Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/250

 

 

М******* Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                                            Д.Номин-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга                              А.Энхзул

Шүүгдэгч   О.Р*******гийн өмгөөлөгч        Д.Ариунтуяа

Шүүгдэгч Б.Б*******ын өмгөөлөгч       М.Гансүх

Шүүгдэгч О.Р*******, Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Р*******, Б.Б******* нарт холбогдох эрүүгийн 2331004150012 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

М******* Улсын иргэн, 1** оны ** дугаар сарын **-ны өдөр У******* хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино жүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт С*** аймаг С******* сум ** дугаар баг **дугаар хэсэг *** тоотод оршин суух хаягтай, урд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсэн, М******* ургийн овогт Б******* Б*******, регистрийн дугаар: *******,

М******* Улсын иргэн, 2** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг С******* сум ** дугаар баг ** дугаар хэсэг *** тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, Ө ургийн овогт О******* Р*******, регистрийн дугаар:,

Хоёр. Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Р******* Б.Б******* нар нь согтуугаар бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут” нэртэй дэлгүүрийн зүүн талд З.Э, Б.Д нартай маргалдан зодолдож улмаар З.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******* мэдүүлэхдээ ... Мэдүүлэг өгөхгүй, миний буруутай үйлдлээс болж ар гэрээ маш их зээлтэй үлдээж, хүнд байдалд оруулж байгаадаа маш их харамсаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Р******* мэдүүлэхдээ... Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч З.Эын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн үед би Д, М нарын хамт Сэлэнгэ аймаг С******* суманд үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” нэртэй караокед суусан юм. Тухайн үед бид 3,  Экс нэртэй 2 шил архи, 6 лааз пиво уусан юм. 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 12-ныг шилжих шөнийн 02 цагийн Мишээлээс гараад Мөнхтулгыг гэр рүү нь явуулаад Д бид 2 “Хөх чулуутын урдаас таксинд суугаад явахаар болсон. Тэгээд таксин дээр очтол бэлэн мөнгө байгаагүй учраас Хөх Чулуут дэлгүүрийн буланд байрладаг АТМ-ээс мөнгө авах гээд чиглээд явж байтал бид 2-ын өөдөөс өмнө харж байгаагүй 2 залуу чиглээд ирж явсан бөгөөд, тухайн 2 залуу бид 2-т хандан хөөе пиздаануудаа гэж хэлэхээр нь би тухайн 2 залууд хандан та 2 ямар муухай харилцаатай залуучууд вэ? гэж хэлтэл яаж яриад байгаа юм бэ? гээд бид 2 дээр тулаад ирэхээр би тухайн 2 залуугийн нүүр хэсэг рүү нь тус тус нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд Д бид 2, тухайн 2 залуутай зууралдаад барилцаж авч эхэлсэн. Хар бараан өнгийн урт куртиктай, энгэрээ задгай тавьсан залуутай Д зууралдаад, шар малгайтай залуутай би зууралдаж барьцалдсан. Би тухайн шар малгайтай залуутай зууралдаад түүнийг газар унагаад, өвдөглөөд доош харсан байхад нь толгой нуруу хэсэг рүү нь олон удаа гараад атгаж байгаад цохисон. Тухайн үед Д зууралдаж байсан залуугийнхаа доор нь орсон хэвтэж байсан. ...Миний доор орсон байсан шар малгайтай залуу миний доороос босоод бид 2 дахин зууралдаж явсаар байгаад сууж явах гэж байсан таксины оролцоо ирээд би дахиад тухайн залууг газар унагаад дээрээс дараад хэвтэж байтал Дтэй зууралдаж байсан дотуураа костюм өмссөн залуу над дээр ирээд намайг тухайн шар малгай өмссөн залуугийн дээрээс татаж босгоод цэцэрлэгийн хашааны булан дээр хэвтүүлсэн. /Шар малгайтай залуу надтай зууралдаж байхдаа гаднах хүрмээ тайлаад цээж нүцгэн болсон байсан./ Тухайн үйл явдал болж байхад Д ирээд костюмтай залуутай одоо болиоч гээд юм яриад байсан. Тухайн үед анх шар малгай өмссөн байсан цээж нүцгэн залуу намайг цэцэрлэгийн