Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Баянжаргал

             Улсын яллагч                                 Б.Эрхэмбаатар

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

             Хохирогч                                         Ч.Баянзул

                         Шүүгдэгч                                     О.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Оюунцэцэгийн Ууганбаярт холбогдох 201718020007 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 26-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, урьд нь Буурцагийн Ууганбаяр нэрээр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №355 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн №790 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2, 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ялаар, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №50 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3-т зааснаар 4 жил 1 хоногийн хорих ялаар, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №08 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял оноож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:КВ76082613/ Боржигон овогт Оюунцэцэгийн Ууганбаяр.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Шүүгдэгч О.Ууганбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Баянзулыг 2016 оны 07 дугаар сард хоол хийж өгсөнгүй гэх шалтгаанаар, 2016 оны 09 дүгээр сард, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус зодож байнга зодох буюу тарчлаах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ууганбаяр мэдүүлэхдээ: ... Би 2007 онд хорих ангиас суллагдан Ч.Баянзултай хамтран амьдрах болсон. Энэ үед сэтгэл санаа тогтворгүй, нийгэмшээгүй байсан. Ч.Баянзултай хамт байх хугацаандаа байнга нийлж архи уудаг байсан. Анхны зодсон хэрэг нь Ч.Баянзул Алтантуяатай төмс хураах нэрээр 2007 онд 2 хоног алга болсон. Тэрнээс болж зодсон. Дараа нь суга таягтай байхад нь зодсон. Би тэр үед ганцаараа байшин, хашаагаа барьж байсан. Ч.Баянзул хөл нь гэмтэлтэй байсан. Тэгээд ангийнхантайгаа нийлээд архи уугаад явсан. Тэр үед би хазгар, таягтай байж архи уулаа гэж зодсон нь үнэн. Энэ бол 2008 оны 9 сарын сүүлээр болсон. Дараа нь том охиноо гэрт нь ганцааранг нь үлдээгээд Ч.Баянзул бид хоёр жижиг байшиндаа хонох гээд явсан. Тэгсэн охин гэртээ хоноогүй байсан. Тэгэхээр нь нэг удаа алгадаж цохисон нь үнэн. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би 42 хоног самарт яваад ирсэн. Тэр өдөр би архи уугаагүй. Орой нь Ч.Баянзулын найз нь ирсэн. Тэгэхэд би архи уухгүй, хоёулаа самраа заръя гэсэн. Тэр найз Маринка нь нэг том пиво аваад ирэхэд нь би уухгүй гэсэн. Тэгээд тэр орой нь пивоо угаад дараа нь нэг  цайруулсан самраа зараад хоёр шил архи уусан. Маргааш нь самраа зараад 1,800,000 төгрөг Ч.Баянзулд өгсөн. Тэгээд самрын ёндоо гээд бас дахиад архи уусан. Ч.Баянзул мөнгө өг гээд цагдаа дуудсан. Тэгээд би баригдсан. Маргааш нь Наранбаатар самар түүхээр буцах гэж байна мөнгө зээлээч гээд байхаар нь 500,000 төгрөг зээлсэн. Би баяраар хэрэглэх мөнгө шүү гээд 500,000 төгрөг өгсөн. Тухайн үед Ч.Баянзулд 1,000,000 гаран төгрөг байсан. Намайг дахиад баривчлуулсан. Би 14 хоног баривчлагдсан. Тэр үеэр Баянзул Наранбаатараас мөнгө аваад архи уусан байсан манай охин над руу мессеж бичсэн. Надад олон хүн л хэлдэг. Ч.Баянзулыг нэг улаан питтэй залуутай явалдаад байсан гэж. Миний сэтгэл өмөрч байсан. Тэгээд Ч.