Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 124/ШШ/2022/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,

Хариуцагч: Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, аудитор Т.А нарт холбогдуулан гаргасан,

Төрийн аудитын газрын "Төлбөр барагдуулах тухай" 2022.03.07-ны өдрийн 01/17-А/207413 УВА/2022/37/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, аудитор Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь тус шүүхэд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, аудитор Т.А нарт холбогдуулан Төрийн аудитын газрын "Төлбөр барагдуулах тухай" 2022.03.07-ны өдрийн 01/17-А/207413 УВА/2022/37/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2. Хариуцагч Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, аудитор Т.А нар нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 01/17-А/207413 УВА/2022/37/НА-СТА-ТШЗ актаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Нэмэлт санхүүжилтийн данснаас аймгийн барьцаа хөрөнгийн дансанд 68.880.000 төгрөг шилжүүлж санхүүгийн тайланд авлагаар тусгасан алдаа зөрчил гаргасан тул тус төгрөгийг орон нутгийн орлогын 100150000962 тоот дансанд төвлөрүүлэх-ээр шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд шууд хандан нэхэмжлэл гаргасан болно.

4. Нэхэмжлэгч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар нь нэмэлт санхүүжилтийн данснаас аймгийн барьцаа хөрөнгийн дансанд 68.880.000 төгрөг шилжүүлж санхүүгийн тайланд авлагаар тусгасан алдаа зөрчил илэрсэн гэж үзэж акт тавьсан байдаг.

1. ГХБХБГ-аас Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх цахим тендерт Юнилаб ХХК шалгарч 2021 оны 12 дугаар сарын 20-ны дотор тоног төхөөрөмж нийлүүлэхээр гэрээ байгуулсан боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас хугацаандаа нийлүүлэх боломжгүй болсон тухай 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/206 тоот албан бичгээр захиалагч буюу манай байгууллагад мэдэгдсэн.

2. Тухайн албан бичгийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 21-ний 718 тоотоор аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст хандаж "....2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар № УАГХБХБГ/202111001 бүхий гэрээнд туссан 68.880.000 төгрөгийн санхүүжилтийг захиалагчийн хяналтын зардлаас татаж үлдэхийг хүсье" гэх албан бичиг хүргүүлсний дагуу тус хэлтсээс шийдвэрлэсэн байна. Энэ нь манай байгууллагаас шууд шийдвэр гаргаж Төсвийн тухай хуулийн 7.7 дахь хэсгийг зөрчсөн гэх ойлголтод хамаарагдахгүй байна. Өөрөөр хэлбэл Санхүү, төрийн сангийн хэлтэс, Ерөнхий нягтлан бодогч нь Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нэмэлт санхүүжилтийн данснаас барьцаа хөрөнгийн дансанд татан төвлөрүүлэхгүй байх чиг үүрэгтэй.

3. Тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй шийдвэр байна.

4. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 308 дугаар тогтоолын 4.2, 3.7 орон нутаг дахь лабораторийн хөрөнгө оруулалт ба урсгал зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх гэж заасан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлийн хүрээнд Төрийн аудитын газрын "Төлбөр

барагдуулах тухай 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 01/17-А/207413 УВА 2022/37/НА - СТА - ТШЗ актыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага барилгын захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг. Техник хяналтын зардлыг Барилга хот, байгуулалтын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тушаалын хавсралтад заасны дагуу ажлыг төлөвлөсөн. Ингээд лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр цахим нээлттэй тендер шалгаруулалт зарласан. Тухайн цахим тендерийг мөрдөгдөж байгаа хууль журмын хүрээнд зохион байгуулж, цахим сайтад байршуулж зарласан. Уг тендерт Юнилаб гэдэг компани 68.800.000 төгрөгөөр тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр үнийн саналаа ирүүлсэн. Үнэлгээний хороо уг ирүүлсэн саналыг боломжтой санал гэж үзээд шийдвэр гаргасны үндсэн дээр Юнилаб компанитай гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн. Тус компанитай гэрээ байгуулаад ажиллаж байх явцад ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас улсын хил тодорхойгүй хугацаагаар хоёр удаа хаасан учраас манай байгууллагад гэрээний хугацааг сунгаж өгнө үү гэсэн 3 удаа албан бичгээр хүсэлтээ өгсөн. БНХАУ-ын хил дээр бараа ирсэн хил нээгдэхэд авахаар албан бичгээр хандсан байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 15, 12 дугаар сарын 21, 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр тус тус хандсан байдаг. Ингээд бид холбогдох санхүүгийн төрийн байгууллагуудтай холбогдох хууль журмын хүрээнд энэ мөнгийг авч үлдээч ингэхгүй бол бид гэрээний нөхцөлийг нэг талаас манай байгууллага биелүүлэхгүйд хүрч байна. Яагаад гэвэл бид нарын тооцоолоогүй ковид цар тахлын улмаас хил тодорхойгүй хугацаагаар хаагдсан учраас энэ мөнгийг боломжит хувилбараар үлдээж өгөөч гэсэн албан хүсэлтийг төрийн санд гаргаж байсан. Ингээд тоног төхөөрөмж 2022 оны 6 сард нийлүүлж угсралтын ажлыг хийсэн. Уг тендерийн санхүүжилтийг буцаагаад татчихсан байсан. Яагаад татагдсан бэ гэвэл аудитын дүгнэлт гараад татагдчихсан гэсэн. Бид төсвийн байгууллага нь зохих журмын дагуу ажлаа хийх ёстой. Бид нар тендер зохион байгуулсан байгууллага. Тендерийн үйл ажиллагааг гэрээний хугацаа сунгах албан хүсэлтийг компани нь ирүүлээд байдаг. Гэрээний хугацаа сунгачхаад мөнгөө хадгалж чадаагүйд хүрсэн. Өөрөөр хэлбэл гэрээний нэг талын үүргээ биелүүлээгүй. Ингэхээр алданги тооцож авах ёстой гэдэг байдлаар гүйцэтгэгч компани нь тоног төхөөрөмжөө угсраад асуудал үүсгэсэн. Энэ тендерийн санхүүжилт нь аудитын дүгнэлт гарсан учраас буцаад татчихсан байна. Энэ дүгнэлт нь манай байгууллага дээр гарах ёстой байсан уу аль эсвэл төсвийн ерөнхийлөн захирагч дээр гарах байсан уу гэдгийг би сайн мэдэхгүй байна. Манайх тендер шалгаруулалт зохион байгуулаад тоног төхөөрөмжөө авах үүрэгтэй байгууллага байсан учраас аудитын дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү. Төсвийн хуулийг зөрчсөн хүн нь хэн бэ гэдгийг тогтоогоод актаа тавих ёстой байсан байх гэж харж байгаа. Гэхдээ хагас жилээр аймгийн хуралд санал оруулаад тухайн мөнгийг шийдүүлж олгохоор болсон байгаа гэжээ.

6. Хариуцагч Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасан цаглабарын дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны санхүүгийн тайланд аудит хийсэн. Аудитаар тогтоосон 03/22/А2070413 УВА/2022/37/НА-СТА-ТШЗ дугаартай актын 68.8 сая төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр орон нутгийн 100150000962 тоот дансанд төвлөрүүлсэн тул дансны хуулгыг хүргүүлэв гэжээ.

7. Хариуцагч Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар нэмэлт данснаас 68.8 сая төгрөгийг аймгийн барьцаа хөрөнгийн дансанд шилжүүлсэн байсан. Энэ 68.8 сая төгрөгийг Юнилаб гэдэг компанитай тоног төхөөрөмж авахаар гэрээ байгуулчихсан уг компани руу шилжүүлэх ёстой мөнгө байсан. Манай байгууллагаас 2022 оны 01 дүгээр сарын 25-нас 02 дугаар сарын 25-ны хооронд аудитын хяналт шалгалт хийхэд тоног төхөөрөмж биеэр ирээгүй, уг компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу гэрээ сунгасан баримтыг аудитын байгууллагад ирүүлээгүй, гэрээг сунгасан эсэх нь тодорхойгүй, гэрээг сунгаагүй гэж үзэж байна. Энэ мөнгө нь аймгийн барьцаа хөрөнгийн дансанд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 2021 оны 12 дугаар сарын 25-нд шилжүүлээд барьцаа хөрөнгийн данснаас аймаг руу оруулах орлого руу хийхээр акт тавьсан. Аймгийн Засаг даргын нэг данснаас нөгөө данс руу шилжүүлчихсэн асуудал байгаа. Барьцаа хөрөнгийн дансанд барьцаа хөрөнгийн мөнгө орох Засаг дарга захиран зарцуулах эрхтэй данс байдаг. Засаг даргын мэдлийн данс руу тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтийн үлдэгдэл мөнгийг авч шилжүүлж байршуулсан. Үүнд ямар нэгэн зохицуулалт байхгүй учраас акт тавигдсан. Аймгийн орлогын 962 гэж хөрөнгө оруулалтын орлогын данс байгаа. Энэ данс нь Засаг даргын мэдэлд байдаг. Ийм асуудал дээр шүүхдэлцээд байгааг ойлгохгүй байна.

Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагч нь төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны ерөнхий шатанд татан төвлөрүүлнэ гэж заасан. Гэтэл ерөнхий дансанд татан төвлөрүүлэхгүйгээр барьцаа хөрөнгийн дансанд хийчихсэн байна. Барьцаа хөрөнгийн дансанд хийх эрх зүйн актыг аймгийн Засаг дарга гаргаж өгсөн байгаа. Аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 25-ний 803 дугаартай захирамжаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын энэхүү мөнгийг барьцаа хөрөнгийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ захирамж нь Засгийн газрын 397 дугаар тогтоолоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар зарим авах арга хэмжээний тухай Энэхүү тогтоолын 1.2-д ковид-19 цар тахлын нөлөөллөөс үүдэн улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэхээр батлагдаж гэрээ нь байгуулагдсан, хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн олгогдоогүй санхүүжилтийн үлдэгдлийг төсвийн ерөнхийлөн захирагчийн барьцаа хөрөнгийн дансанд байршуулна гэж заасан. Энэ заалтаас үзэхэд аймгийн засаг даргын захирамж нь энэ тогтоолыг зөрчсөн. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь 2021 оны 12 дугаар сарын 21-нд Төрийн сангийн хэлтэст 718 дугаартай бичгийг явуулсан байдаг. Уг бичигт манай газраас зарласан Лабораторийн цахим тоног төхөөрөмж нийлүүлэх цахим тендерт Юнилаб ХХК шалгарч 2021 оны 12 дугаар сарын 20-ны дотор тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан боловч цар тахлын улмаас гэрээнд заасан хугацаанд тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломжгүй тухай албан бичгээр ирүүлсэн. Иймд 2021 оны 12 дугаар сарын 25-ны дугаар бүхий гэрээнд туссан 68.800.000 төгрөгийн санхүүжилтийг захиалагчийн хяналтын зардлаас татаж үлдэхийг хүсье гэсэн бичгийг явуулж байсан. Нэмэлт дансанд байсан мөнгийг 2021 оны 12 дугаар сарын 25-нд барьцаа хөрөнгийн дансанд буцаагаад шилжүүлчихсэн байдаг. Үндсэндээ дээрх хуулийн заалтыг зөрчсөн учраас Засаг даргын орон нутгийн орлогын нэг данснаас нөгөө дансанд шилжүүлэх акт тогтоосон. Энэхүү актын биелэлтийг 3 дугаар сарын 30-нд актын биелэлтийг хангасан байдаг. Биелэлт хангагдсан учраас энэ актын талаар дэлгэрэнгүй тайлбар гаргаж өгөөгүй юмаа. Энэ мөнгө нь орон нутгийн орлогын дансанд орчихсон байгаа. Мэдээж дахиад ИТХ-аар хэлэлцээд буцаагаад тавих боломжтой дансанд байгаа. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хагас жилийн аймгийн ИТХ-аар шийдчихсэн гэж байна. Тэгэхээр энэ асуудал дээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь илүүц үйлдэл юм болов уу гэж бодож байна. Орон нутагтаа хүсэлт гаргаад орон нутаг нь шийдвэрлэх боломжтой дансанд байгаа. Өөр хэн нэгний хувийн этгээдийн болон байгууллагын дансанд ороогүй. Зөвхөн Засаг даргын нэг данснаас нөгөө дансанд хоёулаа Засаг даргын харьяаны зарцуулах эрх мэдэлд нь байгаа дансанд шилжиж байгаа гэсэн үг гэжээ.

8. Хариуцагч Т.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Увс аймагт баригдаж байгаа барилгын техник хяналтыг гүйцэтгэдэг. Техник хяналтын зардлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламжийн үнийн дүнгээс хамаараад шилжүүлдэг. Техник хяналтын болон барьцаа хөрөнгийн данс нь оны эцэст үлдэгдэлтэй гарч болдог. Аймгийн засаг даргын техник хяналтын зардлаас Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газар луу шилжүүлээгүй байсан бол боломжтой байсан. Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газар нь 11 дүгээр сарын санхүүжилтийг аваад буцаагаад барьцаа хөрөнгө рүү шилжүүлсэн баримт байгаа. Барьцаа хөрөнгийн данс руу энэ төрлийн гүйлгээг хийдэггүй. Миний тогтоосон акт нь эдний нэмэлт данснаас барьцаа хөрөнгийн данс руу 68.8 сая төгрөгийн шилжүүлгийг хийлгээд түүнийгээ санхүүгийн тайланд авлагаар тусгасан зөрчил гаргасан байна гэж үзсэн. Тухайн үед шилжүүлээгүй бол эдний дансанд үлдэгдлээр үлдээд ерөнхий дансанд татан төвлөрүүлэлтийн дансанд төвлөрүүлэх ёстой байсан мөнгө байгаа. Төрийн сангийн гүйлгээ тухайн оны 12 сарын 26-нд хаагддаг. Урьд өдөр нь шилжүүлгээ хийсэн байгаа. Үндэслэсэн баримт дээр өөрсдийнхөө бичсэн албан бичиг, анх байгуулсан гэрээ, гэрээ сунгуулах тухай албан бичиг, дансны хуулга хавсаргаад төрийн сангаар гүйлгээ хийсэн байдаг. Тухайн үеийн 11 сарын санхүүжилтийн орлого хавсаргасан байгаа. Гэрээ сунгуулах тухай албан бичиг байгаа боловч сунгасан гэрээ байхгүй байсан. Аудитын явцад ч сунгасан гэрээг ирүүлээгүй гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                     ҮНДЭСЛЭХ нь:

9. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Нэхэмжлэгч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, аудитор Т.А нарт холбогдуулан Төрийн аудитын газрын "Төлбөр барагдуулах тухай" 2022.03.07-ны өдрийн 01/17-А/207413 УВА/2022/37/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ дэмжиж оролцсон болно.

11. Хариуцагч тал маргаан бүхий захиргааны актын биелэлт хангагдсан гэж үзээд эвлэрэх байр суурьтай байгаагаа илэрхийлэн шүүх хуралдаанд оролцсон.

12. Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн санхүүгийн тайланд аудит хийн тавьсан маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/17-А/207413 УВА/2022/37/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актаар Газрын харилцаа , барилга хот байгуулалтын газар нь нэмэлт санхүүжилтийн данснаас 68 800 000 төгрөг шилжүүлж санхүүгийн тайланд авлагаар тусгасан алдаа зөрчил илэрсэн, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д, 6 дугаар зүйлийн 6.4.8 Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэн Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын 4.23.4 дэх заалтыг баримтлан Нэмэлт санхүүжилтийн данснаас аймгийн барьцаа хөрөнгийн дансанд шилжүүлсэн 68 800 000 төгрөгийг Орон нутгийн орлогын 100150000962 тоот дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн байх ба энэхүү актын биелэлтийг Увс аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэн , ерөнхий нягтлан бодогч Б.Батсайхан, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О, нягтлан бодогч Ц.Болормаа нарт холбогдуулан хариуцуулжээ.

13. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс уг маргаан бүхий актын биелэлтийг хангаж, аудитаар тогтоосон 68.800.000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон нутгийн орлогын 100150000962 тоот дансанд төвлөрүүлсэн нь хариуцагчийн тайлбар, 2022 оны 03 сарын 31-ний өдрийн төлбөрийн хүсэлт, 2022 оны 04 сарын 21-ний өдрийн орлогын дансны дэлгэрэнгүй бүртгэл, гэрч Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Б.Батсайханы Төлбөр барагдуулах актыг манай байгууллагад өгсөн байгаа. Увс аймгийн ГХБХБГазраас барилгын барьцаа дансанд байршуулсан 68 800 000 төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүл гэсэн акт ирсэн, Үүнийг 2022.03.31-ний өдөр тухайн данс руу хийж актын биелэлтийг хангасан байгаагэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

14. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зарласан Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх цахим тендерт Юнилаб ХХК шалгарч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тоног төхөөрөмж нийлүүлэхээр гэрээ байгуулсан боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас хугацаандаа нийлүүлэх боломжгүй болсон талаар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21/206 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн байна. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар уг албан бичгийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст хандаж "....2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн АГХБХБГ/202111001 дугаар бүхий гэрээнд туссан 68.880.000 төгрөгийн санхүүжилтийг захиалагчийн хяналтын зардлаас татаж үлдэх-ийг хүссэн 718 тоот албан бичиг хүргүүлжээ.

15. Увс аймгийн Засаг даргын аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/803 дугаартай Барьцаа дансанд байршуулах тухай захирамжаар Ковид-19 цар тахалтай холбоотой ажил нь бүрэн хийгдээгүй болон улсын комисс хүлээж аваагүй Орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангаас санхүүжигдэх хөрөнгө оруулалтын үлдэгдэл санхүүжилтийг төсвийн ерөнхийлөн захирагчийн барилгын барьцаа хөрөнгийн дансанд байршуулах-аар шийдвэрлэсэн ба үүний дагуу уг хүсэлтийг шийдвэрлэж, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын нэмэлт санхүүжилтийн данснаас 68.880.000 төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдлийн барьцаа хөрөнгийн дансанд шилжүүлсэн байршуулсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Увс аймгийн ГХБХБГазрын төлбөрийн хүсэлтийн баримтаар тогтоогдож байна.

16. Үндэсний аудитын газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/1101 дугаартай албан бичиг, Энэ актын хувьд тухайлан дээд шатны байгууллагад нь гомдол гаргаагүй. Гэхдээ ерөнхий агуулгаар нь бол гаргасан байдаг. Оны эцэст төрийн аудитын байгууллага манай тайланд барилгын барьцаа дансанд 1.1 тэрбум төгрөг байршуулсан гэх үндэслэлээр хязгаарлалттай дүгнэлт өгсөн. Энэ 1.1 тэрбум төгрөг дотор ГХБХБГазрын 68.800.000 төгрөгийн асуудал мөн явж байгаа. Үндэсний аудитын газраас акт үндэслэлтэй гэсэн хариу өгсөн гэх гэрч Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Б.Батсайханы мэдүүлгээс үзэхэд маргаан бүхий захиргааны актаар шийдвэрлэсэн асуудалд аймгийн Засаг даргын гомдлоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байна.

17. Үндэсний аудитын газар Засгийн газрын 201 оны 397 дугаар тогтоол нь зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэхээр батлагдаж гэрээ нь байгуулагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн олгогдоогүй үлдэгдэл-д хамааралтай байх тул аймгийн Засаг даргын 2021 оны А/803 дугаар захирамж нь өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна гэж дүгнэжээ.

18. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...68.880.000 төгрөгийн санхүүжилтийг захиалагчийн хяналтын зардлаас татаж үлдэхийг хүссэн албан бичгийг санхүү төрийн сангийн хэлтсээс шийдвэрлэсэн. Манай байгууллага шууд шийдвэр гаргаагүй учраас Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийг зөрчсөн гэх ойлголтод хамаарахгүй. Санхүү, төрийн сангийн хэлтэс , ерөнхий нягтлан бодогч нь Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нэмэлт санхүүжилтийн данснаас барьцаа хөрөнгийн дансанд татан төвлөрүүлэхгүй байх чиг үүрэгтэй гэж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бөгөөд 68.880.000 төгрөгийн гүйлгээ хийсэн, гүйлгээ хийхийг зөвшөөрсөн төрийн албан хаагчид адилхан хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй тул энэхүү тайлбар үндэслэлгүй байна.

19. Мөн нэхэмжлэгч тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ болгожээ. Бичгээр гарах захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д зааснаар захиргааны актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах шаардлагыг хангах ёстой байна. Маргаан бүхий актад гомдол гаргах журмын талаар заагаагүй нь буруу боловч энэхүү үндэслэлээр актыг хүчингүй болгох боломжгүй болно.

20. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 308 дугаар тогтоолын 4.2, 3.7 орон нутаг дахь лабораторийн хөрөнгө оруулалт ба урсгал зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх гэж заасан гэх үндэслэл нь хэрэгт хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл маргааны үйл баримт орон нутгийн төсвөөс лабораторийн тоног төхөөрөмжийг санхүүжүүлсэн асуудалтай холбоогүй юм.

21. Дээр дурдагдсан үйл баримтуудад шүүх дүгнэлт хийгээд хариуцагч талаас гаргасан Барьцаа хөрөнгийн дансанд улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтын 5% нь үлдэх ёстой байдаг. Үлдэгдэлтэй гарахыг зөвшөөрдөг данс. Энэ дансанд өөр ямар нэгэн мөнгө оруулахыг зөвшөөрдөггүй. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ гэж заасан. Гэтэл ерөнхий дансанд татан төвлөрүүлэхгүйгээр барьцаа хөрөнгийн дансанд хийчихсэн байна. Ингэж үндэслэлгүйгээр авлага үүсгэсэн. Тухайн үед уг мөнгийг шилжүүлээгүй бол ГХБХБГ-ын дансанд үлдэгдлээр үлдээд ерөнхий дансанд татан төвлөрүүлэлтийн дансанд төвлөрүүлэх ёстой байсан гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдохгүй байна.

22. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Увс аймаг дахь Төрийн аудитын газар нь 2022 оны 03 сарын 07-ны 01/17-А/207413 УВА/2022/37/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг Төсвийн тухай хуулинд нийцүүлэн тавьсан байх бөгөөд уг актыг Санхүү, төрийн сангийн хэлтэс хүлээн зөвшөөрч биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

23. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн урьдчилан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Төрийн аудитын газрын "Төлбөр барагдуулах тухай" 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 01/17-А/207413 УВА/2022/37/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ОЮУНГЭРЭЛ