Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2019/00251

 

Б.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/02723 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Цгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Бд холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээгээр шилжүүлсэн 24 720 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Талууд ямааны мах худалдан авч, боловсруулж, экспортлох ажлыг хийхээр, ашгаа 60:40 хувиар хувааж авахаар тохиролцон нэхэмжлэгч мах худалдан авахад зориулж 82 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Нэхэмжлэгч 82 000 000 төгрөгөө 2017.12 дугаар сард 35 000 000 төгрөг, 2018.01.23-нд 24 000 000 төгрөг, 2018.01.29-нд 23 000 000 төгрөгөөр  шилжүүлсэн. Хариуцагч эцгийн хамт Баянхонгор аймгаас ямааны махаа бөөндөж авсан. Экспортолж чадаагүй тул хадгалж байгаад сүүлдээ  зараад 82 000 000 төгрөгийг өгнө гэсэн боловч  2018.3 сард 57 700 000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 24 000 000 төгрөгийг өгөөгүй. Мах аваад харуулна, санхүүгийн тайлан тавина гэсэн боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч тайлан  шаардахад Баянхошуунд контейнерт  мах байгаа гэсэн. Очиж үзэхэд ойролцоогоор 5 тонн мах байсан. Үлдсэн нь Х ХХК-ийн зооринд байгаа гэсэн боловч үзүүлээгүй. Нэхэмжлэгчээс авсан мөнгөөрөө мах аваагүй, гэрээ хэрэгжээгүй тул цуцлагдсан. Хариуцагчаас  24 000 000 төгрөг, хүү 720,000 төгрөг, бүгд 24 720 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн компани дээр 1 500 000 000 төгрөгийн зээл авсан ба  2017.12 дугаар сард бизнес нь бүтэмжгүй байгаа тул ямааны мах экспортолоход, худалдаж авахад тус болооч гэж санал тавьсан. Хариуцагч 3 хүн хөлсөөр ажиллуулахаар болсон. Хятадын хилээр мах их хэмжээгээр гарсан, зарагдахгүй байгаа тухай олж мэдсэн тул нэхэмжлэгч Вьетнам улс руу гаргаж борлуулъя, махаа байлгаж бай гэсэн. Махыг хадгалж байх хугацаанд нэхэмжлэгч үнэ унаад байгаа тул үнэ хамаарахгүй зарж мөнгөө гаргаж авъя гэсэн. Хариуцагч 1 кг махыг  2 800 төгрөгөөр буюу нийт 20 тонн махыг 57 700 000 төгрөгөөр зарж мөнгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч 82 000 000 төгрөгийг өгч 20,8 тонн мах бэлтгэсэн. Хариуцагч нь үүргээ бүрэн гүйцэтгэж, махыг цаг хугацаанд нь бэлдсэн, нэхэмжлэгч хариуцсан ажлаа гүйцэтгэж чадаагүйгээс энэ ажил амжилтгүй болсон. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 82 000 000 төгрөг бүгд мах бэлтгэх ажилд зарцуулагдсан үүнийг нотолно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баас 24 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цд олгон, үлдэх 720 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 281 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 277 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн орох эрхийг хангаагүй, өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Бд холбогдуулан 2017 оны 12 сард байгуулсан хамтран ажиллах гэрээ цуцлагдсан тул хэлцлээр шилжүүлсэн 82 000 000 төгрөгийн үлдэгдэл болох 24 000 000 төгрөг, мөнгөн хөрөнгийг буцааж өгөхгүй хэтрүүлсэн хугацааны тохирсон хүү 720 000 төгрөг нийт 24 720 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх-ийн 1-6, 75/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ  “.., талууд ямааны мах худалдан авч экспортлох, ашгаа 60:40 хувийн харьцаатай хуваан авахаар тохирч, 82 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн боловч хариуцагч махаа бүрэн бэлдээгүй, мах экспортлох ажил бүтэлгүйтсэн тул гэрээ цуцлагдсан” гэж тайлбарлажээ./хх-ийн 1, 4, 16, 17/

 

Талууд хамтарч мах экспортлох ажил хийж ашгаа 60:40 хувиар хуваан авахаар тохиролцож, 82 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэнд, мах экспортлох ажил бүтэлгүйтсэн тул хариуцагч 2 удаагийн гүйлгээгээр 57 700 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн зэрэг үйл баримтад маргаагүй. /хх-ийн 1,16/

 

Мөн махыг бэлдэж нөөцлөх ажил, мөнгөний зарцуулалт зэргийг хариуцагч дангаараа гүйцэтгэсэн үйл баримт тогтоогджээ.

 

Зохигчид хэний буруугаас гэрээ хэрэгжээгүй, үлдэгдэл 24 000 000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна. Талуудын тохиролцооноос үзэхэд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн хэлцэл байгуулжээ. Талууд гэрээг амаар байгуулсан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэсэнтэй нийцсэн гэж үзнэ.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь мах худалдан авах 82 000 000 төгрөгийг гаргаж, хариуцагч нь махыг бэлтгэх, хадгалах зэрэг биечлэн ажиллах хэлбэрээр хураамж гаргаж, хамтран ажиллах гэрээг эрхлэн явуулсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж заажээ. Талууд нэхэмжлэгчийн гаргасан 82 000 000 төгрөгийг дундаа өмчлөхөөр тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар талуудын “ашгаа 60:40 хувиар хуваан авах” тохиролцоог тайлбарлахад анх гаргасан мөнгөн хөрөнгө, зардлаа нөхөөд цаана нь үлдсэн мөнгөн хөрөнгийг ашиг гэж үзэх юм. Талууд ашгаа хуваан авахаар тохиролцсноос бус 82 000 000 төгрөгийг дундын өмчид тооцон хуваах тохиролцоо нотлогдоогүй.

 

Хариуцагч нь “Б.Ц махыг хилээр гаргах борлуулах ажлыг гүйцэтгэх ёстой байсан ч үүргээ гүйцэтгээгүйгээс ажил амжилтгүй болсон. Б.Цгийн мөнгөөр 20,8 тн мах бэлдсэн. Үлдсэн мөнгөн хөрөнгө махыг хадгалах, худалдах зардалд зарцуулагдсан” гэсэн тайлбар гаргасан хэдий ч санхүүгийн тайлан болон холбогдох нотлох баримтаар өөрийн тайлбар, тооцоог нотлоогүй. Нэгэнт мөнгөн хөрөнгийн бүх зарцуулалтыг дангаараа хийсэн этгээдийн хувьд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар 82 000 000 төгрөгөөр зөвхөн 20,8 тн мах авч, үлдсэн мөнгөн хөрөнгө нь зардалд зарцуулагдаад дууссан гэх байдлаа нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн “   82 000 000 төгрөгөөр бүгдэд нь мах аваагүй. Тайлангаа тавиагүй” гэх тайлбарыг няцааж чадаагүй./ хх 1, 9, 74-76/

 

Талууд бэлдсэн махыг буцаан худалдах, гэрээг дуусгавар болгох тохиролцоонд хүрсэн байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д зааснаар гэрээг цуцласнаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байна./ хх-ийн 1, 15-16, 74-76/

 

Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлэн өгсөн зүйлээ харилцан буцаах ёстой. Харин анз нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр бөгөөд гэрээнээс татгалзан буцаан авч байгаа мөнгөн хөрөнгөд хүү, алданги тооцох үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн харицааг зээлийн гэрээ гэж тодорхойлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээж аваагүй гэх давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Учир нь  хуралдааны товыг талуудад зохих ёсоор мэдэгдсэн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим дээр товлогдсон гэх хурлын тов нь шүүхийн албан ёсны мэдэгдэх хуудас биш байх бөгөөд уг баримтаас үзэхэд шүүх хуралдаан 13 цаг 30 минутад эхлэхээр байх бөгөөд энэ хэргийн шүүх хуралдаан өглөөний 9 цагт эхэлжээ. / хх 71-72,  /

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/002723 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1” гэснийг “476 дугаар зүйлийн 476.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД