Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 0101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

В.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                      С.Б

Шүүгдэгч                                                       В.Х

Хохирогчийн өмгөөлөгч                           Д.О

Нарийн бичгийн дарга                             О.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолтой, В.Хд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч В.Хы давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Т овогт В-н Х.

 

Шүүгдэгч В.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэрт, согтуурсан үедээ Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Т овогт В-н Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар В.Хд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Хаас 3 090 547 төгрөг гаргуулан хохирогч Б.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 157 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурилын мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.Г нь эмчилгээ хийлгэхэд зарцуулсан шатахууны зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч В.Х давж заалдах гомдолдоо:

“... хохирогч Б.Гын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг би учруулаагүй өмнө нь хуучин гэмтэлтэй байсан гэх шинжээчийн  дүгнэлт гарсан байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 380 дугаар шинжээчийн дүгнэлтээр баруун, зүүн нүдний ухархайн хугарал хамрын хагарал зэрэг нь хуучин гэмтэл гэсэн дүгнэлт гарсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Г нь хөнгөн зэргийн согтолттой байсан гэж дүгнэлт гарсан байхад хохирогч Д.Г нь ухаангүй байсан гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Б.Г нь шүүх хуралдаанд ирж оролцоогүй өөрөө шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлгээ өгөөгүй, намайг тус хуучин гэмтлүүдээ өөртөө учруулсан гэж худал мэдүүлсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            

             Шүүгдэгч В.Хд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

         В.Х нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэрт Б.Гын толгой, нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан

 

            хохирогч Б.Гын ... би тасарсан байсан. Нэг ухаан ороод харахад Хүрэлчулуун ах миний санаж байгаагаар гурилын элдүүр модоор миний толгой, нуруу гэхгүй зодож байсан ... гэх мэдүүлэг /хх-13-15 талд/,

 

            гэрч Д.Г-н ... Х Г-г 2-3 удаа цээжин тус газар нь өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх- 17 талд/,

 

            гэрч Г.А-н ... Архи ууж байхад би нэлээд согтсон бас тасраад унаад өгсөн. Нэг сэрээд харахад Г 2 өвгөнтэй хэрэлдээд маргалдаад байх шиг байсан ... гэх мэдүүлэг /хх 18 талд/,

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 850 дугаартай ... Б.Гын биед учирсан баруун нүдний ухархайн дотор доод ханын хугарал, тархи доргилт, цох, зүүн шанааны няцарсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааран ... гэх дүгнэлт /хх-135 талд/,

 

            Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаар ... В.Хы биеэс авсан цусанд 0,6 промилл процент этилийн спирт илэрсэн. ... Өөрийн хийж байгаа үйлдлийг ойлгон ухамсарлах чадвартай гэх дүгнэлт /хх 36-37 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч В.Хы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг Б.Гын эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

 

            В.Хд холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч В.Х нь ...  намайг хуучин гэмтлүүдээ өөртөө учруулсан гэж худал мэдүүлсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.

 

            Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 380 дугаартай дүгнэлтэд ... Б.Гын биед тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамрын ясны хугарал, таславчны мурийлт, нүүр хуйх, баруун гарын долоовор хуруу, 2 өвдөгт зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо... Гэмтэл нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үүссэн байж болно ... гэсэн дүгнэлт гарч байсан боловч

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 850 дугаартай ... Б.Гын биед учирсан баруун нүдний ухархайн дотор доод ханын хугарал, баруун шанаа, зүүн хацар, зүүн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цох, зүүн шанааны няцарсан шарх, баруун гарын долоовор хуруу,  2 өвдөгний зулгаралт, зүүн нүдний доод зовхи, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Харин зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал, хамрын ясны хуучин хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл ... гэсэн дүгнэлтээр Б.Гын биед учирсан ... зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал, хамрын ясны хуучин хугарал, таславчийн мурийлт зэрэг гэмтлүүд нь хуучин гэмтэл болох нь тогтоогдсон байна.

 

            Түүнээс гадна В.Хы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Гын биед учирсан шинэ гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар тусгагджээ.

 

            Мөн шүүгдэгч В.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд буюу түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч В.Хы ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжилсэн гэм хорын хохирол болох 4.862.547 төгрөгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч В.Хаас 3.090.547 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Гад олгохоор шийдвэрлэжээ.

 

            Харин давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн хохирлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж хавтаст хэргийн 91 дүгээр хуудас Үзлэг оношилгооны төлбөр 25.000 төгрөг, 92 дугаар хуудас Толгойн зураг авахуулсан төлбөр 150.000 төгрөг, 93 дугаар хуудас Баян-Өндөр мед эмнэлэгт үзүүлсэн төлбөр 157.000 төгрөг, 95 дугаар хуудас Б.Гын Улаанбаатар хот  руу зорчсон тасалбарын үнэ 19.000 төгрөг, 96 дугаар хуудас Мэс заслын төлбөр 2.000.000 төгрөг, 97 дугаар хуудас эм авсан төлбөр 61.550 төгрөг, 98 дугаар хуудас Маго хорооллын төлбөрийн баримт 114.600 төгрөг, 144 дугаар хуудас Б.Гын Улаанбаатар хот руу зорчсон тасалбарын үнэ 8.100 төгрөг, 145 дугаар хуудас Б.Гын Улаанбаатар хот руу зорчсон тасалбарын үнэ 8.100 төгрөг, 146 дугаар хуудас эм авсан төлбөр 43955 төгрөг, 147 дугаар хуудас эм авсан төлбөр 29.130 төгрөг, 148 дугаар хуудас эм авсан төлбөр 5.175 төгрөг, 149 дүгээр хуудас эм авсан төлбөр 12.100 төгрөг, 150 дугаар хуудас эм авсан төлбөр  112.610 төгрөг, 151 дүгээр хуудас эм авсан төлбөр 13.650 төгрөг, нийт 2.759.970 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Учир нь дээрх нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой шууд холбоотой баримтууд байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч В.Хаас 2.759.970 төгрөг гаргуулж хохирогч Б.Гад олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Харин хохирогчийн эхнэр Д.О нь Б.Гыг Улаанбаатар хот руу авч явж эмчилгээ хийлгүүлэх үед ажилгүй байсан үеийн цалин, замын зардал зэргийг хохирогчид шууд учирсан хохирол, хор уршиг гэж тооцох үндэслэлгүй байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтын ... 3.090.547 ... гэснийг ... 2.759.970 ... гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч В.Хы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

             ШҮҮГЧ                                                        С.ЦЭЦЭГМАА

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР