| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0238/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/249 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/249
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Энхзул,
Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал
Шүүгдэгч Н.Э******* нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н******* Э*******т холбогдох 2431001380218 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1** оны ** дүгээр сарын 1*-ны өдөр У******* хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, 3 хүүхдүүд болон ач хүүгийн хамт У******* хот, Хан- Уул дүүрэг ** дугаар хороо Алтангадас ** дугаар байрны **тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Боржигон овогт Н******* Э******* (РД: ШЕ81041703
Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Э******* нь "Төрийн өмчийн түрээсийн орон сууцад оруулж өгнө" хэмээн иргэн Н.С*******, Б.У******* нарыг С*** аймгийн С******* суманд байхад нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрүүдийн хооронд нийт 10,500,000 төгрөгийг А. Б******* эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны 5 данс руу шилжүүлэн авч залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э******* мэдүүлэхдээ... 2022 онд намайг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байхад анх Б, С нар ирж танилцаад улмаар манай хажуу өрөөг түрээслээч гэж гуйгаад энд ажиллаж үйл ажиллагаа явуулж байсан. Энэ үед А гэж танил эгч маань ирж надтай юм ярьж байгаад түрээслээд өмчилдөг байранд хүмүүс оруулж байгаа гэдгийг Б тухайн үед сонсоод би түрээслээд өмчлөх тэр байрнаас чинь түрээсэлж авмаар байна чи тэр хүндээ хэлээд өгөөч гэж гуйсан. Дараахан нь 2 хүн оруулаад өгөөч гээд байсан нь С*******, У******* хоёр байсан юм билээ. Надаас ямар материал бүрдүүлэх бэ гэхээр нь би өөрийнхөө дүү нарыг хамруулж байсан учир түүнд бүрдүүлсэн материал болох өргөдөл, иргэний үнэмлэх, орон сууцгүй гэсэн тодорхойлолт гэх зэргийг нь бүрдүүлэх талаар хэлэхэд Б дээрх материалыг бүрдүүлээд надад өгөхөөр нь би материалыг цааш А эгчид өгсөн. Гэтэл Бгаас тэр 2-ын мөнгө ороод ирэхээр нь А эгчийг дансаа өгөөч гэж хэлэхэд надад 5037473424 гэж данс өгөхөөр нь 2-р сард 5.000.000 төгрөгийг, 5704384479 тоот дансанд 5.000.000 төгрөгийг 7-р сард,5601031463 тоот дансанд 500.000 төгрөгийг А эгчийг хийчих гэж хэлэхээр нь дээрх мөнгийг шилжүүлж хийсэн. Тэгээд дараахан нь А эгчтэй ярихад нөхөр нас барсан гэж надад хэлсэн сүүлдээ утсаа авахаа больсон. Гэтэл Сэлэнгийн цагдаагаас ярьж байна гээд 2024 оны 4-р сард хүн надтай яриад С*******, У******* нарыг өргөдөл өгсөн талаар хэлэхээр нь би гайхаад Б руу ярьсан. Б хохирлыг төлчихвөл У*******, С******* нар өргөдлөө авна гэнэ би хохирлыг төлчихье гэж надад хэлсэн. Ингээд чимээгүй байхаар нь хохирлыг нь төлөөд дууссан гэж бодсон чинь 7-р сард дахин цагдаагаас ярьж ирж уулз гэсэн, би дахин Бтай ярихад би С*******, У*******ын оронд Л гэж хүнийг оруулчихъя тэгээд би наад 2-т чинь мөнгийг өгчихье гэсэн боловч мөнгийг нь С*******, Б нарт өгч чадаагүй эгчээс газар аваад өгье чи Сэлэнгэд эгчтэй уулзаад У*******, С******* нарт газрыг шилжүүлээд өгчих би Сэлэнгэд очиж болохгүй байна гэхээр нь би Сэлэнгэд ирээд У*******, С******* нартай уулзахад газар авахгүй , мөнгөө авмаар байна гэсэн. Дараа нь байцаагч та хохирол төлбөрөө төлөөгүй хэрэг чинь прокурорт шилжсэн шүү гэж хэлсэн. Хохирлыг Б 2800.000 төгрөг, би өөрөө 8200.000 төгрөгийг төлж барагдуулан У*******, С******* нарыг хохиролгүй болгосон. Б нь өөрөө Сэлэнгэд хүмүүст өртэй учир энд ирэхгүй байгаа юм билээ, А эгч одоо утсаа авахгүй байгаа би өөрийн дүү, хамаатнуудаа мөн энэ түрээслэх байранд оруулна гээд мөнгийг нь өгчихсөн мөн ороогүй л байгаа. Би өөрөө А эгч, Б нарт итгэж эдгээр хүмүүст хууртаж, энэ талаар цагдаад хэлж шалгуулахгүй явснаас өөрөө буруутан болж байгаадаа харамсаж байна, би энэ мөнгийг аваагүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон шүүгдэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.У*******ын "... Манай хадам эгч С******* 2022 онд урьдчилгаа / 10.500.000 арван сая таван зуун мянга/ төгрөг өгөөд байртай болох юм байна үлдсэн байрны мөнгө нь хүүгүй өгчхөж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар хүн тэгж хэлсэн юм гэхэд манай ангийн А.Б оруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд бид ярилцаад ганцаараа авч чадахгүй юм чинь хамтдаа байр авъя гээд эгчийн найз Б руу 5250.000 /таван хоёр зуун тавин мянга/ төгрөг бид хоёр хувааж хийсэн юм. Тухайн мөнгийг А. Б нь мөнгө яаралтай шилжүүл хурдан шилжүүл байр бараг дүүрчих гээд байна гэж хэлсэн эгч бид 2 мөнгөө 2022 оны 02 дугаар сард шилжүүлсэн А. Б нь байр 2022 оны 03 сард байр бэлэн болно гэж хэлсэн. Тэр цагаас эхлэн одоо буюу 2024 оны 03 дугаар сар бүхэл бүтэн 2 жил байрандаа орсон зүйл байхгүй мөнгө ч авсан зүйл байхгүй хохирч байна. Мөнгө авъя гэж асуухаар байр удахгүй бүтлээ бараг дууслаа эсхүл би хувааж төлнө эсхүл цаад намд ажилладаг хүнээсээ асууя гэх зэрэг үг хэлсээр байгаад 2 жил боллоо..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-р хуудас)
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Б******* "... Манай гэрт С******* 2022 онд байх ирээд байж байгаад энэ байрны тухай намайг ярьсан чинь найзыгаа хамруулаад өгөөч гэхээр нь би тухайн үед асуугаад өгье гэж хэлсэн Яагаад ийм яриа гарах болсон гэхээр би өөрийн том хүүдээ байр захиалж байгаа гэж хэлээд тэрнээс болоод С******* бас авна гээд хөөцөлдсөн. Гэтэл С******* над руу нөгөө байрны захиалга авдаг хүнд өгөх мөнгийг хоёр хувааж өгсөн бөгөөд нийт 10,500,000 мянган төгрөг өгсөн. Би тэр мөнгийг нь Н******* Э******* хүнд нь би данснаас данс руу нь шилжүүлсэн. Тэгээд удалгүй С*******г нөгөө байрны захиалга авдаг Э******* гэж хүнтэй өөрийг нь уулзуулсан бөгөөд тухайн хүн бүх нөхцөлийн танилцуулсан. Тэгээд С******* уулзаад явсан бөгөөд 2022 оны 07 дугаар сард байранд орохоор байсан боловч өнөөдрийг хүртэл ороогүй тул гомдол гаргасан байх гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас)
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.С*******гийн "... Одоогоос 2 жилийн өмнө буюу 2022 онд би найз Бтай уулзахад түрээслээд өмчил нэртэй хөтөлбөр гарсан байна. Урьдчилгаа 10.500.000 төгрөгөөр орох боломжтой юм гэж хэлэхэд нь миний төрсөн дүүгийн нөхөр У*******тай ярилцаад хүүхдүүд оюутан болно хотод байр болон оюутны байраар байж байхын оронд нэг байртай байвал зүгээр юм байна гэж ярилцаад орохоор шийдсэн юм. Тэгээд бид дундаасаа 5.250.000 төгрөгөөр нийлж 10.500.000 төгрөг нийлүүлээд Б******* данс руу шилжүүлсэн. Тэгээд байрандаа орж чадсан юм байхгүй 2 жил боллоо. Тэгээд араас нь юу болов гэж асуухаар одоо удахгүй өнөө маргаашгүй орлоо гэж хэлдэг байсан Мөн цаад хүмүүс удахгүй бүтнэ гэж хэлдэг байсан тэгэхээр нь цаад хүмүүс гэж хэн юм бэ гэхэд Э******* гэж хүн байгаа тэр хүнээсээ мэдээлэл аваад дамжуулж байна гэж хэлсээр 2 жил боллоо. Эхлээд 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр У******* бид 2 тус тусдаа 3.000.000 төгрөг өөрс өөрсдийнхөө данснаас Б******* данс руу шилжүүлсэн юм. Тэгээд дараа нь 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн данс руу У*******аас 2.250.000 төгрөг авч нийлүүлээд үлдэгдэл 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн ингээд нийтдээ 10.500.000 төгрөг юм Э******* надад хэлэхдээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг зүйлс хэрэгтэй гэж хэлэхээр би гаргаж Э*******т өгсөн. Өөр ямар нэгэн материал бичиг цаас бүрдүүлээгүй..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 121-р хуудас)
“Т***” ТӨХХК-ний 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/288, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1/292 дугаартай албан бичгүүд (хх-ийн 90-92-р хуудас)
А.Б******* эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 102-108-р хуудас)
Н.Э*******ийн эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 81-87-р хуудас)
2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Банкны дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 124-126-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримт
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 139 дүгээр хуудас/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 141 дүгээр хуудас/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 142 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 143 дугаар хуудас/,
Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй,мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Н.Э******* нь "Төрийн өмчийн түрээсийн орон сууцад оруулж өгнө" хэмээн иргэн Н.С*******, Б.У******* нарыг Сэлэнгэ аймгийн С******* суманд байхад нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрүүдийн хооронд нийт 10,500,000 төгрөгийг А. Б******* эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны 5 данс руу шилжүүлэн авч залилан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.У*******ын өгсөн мэдүүлэг (хх-ийн 13-р хуудас)
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Б******* өгсөн мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас)
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.У*******ын дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 97-р хуудас)
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.С*******гийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 121-р хуудас)
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ний 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/288, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1/292 дугаартай албан бичгүүд (хх-ийн 90-92-р хуудас)
А.Б******* эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 102-108-р хуудас)
Н.Э*******ийн эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 81-87-р хуудас)
2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Банкны дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 124-126-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Э*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ залилуулсан, шүүгдэгч нь “бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан талаар гэрч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтууд нь хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэхэд:
Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгө болон түүний эзэмших эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг.
Залилан мэхлэх гэмт хэрэг нь эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсдөг.
