Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 0099

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Б, Д.Г,

Э.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Ц.Л

Шүүгдэгч                                           М.Б,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Р.Н

Нарийн бичгийн дарга                 О.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолтой, М.Б, Д.Г, Э.Б нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Н-н давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Л овогт М-н Б.

 

Монгол Улсын иргэн, Ч овогт Д-н Г.

 

Монгол Улсын иргэн, Н овогт Э-н Б. 

 

М.Б, Д.Г, Э.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Л овогт М-н Б, Ч овогт Д-н Г, Н овогт Э-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын механикийн ажил үүрэг гүйцэтгэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Гийн бригадын даргын ажил үүрэг гүйцэтгэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Б-н удирдах албан тушаал эрхлэх эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Д.Г, Э.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд сар бүр 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Д.Г, Э.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

         Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Д.Г, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

           

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Н давж заалдах гомдолдоо:

“... Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн том бутлуурын хэсгийн ККД-1 гулдмайт шигшүүр №4-ийн бутлуурын хонгилын 4 бүсийн баруун хойд талд байрлах элэгдсэн хуягийг солих засварын ажлын төлөвлөгөөнд тусгагдаж, байршил бүтэц зохион байгуулалтын бүдүүвч зураг хийгдсэн байсан ба үүний дагуу ажил явагдсан.

Засварын энэ ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №65 дугаар “Өндөр эрсдэлтэй ажил гүйцэтгэх наряд-зөвшөөрөл”-өөр 5 ээлж дамжуулан гүйцэтгэж байсан ба тухайн өдөр ажилд оруулагчаар Н.Н, мастераар Э.Б, бригадын даргаар Д.Г, гишүүд нэр бүхий 5 ажилчин /Х.Л, Н.Т, Э.Т, Б.Б, Сү.Б/ ажил гүйцэтгэж байжээ. Ажлын даалгавар нь “Гулдмайт шигшүүр №4-ийн 4 бүсэд үзлэг хийж, элэгдсэн хуягийг солих, боолтны толгойд наплавка тавих, гагнуур сэргээх, трубаны нүхнүүд гаргах, урт хөмсөг цэвэрлэх” байсан байна. Дээрх хүмүүс Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг зохих журмын дагуу авсан байна.

Засварын бригад элэгдсэн хуягийг солихоор гагнаасыг салгаад кран дуудаж салгасан хуягийг дээш өлгүүлэхээр гарсан үед цахилгаан хийн гагнуурчин, засварчин Х.Л нь технологийн №5-ын 2.2.2 “ганцаараа бункер руу орохыг хориглоно” гэснийг зөрчиж мастер, бригадын даргын зөвшөөрөлгүйгээр салгасан хуяг төмрийн хажуу хэсгийн бэхэлгээгүй болсон хуяг төмрийн хүдрийн биетэд дарагдсан бохирыг унагахаар цохисноос төмөр унаж дарагдсан байна.

Осол гаргахад нөлөөлсөн хүчин зүйл, зохих ажил, албаны хүмүүсийн буруутай байдлын талаар дараах зүйлийг дурдаж байна. Уг ослыг гаргахад хохирогч буруутай болох талаар Үйлдвэрлэлийн ослын акт, улсын байцаагчийн дүгнэлтүүдэд тодорхой дүгнэсэн, энэ талаар маргаан, гомдол, санал гараагүй.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны акт №2-т Баяжуулах үйлдвэрийн засварын хэсгийн механик М.Б, ээлжийн мастер Э.Б, бригадын дарга Д.Г нарыг ХАБЭА-ийн журам, технологийн картын журам бүрэн биелүүлээгүй гэж дүгнэжээ.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Баяжуулах үйлдвэрийн гагнуурчин Х.Л-д тохиолдсон үйлдвэрлэлийн ослын нөхцөл байдал, шалтгааныг судалсан тухай А/242 тоот тушаалаар М.Бод 1 сарын хугацаатай үндсэн цалингийн 20 хувиар, Д.Гт мөн 1 сарын хугацаатай үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оноосноос гадна хяналтыг сулруулсан эс үйлдэлд нь Баяжуулах үйлдвэрийн дарга М.О, ерөнхий инженер Атакуев.А.А нарт 1 сарын цалингийн 10 хувиар, Баяжуулах үйлдвэрийн ХАБЭА-н албаны дарга Д.Б, засварын хэсгийн дарга Д.Н нарт 1 сарын цалинг 20 хувь бууруулах шийтгэлийг мөн оноосон ба үүнд гомдол гаргасан хүнгүй байна. Ээлжийн мастер Э.Б тэтгэвэрт гарч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул шийтгэл оноогоогүй байна. Энэ тушаалд засварчин Х.Л-д сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг түүнийг эдгэрсний дараа шийдвэрлэхээр заасан байна.

Ажил олгогч үйлдвэрийн зүгээс шүүгдэгч нараас гадна үйлдвэрийн зохих албаны хүмүүсийг хяналт сулруулснаас гадна Баяжуулах үйлдвэрийн ХАБЭА-н болон засварын ажлыг шууд хариуцан хяналт тавих, зохион байгуулах үүрэг бүхий ажилтан Д.Б, Д.Н нарт гэм буруу байгаа эсэхийг шалгаагүй доод тушаалын ажилтнуудыг гэмт хэрэгт яллагдагчаар татсан нь хууль, шүүхийн өмнө адил тэгш байх зарчим хангагдаагүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс энэ байдлыг ярилцсан боловч хэргийг өргөжүүлж сунжруулахгүйгээр гэм буруугаа хүлээж, улмаар эрх зүйн байдлаа дээрдүүлэх хуулийн боломжийн хүрээнд гомдол, хүсэлт гаргахгүй байхаар шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх болон зарим ял шийтгэлээс хөнгөрүүлэх, чөлөөлүүлэх саналыг гаргаж байсан боловч прокурор, шүүхийн зүгээс тийм үндэслэлийг үгүйсгээгүй боловч хэрэглээгүй нь одоо энэ үндэслэлээр гомдол гаргах нөхцөл болж байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчим, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг харгалзах байдлаар хөнгөн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2, 5.7 дугаар зүйлд эрх хасах ял нэмэгдэл ял болох, түүний хэмжээг заасан ба уг ялыг Нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг хориглох гэж томьёолжээ. Энэхүү ялыг хэрэглэх үндэслэл нь нэг талаар тухайн этгээд тухайн эрхтэй байх нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт харш, нөгөө талаар тухайн этгээдийг үйлдсэн хэрэгтэй нь холбогдуулан гэмшүүлэх хүмүүжүүлэх зорилготой гэж ойлгогдоно.

Шүүгдэгч Д.Б нь осол болсноос хэдхэн хоногийн дараа өндөр насны тэтгэвэрт гарсан, Д.Г нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс /тушаал Б/474/ өөрийн хүсэлтээр бригадын даргын ажлаас чөлөөлөгдөж оронд нь гагнуурчин Э.Т томилогдсон байх ба эдгээр хүмүүст нэмэгдэл ял хэрэглэх нь ач холбогдолгүй болсон байна. Механик М.Бын хувьд түүнийг механикийн ажил эрхлэхийг хориглох нь ажил олгогчид ч хувь хүнд ч хохиролтой байна.

Хэргийн нөхцөл байдал, хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалт мөн 5.2, 11.3 дугаар зүйлийн 1-д заасан нэмэгдэл ял хамаарч болохоор байна. Ийм ч учраас шүүгдэгч нарыг нэмэгдэл ялаас чөлөөлүүлэхээр хэргийг хялбаршуулснаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан болно.

Ийнхүү нэмэгдэл ялаас чөлөөлүүлэх хүсэлт, гомдлын үндэслэл нь энэ гомдлын 1 ба 2 дахь хэсэгт заасан үндэслэлээс гадна гэмт хэргийн хохирол бүрэн төлөгдөж, иргэний хариуцагч цаашид гарах төлбөрийг хариуцахаа илэрхийлснээс гадна хохирогч Х.Л эрүүл мэнд нь бүрэн сэргэж ажилдаа орсон явдал буюу хор уршиг арилсан явдал болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа ба хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эрх хасахгүйгээр М.Б, Д.Г нарт мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасан хүрээнд Баяжуулах үйлдвэрийн засварын ажлын үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар нэмэлт хөтөлбөрт сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж болохоор байна.

Шүүгдэгч М.Б Д.Г нарыг 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох нь хэдийгээр тухайн зүйл хэсгийн торгох санкцын доод хэмжээ мөн боловч эдгээр хүмүүсийн нэг сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй, Э.Б-н хоёр сар гаруйн тэтгэврийн хэмжээтэй тэнцэж байгаа нь өмнө нь мөн энэ зөрчлийн улмаас цалин хөлсний арга хэмжээ авагдсан байдалтай болон эдгээр хүмүүсийн гэр бүлийн амьжиргааны эх үүсвэртэй харьцуулан үзвэл хүнд байх бөгөөд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын зорилго, ял оногдуулах үндсэн зарчимтай яв цав нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд хэргийг тал бүрээс нь хянан үзэж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Б, Д.Г, Э.Б нарыг эрх хасах нэмэгдэл ялаас чөлөөлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авна уу гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Н-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б, Д.Г, Э.Б нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч М.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн механикаар ажиллаж байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө ККД-1 бутлуурын гулдмайт шигшүүрийн №4-ийн засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ “Гулдмайт шигшүүрийн хөндийг засварлах технологийн карт №52-ийн 2.2.4 дэх хэсэгт заасан “Механикийн хамт хонгилд үзлэг хийж, ажлын хэмжээг тодорхойлно” гэсэн заалт, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажил үүргийн тухай журмын 30 дугаар зүйлийн 1-д заасан “Үндсэн ба туслах тоног төхөөрөмжийн ашиглалт, засварын техникийн удирдлагыг хэрэгжүүлж, тэдгээрийн авааргүй, аюулгүй ашиглалтыг хангана”, 2-т заасан “Тоног төхөөрөмжийн ашиглалтын техникийн үзлэг туршилт, баталгаажуулалт болон тэдгээрийн засварын ажлыг аюулгүйн дүрэм, норм, стандартын шаардлагын дагуу зохион байгуулна” гэсэн заалт болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтыг тус тус биелүүлээгүй эс үйлдэл,

 

мөн шүүгдэгч Д.Г нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн бригадын даргаар, шүүгдэгч Э.Б нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн ээлжийн мастераар тус тус ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажил үүргийн тухай журмын 34 дүгээр заалтын 3-д заасан “Онц аюултай газруудад үйлдвэрлэлийн ажлыг зөвхөн бичгээр, наряд зөвшөөрөл ажлыг зохион байгуулах төслөөр гүйцэтгэнэ”, 4-т заасан “Өндөр эрсдэлтэй ажлыг өөрөө удирдана”, 5-д заасан “Ээлж эхлэхийн өмнө буюу ээлжийн төгсгөлд өөрийн биеэр бүх ажлын байрны аюулгүй байдлыг шалгаж, илэрсэн зөрчлийг яаралтай арилгана”, 6-д заасан “Хэрвээ илэрсэн зөрчлийг ээлждээ арилгах боломжгүй бол уг ажлыг яаралтай зогсоож, аюултай газраас ажилтнуудыг гаргаж, энэ талаар удирдлагад мэдэгдэнэ” гэсэн заалтууд болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан заалтыг тус тус биелүүлээгүй эс үйлдлийн улмаас

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн шигшүүрийн хонгилд ажил үүргээ гүйцэтгэж байсан засварын хэсгийн цахилгаан, хийн гагнуурчин Х.Л-н дээрээс хуяг төмөр унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Дээрх үйл баримт нь шүүгдэгч М.Б, Д.Г, Э.Б нарын дээр дурдсан хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Нямцэрэн нь “ ... Д.Б, Д.Н нарт гэм буруу байгаа эсэхийг шалгаагүй ... 2.700.000 төгрөгөөр торгосон нь ... гэр бүлийн амьжиргааны эх үүсвэртэй харьцуулан үзвэл хүнд байна ... иймд М.Б, Д.Г, Э.Б нарыг эрх хасах нэмэгдэл ялаас чөлөөлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж ... албадлагын арга хэмжээ авна уу” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч энэхүү гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Учир нь: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг хянан хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн М.Б, Д.Г, Э.Б нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж тодорхойлсон.

 

Мөн хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,... эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

 

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр “Хохирогч Х.Л нь өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулсан, ганцаараа бункер руу орсон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7, “Гулдмайт шигшүүрийн хөндийг засварлах технологийн карт №52-ын ажлыг аюулгүй гүйцэтгэх арга хэмжээний 2.2.2-т заасныг зөрчсөн” нь тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх нөхцөл байдал болон хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж  холбогдох зүйл, хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээгээр буюу шүүгдэгч нарын тодорхой ажил үүрэг гүйцэтгэх эрхийг тус тус 1 жилийн хугацаагаар хасаж, тэдгээрийг тус тус 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч М.Б, Д.Г, Э.Б нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 450.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосноос гадна шүүгдэгч нарт эрх хасах нэмэгдэл ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул тэдгээрийг нэмэгдэл ялаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын  өмгөөлөгч Р.Н-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Н-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                                    С.УРАНЧИМЭГ