүр эмч дуудаж тариа хийлгэж байгаа. ...Би энэ гэмтлүүдийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ослоор авсан. ...Би осолд орсны улмаас эрүүл мэндээрээ болон хөрөнгө санхүүгээр хохирч байна. ...Би 1 өдөрт 40.000 төгрөгөөс 100.000 төгрөгийн эм, тариа авч хэрэглэж байгаа яг баримт гэж авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Н-ийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны 04 цаг өнгөрч байхад ..... сумаас ..... сумын чиглэлд Ё.Б, А нарын хамт .... сумаас ирсэн гэх .... сум руу явах гэж байсан хүний машинд суугаад явсан. Замдаа .... сумаар дайрч ....-ээс суулгасан нэг хүнээ буулгаад .... сум руу жолоо барьж явсан хүн болон Ё.Б, А бид дөрөв 05 цагийн орчим гарсан. Тэгээд өглөө 08 цагийн үед яг хаана явсныг сайн мэдэхгүй байна ..... даваа даваад нэлээд явж байтал машин гэнэт гулгаад хөндөлдөж ирээд, замын баруун тал руу уначихсан. А бид 2 хойд цонхны шил хагарсан байсан тул тэрүүгээр гарч гаднаас хаалгыг онгойлгож Б гэх хүнийг машинаас гаргаж газар суулгасан. Намайг машинаас гарах үед зам мөстсөн их гулгаатай байсан ба би халтирч унах гээд байсан. Тэгээд би машиныг замын халтиргаанаас болж унасан байна гэж бодсон. Тэр үед миний биед толгойн ар хэсэгт өнгөн хэсэгт өвдөж байсан өөр ямар нэг гэмтэл байгаагүй. Харин Б гэх хүний дух орчмоос цус гарсан байдалтай өөр ил харагдах гэмтэл харагдаагүй хөл дээрээ муу явж байсан учир бид 2 түшиж явж байгаад газар суулгатал гар нь чичрээд би сууж чадахгүй байна хэвтмээр байна гээд байсан. Б гэх хүн замдаа бие засах гээд машинаасаа гарахдаа өөрөө сайн явж чадахгүй А-гаар туслуулж, гарч бие засаж байсан. Мөн вакцин хийлгэснээс хойш миний гар ингэж чичрээд байдаг болсон гэж надад ярьж байсан. Тэгээд А бид 2 замын унаа тосож хамт аваад .... сум орж нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд бид 2 айл руу очихоор явсан. ...Тухайн жолоо барьж явсан хүнийг би танихгүй бид нарыг ..... сумаас ирж авсан. Хар өнгөтэй Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэр үед машины урд жолоочийн хажуу талын суудалд Б, жолоочийн эгц арын суудалд би миний хажууд А сууж явсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас/,
- Гэрч Б.А-ийн “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны 05 цагийн үед байх .... сумаас .... сумын чиглэлд Ё.Б, Н бас нэг .... сум орох хүн нийт 4 хүний хамт ... сумаас ирсэн гэх .... сум руу явах гэж байсан хүний машинд суугаад явсан. Замдаа .... сумаар дайрч ...-гээс суулгасан 1 хүнээ буулгаад ... сум руу жолоо барьж явсан хүн Ё.Б, Н /хадам ээж/ бид 4 гарсан. Тэгээд өглөө 08 цагийн үед .... даваа уруудаад явж байгаад .... гэх нэртэй газар гэж сүүлд замын унаанд суухад ярьж байсан. Тэр газар машин гэнэт гулгаад хөндөлдөж ирээд замын баруун тал руу уначихсан. Тэгээд хадам ээж Н бид 2 хойд салхины шил хагарсан байсан тул тэрүүгээр гарч гаднаас хаалгыг онгойлгож Б гэх хүнийг машинаас гаргаж газар суулгасан. Намайг машинаас гарах үед зам мөстсөн их гулгаатай байсан. Тэр үед миний баруун бугуй жаахан өвчин орсон баруун талын хэвлийн доод хэсэгт жижиг хөхөрсөн өөр ямар нэг гэмтэл байгаагүй. Харин Б гэх хүний хамар, толгой орчмоос цус гарсан нуруу өвдөөд байна гэсэн байдалтай өөр ил харагдах гэмтэл харагдаагүй хөл дээрээ муу явж байсан учир бид нар 2 талаас нь түшиж явж байгаад газар суулгатал гар нь чичрээд би сууж чадахгүй байна хэвтмээр байна гээд байсан. Б гэх хүн замдаа бие засах гээд машинаасаа гарахдаа таягтай гарч явж байсан. Мөн вакцин хийлгэснээс хойш миний гар ингэж чичрээд байдаг болсон гэж надад ярьж байсан. Тэгээд замын унаа тосож би хадам ээжтэй хамт аваад .... сум орж нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд бид 2 айл руу очихоор явсан. ...Тухайн жолоо барьж явсан хүнийг би танихгүй бид нарыг .... сумаас ирж авсан. Хар өнгөтэй Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэр үед машины урд жолоочийн хажуу талын суудалд Б, жолоочийн эгц арын суудалд хадам ээж Н хажууд нь би сууж явсан. Осол яг юунаас болсныг би сайн мэдэхгүй, замын гулгаанаас болсон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас/,
- Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Б-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 000000562 дугаартай “...1. Ё.Б-ын биед сээрний Th11, бүсэлхийн L1-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, духны зүүн хэсэгт, духны баруун талд хуйханд, дээд уруулын дунд хэсгүүдэд шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд, баруун хацрын хэсгийг бүрэн хамарсан, баруун далны хэсэгт, баруун бугалаганы гадна ар хэсэгт, зүүн шууны гадна дунд хэсгүүдэд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.
3. Дээрх гэмтүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 10 дугаар арын 27-ны өдөр үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Ё.Б-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 194-196 дүгээр хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын техникийн шинжээч С.Э-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 408 дугаартай “...1. Шинжилж буй Toyota Prius-20 маркийн, 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтооход хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зураг, зам орчны байдал зэрэг хэргийн материал ирүүлээгүй, тул хурд тогтоох шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн, 00-00 улсын дугаартай, автомашины урд бамбай, хөдөлгүүрийн хаалт, баруун талын хаалга, дээвэр, далбаанууд зурагдаж хонхойсон, салхины шил, тээшний хаалганы шил, урд 2 их гэрлүүд, баруун талын урд хойд обуд хагарсан гэмтлүүд ослын үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Баруун хойд талын хаймар дугуйн нүүр хэсэгт үүссэн 5смХ4,5см хэмжээтэй цоорсон гэмтэл нь зах ирмэг хэсгийн хийцийн утаснууд суналтгүй зүсэгдэж тасарсан байх тул ослын дараа хүний хүчин зүйлээр үүссэн байх боломжтой.
3. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн, 00-00 улсын дугаартай, автомашин MNS4598-2020 стандартын 5.14.3-д заасан “суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээр 1,6 мм-ээс багагүй байх” гэсэн заалтыг хойд тэнхлэгийн 2 дугуй хангахгүй байх тул хээний гүний стандарт шаардлага хангахгүй байна. Тээврийн хэрэгслийн хурд, зам орчны байдал зэргээс хамаарч осол гарах боломжтой.
4. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн, 00-00 улсын дугаартай, автомашины явах эд анги, тоормос, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгсэл зэрэг эд ангиуд солигдоогүй байна.
5. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-20 маркийн, 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2022 оны үзлэг тооллого, оношилгоонд орсон эсэх асуулт нь авто техникийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 7-20 дугаар хуудас/,
- Завхан аймгийн засаг даргын тамгын газрын шинжээч Ж.Р, Б.Т, Б.Б нарын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “...1. MNS4598:2020 улсын стандартын 5.14.3-д заасан "Суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээр 1.6 мм-ээс багагүй байх” гэсэн заалтыг хойд тэнхлэгийн 2 дугуй хангахгүй байх 408 дугаар шинжээчийн дүгнэлт, хавсралт зураг 38, 39 хээний гүний стандарт шаардлага хангахгүй байна гэсэн нь жолооч Ч.Б 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а-д заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл зэргээс хамаарч осол гарах боломжтой.
2. Жолооч Ч.Б нь замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй ба осол гарахад нөлөөлсөн байх боломжтой.
3. Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 Авто зам ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцагч байгууллага хариуцан ажиллана. Цаг хугацааны хувьд осол гарахаас өмнө авто замын арчлалтын ажлыг гүйцэтгэх боломжгүй.
4. MNS4598:2020 стандартын 5.14.3 дахь заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а, 12.1 дэх заалтуудыг жолооч Ч.Б нь зөрчсөн цаг хугацааны хувьд осол гарахаас өмнө авто замын арчлалтын ажлыг гүйцэтгэх боломжгүй тул дээрх гаргасан дүгнэлтүүд үндэслэлгүй гэж үзэж байна...” гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас/,
- ШУТИС-ийн механик тээврийн сургуулийн техникийн шинжээч И.Б, Ц.Ц, А.Э нарын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 06/21 дугаартай “...1. 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а заалт " Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ ... ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй ... техникийн зөрчилтэй автомашин, ... ашиглахыг хориглоно: 3.1. заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ Суудлын ... автомашинд дугуйн хээний гүн 1,6 мм -ээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн:”, 12.1. заалт "Жолооч ... замын ... нөхцөл,...ийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг ... тохируулан сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөн байна.
2. 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.1, 12.1 заалтуудыг зөрчиж хөдөлгөөнд оролцсон нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.
3. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,
- ШУТИС-ийн механик тээврийн сургуулийн техникийн шинжээч И.Б, Ц.Ц, А. нарын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 06/21-1 дугаартай “...1. Монгол улсын ШШТ хуулийн 17.1-д "Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна.", 17.2-д "Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна." гэж заасан байдаг тул дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна.
2. Зам арчлалтыг хариуцсан иргэн, хуулийн этгээд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3-р заалт буюу "Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна." гэснийг биелүүлэх үүрэгтэй байдаг.
3. Хавтаст хэрэгт авагдсан материалд Зам арчлалтыг хариуцсан иргэн хуулийн этгээд тухайн цаг хугацаанд зам арчлалтын үүргээ гүйцэтгэсэн эсэх талаар нотлох баримт тусгаагүй байсан. Зам арчлалтыг хийх боломжтой байсан эсэхэд техникийн шинжээч хариулах боломжгүй.
4. Стандартын шаардлага хангасан хээтэй дугуйтай автомашин зам дээр гөлийж тогтсон мөсөн дээр огцом тоормослолт хийхэд гулгана.
5. Осол гарсан гэх тухайн цаг хугацаанд цаг агаарын нөхцөл байдал, замын нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн.
6. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн нэмэлт дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/ болон шүүгдэгч Ч.Б-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч Ч.Б нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй, техникийн зөрчилтэй автомашин ашигласны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ё.Б-ын эрүүл мэндэд сээрний Th11, бүсэлхийн L1-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, духны зүүн хэсэгт, духны баруун талд хуйханд, дээд уруулын дунд хэсгүүдэд шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд, баруун хацрын хэсгийг бүрэн хамарсан, баруун далны хэсэгт, баруун бугалаганы гадна ар хэсэгт, зүүн шууны гадна дунд хэсгүүдэд цус хуралт бүхий хүнд зэргийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Ч.Б-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй, техникийн зөрчилтэй автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг шинжлэн судлахад хохирогч Ё.Б нь нийт 2,219,154 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байх бөгөөд үүнээс 1,594,554 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй болон хэзээ, хаанаас, юу авсан болох нь тодорхойгүй баримтууд болох 2 дугаар хавтаст хэргийн 77 дугаар хуудасны 3 дугаартай ямар аж ахуйн нэгжээс юу авсан нь тодорхойгүй 43000 төгрөг, 78 дугаар хуудасны 5 дугаартай гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй хүүхдийн хөнжлийн даавуу авсан 18,000 төгрөг, 80 дугаар хуудасны 13 дугаартай хаанаас юу авсан нь тодорхойгүй 370,000 төгрөг, 84 дүгээр хуудасны 28 дугаартай гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй П.Б-н хот хоорондын зорчигч тээврийн билетийн үнэ 40,200 төгрөг, мөн хуудасны 29, 30 дугаартай гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй П.Х-ийн хот хоорондын зорчигч тээврийн билетийн үнэ нийт 153,400 төгрөг, нийт 624600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Б нь мөрдөн байцаалтын явцад хохирогч Ё.Б-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,000,000 /нэг сая/ төгрөг төлсөн болох нь түүний мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанаас тогтоосон 1,594,554 төгрөгийн хохирлоос нөхөн төлөгдөөгүй 594,554 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч 20 минутын завсарлага авсан бөгөөд энэ хугацаанд уг хохирлыг хохирогч Ё.Б-д төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хохирогч Ё.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид эмчилгээний зардал гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Б-гаас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйл, хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хувийн байдалд харгалзан үзсэн.
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн ялд өөрчлөлт орж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацаа нэг жилээс гурван жил хүртэл байсныг гурван жилээс таван жил хүртэл болгож, мөн зорчих эрхийг хязгаарлах ял болон хорих ялын доод хэмжээ зургаан сараас гурван жил байсныг нэг жилээс гурван жил болгон тус тус хүндрүүлэн өөрчилсөн байна.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар тогтооно” гэж заасан байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд өөрчлөлт орохоос өмнө хөнгөн байсан тул Ч.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 1 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын нэмэгдэл ялын хугацааг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ..... овогт ....-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 1 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын нэмэгдэл ялын хугацааг түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлэгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ч.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар хохирогч Ё.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид эмчилгээний зардал гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Б-аас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
9. Шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