Шүүгдэгч Н.Э*******ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Н.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ...Н.Э*******т холбогдох хэргийг бүрэн нотлон шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Э******* нь энэ хэргийг Б******* ятгалгаар мөнгийг авч А гэгчид шилжүүлсэн байдаг. Энэ гэмт хэргийг Э******* үйлдээгүй, бодит байдлыг нуусан зүйл огт байхгүй, ямар нэг зохиомол байдал бий болгоогүй байна гэж үзэж байна. Ямар бодит байдлыг нуусан, ямар үйлдлийг зохиогоод байгааг хэрэгт огт нотлон шалгаагүй байна. Хэдийгээр шүүгдэгч нь өнөөдрийн шүүх хуралдаанд мөнгийг А гэж хүнд шилжүүлсэн болохыг мэдүүлж боловч Б нь энэ хохирлыг төлнө, өргөдлөө авна урьд нь Сонгино хайран дүүрэгт хохирлыг нь төлчихөөр өргөдлөө авч байсан, хэзээ ийм хууль гарч байсан гэж мессеж, чат бичиж байгаа нь энэ хүн энэ гэмт хэрэгт хамааралтай гэдэг нь харагдаж байна. Иймд энэ гэмт хэргийг шүүгдэгч Н.Э******* нь үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Б******* "... С******* над руу нөгөө байрны захиалга авдаг хүнд өгөх мөнгийг хоёр хувааж өгсөн бөгөөд нийт 10,500,000 мянган төгрөг өгсөн. Би тэр мөнгийг нь Н******* Э*******ийн данс руу нь шилжүүлсэн. Тэгээд удалгүй С*******г нөгөө байрны захиалга авдаг Э******* гэж хүнтэй өөрийг нь уулзуулсан бөгөөд тухайн хүн бүх нөхцөлийн танилцуулсан. Тэгээд С******* уулзаад явсан бөгөөд 2022 оны 07 дугаар сард байранд орохоор байсан боловч өнөөдрийг хүртэл ороогүй тул гомдол гаргасан байх гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас) Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.У*******ын дахин өгсөн"... би 3.000.000 төгрөг Ахмадын Б******* Хаан банкны 5 тоот данс руу шилжүүлсэн энэ 1 дэх гүйлээ, манай бэр эгч Норовсамбуугийн С******* өөрийнхөө данснаас 4.500.000 төгрөг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ 2022 оны 7 дугаар сарын 30- ны өдөр 2.500.000 нэг удаа буюу нийт 3 удаагийн гүйлгээгээр 4.500.000 төгрөг шилжүүлсэн, манай хүргэн Л.Чинзоригийн данснаас шууд Б******* данс руу 3.000.000 төгрөг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. С******* эгч бид 2 хоёр нийлээд хүн хүний 5.250.000 төгрөг нийт 10.500.000 төгрөг А. Б******* данс руу шилжүүлсэн юм. ..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 97-р хуудас) Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.С*******гийн "... Одоогоос 2 жилийн өмнө буюу 2022 онд би найз Бтай уулзахад түрээслээд өмчил нэртэй хөтөлбөр гарсан байна. Урьдчилгаа 10.500.000 төгрөгөөр орох боломжтой юм гэж хэлэхэд нь миний төрсөн дүүгийн нөхөр У*******тай ярилцаад хүүхдүүд оюутан болно хотод байр болон оюутны байраар байж байхын оронд нэг байртай байвал зүгээр юм байна гэж ярилцаад орохоор шийдсэн юм. Тэгээд бид дундаасаа 5.250.000 төгрөгөөр нийлж 10.500.000 төгрөг нийлүүлээд Б******* данс руу шилжүүлсэн. .... Э******* надад хэлэхдээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг зүйлс хэрэгтэй гэж хэлэхээр би гаргаж Э*******т өгсөн. Өөр ямар нэгэн материал бичиг цаас бүрдүүлээгүй..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 121-р хуудас)
“Т***” ТӨХХК-ний 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/288, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1/292 дугаартай албан бичгүүд (хх-ийн 90-92-р хуудас), А.Б******* эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 102-108-р хуудас), Н.Э*******ийн эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 81-87-р хуудас) зэргээр Б.У*******, Н.С******* нар нь А.Бд 10.500.000 төгрөгийг шилжүүлсэн, гэрч А.Б нь шүүгдэгч Н.Э*******т мөнгийг шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан мэдэж байсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид нарт хохирол болох нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруугүй гэж мэтгэлцэж байгаа боловч гэм буруутай гэж дүгнэсэн дээрх нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт тусгагдаагүй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг шалган шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй, шүүгдэгч Н.Э*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон, хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзсэн.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах дүгнэлтийг хүлээж аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 10,500,000 төгрөгийн хохирол учруулсан ба уг хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч нарын гар өргөдлөөр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.
Шүүгдэгч Н.Э*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Н.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал болон хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Э*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар,хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Э*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 06 хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Э******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Э*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Н******* Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Н******* Э*******т 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000/ нэг сая таван зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Э******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Н.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