хашааны булан дээр хэвтүүлээд өөрөө миний дээр гараад миний нүүр хэсэг 5-6 удаа цохиод намайг заамдаад орилж хашхираад байсан тухайн үед юу гэж хэлж байсан талаар би одоо санахгүй байна Тэгсэн үргэлжлүүлээд костюм өмссөн байсан залуу нь хүрч ирээд миний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад дээрээс нэг удаа далайж цохиод, нүүр хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Түүний дараа мөн миний дээр гараад суусан залуу нүүр хэсэг рүү цохисон бөгөөд яаг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна ямар ч л байсан олон удаа л цохисон. ... Хэсэг хугацааны дараа миний дээр гарсан байсан залуу дээрээс буухаар нь би босоод иртэл костюм өмссөн байсан залуу намайг татаж газар унагаад нүүр хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн. Тэгээд бид босоод зугтаасан. Намайг зугтаах үед Д газар ухаан алдсан байдалтай хэвтэж байхаар нь түүнийг босгоод зугтаасан. Тэгээд шууд л цагдаагийн байгууллагад хандсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Дгийн гэрчээр өгсөн: “…Би Э, М нарын хамт Сэлэнгэ аймаг С******* суманд үйл ажиллагаа явуулдаг Мишээл нэртэй караокед 2023 оны 12 дугаар сарын 11-ний 21 цагаас 2023 оны12 дугаар сарын 12-ныг шилжих шөнийн 02 цагийн хүртэл дуулж сууж байгаад гарсан. Тухайн үед бид нар 2 шил X 0,5 литрийн архи хувааж уусан. М караокегийн гаднаас салаад би Эыг таксинд суулгаж өгөх гээд Хөх Чулуут дэлгүүр рүү явсан. Хөх чулуутын урд таксинд суух гэтэл бэлэн мөнгө байгаагүй учир Хөх чулуут дэлгүүрийн баруун буланд байрлах АТМ-ээс мөнгө авах гээд чиглээд алхаж байтал өөдөөс зүс танихгүй 2 залуу ирээд Э бид 2 руу хандан писда нар минь яах гээд байгаа юм бэ? гэж хэлсэн бөгөөд түүний хариуд Э тухайн 2 залууд хандан та нар чинь ямар муухай харилцаатай залуучууд вэ? гэж хэлтэл өөдөөс хэрүүл маргаан үүсгээд тухайн 2 залуу нүүрэн дээр тулж ирээд байсан бөгөөд тэгсэн Э уурлаад тухай залуугийн нүүрэн тус газарт нь тус тус нэг нэг удаа цохисон. Тэгсэн хөх цэнхэр өнгийн урт куртиктэй, дотуураа костюм өмссөн залуу миний нүүрэн тус газар нэг удаа цохиод ороод ирсэн бөгөөд тэгээд бид 2 зууралдаад би тухайн залууг цэцэрлэгийн хашаанд шахаж байгаад нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон тэгсэн тэр залуу доороос тэмцээд намайг эргүүлээд доороо оруулаад дээрээс дараад байсан бөгөөд намайг тэгж байхад шар малгай өмссөн залуутай Э  зууралдаад ноцолдоод байсан. Тэгээд бүр Э шар малгай өмссөн байсан залууг доороо оруулаад дээр нь гараад суусан байсан. Хөх цэнхэр өнгийн куртиктэй залуу үргэлжлүүлэн миний толгой доош дарсан бөгөөд тухайн үед миний хөл цэцэрлэгийн хашаанд ороод гацсан байсан. Миний толгойг доош дарж байгаад толгой руу гараа атгаж байгаад 3-4 удаа цохиод, 3-4 удаа өшиглөж байгаад яваад өгсөн. Би босоод хартал миний зодуулсан газраас 5-6 алхмын зайд шар малгай өмссөн байсан залуу болон хөх цэнхэр урт куртиктэй залуу нар Этай зууралдаж, ноцолдсон байдалтай байсан. Тэгээд улмаар Эыг цэцэрлэгийн хашааны булан хэсэг рүү дарж унагаад шар малгай өмссөн  цээж нүцгэн залуу түүний дээр гарж суугаад нүүр хэсэг рүү нь цохиод байхаар нь би болиулах гэтэл хөх цэнхэр өнгийн урт куртик өмссөн залуу намайг зуураад хөдөлгөхгүй байсан бөгөөд тэгээд нэг мэдэхэд би ухаан балартсан байсан гэхдээ ямар шалтгааны улмаас ухаан балартсан талаараа мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь би Эын хамт тухайн 2 залуугаас зугтааж гүйж байсан. Энэ үед л би ухаан орсон гэсэн үг юм. Дараа нь бичлэгээс үзэхэд Р******* гэх хөх цэнхэр өнгийн куртик өмссөн байсан залуу намайг мөргөж унагаад ухаан алдуулсан юм байна лээ…” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Д.... З.Э нь гэмт хэргийн улмаас хохирч Эрүүл мэндийн даатгалын сангаас 325000 төгрөг зарцуулж үйлчилгээ авсан тул буруутай этгээдээр дээрх хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна гэв.

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай:

1. З.Эын биед хамар яс, зүүн хацрын ясанд хугарал, баруун, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт, зүүн хацар, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай: 1. Б.Дгийн биед зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний ухархай, баруун, зүүн сарвууны ар талд цус хуралт, зүүн сарвууны ар талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан, тайлбар мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 53-54,57-59,6162,63 дугаар  хуудас/

Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагд*******р татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 71 дүгээр хуудас/

            Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 146-148 дугаар хуудас/

 

            Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлох баримтуудын талаар:

            О.Р*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 126-127 дугаар хуудас/

            Б.Б*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 129 дүгээр хуудас/

            Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130-131 дүгээр хуудас/

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /133-138 дугаар хуудас/

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт камерын бичлэгийг сиди-д буулгасныг оролцогчид үзэж танилцан нотлох баримтыг шинэчлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч О.Р*******, Б.Б******* нар нь согтуугаар бүлэглэн 2023 оны 12 дугаар сарын 11-ээс 2023 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн С******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хөх чулуут” нэртэй дэлгүүрийн зүүн талд З.Э, Б.Д нартай тухайн үед үүссэн үйл ойлголцлын улмаас маргалдан зодолдож улмаар З.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч З.Эын өгсөн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Дгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Дэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай: 1. З.Эын биед хамар яс, зүүн хацрын ясанд хугарал, баруун, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт, зүүн хацар, зүүн нүдний дээд доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай: 1. Б.Дгийн биед зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний ухархай, баруун, зүүн сарвууны ар талд цус хуралт, зүүн сарвууны ар талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О.Р*******, Б.Б******* нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч О.Р*******, Б.Б******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дах заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.Р*******, Б.Б******* нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч О.Р*******, Б.Б******* нар нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч нарын зүгээс хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй бөгөөд эмчилгээний зардалд хохирогч З.Эт 1000.000 / нэг сая / төгрөг төлсөн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч З.Эын эмчилгээний зардалтай холбогдуулан 325.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч О.Р*******, Б.Б******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т ... энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг  тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч О.Р*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхц тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч О.Р*******, Б.Б******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар  О.Р******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Р*******г Дархан уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2023 оны 12-р сарын 12-ний өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар ... тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8,6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулах нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр  сарын 31-ний өдрийн 22 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 заалтаас  ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн заалтыг хүчингүй болгож, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б******* Б*******т оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг, хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сарын ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас битүүмжлэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Р*******, Б.Б******* нар нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган хадгалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Р*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2,  36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт О******* Р*******, М******* овогт Б******* Б******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  О******* Р*******, Б******* Б******* нарт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус  оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Р*******г Дархан уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар  О.Р******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 6.8,6.9 дүгээр зүйлд зааснаар Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр  сарын 31-ний өдрийн 22 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 заалтаас  ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн заалтыг хүчингүй болгож, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б******* Б*******т оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, хорих ялын нэг хоногоор тооцон 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******т 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Шүүгдэгч О.Р*******, Б.Б******* нар нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид  төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сидиг-г энэ хэрэгт нь хавсарган хадгалсугай.

9.Шүүгдэгч О.Р*******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б*******т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.

10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ч.МӨНГӨНЦЭЦЭГ