Баянзулыг зодсон нь үнэн. Гэрийнхээ дотор хаалгаа татаж унагаад зодсон нь үнэн. Тиймэрхүү байдлаас буюу миний 42 хоног самарт явж зовж олж ирсэн мөнгө төгрөг үрэгдсэн, улаан питтэй залуутай Баянзул уулздаг зэргээс болоод л гэрт асуудал үүссэн. Саяхан хүртэл Баянзул надаас үсээ янзлуулах гэсэн юм гээд мөнгө авсан. Тэгээд үсээ янзлуулсан ч зүйлгүй архи уусан. Нэг шөнө миний охиныг ганцааранг нь хаяад улаан питтэй залуутай шөнөжин алга болсон байсан. Тэгээд хаана хоносон гэхээр найзындаа хоносон гэсэн. Тэгээд саатуулах байранд ирээд би гомдолгүй гэж хэлнэ гээд өргөдөл бичиж өгсөн. Саатуулах байрны камерт нь хүртэл бичээтэй байгаа. Юмыг яаж мэдэх вэ гээд би хувилаад авсан. Маргааш нь утас нь холбогддоггүй. Хүүхэд уйлаад байдаг. Би нийт 77 хоног цагдаагаар баривчлагдаж, 10 хоног саатуулагдаж, 10 хоног хоригдсон. Тэр хугацаанд Ч.Баянзул эрүүл байсан үе ховор. Цагдаа нар хүртэл та яагаад архи уугаад байдаг юм бэ гэж байсан. Ийм ийм асуудлаас болж энэ хэрэг үйлдэгдэх болсон. Би хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Эх хүнээс төрөөгүй юм шиг ийм үйлдэл гаргасандаа үнэхээр их харамсаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Баянзул мэдүүлэхдээ: ... Бид хоёр 2007 онд танилцаад 2008 онд албан ёсоор гэр бүл болсон. О.Ууганбаяр өмнө нь шоронд орж байсан болохоор ялаа хөнгөрүүлэх санаатай намайг маш их буруутгаж ярьж байна. Надад ч буруу байгаа л даа. Ер нь бол намайг суусан цагаасаа эхлэн зодсон. Согтохоороо өөрийгөө хянах чадвараа алддаг. Тэгээд намайг зоддог. Аймар агсам зантай. Бид хоёулаа архи уудаг нь үнэн. Гэхдээ энэ хүнтэй суугаагүй байсан бол миний амьдрал ямар ч байх байсан  билээ гэж би боддог. Манай охиныг хоол хийж өгсөнгүй гэж зодсон. Одоохон хийлээ гэхэд өмнөөс үг хэллээ гээд зодсон юм. О.Ууганбаяр дандаа өөрийгөө өмгөөлсөн, хамгаалсан үг хэлж байна. 2016 оны 12 сард самарт яваад ирсэн. Ирсэн орой нь манай найз Ариунаа самрын ёндоо гээд пиво авчирч өгсөнийг нь уусан. Тэгэхэд Марина, Маринка нар байсан. Тэгээд манай гэрт орж уусан. Ууганаа уухгүй гээд уугаагүй. Тэгээд Марина нь яваад өгсөн. Маргааш нь хатуу юм /архи/ авчираад Ууганаа пиво уухгүй байх шиг байна гээд  уусан. Маргааш нь самраа зарсан. Өмнөх өдөр нь архи уусан ч маргааш нь би зүгээр байсан. Дараа нь бид халуураад өөрсдөө идэх самраа заран архи авч уусан. Ууганаа самраа тушаагаад 1,800,000 төгрөг надад өгсөн. Тэгээд л дэлгүүрээс архи авья гэсэн. Би тэгэхэд нь өнөө шөнө хот явах яасан бэ гэхэд архи ууна л гэсэн. Би хоёр охиноо дагуулж гаран өвлийн куртик, гутал авсан. Гэртээ идэж уух зүйл авсан. Ойр зуурын өр ширээ дарсан. Ууганаа өөрөө архиа ганцаараа уугаад нэлээн согтсон байсан. Тэгээд Мэндээ ахыг дуудаад архи авч өгсөн. Мөнгө өг гээд өгүүлсэн. Байгаль эгчид бас мөнгө өг гээд өгүүлсэн. Манай том охин аваачиж өгсөн. Өөрөө согтохоороо хүнд мөнгө өг гээд өгүүлсэн. Намайг дандаа буруутгаж мөнгө үрж архи уусан гээд байна. Өөртэй нь самарт явж байсан залуу орой нь архи авч ирсэн. Тэгээд 500,000 төгрөг зээлчих гэхээр нь Ууганаагаас өөрөөс нь асуу гэсэн. Тэгсэн Ууганаа өгөө өг л гэсэн. Харин хүүтэй авна шүү гээд өгч байсан. Энэ хүн архи уухаараа агсам. Би яаж гарын аяыг нь даах вэ. Ууганбаяраас айхаараа цагдаад өгсөн. Манай хоёр охин ч айдаг. Тэгээд 7 билүү 3 хоног баривчлагдсан. Тэрнээс хойш Наранбаа нь ч самраас ирэн мөнгөө ав гэсэн. Тэр үед би байцаагч дээр байцаагдаад сууж байсан юм. Тэгээд очиж мөнгийг нь авсан. Би ганцаараа байгаагүй. Том хүүтэйгээ байсан. Тэр мөнгөөр хонины бүтэн мах, гурил, шуудай төмс авсан. Ачдаа ёолкны мод авч өгсөн. Том хүү цэргийн сургуульд явдаг. Түүнд 70.000 төгрөг өгсөн. Тэгэхэд л чи мөнгөөр архидлаа, хүүхдүүддээ өглөө гээд уурласан. Өөрөө 0.75 граммтай архи барьж ирээд тэр архиа ганцаараа уугаад намайг зодсон. Тэр зодолт арай дэндүү байсан. Шалны мод 3 хугарсан. Хамрын яс, зүүн талын 4 дэх хавирга хугаралттай. Тархиндаа цус хуралттай. Одоо тархи толгой байнга өвддөг. Өөрийгөө л их өмөөрч байна. Намайг бол хэтрүүлж худлаа яриад байна. Би гомдолтой байна гэв.

Мөрдөн байцаалтанд Хохирогч Ч.Баянзул мэдүүлэхдээ: … Би Оюунцэцэгийн Ууганбаярыг Төв аймгийн Мөнгөн морьтын хорих ангид ял эдэлж хоригдож байхад нь эхэлж танилцсан юм. О.Ууганбаяр 2007 оны 07 дугаар сард Шоронгоос суллагдаад шууд над дээр ирж Сэлэнгэ аймгийн Мандал суманд хамт амьдрах болсон. Хамгийн анх 2007 онд шинэ гэр барьсан учраас тоосгоны үйлдвэрийн ажилчдыг гэртээ урьж Ууганбаяр архи уусан юм, тэгээд тэр өдрийнхөө орой нь Ууганбаяр гэртээ согтуу унтаж байснаа шууд босч ирээд миний нүүр луү гараараа цохиж би унахдаа зуухны ирмэгийг уруулаараа мөргөж уруул сэтэрч гэмтэж байсан. Тухайн үед би эмнэлэг цагдаад хандаж байгаагүй, маргааш өдөр миний төрсөн эгч Байгаль гэрт орж ирээд миний нүүр аймаар болчихсон байгааг хараад Ууганбаярт "Арай ч дээ, нүүр амыг нь ийм болгочих гэж дээ" гэж хэлсэн. Би тухайн үед Ууганбаярыг "Дөнгөж шоронгоос гарч ирсэн учраас ахиад шоронд орчих байх" гэж бодоод цагдаад хэлээгүй өнгөрөөж байсан. Энэ явдлаас хойш 2008 оны 03 дугаар сарын орчим намайг 3 сартай жирэмсэн байхад Ууганбаяр согтуу үедээ намайг гэртээ ганцаараа байхад агсам тавьж намайг гараараа цохиод газарт унахад нүүр лүү гутлаараа өшиглөж зүүн талын нүдийг гэмтээж байсан. Би эмнэлэгт үзүүлж чадаагүй, тухайн үед миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, Ууганбаяр надаас 400,000 төгрөг аваад Улаанбаатар хот руу явчихаад маргааш орой нь хоосон болчихсон гэртээ согтуу ирж байсан. Би Ууганбаярт зодуулж зүүн нүдээ хөхөрчихсөн байхад өөрийн найз Алтантуяа, Энхчимэг хоёрт хэлж байсан. Манай найз Энхчимэг тухайн үед Ууганбаярт "Чи жирэмсэн авгайгаа ийм болтол нь зодчихсон байна шүү дээ" гэж хэлж байсан. Энэ гэмтэлээс болж миний зүүн нүдний ухархай яс хугарч гэмтсэн байна, би сая л мэдлээ, би зүүн нүдэндээ энэ явдлаас өөр байдлаар гэмтэл авч байгаагүй. Би энэ талаар цагдаад хэлж мэдэгдэж байгаагүй. Эрүүл үедээ Ууганбаяр намайг уучлаарай ахиж ингэхгүй гээд байдаг болохоор нь хэлж байгаагүй. Энэ явдлаас хойш 2008 оны 09 дүгээр сард би явганаас унаад өөрөө хөлөө хугалчихсан гэртээ хоёр суга таягтай байдаг байсан юм. Тэгтэл 2008 оны 10 дугаар сарын орчим Ууганбаяр бага зэрэг халамцуу согтуу байх үедээ миний нэг суга таягаар намайг зодож нуруу, хөл, гуяанд гэмтэл учруулж хөх эрээн болгож гэмтээж байсан. Би энэ Ууганбаяр намайг зодсон явдлыг хажуу талд амьдардаг хөрш охин Уянгад хэлж үзүүлж байсан. Уянга миний бие хөх эрээн болчихсон байгааг харчихаад "Ямар аймаар юм бэ? Даанч та орилж хашгираад байх шиг байсан юмаа" гэж байсан. Би бас энэ тухай Цагдаад хэлж, эмнэлэгт үзүүлж байгаагүй. Би урьд нь хүнтэй сууж байсан, дараа нь энэ Ууганбаяртай сууж байгаа юм. Тэгээд Ууганбаярыг засарчих байх, хоёр дахь амьдралаа бас алдчихмааргүй байсан юм. Тэгээд бас 2010 оны 11 дүгээр сард манайх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хайлаастын №190 тоот хашаанд амьдардаг байсан. Тэгтэл Ууганбаяр намайг гэрт байхад гараараа зодож нүүрийг харах юм байхгүй болтол хөх эрээн болгож байсан. Маргааш өдөр нь Байгаль эгч, Дашдулам эгч хоёр манай гэрт ирэхэд Ууганбаяр гэрийнхээ хаалгыг дотроос түгжчихээд онгойлгож өгөхгүй хэсэг байсан. Байгаль эгч "Та нарыг дотроо байгааг мэдэж байна шүү хаалгаа тайл" гэж байж байгаад гэрт орж ирээд миний нүүр хөх эрээн болчихсон байгааг харчихаад Ууганбаярт уурлаж байсан. Дээрх явдлаас хойш 2011 оны намар 10 дугаар сард Ууганбаяр бид хоёр гэртээ хувцасаа угааж байхдаа гэр бүлийн маргаанаас болж хоорондоо маргалдсан. Тэгтэл Ууганбаяр цоо эрүүл байхдаа дүрс хийж уурлаад "Дандаа пизда чинь хэрэгтэй хэрэггүй хэрүүл хийдэг" гэж хэлээд намайг гараараа нүүр лүү цохиж, шилэн хүзүү рүү олон удаа цохиж толгойгоо даахааргүй болтол зодож байсан. Би толгойгоо ч өргөж чадахгүй болж байсан. Энэ үед Ууганбаярт зодуулаад тархи доргиж толгойгоо бариулж байсан. Энэ үед Ууганбаяр мотоцикльтой намайг авч яваад Орос бариач хүнд очоод миний толгойг бариулж байсан. Манай гэр бүл Хайлаастын №190 тоотод амьдарч байгаад 2012 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны №64 тоотод нүүж ирсэн. 2013 оны 01 дүгээр сард Ууганбаяр цоо эрүүл байхдаа гэртээ хэрүүл маргаан хийж байгаад гэнэт дүрс хийж уурлаад босч ирээд хамаг юмаа авч хага шидэж миний ууц нуруу руу өшиглөж гэмтээж байсан. Энэ мэтээр намайг зөндөө их зодож байсан. Би зарим нэгийг нь бас сайн санахгүй байна. Одоо миний санаж байгаагаар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ууганбаяр Энхтайваны №64 тоот гэртээ намайг зодож байхад миний том охин Энхзул дундуур орж салгах гэхэд Ууганбаяр миний охин Энхзулын үсийг зулгаагаад "Чи муу юу юм бэ" гэж хэлээд үснээс нь зулгаагаад байхад нь би Ууганбаярын хойноос нь татаж байж охиноо салгаж авсан. Би охиноо аваад гэрээсээ гарч гүйгээд хойд талынхаа айлын Нэргүй эгчийг хашааных нь гаднаас дуудаад "Нэргүй эгчээ та Байгаль эгчид хэлээд цагдаа дуудаад өгөөч" гэж гуйж байсан. Тэгээд Цагдаа ирээд Ууганбаярыг аваад явсан. Энэ явдлаас хойш 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ууганбаяр гэртээ агсам тавиад миний хоёр охин айж уйлаад байхад нь Ууганбаяр "Үхсэндээ уйлаад байгаа юм бэ" гэж гарнаас татаж гулдчаад байхаар нь би гэрээсээ гарч яваад хол очиж байгаад Цагдаад дуудлага өгч эрүүлжүүлээд 7 хоног баривчлуулсан юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би 16 цагийн орчим гэртээ харихаар Энхтайваны гудамжинд явж байхад манай нөхөр Ууганбаяр 7 хоногийн баривчилгаанаас суллагдаад гэртээ ирж байсан. Тэгээд гэртээ ороод би хүүхдүүд хичээлээс ирнэ гэж бодоод галаа түлнэ гээд байж байтал Ууганбаяр гадаа 0,75 граммын Хараа архи ганцаараа уугаад байсан. Би айгаад одоо аятайхан байхгүй бол зодуулах байхдаа гэж байтал Ууганбаяр намайг өдөж эхэлсэн. "Чи муу намайг Цагдаад барьж өгсөн, чи намайг Цагдаад барьж өгчихөөд яах гээд байдаг юм бэ, миний самарт явж ирсэн мөнгийг нь бүгдийг үрчихдэг" гэж хэлээд агсам тавьж эхэлсэн. Тэгээд гэрийн хаалгыг дотроос түгжиж байгаад шалны мод аваад миний толгой тархи, гар хөл, нүүр нүдгүй зодсон, миний нүүр лүү өшиглөж зодсон, би гэртээ зуухны хажуухан талд газарт босч чадахаа байгаад уначихсан байхад Ууганбаяр миний дээрээс модоор зодоод байсан. Зодож байхдаа "Ерөөсөө нэг мөсөн чамайг алчихъя" гээд зодоод байхаар нь би "одоо хүүхдүүд ирлээ шүү дээ, хоёулаа одоо больё" гэж зөндөө гуйсан чинь зодохоо больсон. Би галаа түлье нүүрс оруулаад ирье гэж хэлээд гадагшаа гараад зугтаасан. Гэрээсээ гарч зугтаагаад Орос Марианка гэдэг айлд орж хүн ингэж зодуулж байхад орж ирэхгүй яавдаа гэж хэлтэл Марианка гэдэг Орос мэдээгүй шүү дээ гэж хэлсэн. Би Энхтайваны гудамжинд явж байсан хүнээс гар утсыг нь гуйж байгаад төрсөн ахыг дуудаж эмнэлэг хүргүүлсэн. Би уг нь Ууганбаярыг засарчих байх гэж бодоод байнга зодуулж 10 жил амьдарсан. Би болон миний хоёр охин 16 настай Энхзул, 9 настай Энххүслэн гэдэг хоёр охин маань байнгийн айдас түгшүүртэй байгаа. Ууганбаяр намайг цагдаад өглөө гэж өширхөж зодож байна. Би маш их гомдолтой байна. Ууганбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй. Ууганбаяраас юугаа авах вэ дээ, хүүхдүүдтэйгээ гэр орондоо тайван баймаар байна гэх мэдүүлэг /ХХ-ий 18-19, 20-21-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Гэрч Ч.Байгал мэдүүлэхдээ: … Би өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Тоосгоны үйлдвэрийн хашаанд байхдаа Ууганбаяр Баянзулыг зодоод дээд уруулыг нь сэтэлчихсэн байсан. Тухайн үед нь би Ууганбаярт "Чи миний дүүг зодлоо, ингэж архи уудаг юм бол суугаад яах юм бэ салах хэрэгтэй" гэж хэлж байсан. Ууганбаяр архи уухаараа тавьтаргүй, ухаан мэдрэлээ алдчихдаг юм шиг байгаа юм. Тоосгоны үйлдвэрийн хашаанд амьдарч байгаад Баянзул, Ууганбаяр хоёр Хайлаастын 190 тоот хашаа барьж өгөөд өөрсдөө амьдарч эхэлсэн. Тэр Хайлаастын 190 тоот хашаанд амьдарч байхдаа Ууганбаяр миний дүү Баянзулыг нэлээд хэдэн удаа зодож биеийг нь хөхрүүлчихсэн байдаг байсан. Тэгээд 2012 онд Баянзул, Ууганбаяр хоёр Хайлаастын 190 тоотоос Энхгайваны 64 тоот хашаанд нүүж очиж амьдарсан юм. Энэ Энхтайваны 64 тоотод амьдарч байхдаа Ууганбаяр архи уучихаараа Баянзулыг хэд хэдэн удаа зодож байсан, би яг өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Энэ 2016 онд гэхэд Ууганбаяр өөрийн дагавар охин Энхзулыг хоёр ч удаа зодож цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч Үржинханд дээр ирж байсан удаатай. Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчим Баянзул утасдаад "Ууганаа намайг зодчихлоо, миний нүүр хүн харах юм байхгүй болчихсон, эмнэлэгт очмоор байна" гэхээр нь би Мэндээ ахыг явуулж эмнэлэг хүргүүлсэн. Би ажлаа дуусгаад Ууганбаярыг өөрөө очиж аваад цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгч байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд Насанд хүрээгүй гэрч Б.Энхзул мэдүүлэхдээ: …. Манай хойд эцэг О.Ууганбаяр архи их уудаг, архи уусан үедээ манай ээж Баянзулыг зоддог, намайг ч бас зодож байсан. Миний санаж байгаагаар манайх Хайлаастын 190 тоотод амьдарч байхад манай хойд аав Ууганбаяр согтуу байхдаа намайг цохиж үсдэж зодсон, би гэрээсээ гарч яваад хашаандаа уйлж сууж байгаад Ууганбаяр аавыг унтсан хойно нь гэртээ орж байсан. Хойд аав Ууганбаяр ер нь архи уух болгондоо намайг "Чи миний хүүхэд биш, чи тэр Батдоржийгоо дагаад явахад яадаг юм бэ" гэх мэтчилэн янз бүрийн хараал хэлж намайг уйлуулдаг юм. Өнгөрсөн зун буюу 2016 оны 07 дугаар сард Зүүнхараагийн наадмаас өмнө нэг өдөр хойд аав Ууганбаяр гэрт согтуу орж ирээд ээжийг хоол хийж өг гэж хэлсэн, манай ээж Баянзул "Миний хүү хоол хийгээд өгчих" гэж хэлэхээр нь би хоол хийж өгөх гээд байж байтал Ууганбаяр аав надад "Чи хоол хурдан хийж өг, би өлсөөд байна" гэж хэлэхээр нь би "Байж бай л даа би хийж өгөх гэж байна шүү дээ" гэж хэлтэл "Чи миний өөдөөс олон юм ярилаа, хурдан хийж өг" гэж хэлээд намайг цохиж үсдэж газарт унагаагаад шалан дээгүүр үснээс зулгааж чирсэн, бас босгож ирээд алгадаж зодсон, намайг алгадах үед нь хойшоо гар нүүрийн угаалтуур мөргөж гараа зулгалж байсан. Энэ үед манай хашаанд ногоо тарьж байсан Цэдэндамба багш манай гэрт орж ирээд аавыг салгаж намайг зодохыг болиулж байсан. Энэ явдлаас хойш 2016 оны 09 дүгээр сард сургуулийн хичээл эхэлчихсэн байсан хойд аав Ууганбаяр архи уучихсан гэртээ согтуу орж ирээд аягатай хоолоо шидэж хагалаад ээжийг цохиж зодоод байхаар нь би ээжийгээ өмөөрөөд "Та яагаад байгаа юм бэ, болиоч та" гэж хэлтэл эргэж хараад намайг үснээс зулгааж газарт унагаагаад намайг яг цохих гэж байхад ээж дундуур орж ирээд өөрөө цохиулсан шиг санагдаж байна. Би гэрээсээ гараад үүдний амбаарт айгаад зогсож байтал аав араас гарч ирээд "Чи угаасаа миний хүүхэд биш, зайлаараа чи" гэж хэлсэн. Энэ явдлаас хойш 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хойд аав Ууганбаяр баривчлагдаж суллагдчихаад гэртээ согтуу ирсэн, тэр үед намайг "Чи зайл" гээд байхаар нь би сургууль руугаа явчихсан юм, гэрт ээж аав хоёр үлдсэн. Би өөрийн төрсөн дүү Энххүслэнг сургуулиас нь авчихаад гэртээ харихаас айгаад том ах Мөнх-Одын гэрт очоод байж байх хойгуур аав Ууганбаяр ээж Баянзулыг зодсон юм байна лээ. Би ээжийгээ зодуулчихсан байхад нь анх хараад таниагүй, аймар муухай болтол нь зодсон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд Гэрч Л.Нэргүй мэдүүлэхдээ: … Би одоо өдөр хоногийг нь сайн мэдэхгүй байна. Нэг өдөр Баянзул намайг хашааны гаднаас дуудахаар нь явж очиход Баянзулын нэг нүд нь хөхөрчихсөн хүнд зодуулчихсан бололтой зогсож байсан. Би яасан миний дүү гэж асуутал Баянзул “Байгал эгчийг дуудаад өгөөч Ууганаа намайг зодоод алах гээд байна” гэж хэлтэл Ууганбаяр араас нь гэрээсээ гуйвж гарч ирээд миний нүдэн дээр, намайг харж байхад Баянзулыг хоёр гурван удаа цохиж зодохлээр нь би “Би болиоч” гэж хэлж байсан. Баянзул намайг нэг удаа дуудаж тусламж гуйж байсан. Гэр дотроо ямар асуудал болдог талаар нь би мэдэхгүй” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Мөнх-Од мэдүүлэхдээ: … О.Ууганбаяр нь миний төрсөн эх Ч.Баянзулыг архи уусан үедээ байнга зоддог, манай ээж Ч Баянзул надаас нууж Ууганбаярт зодуулсан талаараа надад хэлдэггүй, манай дүү Энхзул л надад хэлж мэдэгддэг байсан. О.Ууганбаяр нь хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай дүү Энхзул над руу гар утсаараа залгаад "Аав, ээж хоёр архи уучихсан байна, Энххүслэн бид хоёр ааваас айгаад гэртээ очиж чадахгүй сургууль дээрээ байна" гэхээр нь би миний хоёр дүү манай гэрт хүрээд ир гэж хэлээд гэртээ авч ирсэн юм. Тэгтэл 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн орчим манай ээж Баянзулын төрсөн эгч Байгал гар утсаараа манай дүү Энхзул руу залгаад "Ээжийг чинь Ууганбаяр зодчихсон байна, чи хаагуур яваад байгаа юм бэ хурдан ээж дээрээ оч" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Энхзулд чи байж бай ах нь очиж үзчихээд ирье гэж хэлээд Энхтайваны 64 тоотод явж очиход гэрт хүн байхгүй, гадаа хаалга цоожтой байхаар нь би хажуу талын Марианка эгчийн гэр лүү ороод манай ээж хаачсан юм бэ юу болсон бэ гэж асуухад Марианка эгч "Ууганбаяр ээжийг чинь зодоод бөөн юм болоод гараад явсан" гэж хэлэхээр нь би гараад явж байгаад Энхтайваны гудамжны үзүүрт Ууганбаяртай таараад юу болоод байгаа юм бэ гэж асуусан чинь Ууганбаяр ах нэлээд согтуу байсан, надад "Ээж чинь архи уугаад байна, миний хамаг мөнгийг үрчихсэн байна" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би Ууганбаяр ахад "Та ээжийг архи уулаа гэж зодож болдог юм уу" гэж хэлсэн чинь Ууганбаяр ах "Чи намайг зодчих, чи намайг алчих" гээд байсан. Тэгтэл Байгаль эгч ирээд Ууганбаярыг аваад Цагдаагийн байгууллагад хүргэж өгсөн юм. Би эмнэлэг дээр очоод ээжийгээ харахад танигдахааргүй болтол нь зодчихсон байсан. Энэ хамгийн сүүлд зодохоосоо өмнө буюу 2016.12.28-ны өдрөөс өмнө О.Ууганбаяр ах манай ээж Баянзулыг архи уучихсан согтуу байх үедээ зодож нүдийг нь хөхөргөчихөөд Цагдаад захиргааны журмаар баривчлагдаж байсан юм. Өө нээрээ бас 2016 оны зун О.Ууганбаяр ах манай ээж Баянзул, төрсөн дүү Энхзул нарыг зодсон гэж би сонсож байсан. Би тэр үед хөдөө уурхай дээр ажилтай байсан учраас ирж чадаагүй. Ууганбаяр ах ер нь намайг хөдөөгүүр ажилд явсан хойгуур архи ууж ээжийг зоддог юм байна лээ. О.Ууганбаяр архи уусан үедээ муухай зан гаргадаг, над руу хэл амаар дайрч "Чамайг шоронд орохдоо хамт авч орно, чамайг шоронд оруулж байгаад хэн ч биш болгоод ална" гэж ярьдаг” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд Гэрч Г.В.Инокентьевна мэдүүлэхдээ: … 2016 оны 12 сарын 28-ны орой гэртээ байж байтал Баянзул манай гэрт ороод ирсэн, нүүр ам нь аймар болтлоо зодуулчихсан орж ирэхээр нь би их айж цочсон, тэгээд Баянзулаас юу болсон юм бэ гэж асуухад Баянзул "Ууганбаяр намайг ийм болтол зодчихлоо" гэж хэлсэн. Би Баянзулаас яагаад ингэж зодож байгаа юм бэ гэж асуухад "Ууганбаяр гэрийн хаалга дотроос нь түгжиж байгаад намайг зодчихлоо" гэж хэлсэн, ингээд байж байтал Ууганбаяр араас нь манай гэрт ороод ирсэн, би Ууганбаярт уурлаад чи яагаад хүнийг ингэж зодож байгаа юм бэ гэж асуутал Ууганбаяр "Миний мөнгийг надаас асуулгүйгэээр аваад үрчихсэн байна" гэж хэлсэн. Ууганбаяр манай гэрт байхдаа Баянзулд "За би чамаас үнэхээр уйчлалт гуйж байна хоёулаа гэртээ оръё" гэж хэлсэн, Баянзул "Үгүй наадах чинь худлаа ярьж байна, намайг гараад л зодно" гэж хэлээд миний ардуур нуугдаад байсан. Тэгтэл Ууганбаяр гэрээс гараад явсан, Баянзул манай гэрт байж байгаад Ууганбаярыг явсны дараа намайг дагуулж гэртээ орсон, би гэрт нь орсон чинь байшингийнх нь дотор талын хаалга нь эвдэрчихсэн, шалан дээр гурил асгарчихсан, эмэгтэй хүний үс тасарч үлдсэн байсан. Баянзул гэртээ орж хувцсаа сольж өмсөөд "Ерөөсөө би хүүгийнхрүүгээ явлаа" гэж хэлээд гэрээ цоожлоод гараад явсан, би гэртээ үлдсэн юм. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд Гэрч О.Уянга мэдүүлэхдээ: … Би одоо өдөр хоногийг нь санахгүй байна. Нэг орой Ч.Баянзул эгч гэр дотроо “Аллаа” гээд орилоод байсан болохоор нь айгаад орж чадаагүй юм. Маргааш өглөө нь ороход Баянзул эгч хоёр суга таягтайгаа үүдэндээ сууж байсан. Би ороод яасан юу болсон гэж Баянзул эгчээс асуухад “Ууганаа ах чинь намайг зодсон” гэж хэлээд биеэ үзүүлсэн, биеийг нь хөх эрээн болтол зодсон байсан. Суга таягаар нь бие рүү нь цохиж зодсон байсан. Тэгж л би Ууганбаяр ахыг эхнэрээ зоддог юм байна гэж мэдэж авсан юм” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд Гэрч Ц.Алтантуяа мэдүүлэхдээ: … Ууганбаяр, Баянзул хоёр анх гэр бүл болоод Цээпилдорж даргын Тоосгоны үйлдвэрийн хашаанд гэр барьж амьдарч байсан юм. Тэр үед нь би Баянзулын гэрт очиход Ууганбаяр гэртээ согтуу орж ирээд миний нүдэн дээр Баянзулыг зодоход нь би салгах гээд дундуур нь ороход намайг шууд өргөөд орны ардуур шидчихсэн юм. Би тэр үед ямар аймар юм бэ манай гэр рүү явъя гэхэд Баянзул явахгүй үлдчихэж байсан юм. Бас 2008 оны цагаан сарын үеэр Баянзул, Энхчимэг бид гурав уулзахад Баянзул том хар нүдний шил зүүчихээд байхаар нь нүдний шилээ ав харъяа гэж хэлэхэд шилээ авсан нэг нүдийг нь улаан хүрэн болтол нь зодчихсон байсан. Тэр үед би харчихаад ямар аймар болгочихоовээ гэж хэлж байсан. Энэ байдлаар Ууганбаяр Баянзулыг хоёр удаа зодчихсон байхыг би мэдэж байна. Баянзул гэхдээ утсаар яриад Ууганбаярыг зодчихлоо гэж ярьж байдаг юм. Өө нээрээ 2013 оны өвөл Ууганбаярын өвөө нь Өмнөгөвь аймгаас ирж Баянзулын гэрт өвөлжсөн юм. Тэр үед Ууганбаяр өвөөгөө зодоод нүдийг нь хөхөргөчихсөн байсан. Ууганбаярыг чанга дуугарахаар өвөө нь уйлдаг байсан. Тэр өвөө одоо нас барчихсан байх гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р хуудас/

