Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 124/ШШ/2022/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: иргэн Ш.Б,

          Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн  мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч А.О холбогдуулан гаргасан,

       Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 17-ны өдрийн 1448602 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ш.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        1. Гомдол гаргагч Ш.Б нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Энхбаярын үйлдсэн 2021 оны 01 сарын 17-ны өдрийн 1448602 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг гаргасан байна.

        2. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Энхбаяр тус албан тушаалаас чөлөөлөгдсөн байх тул одоо нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчаар ажиллаж буй А.Одгэрэл нь хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.

3. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 17-ны өдрийн 1448602 дугаар шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигч Ш.Б-ыг сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

4. Гомдол гаргагч Ш.Б-ын шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2022 оны 06 сарын 29-ны өдрийн шүүгчийн захирамжаар сэргээн тогтоосон болно.

5. Гомдол гаргагч Ш.Б шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний эрхийг хуулиар хязгаарлаж болдог ба хуулиар халдаж хязгаарлаж болохгүй эрх байдаг. Энэ нь монгол улсын иргэн сонгох, сонгогдох эрх. Сонгууль бол тусгаар улсын бэлгэдэл ардчилсан төрийг сонгож байгуулах нийт ард түмний баяр гэж ойлгодог. Сонгуульд нэр дэвших бол үндсэн язгуур эрх болох сонгогдох эрхээ эдэлж байгаа амьдралдаа бий болгосон бахархам онцгой мөч юм. Хөрөнгө мөнгө, ажиллах хүн хүч гээд маш том зохион байгуулалттай хөдөлмөр зүтгэл зарцуулдаг ажил бол сонгууль байдаг.Зөрчлийн тухай хуулиар оногдуулсан шийтгэлийг гайхаж байна.Би сонгуульд оролцохдоо төрөөс ямар ч мөнгө төгрөгийн тусламж аваагүй. Төрд ямар нэгэн байдлаар санхүүгийн хохирол учруулаагүй байхад төр надаас хариуцлага нэхэж байна. Хэрэв би санхүүгийн дэмжлэг аваад түүнийг би захиран зарцуулчихсан байсан бол надаас хариуцлага нэхэх ёстой. Надад тавьж байгаа энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зөрчлийн тухай хуульд зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан. Надад төрд санхүүгийн хохирол учруулсан ямар ч тийм үйл ажиллагаа явуулаагүй. Зөрчил үйлдэгдсэн түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдэгдсэн газар нутагт тооцно. Гэтэл би сонгуулиар Увс аймгийн 21 сумуудаар сонгуулийн сурталчилгаа хийж явсан. Энэ нь тэгэхээр зөрчил үйлдэгдсэн газар нутагт тооцогдох эсэх нь эргэлзээтэй байна. Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар хэмээх аймшгийн цар тахал өвчин гарсан. Энэ өвчний улмаас монгол улсад маш олон хүний амь нас  эрсэдсэн. Энэ өвчний улмаас маш олон хүмүүс ашиг орлогогүй болж эдийн засгийн хүнд нөхцөлд орсон. Төрөөс ард түмнээ дэмжих туслах бүхий л арга хэмжээг авсан. Төрийн анхдагч үүрэг бол ард иргэдээ хамгаалах юм.

Ийм хүнд цаг үед Увс аймгийн засаг даргын тамгын газрын төрийн сангийн хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэл нээж торгосонд гомдолтой байна. Би сонгуулийн явцын тайлангаа гаргаж өгсөн.Санхүүгийн эцсийн тайланг сонгуулийн штабт ажилласан Аюушжав гаргаж өгсөн байх ёстой. Надаас үл шалтгаалах шалтгааны улмаас цахимаар илгээсэн тайланг аудит хүлээж аваагүй. Шүүх нь талуудын эрх ашгийг хамгаалж тэнцвэртэй шийдвэр гаргах байх гэж бодож байна.

Намайг Увс аймагт сонгуульд оролцож байхад Увс аймгийн сонгуулийн хороо эсвэл Увс аймгийн засаг даргын тамгын газраас нэр дэвшигчдэд зориулсан зөвлөгөө мэдээлэл, сургалтыг хийх боломжтой байсан. Хэрвээ сургалт мэдээллийг хийсэн бол ийм асуудал гарахгүй байсан. Монгол улс нь ардчилсан, энэрэнгүй төрт улс юм. Хүний эрхийг дээдэлсэн улс нь иргэдээ торгож шийтгэхээс илүү ийм асуудалд орчих вий гэдгээс урьдчилан сэргийлж холбогдох хууль журмыг сурталчлах боломжтой байсан.Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 17-ны өдрийн 1448602 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч А.Одгэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа:”УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд тус аймгийн 15 дугаар тойрогт “Шинэ-Эвсэл”-ээс нэр дэвшсэн Ш.Б нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр гомдол мэдээлэл ирсэн.Гомдол мэдээллийг судалж үзээд аймгийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж зөрчлийн хэрэг нээсэн байдаг.Аймгийн хэмжээнд Ерөнхий аудиторын газарт гомдол мэдээлэл ирсэн учир нотлох баримт цуглуулахын тулд Үндэсний аудитын газар болон Сонгуулийн ерөнхий газарт хандсан байдаг.Үндэсний аудитын газраас сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй гэдгийг шалгаж тогтоосон албан бичиг ирүүлсэн.Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн хувьд хуульд заасан шийтгэлийг ногдуулсан” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

7. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч,  хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Иргэн Ш.Б нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 17-ны өдрийн 1448602 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцсон болно.

9. Гомдол гаргагчаас “Сонгуулийн дараа сонгуулийн зардлын тайланг Үндэсний Аудитын газарт сонгуулийн ажилд оролцсон Аюушжав хэрхэн хүргэснийг мэдэж байгаа.Төрөөс санхүүгийн дэмжлэг авч сонгуульд оролцоогүй,төрд ямар нэг санхүүгийн хохирол учруулаагүй байхад 10 сая төгрөгөөр торгосныг хүлээн зөвшөөрөхгүй.Төрийн байгууллага урьдчилан сэргийлэх үүднээс сургалт, зөвлөгөө мэдээллийг өгөөгүй” тухай тайлбар гарган маргаж байна.

10. Хариуцагч улсын байцаагчаас “Ш.Б нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд Төрийн аудитын дээд байгууллагад  хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулсан” тухай тайлбар ирүүлж гомдлыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

11. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Энхбаярын үйлдсэн  2021 оны 01 сарын 14-ний өдрийн 1448602 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Ш.Б-ыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан “сонгуулийн зардлын дансны тайланг Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй болох нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020.10.02-ны өдрийн 2880 тоот, Үндэсний аудитын байгууллагын 2020.12.25-ны өдрийн 01/3435 тоот албан бичгээр тогтоогдсон гэж үзэн 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

12. Ш.Б-д холбогдох зөрчлийн хэрэгт Монгол Улсын Сангийн яамны 2020.10.22-ны өдрийн 7/6746 дугаар зөрчлийн арга хэмжээг авах тухай албан бичиг, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020.10.02-ны өдрийн 2880 дугаар “зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай” албан бичиг, мэдээлэл лавлагаа хүссэн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн албан бичгүүд, лавлагаа мэдээлэл хүргүүлэх тухай Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020.12.23-ны өдрийн 2/400 дугаар албан бичиг, Үндэсний аудитын газрын 2020.12.25-ны өдрийн 01/3435 дугаар албан бичиг, нэр дэвшигч Ш.Б-ын сонгуулийн зардлын явцын тайлан хүлээн авсан бүртгэл,санхүүгийн явцын тайлан, дансны хуулга,прокурорын газрын холбогдох тогтоол,улсын байцаагчаас зөрчилд холбогдогчтой холбогдож байсан талаарх тэмдэглэл, Ш.Б-ын тайлбар,зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 1448602 дугаар шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

13. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020.10.02-ны өдрийн 2880 дугаар албан бичгээр сонгуулийн зардлын дансны явцын тайлан ирүүлээгүй 114 нэр дэвшигч, сонгуулийн зардлын дансны эцсийн тайлан ирүүлээгүй 137 нэр дэвшигчийг нэр тус бүрээр хавсралтаар гарган Сангийн яаманд хүргүүлсэн байна.

14. Монгол Улсын Сангийн яамны 2020.10.22-ны өдрийн 7/6745 дугаар албан бичгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад хүргүүлсэн байх ба нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа аймаг, дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нэр дэвшигч нарт арга хэмжээ авахыг даалгажээ.

15. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж сонгуульд нэр дэвшигч нарт үүрэг хүлээлгэсэн байна.

16. Энэхүү зохицуулалт зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

            17. Гомдол гаргагч Ш.Б нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд “Шинэ-Эвсэл”-ээс нэр дэвшиж  Увс аймагт буюу 15 дугаар тойрогт өрсөлдсөн талаар маргаангүй болно.

            18. Ш.Б сонгуулийн зардлын дансны дэлгэрэнгүй хуулга зөрчлийн материалд авагдсан байх ба 200.000.00 төгрөгийн орлого орж, 190.300.00 төгрөгийн зарлага гарсан байна.

            19. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020.10.02-ны өдрийн 2880 дугаар албан бичгийн хавсралтаар Үндэсний аудитын газарт сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй нэр дэвшигчдийг мэдээлсэн байх ба хавсралтын 73 дугаарт нэр дэвшигч Ш.Б-ыг сонгуулийн зардлын дансны эцсийн тайлан ирүүлээгүй тухай тэмдэглэгдсэн, мөн Үндэсний аудитын газрын 2020.12.25-ны өдрийн 01/3435 дугаар албан бичгээр Шинэ-Эвслээс нэр дэвшигч Ш.Б нь сонгуулийн зардлын эцсийн тайлангаа ирүүлээгүйг тодорхойлжээ.

            20. Гэрч П.А шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Миний бие 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр “Шинэ-Эвсэл”-ийн сонгуулийн штабт орж ажилласан.Миний хувьд Ш.Бын сонгуулийн зардлын тайланг гаргаж Үндэсний аудитын газарт хүргүүлсэн зүйл байхгүй.Ш.Бын сонгуулийн зардлын тайланг түүний менежер хариуцаж байсан” гэж мэдүүлсэн ба шүүх хуралдаанд Ш.Баас “санхүүгийн эцсийн тайланг Үндэсний аудитын газарт хүргэсэн эсэх талаар сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон Аюушжав мэднэ” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

            21. Зөрчлийн хэргийн холбогдогч Ш.Б сонгуулийн зардлын дансны тайлангаа хуульд заасан хугацаанд Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангаж байх тул зөрчил гаргасан гэж үзэж, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  1448602 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

22. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар  материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүйг зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... шударга ёсыг тогтоох ...” зарчимтай нийцэх юм.

23. Өөрөөр хэлбэл гомдол, тайлбарт гаргасан “сонгуулийн талаарх хууль тогтоомжийн талаар холбогдох байгууллагаас ямар нэг сургалт хийгээгүй, зөвлөмж, чиглэл ирүүлээгүй, улсад бодит хохирол учруулаагүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигч нь хуульд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

24. Иймд Ш.Б-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

25. Гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ш.Б-ын “Увс аймгийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 17-ны өдрийн 1448602 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Ш.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