| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2022/0019/з |
| Дугаар | 124/ШШ/2022/36 |
| Огноо | 2022-09-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 124/ШШ/2022/36
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
Татгалзсаныг батлах тухай
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би “С.Т.О” төрийн бус байгууллагаас шүүхэд гаргасан “С.Т.О” төрийн бус байгууллагын эзэмшлийн газар дээр тохижилт /Улаангом сумын Төв эмийн сан орчмын/ хийхээр шийдвэрлэсэн Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 6/04 дугаартай тогтоолын гуравдугаар хавсралтын 2.16 дахь хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“С.Т.О” Төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Аймгийн Засаг даргын 2019 оны 09 сарын 18-ны өдрийн А/614 тоот шийдвэрээр Увс аймаг Улаангом сум 3-р багийн Бадрахын гудамжинд байрлах нэгж талбарын 8516012429 дугаар бүхийн 200кв.м, 0,2 га газрыг барилга байгууламж барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж өгсөн. Улсын бүртгэлийн дугаар нь .....
Гэтэл Увс аймгийн ИТХ-ын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 6/04 дугаартай тогтоолын 2-р хавсралтын 2-16-д Улаангом сумын Төв эмийн сан орчмын тохижилт хийлгэхээр тендер зарлаж “ЭИ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн байна,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл Төлөвлөлт, 73 дүгээр зүйлийн 73.1-д “Төлөвлөлт гэж Захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно." Энэ хуулийн 73.1.1-73.1.7 хүртэл хуульчлаад заасан байна.
“С.Т.О” төрийн бус байгууллагын Увс аймаг Улаангом сум 3-р багийн Бадрахын гудамжинд байрлах ... дугаар бүхийн 200кв.м 0,2 га газрыг барилга байгууламж барих зориулалтын газрын талаар Засаг даргын тамгын газраас болон ИТХ, ГХБХБГ-аас манай газрын эзэмшлийг цуцалсан, цуцлахыг мэдэгдсэн , сонсох ажиллагаанд дуудах, ямар ч албан бичиг болон амаар мэдэгдэж байгаагүй болно.
“С.Т.О” ТББ нь 2019 оны 10 сарын 15-ны өдөр газар эзэмших гэрчилгээгээ авч гэрээгээ хийсэн.2019 оны 11 сараас эхлэн дэлхий дахин, улс орны хэмжээнд Ковид- 19 гэж өвчин гарсны улмаас барилгын ажлыг гүйцэтгэж чадаагүй.
Хил, гааль хаалттай 2 жил орчим, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Энэ тухайгаа ЗДТГ, ГХБХБГ-т мэдэгдэж байсан. Иймд “СТО” ТББ-ын эзэмшлийн газар дээр Увс аймгийн ИТХ-ын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 6/04 дугаартай тогтоолын хавсралтын 2-16-д " Улаангом сумын Төв эмийн сан орчмын тохижилт хийхээр гаргасан тул уг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын хавсралтын 2-ын 16-г хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “СТО” төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “С.Т.О” ТББ-ын нэхэмжлэлтэй Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Увс аймгийн Засаг даргаас газрын асуудлыг шийдвэрлэсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С.Т.О” төрийн бус байгууллагыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр шүүхэд “СТО” төрийн бус байгууллагын зэмшлийн газар дээр буюу Улаангом сумын Төв эмийн сан орчмын тохижилт хийхээр гаргасан Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 6/04 дугаартай тогтоолын хавсралтын 2.16 дахь хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
“С.Т.О” төрийн бус байгууллага нь Увс аймгийн Засаг даргын 2019 оны 09 сарын 18-ны өдрийн А/614 дүгээр захирамжаар Улаангом сумын 3-р баг Төв эмийн сангийн урд 200 мкв газрыг барилга байгууламжийн зориулалтаар эзэмшсэн байна.
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 6/04 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтын 2.16-д Улаангом сумын Төв эмийн сан орчим “С.Т.О” төрийн бус байгууллагын эзэмшиж буй газарт тохижилт хийхээр төлөвлөжээ.
“Сүүн тахилгат овоо” төрийн бус байгууллага нь 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 13 дугаар албан бичгээр Ж.Ж-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүх эрхийг эдлэхээр итгэмжлэл олгосон байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Сүүн тахилгат овоо” төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нь Увс аймгийн Засаг даргаас “С.Т.О” төрийн бус байгууллагын газар эзэмших асуудлыг шийдвэрлэж өөр байршилд газар эзэмших эрх олгосон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2022 оны 09 сарын 08-ны өдөр гаргажээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Сүүн тахилгат овоо” төрийн бус байгууллагаас шүүхэд ирүүлсэн “С.Т.О” төрийн бус байгууллагын эзэмшлийн Улаангом сумын Төв эмийн сан орчмын газар дээр тохижилт хийхээр шийдвэрлэсэн Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 6/04 дугаартай тогтоолын хавсралтын 2.16 дахь хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