| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/00117/э |
| Дугаар | 2024/ШЦТ/122 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ... овогт ... ... холбогдох эрүүгийн 2417001340127 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ...., ...., .... хамт .... аймгийн .... сумын ... дүгээр баг, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... овогт ... ... /РД:..../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч ...нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ... аймгийн ... сумын ...дүгээр баг, ... тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр ...эрэгтэй хүнтэй архи уулаа гэх шалтгаанаар түүнийг цохиж зодсоны улмаас хохирогчид тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ... нэг удаа л алгадсан, миний буруу. Жаахан маргалдаад гар хүрсэн. Ажлынхантайгаа яваад залгахаар утсаа авахгүй байсан. Утсаа авч байгаач гэж хэлсэн чинь л өөдөөс сонин сонин юм яриад чамд хамаагүй гэсэн. Би гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бид 2 гэрлэлтээ 2009 онд батлуулсан. Одоо бид 2 хамт амьдарч байна. Өөрийгөө буруу юм хийсэн гэж бодож байна, дахин ийм алдаа гаргахгүй гэв.
2. Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө найз ... хамт төмөр замын 2 давхар байранд байдаг найзтайгаа уулзахдаа ... хэлсэн. Би найзтайгаа уулзаад шөнийн 01 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд гэрийнхэн бүгд унтаж байсан. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 06 цагийн үед манай бага хүү ... уйлаад байхаар нь дунд охин ... дүүгээ аваад ир гээд хүүгээ аваад хэвтэж байтал ... босож ирээд чи хүүхэд уйлаад байхад байгаагүй, сая хаалга дугарч орж ирсэн гээд өмсөж байсан өмднийхөө тэлээний төмрөөр хэд хэдэн удаа толгойны дагз хэсэгт цохихоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай нөхөр 2009 онд дунд охин ... төрсний дараагаас надад мэр сэр гар хүрч байсан. Тэр үед гэмтэл авч байгаагүй. 2023 оны 11 дүгээр сарын 20-нд санагдаж байна манай ажлын хүмүүс шар айраг ууж байхад манай ажлын ... гэх эмэгтэйн нөхөр эхнэрээ ирж аваад би гэртээ харьсан. ... намайг чи өөр эрэгтэй хүнтэй явлаа гэж хэлээд нүүр, амгүй цохиод өшиглөөд буйдан савуулаад байсан. Тухайн үед нүүр ам хавдаад аймгийн эмнэлэгт үзүүлсэн. Бид 2 гэрлэлтийн баталгаатай, дундаасаа 5 хүүхэдтэй. Миний толгой руу цохиж, хөл гар луу байнга өшиглөдөг. Яагаад зодоод байдгийн би мэдэхгүй, гэнэт л уурлаад зоддог. Яагаад намайг зодоод байгаа талаар асуухад чи бид 2 хэн хэн нь буруутай гэдэг. Надад сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би ...гаас салах гэхээр өөрийнхөө амийг хорлоно гэж 3 удаа амиа хорлох үйлдэл гаргасан. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн үед ..р сумын 1 дүгээр баг, ... тоотод гэртээ ороход манай нөхөр ... үгийн зөрүүгүй нүүр хэсэг рүү гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Би маргааш нь эмнэлэгт үзүүлээд акт аваад ажилдаа очоогүй. Дараа нь нөхрөөсөө яагаад намайг зодсон талаар асуухад би чамайг эрэгтэй хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж бодсон гэсэн. Тухайн үед хүүхдүүдээ бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 57-59, 75-76 хуудас/
3. Гэрч ...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би эхнэр ...ыг Төмөр замын амрах байр дээр очиж авсан. ..., ... хоёр өдөөс гараад ирэхээр нь эхнэр бид хоёр ... гэрт нь хүргэж өгөөд явсан. Тэр үед 22 цаг болж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 78-79 хуудас/
4. Гэрч С.... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2023 оны 11 дүгээр сарын 20-нд ... бид хоёр 21 цаг өнгөрч байхад хувцас солих өрөөнд ороод үсчин эгчтэй бид гурав Нийслэл нэртэй шар айраг тус бүр 3-ыг уусан. 22 цаг өнгөрч байхад манай нөхөр Содбаяр ирсэн. ... манайд очоод манай нөхрөөр хүргүүлье гэхээр нь би яахын гэж хэлээд нөхөртэйгөө таксидаад явсан. Би маргааш орой нь ээлжтэй байсан ... акт авсан гээд ажилдаа ирээгүй. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 7 хоногийн дараа ээлжин дээрээ таарсан. Тухайн үед 22 цагийн үед бид хоёр ... алхаж хүргэж өгсөн. ... тухайн үед бие өвдсөн талаар юм хэлээгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 81-83 хуудас/
5. Гэрч ...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... бусадтай ярихдаа төлөв даруу, илүү дутуу зүйл яриад байдаггүй хүн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. ..., ... 2 дундаасаа 4 хүүхэдтэй. ... Төмөр замын орон сууцанд сантехникч хийдэг. ...гийн гэр бүл өнөр өтгөн гэр бүл байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ ямар нэгэн ааш гаргаад байдаггүй. ... өмнө нь 2024 оны 09, 10 сарын аль нэгэнд нь амиа хорлох үйлдэл хийсэн талаар эхнэр нь хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 85-86 хуудас/
6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 261 дугаартай дүгнэлтэнд: “А....ийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй.”
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 26-27 хуудас/
7. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 7-9, 32-40, 69-73, 100 хуудас/
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 105 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч ...нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд ... аймгийн ....р сумын ...дүгээр баг, ...тоот өөрийн гэртээ эхнэр ...эрэгтэй хүнтэй архи уулаа гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зодсоны улмаас түүнд тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Э....гийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ...нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч А....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 261 дугаартай дүгнэлт, гэрч ..., С.... нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч Э.... холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ...нь өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гарган оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд эхнэр ...бусадтай хардаснаас үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Э.... эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Э....гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч ...нь эхлээд өөрийн гараар хүрч халддаг байсан бол сүүлдээ ямар нэгэн эд зүйлээр буюу тэлээгээр цохиж үйлдлийн арга нь бага багаар ширүүсч, аюултай болж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоох гэснийг,
Шүүгдэгч ...эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал байхгүй гэснийг тус тус дурдлаа.
Шүүгдэгч Э.... эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагыг санал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Э....г 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ...нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч ...нь хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч ...нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ... ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э....г 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.... зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.... шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ...нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА