Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 29

 

“К-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01069/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1195 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “К-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С-” ХК-д холбогдох

“Гэрээний үүрэг 27.600.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтаншагай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч “К-” ХХК-аас:

...Манай компани 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “С-” ХК-тай хийт хөнгөн бетон гулдмай нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “С-” ХК нь 24*36*60 см-ын хэмжээтэй нийт 550 метр куб хөнгөн бетон блокийг манай компанид 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нийлүүлэх, манай компани гэрээний төлбөр 63.250.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 14.950.000 төгрөг төлсөн. “С-” ХК нь гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан байхад нэг ч куб блок нийлүүлээгүй. Иргэний хуулийн 255 дугаар сарын 255.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, одоо болтол нийлүүлээгүй тул манай компани худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. “С-” ХК нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс манай компанийн төлөвлөгөөт барилгын ажлыг саатуулж, цаг хугацаа болон санхүүгийн хохирол учрууллаа. Иймд гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 14.950.000 төгрөг болон гэрээний 6.6-д зааснаар 20 хувийн торгууль 12.650.000 төгрөг, нийт 27.600.000 төгрөгийг “С-” ХК-аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар гаргуулж өгнө гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч “С-” ХК-аас:

...Манай компани нь “К-” ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хийт хөнгөн бетон гулдмай нийлүүлэх 07 тоот гэрээ байгуулсан. Үүний дагуу “К-” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 14.950.000 төгрөгийн төлбөр хийсэн. Манай компани үйлдвэрлэлээ эхлүүлсэн боловч хоёр жил зогссон үйлдвэрийн технологийн горим алдагдаж, худалдан авагч талд гэрээний хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хөнгөн бетон блокоо нийлүүлж чадаагүй. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс манай хөнгөн бетон блокны үйлдвэр технологийн дагуу үйлдвэрлэж эхэлсэн ба “К-” ХХК-д хөнгөн бетоноо нийлүүлэх хүсэлтийг тавьсан. Харин “К-” ХХК нь манай компанийн саналыг хүлээн аваагүй ба 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. “К-” ХХК-ийн зүгээс гэрээг цуцалсан ба манай компанид орж ирээгүй мөнгө буюу төлөөгүй төлбөрийн алдангийг манай компаниас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хийт хөнгөн бетон гулдмай нийлүүлэх гэрээ-ний 6.3-д талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хоног тутамд төлнө гэж заасны дагуу бид “К-” ХХК-аас орж ирсэн 14.950.000 төгрөгт ноогдох хоног тутмын алданги 1.121.250 төгрөг, нийт 16.071.250 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1195 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч “С-” ХК-аас 27.600.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К-” ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 295.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К-” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. ...“К-” ХХК, “С-” ХК нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хөнгөн болок худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “К-” ХХК “С-” ХК-руу 14.950.000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь захиалсан тоо хэмжээнийхээ дагуу төлсөн төлбөр юм. Гэрээний 2.6-д “гэрээг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ба 2018 оны 9 дүгээр сарын 1-ны дотор хөнгөн блок захиалга хийж авснаар бүрэн дуусна” гэж заасан байдаг. “К-” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 14.950.000 төгрөгийн үнэ бүхий хэмжээний блок захиалж, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөнгөн блок захиалаагүй байдаг. Иймд гэрээний дагуу “С-” ХК-ийн үүрэг нь 14.950.000 төгрөгийн үнэ бүхий хэмжээний блокыг 2018 оны 9 дүгээр сарын 01-ны өдрийн дотор “К-” ХХК-д хүлээлгэн өгөх байсан. Талуудын аль аль нь энэ талаар маргадаггүй. Гэтэл шүүгч “С-” ХК нийлүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэж, 14.950.000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан нийт гэрээний үнийн дүнгийн урьдчилгаа төлбөр гэж үндэслэх хэсэгт баримтыг буруу, дутуу үнэлсэн.

Хоёр. ...2 жил зогссон үйлдвэрийн технологийн горим алдагдаж, 2018 оны 9 дүгээр сарын 1-ны дотор хөнгөн бетон блокоо нийлүүлж чадаагүй. Үүнээс 4 хоногийн дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр “С-” ХК-н хөнгөн блокны үйлдвэр технологийн дагуу үйлдвэрлэж эхэлсэн ба “К-” ХК-д хөнгөн бетоноо нийлүүлэх хүсэлтийг тавьсан. Энэ хугацаанд “К-” ХХК-ийн зүгээс үрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон зүйл байхгүй.

Гурав. ...Хэрэв гэрээний нийт үнийг тооцох тохиолдолд нийт үнэ нь 14.950.000 болно. “С-” ХК нь 14.950.000 төгрөгийн үнийн дүн бүхий хөнгөн блокийг 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр нийлүүлэх бүрэн боломжтой байсан. “К-” ХХК нь өөрийн санаачилгаар, сайн дураараа гэрээг цуцалсан. Иймд гэрээний 6.6-т заасан торгууль төлөх үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заасан байдаг бөгөөд манай компани зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд бэлэн байсан. Харин гэрээнд заасан хугацаагаа хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6  хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд ногдох алдангийг төлөхөө хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл “К-” ХХК-ийн зүгээс нэмэлт хугацаа тогтоож, мэдэгдэл өгөөгүй, өөрсдөө гэрээг цуцалсан.

Дөрөв. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ИХШХШтХ-ийн 40-р зүйлийн 40.12-т заасан эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтаар нотолж чадаагүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй. Тухайлбал:

1. Гэрээний үндсэн үүрэг болон үнийн дүнг буруу тодорхойлсон. “С-” ХК нь 14.950.000 төгрөгийн үнэ бүхий хэмжээний блокыг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор “К-” ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэтэл “С-” ХХК-ийг 550 метр куб, нийт 63.250.000 төгрөгийн үнийн дүн бүхий блок нийлүүлэх үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүй гэж үндэслэлгүй, буруу дүгнэсэн.

2. Гэрээний үндэслэлгүй, буруу тогтоосон дүнгээс торгууль бодсон. “С-” ХК-г 550 метр куб, нийт 63.250.000 төгрөгийн үнийн дүн бүхий блок нийлүүлэх үүрэгтэй байсан гээд 63.250.000 төгрөгийн 20 хувь 12.650.000 төгрөгийг төлөх нь зүйтэй гэж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

3. Хэргийн үйл баримтыг дутуу, буруу үнэлж шийдвэрлэсэн. “К-” ХХК, “С-” ХК нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хөнгөн блок нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “С-” ХК нь 550 метр куб орчим хөнгөн блок нийлүүлэх “К-” ХХК нь нэг куб хөнгөн бетон блокыг 115.000 төгрөгөөр тооцон нийт 63.250.000 төгрөгөөр худалдах авахаар тохиролцсон боловч гэрээний 2.2-д Хэмжээ тоо ширхэг: 24*36*60 см хэмжээтэй 550м куб хөнгөн блокны тоо хэмжээ нь ажлын гүйцэтгэлээр ихсэж, багасаж болно. Өөрөөр хэлбэл 550 метр.куб блок нь бодит авах блокны тоо хэмжээ биш юм. Энэ 550 мЗ хөнгөн блок нь 300 метр куб болж багасах боломжтой тоо хэмжээ юм. Иймээс ч талуудын байгуулсан гэрээний 2.5, 2.5.2-д блок авахдаа урьдчилан тоо хэмжээг захиалж, захиалсан тоо хэмжээний дагуу төлбөрөө бүрэн төлж бараа нийлүүлэх зарчмаар төлбөрийг төлөхөөр болсон байдаг.

4. Хэт нэг талыг барьж, “С-” ХХК-н зүгээс гаргасан тайлбар, нотлох баримтыг үнэлээгүй. Манай компани зүгээс хөнгөн блок нийлүүлэх гэрээний дагуу авсан 14.950.000 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд тооцогдох алданги болох 299.000 төгрөг /1 хоногт 74.750/, нийт 15.249.000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл шүүгч хариуцагчаас гарасан тайлбар, нотлох баримтыг үнэлээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс үндэслэлгүй бичигдсэн 12.650.000 төгрөгийн торгуулийг хасаж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “К-” ХХК, хариуцагч “С-” ХК-д холбогдуулан “Гэрээний биелэгдээгүй үүрэг 14.950.000 төгрөг, торгууль 12.650.000 төгрөг нийт 27.600.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гасан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 16.071.250 төгрөгийг зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч тал давж заалдсан гомдолдоо торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй тул торгууль 12.650.000 төгрөгийг хасч шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хэргийн баримтаар,

“К-” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “С-” ХК-тай хийт хөнгөн бетон гулдмай нийлүүлэх тухай гэрээгээр “С-” ХК нь 550 метр куб орчим хөнгөн блок нийлүүлэх “К-” ХХК нь нэг куб хөнгөн бетон блокыг 115.000 төгрөгөөр тооцон нийт 63.250.000 төгрөгөөр худалдах авахаар тохиролцсон байна.

“С-” ХК нь хөнгөн бетон блокийг “К-” ХХК-д 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэрээний зүйлийг нийлүүлэх гэж хугацааг тогтоосон байна.

Гэрээнд заасны дагуу эхний бетон захиалгын төлбөрт нэхэмжлэгч тал 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 14.950.000 төгрөг төлсөн бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байна.

Дээрх үйл баримтаас дараах дүгнэлтийг хийж байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах, мөн 225 дугаар зүйлд талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол... нөгөө тал гэрээнээс татгалзах, мөн хуулийн 255.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, бол гэрээнээс татгалзах эрхтэй болохыг зохицуулжээ.

Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа тухай хариуцагчид мэдэгдээгүй, нэмэлт хугацаа тогтоосноо нотлоогүй байна.

Гэвч тухайн маргааны хувьд дээрх зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх боломжгүй байна.

Учир нь нэгд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа өөрөөр хэлбэл гэрээний хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байх бөгөөд хоёрт, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч тал гэрээнээсээ татгалзсан тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Гэрээний хугацаа дууссан байхад гэрээнээс татгалзах эрх талуудад үүсэх боломжгүй юм.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх гэрээний 2.5-д “захиалагч нь нийт захиалсан 550 м3 хөнгөн бетон гулдмайг өөрийн барилгын ажилтай уялдуулан хуваан тоо хэмжээг урьдчилан захиалж авна”, 2.5.2-д “гэрээний дагуу худалдан авагч нь урьдчилан тоо хэмжээг захиалж, захиалсан тоо хэмжээний дагуу төлбөрөө бүрэн төлж бараа нийлүүлэх зарчмаар төлбөр тооцоог хийнэ. 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр эхний захиалга хийгдэнэ...” гэж зааснаар нэхэмжлэгч тал нь блок авахдаа урьдчилан тоо хэмжээг захиалж, захиалсан тоо хэмжээний дагуу төлбөрөө бүрэн төлөх талаар тодорхой үүрэг хүлээжээ.

Үүнээс үзэхэд гэрээний зүйлийг бүхэлд нь нэг мөр нийлүүлэх талаар талууд тохиролцоогүй харин “К-” ХХК-ийн захиалга бүрээр “С-” ХК бетоныг тухай бүр нийлүүлэхээр тохирлцсон байх тул гэрээний үнийн хэмжээгээр торгууль бодох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч талд, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацааны дотор буюу гэрээгээр тохиролцсон хугацаандаа хийж гүйцэтгээгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэхээр захиалга өгсөн хөнгөн бетон гулдмайн үнэ 14.950.000 төгрөгийг шаардах, мөн гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутамд нөгөө талдаа төлнө гэсний дагуу нэхэмжлэгч талд алданги шаардах эрх тус тус үүссэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх гэрээний дээрх заалтыг анхаарч үзэлгүйгээр гэрээний нийт үнэнд торгууль тооцсон нь буруу бөгөөд гэрээний зүйлийн хэсгийг захиалсан үнийн дүн болох 14.950.000  төгрөгийг урьдчилгаа төлбөр гэж ташаа дүгнэсэн байна.

Гэрээгээр тохиролцсоны дагуу эхний захиалга өгсөн бетоны үнэ 14.950.000  төгрөгт алданги тооцох нь зөв.

Иймд шүүхийн шийдвэрт хариуцагчаас алданги 1.121.250 төгрөг, гэрээний үүрэг 14.950.000 төгрөг нийт 16.071.250 төгрөг гаргуулах талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах гомдол хангагдсан тул хариуцагчаас гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1195 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт:

“Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч “С-” ХК-аас 27.600.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К-” ХХК-нд олгож” гэснийг

 “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “С-” ХК-аас 16.071.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К-” ХХК-нд олгож” гэж,

2 дахь заалт:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К-” ХХК-нд олгож” гэснийг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 238.306 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К-” ХХК-нд олгож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234.195 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

    

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                              ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                   С.ОЮУНЦЭЦЭГ