| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/02915/И |
| Дугаар | 181/ШШ2020/02753 |
| Огноо | 2020-11-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2020/02753
| 2020 оны11 сарын06өдөр | 181/ШШ2020/02753 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Бархасын Өлзийхүү /РД:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Автотээврийн үндэсний төв ТӨҮГ /РД:-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7,242,000 төгрөг, амралтын мөнгө 560,000 төгрөг, нийт 7,802,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус үйлдвэрийн газрын Өмнөговь аймгийн тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Б.Өлзийхүү нь 2020 оны 04 сарын 14, 16-ны өдрүүдэд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ ӨМА, ӨМҮ, ГЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо хийхгүйгээр шууд тэнцүүлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2019 оны 05 сарын 15-ны өдрөөр цуцалж, ажлаас халсугай гэсэн тушаалыг 2020 сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Авто тээврийн газрын хүний нөөц дуудаж өгсөн байсан. Тухайн тушаал гарахаас өмнө буюу 2020 оны 05 сарын 19-ний өдөр Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон өөрийн албан өрөөндөө дуудан Б.Өлзийхүүг Та сахилгын зөрчил гаргасан байна. Танд 2 сонголт байна. Нэг бол өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх нөгөө нь албан тушаал буурч ажиллах гэсэн сонголтын аль нэгийг нь сонго гэсний дагуу Б.Өлзийхүү ар гэртээ эхнэр тархины хорт хавдар гэсэн оноштойгоор байнгын химийн эмчилгээ сувилгаанд байдаг. Мөн цалингийн зээлтэй тул би тушаал буурч ажиллая гэсэн хүсэлтээ бичгээр үйлдэж тухайн өдрөө Б.Гүрсоронзон захиралд өгсөн байдаг. Ингээд өөрийн ажил үүргээ гүйцэтгэдэг Өмнөговь аймагт ирээд 2 хонож байтал ажлаас халсан тушаал нь хүний нөөц дээр ирсэн байсан. Тухайн дээд шатны байгууллагадаа тушаал буурч ажиллая гэж хүсэлтээ өгчихөөд байхад яагаад ийм тушаал гарч байгаа юм бэ, гомдолтой байна гэхэд нэгэнт тушаал гарсан тул ямар нэгэн хариу өөрт чинь өгөхгүй гээд Б.Өлзийхүүгийн хүсэлтийг хүлээж аваагүй Иймд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2020 оны 05 сарын 15-ны өдрийн Б/238 тоот тушаал үндэслэлгүй тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Тухайн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтуудыг зөрчсөн байна. Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 05 сарын 15-ны өдрийн Б/238 тоот тушаалыг хүчингүй болгож Б.Өлзийхүүг ажилд эргүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацаа буюу 2020 оны 05 сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэлх цалин 7,242,000 төгрөг, амралтын мөнгө 972,000 төгрөг авахаас 410,974.57 төгрөг өгч үлдэгдэл 560,000 төгрөгийг өгөөгүй тул нийт 7,802,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Өлзийхүүгээс Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож ажилд эргүүлэн тогтоолгох талаарх нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Б.Өлзийхүү нь Тус үйлдвэрийн газрын Өмнөговь аймаг дахь Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн инженерээр ажилладаг байсан ажилтан юм. Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Б.Өлзийхүү нь 2020 оны 04 дүгээр сарын 14,16-ны өдрүүдэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа 1237 ӨМА, 3679 ӨМҮ, 4307 ГЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд техникийн хяналт, үзлэг оношилгоо хийхгүйгээр шууд тэнцүүлсэн нь Зам тээврийн сайдын 232 дугаар тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн техникийн хяналт явуулах журам-ын 2.6 дугаар зүйлд Стандартын шаардлага хангаагүй автотээврийн хэрэгсэлд болон автотээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргахыг хориглоно, байгууллагын дотоод журмын 11.6.4, Хууль тогтоомж, дүрэм, журам илт зөрчсөн, хууль бус үйлдэл хийсэн, 11.6.15 Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг хууль журам зөрчин хийсэн, жолоочийн даатгалын тухай хууль тогтоомжийг зөрчсөн буюу биелүүлээгүй, зохих журмыг зөрчиж тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулсан, улсын бүртгэлд бүртгэсэн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасны дагуу сахилгын ноцтой зөрчил гаргасан нь Хяналт, шинжилгээ, дотоод аудитын албаны шалгалтаар нягтлан шалгаж буруутай нь тогтоогдсон тул Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/238 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Өлзийхүү нь хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7,242,000 төгрөг, амралтын мөнгө 560,000 төгрөг, нийт 7,802,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Өлзийхүү нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай 2017 оны 02 сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ /хх-39-42 тал/ байгуулан ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 14,16-ны өдрүүдэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа 1237 ӨМА, 3679 ӨМҮ, 4307 ГЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд техникийн хяналт, үзлэг оношилгоо хийхгүйгээр шууд тэнцүүлсэн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2020 оны 05 сарын 15-ны өдрийн Б/238 дугаартай Б.Өлзийхүүг ажлаас халах тухай тушаал /хх-5 тал/-аар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2020 оны 07 сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 сарын 06-ны өдрийн 181/ШЗ2020/10153 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2020 оны 08 сарын 25-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад зааснаар ажлаас буруу халсан тухай гомдлыг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажлаас халсан тушаалыг 2020 оны 05 сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Автотээврийн газрын хүний нөөцөөс дуудаж өгсөн гэсэн байх тул нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргах хуульд заасан хугацаа 2020 оны 06 сарын 17-ны өдрөөр дууссан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоосон, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж өгсөн боловч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 сарын 09-ний өдрийн 128/ШЗ2020/5134 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 07 сард нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шүүх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэсэн тайлбар гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь заалтад Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан, мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлүүдийг хуульчлан зохицуулсан байна.
Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг иргэний хэргийн шүүхэд 2020 оны 06 сарын 17-ны өдрийн дотор гаргаагүй шалтгаан нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой байх бөгөөд иргэний хэргийн шүүхэд харьяалах маргааны талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан явдлыг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дахь заалтад заасан Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан үндэслэлд хамаатуулан авч үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дахь заалтад заасан тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу нэхэмжлэлийг харьяалах шүүхэд гаргасан байдлыг ойлгох бөгөөд харьяаллын бус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь заалтад заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хамааралгүй, хөндлөнгийн шинжтэй шалтгааныг ойлгох ба ажлаас буруу халсан тухай гомдлыг хуульд заасан хугацаанд харьяалах шүүхэд гаргаагүй явдалд нэхэмжлэгчийн хүсэлт зоригоос хамааралгүй, хөндлөнгийн шинжтэй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан ажлаас буруу халсан тухай гомдлыг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2020 оны 05 сарын 15-ны өдрийн Б/238 дугаартай Б.Өлзийхүүг ажлаас халах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг баримтлан гарсан байх бөгөөд уг заалтад заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн 2 үндэслэлийн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг тушаалын үндэслэл болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох ба гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.
Б.Өлзийхүү болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нарын хооронд 2017 оны 02 сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажлын байранд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.1 дахь заалтад Байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, сахилгын зөрчил давтан гаргасан, хууль тогтоомж, дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор, 4.3.23 дахь заалтад Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэгийг дүрэм, журам зөрчиж хийсэн, дүгнэлт гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тус тус заасан байна.
Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 14,16-ны өдрүүдэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа ӨМА, ӨМҮ, ГЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд техникийн хяналт, үзлэг оношилгоо хийхгүйгээр шууд тэнцүүлсэн зөрчлийг гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 04 сарын 22-ны өдрийн огноо бүхий Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн ТХТХ үзлэгийн инженер Бархас овогтой Өлзийхүү би 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1237 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг найз Энхтайван гэрчилгээг үзүүлэн уг автомашин хөдөө байгаа үзлэгт оруулж өгөөч гээд гуйгаад байхаар нь оруулж өгсөн. 3679 ӨМҮ улсын дугаартай автомашиныг хамт шагай тоглодог найз Эрхэмбат гуйхаар нь оруулж өгсөн. 2020 оны 04 сарын 16-ны өдөр 4307 ГЧ улсын дугаартай чиргүүл нь бүртгэлийн тусгай тэмдэглэл дээр хар дэвсгэртэй технологийн дугаар авсан, MNS6278 стандартын шаардлага хангаж байсан. Цаашид ахин зөрчил дутагдал гаргахгүй ажиллах болно гэсэн агуулга бүхий гараар бичсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд уг баримтыг нэхэмжлэгч өөрийн гараар бичсэн гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч үгүйсгээгүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлдээ Б.Гүрсоронзон захиралд албан тушаал буурч ажиллая гэсэн хүсэлтээ өгсөн байхад ажлаас халсан гэсэн үндэслэлийг бичсэн, мөн шүүх хуралдаанд хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг нотолсон баримт буюу хариуцагч байгууллагын зүгээс зөрчлийг шалган тогтоосон баримт байхгүй гэсэн үндэслэлийг гарган мэтгэлцэж байх боловч нэхэмжлэгч өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдсан байх тул зөрчил тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Б.Өлзийхүүгийн гаргасан зөрчил нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор талууд хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэн заасан байх тул ажил олгогч уг зөрчлийг ноцтой зөрчлийн хэмжээнд авч үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг баримтлан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн байна.
Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байх тул ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь ээлжийн амралтын олговор 560,000 төгрөг олгогдоогүй гэх үндэслэлээр хариуцагчаас 560,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч уг шаардлага нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Өлзийхүүгийн хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7,242,000 төгрөг, амралтын мөнгө 560,000 төгрөг, нийт 7,802,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Өлзийхүүгийн хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7,242,000 төгрөг, амралтын мөнгө 560,000 төгрөг, нийт 7,802,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР