Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 184/2021/00562

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2021/00562

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж, шүүгч Т.Б, Э.А нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.Ө-ын,

Хариуцагч: Н.Б-д холбогдох

Гэм хорын хохиролд 1.890.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ө, хариуцагч Н.Б, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Барс захын уулзварын баруун талын хэсэгт миний унаж явсан Тоёото Ланд круйзер-200 маркийн ******* ******* улсын дугаартай автомашинтай зүүнээс баруун чиглэлд явж байхад нөгөө талаас иргэн Н.Б нь Хонда Фит маркийн ******* ******* улсын дугаартай автомашинаар баруун урд талаас шүргэж мөргөлдсөн осол болсон. Осол болсны дараа ******* дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн жижүүрийн алба ирж хэмжилт бүдүүвч хийгээд, Н.Бгийн буруутайг тогтоосон, орой 21 цагийн үед Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр ирээрэй гэж хэлээд явсан. Тэр үед хариуцагч Н.Б нь жолоочийн хариуцлагын даатгалтай гэж хэлээд даатгалаар хохирлоо нөхөн төлнө гэж өөрийнхөө гэм бурууг хүлээсэн байдаг. Тухайн өдрөөс хойш 14 хоногийн дараа даатгал руу ярьсан чинь хариуцагч унаж явсан машин маань даатгалгүй болж таарсан. Хариуцагч нь осол болсны дараа буюу 17 цаг 25 минутад даатгалаа сунгуулсан байна гэсэн тайлбарыг даатгалын газраас гаргасан. Осол болсон хугацааг осол миний утаснаас даатгалын компанийн газраас залгасан цаг хугацаа буюу осол болсон өдрийн 16 цаг 42 минутаар тооцсон байсан. Замын цагдаагаас Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т зааснаар хариуцагч талд арга хэмжээ авсандахиж арга хэмжээ авах боломжгүй гэсэн учир би өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эд хөрөнгийн хохирлын үнэлгээний хувьд Мөнххада ХХК-аас 3.315.000 гэх төгрөгийн үнийн санал ирсэн бөгөөд энэ нь зөвхөн үнийн санал байсан болохоор үнэлгээний эрхтэй газраар үнэлүүлэхэд 1.890.000 төгрөг гэсэн үнэлгээг гаргасан тул хариуцагч талаас тухайн үнийн дүнг нэхэмжилж байнаТухайн осол болсон өдөр цагдаа нар ирээд хэмжилт хийгээд, бүх бүдүүвч зургийг нь гаргаад хариуцагчийн бурууг тогтоочихсон юм. Хариуцагч нь өөрөө зогсохгүй урагшаа яваад байсан юм. Хохирлын хувьд би өөрөө үнэ тогтоогоогүй бөгөөд Мөнххада ХХК-ийн үнийн саналыг үнэлгээний компани зөвшөөрөөгүй учир үнэлгээний компаниар хохирлын үнэлгээгээр тогтоосонХариуцагч нь осол болсны дараа даатгалаа дуудаад хохирлоо нөхөн төлүүлчихнэ гэж бодсон боловч даатгалынх хугацаа дууссан болохоор даатгалаар хохирлоо нөхөн төлүүлэх боломжгүй болж өөрөө хохирлоо төлөх болсон тул өнөөдөр ингээд өөр юм яриад байна гэж ойлгож байна гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Барс захын уулзварт Тоёото Ланд круйзер-200 маркийн ******* ******* улсын дугаартай автомашинтай шүргэлцсэн нь үнэн бөгөөд би эгнээ байр өөрчлөөгүй. Би Хонда Фит маркийн ******* ******* улсын дугаартай автомашинаар зорчиж байсан бөгөөд Ландын жолооч замын нарийссан хэсэгт хажуунаас шилжиж орохдоо миний унаж явсан автомашины зүүн хойд талын хаалганаас хойш гупер хэсэг хүртэл шүргэсэн. Би зорчин явсан эгнээгээ өөрчлөөгүй байхад тээврийн Цагдаагийн байцаагч намайг буруутай гэж үзсэнд эргэлзэж байгаа. Нөгөө талаар Тоёото Ланд круйзер-200 машины хохирлын үнэлгээ хэт өндөр байгаа. Энэ нөхцөл байдлаас үзэхэд би 1.890.000 төгрөгийн хохирол төлөхөд гомдолтой байгаа. Тоёото Ланд-200 машины гуперт үүссэн зураас нь миний машинаар үүсгэгдэх боломжтой. Харин крилонд үүссэн зураасыг миний унаж явсан машинаар үүсгэгдэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр зураасыг нэмж надаар хохирлыг төлүүлэх гэж байгаа гэж үзэж байна. Осол гарсан нөхцөл байдлыг харахад ч гэсэн би эгнээ байр өөрчлөөгүй атал Ланд-200-ийн жолооч 3 дугаар эгнээгээр зорчиж байгаад нарийссан зам руу хажуугийн эгнээ рүү шилжихдээ намайг өнгөрүүлэлгүй хажуунаас орж шүргэсэн гэж үзэж байгаа тул энэ байдлыг дахин тодруулахыг хүсэж байна. Би бодохдоо энэ осол миний буруутай үйлдлээс болоогүй гэж үзэж байгааг анхаарч өгөхийг хүсэж тайлбар гаргав гэжээ. Би тухайн ослыг яагаад миний буруу болсныг гайхаж байна. Осол болсон үеийн нөхцөл байдлыг би цаасан дээр зургаар зурчихсан байна. Яг л ийм байдалтай осол болсон. Намайг жолоонд сурч байхад жолооны багш маань хэлж байсан. Та эгнээ байр эзлэх гэж байгаа бол 100-150 метрийн өмнө эзэлчихсэн байх ёстой, тэрнээс биш цагаан шугам давж ороод эгнээ эзлэх ёсгүй гэж заасан. Би үүний дагуу л өөрийнхөө эгнээг эзлээд явж байхад нэхэмжлэгч нь миний хажуу талын эгнээнээс буюу замын эгнээ 3 эгнээнд байж байгаад 2 эгнээ болох үед миний хажуу талаас орж ирээд шүргэчихсэн юм. Би тогтсон ажил төрөлгүй, халтуурын ажил хийдэг хүн. Энэ маргааны асуудлаас болоод би цаг хугацаагаар маш их хохирч байна. Би энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймаг руу ажлаар явах байсан боловч шүүх хуралдаантай гээд явж чадаагүй. Мөн би цэвэр усны түгээлтийн компанид түгээлтийн жолоочоор ажилладаг байсан боловч энэ асуудлаас болоод компани намайг хүлээж авсангүй. Тиймээс шүүхээс энэ ойлгомжтой асуудлыг үнэн зөвөөр хурдан шуурхай шийдэж өгөөчээ гэж хүсмээр байна. Нэхэмжлэгчийн машин үнэтэй байж болно, гэхдээ одоогийн нийгэмд 2-3 зураасны төлөө хэдэн сая төгрөг нэхэж болохгүй ээ. Нэхэмжлэгч нь өмнөх шүүх хуралдааны үеэр над руу зүй зохисгүй үгээр дайрч доромжилж байсныг тэмдэглүүлмээр байна гэв.

 

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Талуудын хооронд болсон маргааны агуулгыг ерөнхийд нь ойлголоо. Хариуцагч нь тухайн үед осол болсон газар дээр ажиллаж хэмжилт хийсэн цагдаагийн ажилтны шийдвэрийг зөвшөөрсөн учир хариуцагчийн буруу гэж үзэж байна. Гэхдээ нэг эргэлзээтэй зүйл байгаа нь камерын бичлэг болон шилжиж явсан цагдаа хэчнээн шилжсэн ч гэсэн осолтой холбоотой баримт үлдэх ёстой гэж бодож байна гэв.

 

Шүүх талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х Н Ь:

Нэхэмжлэгч З.Ө, хариуцагч Н.Б-д холбогдуулан түүний гэм буруутай үйлдлээс эд хөрөнгө буюу автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлахад гарах үнэлгээгээр тогтоогдсон зардал болох гэм хорын хохиролд 1.890.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь тус автомашинд учирсан гэм хорын хохирлын Аривжих эстимэйт ХХК-ийн үнэлгээг хэт өндөр тогтоогдсон, мөн уг эвдрэл гэмтлийг учруулахад өөрийн гэм буруугүй, нэхэмжлэгч З.Ө унаж явсан автомашинаараа 3 эгнээтэй замаас 2 эгнээ зам болж нарийсах хэсэгт Н.Б-н унаж явсан эгнээ байраа эзлэн чигээрээ явсан автомашиныг өнгөрүүлэлгүй хажуу талаас шахан ирж зүүн хойд талаас мөргөсөн нь нэхэмжлэгч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч З.Ө нь Их агдир ББСБ ХХК-ийн өмчлөлийн Тоёото Ланд круйзер-200 маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр М1999 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний дагуу эзэмшиж ашигладаг ба уг автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцох явцдаа 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн нутаг дэвсгэр Барс захын зүүн урд уулзварт Гээмбл ХХК-ийн өмчлөлийн Хонда Фит маркийн Н.Бгийн унаж явсан 28-63 ******* улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ.

Уг гаргасан осол зөрчилд хариуцагч Н.Б-г ******* дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй гэж үзэж нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооноос 5 оноо хасах шийтгэлийг ******* дугаартай шийтгэлийн хуудсаар ноогдуулжээ.

Хариуцагч Н.Б-гийн унаж явсан автомашин нь Миг даатгал ХХК-тай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай байсан боловч Миг даатгал ХХК даатгалын гэрээний хугацаа дууссан болон даатгалын хураамжийг осол болсноос хойш төлсөн шалтгаанаар даатгалын гэрээ хүчин төгөлдөр болоогүй гэж үзэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг Н.Б-д өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тухайн үед даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч даатгалын байгууллагаар төлүүлэх болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн атал даатгалын байгууллага болон хариуцагч хэн аль нь хохирол барагдуулаагүй тул Мөнххада ХХК-ийн 3.1521.275 төгрөгийн нэхэмжлэх хэрэгт авагдсан боловч хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох Арвижих эстимэйт ХХК-ийн урд буфер, түүний хормой, баруун урд крило зэргийн эвдрэл, гэмтлийн засах будах ажил болон материалын зардлыг 1.890.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дагуу нэхэмжилж байна гэж маргасан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч уг хөрөнгийн эвдрэл гэмтлийн үнэлгээг хэт өндөр, зарим гэмтлийг учруулаагүй гэж маргадаг боловч шүүхийн журмаар шинжээч томилуулан үнэлгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, татгалзлаа холбогдох нотлох баримтаар нотлоогүй.

Түүнчлэн хариуцагч осол гарган мөргөснөө хүлээн зөвшөөрдөг боловч өөрийн унаж явсан автомашины зүүн хойд талаас нэхэмжлэгч баруун урд крилогоор мөргөсөн тул өөрийгөө гэм буруугүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзвэл ******* дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар зөрчлийг газар дээр нь шалган хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байх бөгөөд тус хэлтсийн цагдаагийн албан хаагч уг ослын хэргийн газрын үзлэг, хэмжилт, бүдүүвч хийсэн болон гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэл үйлдээгүй, уулзварын камерийн бичлэг устсан болох нь тогтоогддог.

Хариуцагч тал өөрийн гэм буруугүй, нэхэмжлэгч тал Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх татгалзал холбогдох нотлох баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Хариуцагч уг осолтой холбогдуулан Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчийн шийтгэл ноогдуулсан шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрвөл Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12, 7.6 дугаар зүйлд зааснаар хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан боловч энэ эрхээ эдлээгүй нь түүнийг уг осолд гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймээс хариуцагч Н.Б-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь ******* дугаартай шийтгэлийн хуудас, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газрын ******* дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Миг даатгал ХХК-д явуулсан 830 дугаартай албан бичиг, Миг даатгал ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Х.Б-д өгсөн 01/12-1126 дугаартай өргөдлийн хариу, Миг даатгал ХХК-иас авсан ослын үеийн автомашинуудын эвдрэл, гэмтлийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, Иргэдийн төлөөлөгч *******ын хариуцагчийг гэм буруутай гэж үзсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, зохигчийн тайлбар болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд эд хөрөнгөд учирсан гэм хорыг гэмтэж эвдэрсэн эд хөрөнгийг засварлаагүй тул мэргэжлийн байгууллагаас үнэлсэн үнэлгээг харгалзан тооцон гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй учраас 1.890.000 төгрөгийг хариуцагч Н.Бгөөс гаргуулан нэхэмжлэгч З.Ө-д олгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45.190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б-гөөс 1.890.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ө-д олгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-гөөс 45.190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ө-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Б  

ШҮҮГЧ Т.Б

ШҮҮГЧ: Э.А