 

 


Мөрдөн байцаалтанд Гэрч Ц.Цэдэндамба мэдүүлэхдээ: … Би 2016 оны зун Энхтайваны 64 тоот О.Ууганбаярын гэрийн хашаанд ногоо тарьсан юм. Одоо өдөр хоногийг нь санахгүй байна. Энхтайваны 64 тоотод тарьсан ногоогоо услаад зогсож байтал Ууганбаярын гэр дотор орилж хашгираад байхаар нь би гэрт нь яваад ортол Ууганбаяр охиноо зодсон бололтой охин нь уйлчихсан Баянзул эгч Ууганбаярын гараас татчихсан зогсож байсан. Би юу болоод байна гэж асуухад Баянзул “Ууганбаяр бид нарыг зодох гээд байна” гэж хэлэхээр нь би салгаад байж байтал хоёр цагдаа дуудлагаар ирсэн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р хуудас/

 

                   Мөрдөн байцаалтанд Гэрч Н.Мягмар мэдүүлэхдээ: … О.Ууганбаяр архи уучихаараа удаа дараа гэртээ агсам тавьж хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж дуудлага ирдэг байсан. О.Ууганбаярыг гэртээ агсам тавих болгонд саатуулах байранд саатуулж, торгуулийн арга хэмжээ авч, Захиргааны журмаар баривчлуулж таслан зогсоодог байсан. Сүүлийн үед О.Ууганбаяр архи уусан үедээ гэр орондоо эхнэр хүүхэддээ агсам тавьж эхнэр Ч.Баянзулыг зодож эрх чөлөөнд нь халддаг болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/

                   2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №34 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...

                   1. Баянзулын биед зүүн талын 4-р хавирганы хугарал, хамрын хугарал, тархи доргилт, урууланд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, уруул, эрүү, баруун, зүүн гарын бугалга, зүүн гарын шуу, цээж, хэвлий, нуруу, баруун, зүүн хөлийн өвдөгний үе, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

                   2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                   3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 38-39-р хуудас/

               Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 4-16-р хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Баянзулын биеийн гэмтлийг харуулсан гэрэл зураг /ХХ-ийн 46-47 дугаар хуудас/.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд: О.Ууганбаярын иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 63 дугаар хуудас/, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 62 дугаар хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 68 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 72-91 дүгээр хуудас/, захиргааны арга хэмжээ авагдсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 96-107 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Ууганбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Баянзулыг 2016 оны 07 дугаар сард хоол хийж өгсөнгүй гэх шалтгаанаар, 2016 оны 09 дүгээр сард, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус зодож байнга зодох буюу тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Баянзулын мэдүүлэгт: ... Ер нь бол намайг суусан цагаасаа эхлэн зодсон. Согтохоороо өөрийгөө хянах чадвараа алддаг. Тэгээд намайг зоддог. Аймар агсам зантай. ... Сүүлийн зодолт арай дэндүү байсан. Шалны мод 3 хугарсан. Хамрын яс, зүүн талын 4 дэх хавирга хугаралттай. Тархиндаа цус хуралттай. Одоо тархи толгой байнга өвддөг гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд Хохирогч Ч.Баянзулын мэдүүлэгт: … Би уг нь Ууганбаярыг засарчих байх гэж бодоод байнга зодуулж 10 жил хамт амьдарсан. ...Би маш их гомдолтой байна. Ууганбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй. Ууганбаяраас юугаа авах вэ дээ, хүүхдүүдтэйгээ гэр орондоо тайван баймаар байна гэх мэдүүлэг /ХХ-ий 18-19, 20-21-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Гэрч Ч.Байгалийн мэдүүлэгт: … Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн орчим Баянзул утасдаад "Ууганаа намайг зодчихлоо, миний нүүр хүн харах юм байхгүй болчихсон, эмнэлэгт очмоор байна" гэхээр нь би Мэндээ ахыг явуулж эмнэлэг хүргүүлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/,

           Мөрдөн байцаалтанд Насанд хүрээгүй гэрч Б.Энхзулын мэдүүлэгт: …. Манай хойд эцэг О.Ууганбаяр архи их уудаг, архи уусан үедээ манай ээж Баянзулыг зоддог, намайг ч бас зодож байсан. ...Би ээжийгээ зодуулчихсан байхад нь анх хараад таниагүй, аймар муухай болтол нь зодсон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/,

           Мөрдөн байцаалтанд Гэрч Л.Нэргүйн мэдүүлэгт: … Баянзул намайг нэг удаа дуудаж тусламж гуйж байсан. Гэр дотроо ямар асуудал болдог талаар нь би мэдэхгүй” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27-р хуудас/

           Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Мөнх-Одын мэдүүлэгт: … О.Ууганбаяр нь миний төрсөн эх Ч.Баянзулыг архи уусан үедээ байнга зоддог, манай ээж Ч Баянзул надаас нууж Ууганбаярт зодуулсан талаараа надад хэлдэггүй, манай дүү Энхзул л надад хэлж мэдэгддэг байсан. 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн орчим манай ээж Баянзулын төрсөн эгч Байгаль гар утсаараа манай дүү Энхзул руу залгаад "Ээжийг чинь Ууганбаяр зодчихсон байна, чи хаагуур яваад байгаа юм бэ хурдан ээж дээрээ оч" гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/,

           Мөрдөн байцаалтанд Гэрч Г.В.Инокентьевнын мэдүүлэгт: … 2016 оны 12 сарын 28-ны орой гэртээ байж байтал Баянзул манай гэрт ороод ирсэн, нүүр ам нь аймар болтлоо зодуулчихсан орж ирэхээр нь би их айж цочсон, тэгээд Баянзулаас юу болсон юм бэ гэж асуухад Баянзул "Ууганбаяр намайг ийм болтол зодчихлоо" гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/,

           Мөрдөн байцаалтанд Гэрч О.Уянгын мэдүүлэгт: … Суга таягаар нь бие рүү нь цохиж зодсон байсан. Тэгж л би Ууганбаяр ахыг эхнэрээ зоддог юм байна гэж мэдэж авсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31-р хуудас/,

           Мөрдөн байцаалтанд Гэрч Ц.Алтантуяагийн мэдүүлэгт: … Ууганбаяр Баянзулыг хоёр удаа зодчихсон байхыг би мэдэж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р хуудас/,

 

 


Мөрдөн байцаалтанд Гэрч Ц.Цэдэндамбын мэдүүлэгт: … Би 2016 оны зун Энхтайваны 64 тоот О.Ууганбаярын гэрийн хашаанд ногоо тарьсан юм. Одоо өдөр хоногийг нь санахгүй байна. Энхтайваны 64 тоотод тарьсан ногоогоо услаад зогсож байтал Ууганбаярын гэр дотор орилж хашгираад байхаар нь би гэрт нь яваад ортол Ууганбаяр охиноо зодсон бололтой охин нь уйлчихсан Баянзул эгч Ууганбаярын гараас татчихсан зогсож байсан. Би юу болоод байна гэж асуухад Баянзул “Ууганбаяр бид нарыг зодох гээд байна” гэж хэлэхээр нь би салгаад байж байтал хоёр цагдаа дуудлагаар ирсэн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р хуудас/,

 

           Мөрдөн байцаалтанд Гэрч Н.Мягмарын мэдүүлэгт: … О.Ууганбаяр архи уучихаараа удаа дараа гэртээ агсам тавьж хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж дуудлага ирдэг байсан. О.Ууганбаярыг гэртээ агсам тавих болгонд саатуулах байранд саатуулж, торгуулийн арга хэмжээ авч, Захиргааны журмаар баривчлуулж таслан зогсоодог байсан. Сүүлийн үед О.Ууганбаяр архи уусан үедээ гэр орондоо эхнэр хүүхэддээ агсам тавьж эхнэр Ч.Баянзулыг зодож эрх чөлөөнд нь халддаг болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-р хуудас/,

            2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №34 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...

            1. Баянзулын биед зүүн талын 4-р хавирганы хугарал, хамрын хугарал, тархи доргилт, урууланд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, уруул, эрүү, баруун, зүүн гарын бугалга, зүүн гарын шуу, цээж, хэвлий, нуруу, баруун, зүүн хөлийн өвдөгний үе, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

              3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 38-39-р хуудас/

               Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 4-16-р хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Баянзулын биеийн гэмтлийг харуулсан гэрэл зураг /ХХ-ийн 46-47 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч О.Ууганбаярыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Баянзулыг 2016 оны 07 дугаар сард хоол хийж өгсөнгүй гэх шалтгаанаар, 2016 оны 09 дүгээр сард, мөн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үснээс нь зулгааж, шалны модоор тус тус зодон хавиргыг нь хугалж хөнгөн гэмтэл учруулж байнга зодох замаар хохирогчийн бие махбодийн өвдөлт болон сэтгэцийн зовлон шаналал учруулан хүч хэрэглэсэн үйлдэл хийж тарчлаасан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч О.Ууганбаярыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Баянзулыг байнга зодох буюу тарчлаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд О.Ууганбаяр нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан ба сүүлд Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №08 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа нь “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай “ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасанд хамаарч байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч нь гомдолтой, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэнг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Ууганбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, хохирогчийн гомдолтой байгаа нь энэ гэмт хэргийн гэм хор арилаагүй байна гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжгүй байна гэж дүгнэлээ.

Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шалны модны 5 ширхэг хугархай, эмэгтэй хүний урт үсний тасархай зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, битүүмжлэгдсэн хөрөнггүй зэргийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунцэцэгийн Ууганбаярыг бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлин 100.1-д зааснаар О.Ууганбаярыг 01/нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.Ууганбаярт оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт О.Ууганбаярын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцож, О.Ууганбаяр нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шалны модны 5 ширхэг хугархай, эмэгтэй хүний урт үсний тасархай зэргийг устгахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ууганбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ж.ЭРДЭНЭБАТ.