Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Мөнх-Өлзий |
Хэргийн индекс | 128/2022/0063/З |
Дугаар | 128/ШШ2022/0739 |
Огноо | 2022-10-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2022/0739
2022 10 07 128/ШШ2022/0739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
А.Мөнх-Өлзий даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б...,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э...,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Х.Б...,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Ж...,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М...,
Хариуцагч: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа,
Хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц...
Гуравдагч этгээд: Ц.Н...,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Л.Б... нарын хооронд газар ашиглах эрхийн гэрчилгээтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж..., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Б..., хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М..., хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц..., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А-000 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
1.2. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай ЭА... гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газарт нэхэмжлэгчид газар ашиглуулах шийдвэр гаргахыг даалгуулах”,
1.3. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын
захиргаанд холбогдуулан “Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай ЭА... гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газрын 000 дугаартай Ц.Н...-т олгосон газар ашиглах гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох,
1.4. Дээрх хаяг бүхий газарт нэхэмжлэгчид шинээр гэрчилгээ олгуулахаар санал явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ гаргахад шаардлагатай саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад явуулахыг даалгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч Ж.Б...-д Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай ЭА... гэх газарт Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00 дугаар тушаалын дагуу 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээ” гэх 005 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг олгожээ.
2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээ” нэрээр 319 иргэнд 5 жилийн хугацаагаар олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай А/000 дугаартай тушаал гарснаар нэхэмжлэгч Ж.Б...-ийн 005 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болсон байна.
2.3. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/006 дугаар тушаал гарсан ба энэхүү тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/000 дугаартай тушаалаар хүчингүй болгосон газрыг улсын тусгай хамгаалалтад авах, мөн уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж байсан иргэдийн судалгааг нарийвчлан судалж шийдвэрлэхийг үүрэг болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар Налайх дүүргийн 1,6 дугаар хорооны Засаг дарга нараас ирүүлсэн судалгааг үндэслэн Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Д-т Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт өвөлжөө, хаваржаа бүхий байнга оршин суудаг иргэдийн ашиглаж байгаа газрыг гэрчилгээжүүлэхийг зөвшөөрчээ.
2.4. Дээрх А/006 дугаар тушаалын дагуу Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Д нь иргэн Ц.Н...-т 000 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон байна.
2.5. Нэхэмжлэгч талаас Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай ЭА... гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газрыг Ц.Н...-т олгох тухай шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Ж.Б... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1.1 “...Ж.Б... миний бие Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай ЭА... гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газарт 1989 оноос хойш аав, гэр бүлийнхээ хамт амьдарч байсан бөгөөд 2008 оноос хойш 005 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээний үндсэн дээр ашиглаж ирсэн. Гэвч миний газар ашиглах эрхийг хууль зөрчиж бусдад олгосон. Улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт өвөлжөө, хаваржаа бүхий байнга оршин суудаг иргэдийн ашиглаж байгаа газрыг Налайх дүүргийн 1,6 дугаар хороонд амьдарч байгаа хаягийг үндэслэж, судалсны үндсэн дээр гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, шийдвэр гарсаар байтал гэрчилгээ авч, газар ашиглах эрхээ эдэлж чадахгүй хохирч байна.
3.1.2. Ж.Б... би 2013 онд Ц.Н...-ээс 12,500,000 төгрөгийг зээлсэн ба Ц.Н... нь зээлийн гэрээний барьцаанд дээрх газрыг барьцаалж, газар ашиглах эрхийн гэрчилгээг авсан. Би Ц.Н...-ээс 2021 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд газрын гэрчилгээг буцааж авах талаар хандахад 100,000,000 төгрөг өгч байж буцаан ав буюу үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж дарамталсаар байсан ба улмаар өөрийн ах, дүүдээ хэлж, эрх бүхий газар нь хандахад, газрын гэрчилгээ Ц.Н...-ийн нэр дээр шилжиж олгогдсон байсныг мэдсэн.
3.1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээ” нэрээр 319 иргэнд 5 жилийн хугацаагаар олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэсэн А/000 дугаартай тушаал гаргасан. Дээрх тушаал гарснаас хойш буюу 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 005 дугаартай “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээ” олгосон болно. Миний бие газрын гэрчилгээ хууль ёсны бөгөөд хүчинтэй гэж бодож явсан болно. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/006 дугаар тушаал гарсан ба энэхүү тушаалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/000 дугаартай тушаалаар хүчингүй болгосон газрыг улсын тусгай хамгаалалтад авах, мөн уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж байсан иргэдийн судалгааг нарийвчлан судалж шийдвэрлэхийг үүрэг болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар Налайх дүүргийн 1,6 дугаар хорооны Засаг дарга нараас ирүүлсэн судалгааг үндэслэн Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Д-т Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт өвөлжөө, хаваржаа бүхий байнга оршин суудаг иргэдийн ашиглаж байгаа газрыг гэрчилгээжүүлэхийг зөвшөөрсөн.
3.1.4. 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/006 дугаар тушаал гарч Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Д нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж иргэн Ц.Н...-т 000 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл тус гэрчилгээ нь дугаар олгогдоогүй, гэрчилгээ олгосон он, сар, өдөр байхгүй ба Налайх дүүргийн 1 болон 6 дугаар хороонд оршин суудаггүй, мал аж ахуй эрхлэгч биш буюу тушаалд заагдсан шаардлага хангахгүй иргэнд газар ашиглуулах гэрчилгээ олгосон байна.
3.1.5. С.Д-ын хууль бус гэрчилгээ олгосон талаар Авлигатай тэмцэх газарт хандаж гомдол гаргасан боловч албан тушаалын байдлаа ашигласан нь тогтоогдоогүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн ч хууль бусаар нэг шилжүүлсэн болохыг тогтоосон.
3.1.6. Ц.Н...-ийн ашиглаж байгаа 000 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 00/0000 дугаартай албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд шийдвэрлэ гэсэн үүрэг өгсөн байсан.
3.1.7. Ж.Б... надад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д 2021 оны 09 дүгээр сарын 22-ны 00/000 дугаартай албан бичгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “ашиглаж байгаа газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах гэж заасныг иргэн Ж.Б..., Ц.Н... нар зөрчсөн байх тул иргэн Ж.Б...-ийн 005 дугаартай гэрчилгээ, Ц.Н...-ийн 005 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилсан болно гэсэн хариу өгсөн болно.
3.1.8. Газрын гэрчилгээ олгох эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/006 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд олгосон, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 00/0000 дугаартай албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд шийдвэрлэ гэсэн үүрэг өгсөөр байхад шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг шүүхийн журмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э... нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.2.1. “...Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай ЭА... гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газарт Ж.Б...-д шинээр гэрчилгээ олгохоор санал явуулахгүй байгаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ шинээр гаргахад шаардлагатай саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд явуулахыг даалгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн найруулж байна.
3.2.2. Шүүхээс ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/000 дугаар тушаал гарснаар “...нэхэмжлэгчийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй...” гэжээ. Уг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/000 дугаар тушаал гарснаар хүчин төгөлдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн 2008 оноос хойш эзэмшиж байсан газрын эрх нь цуцлагдсан юм. Энэ нь сөрөг нөлөөлөл бүхий төрийн захиргааны байгууллагын эрх зүйн акт болсон юм. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан үндсэн эрхэд хууль бусаар халдаж буй явдал болсон юм.
3.2.3. Мөн шүүхээс “...Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай ЭА... гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газарт Ж.Б...-д газар ашиглах эрхийн гэрчилгээ шинээр олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй болсон гэжээ”. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/000 дугаар тушаалын улмаас газар эзэмших эрхийн доголдол үүссэн ба манай газарт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын захиргаа нь хуурамч газар ашиглах эрхийн гэрчилгээг Ц.Н...-т олгосон атал Байгаль орчин, аялал жуулчлалын яам олгосон мэт бүртгэлийг бий болгосон.
3.2.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу газар ашиглуулах шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага гаргахаар хуульчилсан учир 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/000 дугаар тушаалын Ж.Б...-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгосноор хууль зөрчиж буй захиргааны байгууллагын шийдвэрийг таслан зогсоож байгаа болно. Харин эрхээ сэргээлгэхийн тулд нэхэмжлэлийн шаардлагыг “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай ЭА... гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газарт Ж.Б...-д газар ашиглуулах шийдвэрийг гаргуулахыг даалгуулах” ... гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Б... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
3.3.1. “Нэгдүгээрт Ц.Н...-т олгосон 000 дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрчилгээг 2015 онд тодорхойгүй хугацаад олгосон байдаг. 2015 онд олгосон учраас 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.9, 2016 оны Захиргааны ерөнхий хулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасны дагуу утга агуулгын хувьд илэрхий алдаатай захиргааны акт байна гэж үзэж байна. Учир нь тухайн гэрчилгээнд он, сар, өдөр байхгүй, утга агуулгын хувьд 2015 онд Горхи тэрэлжийн тусгай хамгаалалтын захиргаа байсан боловч гэрчилгээнд Хан хэнтий тусгай хамгаалалтын захиргааны дарга гэсэн байдаг. Энэ нь илэрхий утга агуулгын алдаа юм.
3.3.2. Хоёрдугаарт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй” гэж заасан байдаг. Хан хэнтий тусгай хамгаалалтын газрын захиргааны дарга н.Доржготов гэсэн хэр нь тамга тэмдэг байхгүй байдаг. Тухайн газрын захиргаа горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газартай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш юм. Энэ утгаараа тухайн актыг баталсан, гаргасан байгууллага тодорхойгүй байна.
3.3.3. Гуравдугаарт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан. Энэ нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.3-д заасан үндэслэл юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/006 дугаар тушаалаар Налайх дүүргийн Засаг даргаас ирүүлсэн судалгааг үндэслээд гэрчилгээжүүлэлт хийх ёстой байтал Налайх дүүргийн 6 дугаар хороонд оршин суудаггүй, амьдардаггүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан үндэслэлээр олгосон нь зөрчлийг бий болгосон гэдэг үндэслэлээр нэгдүгээр шаардлагыг гаргаж байгаа юм.
3.3.4. Хоёр дахь шаардлагын тухайд 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/006 дугаар тушаалаар гэрчилгээжүүлэлт хийхийг даалгасан байдаг. Судалгаа хийгээд, гэрчилгээ олгох процессыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу буюу байгаль орчны нутгийн удирдлагын газар руу явуулж, түүнд зураг зүйн бүртгэл орсны үндсэн дээр зураг зүйн бүртгэлээс ирсэн материалыг үндэслээд гэрчилгээ олгох ёстой байдаг. Яаж гэрчилгээ олгох вэ гэвэл тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 008 дугаар сайдын тушаалаар батлагдсан тусгай хамгаалалттай газар нутаг ашиглах зөвшөөрөл түр олгох журам гэж байдаг. Энэ журмын 3.4-д тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Мөн 4.1-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуй, нэгж байгууллагын нөхөн сэргээх, урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна, гэрээг сайд батална. Тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар ашиглах эрхийн гэрчилгээ олгоно гэсэн зохицуулалттай байдаг.
3.3.5. Үүний дагуу гэрчилгээ олгох эрхийг сайд А/006 дугаар тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалтын захиргааны даргад эрхийг шилжүүлсэн байдаг. 2011 оны А/006 дугаар тушаал гарсантай холбоотойгоор иргэн Ж.Б... Налайх дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт болон иргэдийн санал, судалгаа зэргийг үндэслээд тухайн газарт амьдарч байсан гэдэг талаар зохих нотолгоо буюу эрх бүхий байгууллагуудын тодорхойлолт байгаа учраас Ж.Б...-д санал явуулах буюу газар олгох боломжтой гэдэг саналыг явуулах ёстой байсан. Манай үйлчлүүлэгчийн зүгээс гаргаж байгаа хүсэлт саналыг үл харгалзах байдлаар хандсан тул эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, саналыг явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.3.6. Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд 07 дугаар сарын 05-ны А/000 дугаар тушаал гарах болсон, тушаалаар юуг хүчингүй болгосон гэхээр Хан хэнтий тусгай хамгаалалтын захиргааны даргын 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00 дугаар тушаал байдаг. Тушаалаар гэрчилгээжүүлэлт хийдэг.
3.3.7. Үүнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 30 дугаар зүйлийн 30.10, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэгдэг.
3.3.8. Нэгт айл өрхийн судалгааг үндэслэн, гэрчилгээг шинэчлэн олгох ажлын хэсгийг байгуулдаг. Энэхүү ажлын хэсэг байгуулагдаж гэрчилгээг дахин олгох тухай даргын тушаал гарсан. Энэ даргын тушаалыг харвал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 30 дугаар зүйлийн 30.10-д заасны дагуу Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийн газрын солбицлыг тодорхойлох бүрэн эрх нь хуулиараа тусгай хамгаалалтын захиргааны даргад байдаг. Тэр эрхийнхээ дагуу газар нутгийн бүсийг тогтоож, 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-д заасан саналыг нутгийн удирдлагын газар руу явуулж, зураг зүйн бүртгэлд оруулж, 2011 оны тушаалын дагуу гэрчилгээг өөрөө олгох ёстой. Гэрчилгээг олгох процесс хууль ёсны дагуу олгогдсон.
3.3.9. Ханхэнтий тусгай хамгаалалтын захиргааны даргын тушаалын дагуу иргэн Ж.Б... нь тухайн үед өнөөдөр нотлох баримтаар гаргаж өгсөн материал дунд 2003 оны 05 дугаар сард иргэн Н.Л болох Ж.Б...-ийн ээжид газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон. 2008 онд олгогдож, 2013 онд дуусах байсан эрхийг 2010 оны А/000 дугаар тушаалаар газар эзэмших эрхгүй байсан мэт ойлголтыг бий болгосон. А/000 дугаар тушаал өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.8, 9.1.9-д зааснаар иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заасан үндэслэл байгаагүй.
3.3.10. Тухайн тушаал гарснаар ямар нэг нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй. Өмнө нь явж байсан процесс яг энэ процессоор явагдаж байгаа. Тухайн хүний эрх зүйн байдлыг А/000 дугаар тушаал гарснаар дордуулаад, эрхийг нь хүчингүй болгож байгаа болохоос магадгүй 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн журамд өөрчлөлт оруулсан бол явагдах процесс өөрчлөгдсөн бол сайдын тушаал үндэслэлтэй байх байсан. Гэвч юу ч өөрчлөгдөөгүй. Журамд заасны дагуу явагдаж байсан процессыг тэр чигт нь буцаан үргэлжлүүлсэн бол иргэн Ж.Б... 2013 онд буюу сунгалтын асуудал яригдах үед танд сунгаж өгөхгүй, дахин шинээр гэрчилгээжүүлэлт явагдаж байна.
3.3.11. Нэг нь 2013 оны Хан хэнтийн тусгай хамгаалалтын захиргаа задраад Горхи тэрэлжийн нутгийн захиргааны байгууллага болон байгуулагдсан байдаг. Нэхэмжлэгч тодорхойгүй байдалд орсон. Магадгүй зөвхөн сунгалтын асуудал яригдсан бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар 5 жилээр сунгуулах, ойлголттой байсан ч тухайн хүний өмнө нь олгогдож байсан гэрчилгээг хүчингүй болгож, таны гэрчилгээг сунгахгүй гэсэн асуудал тавьсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор дордуулсан шийдвэр болсон гэдэг үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа юм.
3.3.12. Дөрөв дэх шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь 1988 оноос хойш мал аж ахуй эрхэлж, 2019-2020 оныг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. Гуравдагч этгээдийн зүгээс гаргаж өгсөн зураг байдаг. Тухайн зургуудаас иргэн Ж.Б... нь газраа хашаалаад төрөм хашаа барьсан нь харагддаг. Шүүхээс газар дээр үзлэг хийхэд гуравдагч этгээдийн зүгээс бид нарыг энэ газар ирэхэд энэ хашаа байсан, бид нар хаалгыг сольж тавьсан гэж байсан. Иргэн Ж.Б... Налайх дүүрэгт амьдардаг, зундаа тэндээ байдаг. Тухайн газрыг ор үндэслэлгүйгээр хаяад, хэн нэгний мэдлийнх биш байгаа тохиолдолд Горхи тэрэлжийн хамгаалалтын захиргаа дараагийн хүнд олгох процесс явагдаж болно. Гэвч хашаалаад, нэхэмжлэгч яагаад байшин барилга барихгүй байгаа юм бэ? Учир нь газар эзэмших эрх нь өнөөдрийг хүртэл баталгаажаагүй байсан. Сунгагдана, шинээр олгогдоно гэсэн ойлголттой байсан.
3.3.13. Гэтэл 2020 оноос хойш иргэн Ц.Н... нь тухайн газар дээр зөвшөөрөлгүй байшин, барилга бариад эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэн Ж.Б...-ийн газар эзэмших үндсэн эрх зөрчигдсөн бөгөөд маргаад явж байна. Иргэн Ж.Б... Ц.Н...-ийг амьдрахаас өмнө бүхий л хугацаанд амьдарч байсан гэдэг утгаар 1988 оноос хойш амьдарч байгаа гэдэг үндэслэлээр түүнд газар эзэмших эрхийг олгох нь зүйтэй гэж үзэж шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан” гэв.
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Ж... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц... хүсэлт гаргаагүй, сунгуулъя гэдэг асуудлыг тавьж байгаагүй гэж тайлбарлаж байна. Сайдын 2010, 2011 оны тушаалуудыг мэдэгдсэн талаар баримт байгаа эсэхийг лавлахаар горхи тэрэлж нь Хан хэнтий рүү ярьчихдаг. Хан хэнтийгээс асуухаар манайд байхгүй, горхи тэрэлжийн хамгаалалтын захиргаанаас асуу гэдэг. Үйлчлүүлэгчийн зүгээс 2013 онд газар ашиглах эрх дуусах үед нь сунгуулъя гэдэг хүсэлтээ өгсөн байдаг. Бүртгэл нь албан ёсоор ороогүй. Тухайн үед өгснийх нь дараа хариу хэлнэ гэдэг. Яасан талаар асуухаар бид нар одоо салж байна, Горхи тэрэлжийн хамгаалалтын захиргаанаас асуу гэдэг байсан. Хүсэлтийг шийдвэрлээгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүссэн.
3.4.2. Гуравдагч этгээдийн зүгээс 2015 онд гэрчилгээ гарсан гэж тайлбарлаж байна, гэвч хариуцагч 2013 онд шилжихээс өмнө гарсан гэж хэлсэн. Яг хэзээ гэрчилгээ гарсан нь ойлгомжгүй байна. Ц.Н... хуувь ёсны дагуу эзэмшээд байгаа юм уу гээд харахаар хэрэгт авагдсан гэрчилгээгээ тамга тэмдэг, он саргүй байдаг. Гэрчилгээ хууль ёсны дагуу гарсан юм уу гэхээр үгүй байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын төлөөлөгчөөс дэмжсэн санал ирээгүй байхад бид яаж шийдвэр гаргах юм бэ гэж тайлбарлаж байна. Энэ нь бидний хоёр дахь шаардлага болох саналыг явуулж өгөхтэй холбоотой юм. Газар ашиглах эрхээсээ татгалзсан гэж тайлбарлаж байна. 2012, 2015 онд шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтүүдийг гаргасан байдаг.
3.4.3. Үүнээс харвал нэхэмжлэгч хамгаалалтын захиргаанд очиж, би энэ газарт амьдардаг гэдгээ илэрхийлсэн хүсэл, зориг байсан байна гэж үзэж байна. Шилжүүлэх хүсэлт өгч, хүсэлтийг хуульд заасны дагуу шаардлага хангаж байна уу гэдгийг төрийн захиргааны байгууллага өөрсдөө шийдвэрлэх асуудал. Ж.Б...-ийн зүгээс хууль мэдэх албагүй. 2011 онд сайд дахин амьдарч байгаа хүмүүсийг судалж, саналыг харгалзан дахин санал ирүүл гэсэн байдаг. Төрийн захиргааны байгууллага өөрсдөө асуудлыг судлах ёстой байсан. Манай үйлчлүүлэгчийн зүгээс газар дээрээ амьдарч байсан гэдгээ төрийн захиргаан байгууллагад мэдэгдэж байсан нөхцөл байдал байсан байна. Үүгээр дэмжих санал явуулах үүрэгтэй байсан нь харагдаж байна” гэв.
3.5. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
3.5.1. “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана...” гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “...Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас ирсэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана...” гэж газар ашиглуулах шийдвэр гаргах тухай хуульчилсан.
3.5.2. Дээрх хуулийн дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгч Ж.Б... дээр дэмжсэн санал, дүгнэлт ирж байгаагүй ба хуулийн дагуу газар ашиглах эрхгүй этгээд болно.
3.5.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “...Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна...” гэж, 52.5.1-д “...захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн...” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.6. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
3.6.1. “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны А/000 дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэл болгосон. 27 дугаар зүйл Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1/ “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан. 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан.
3.6.2. Гэтэл дээрх заалтыг зөрчиж Хан хэнтэй тугсай хамгаалалтын захиргааны даргын 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00 дугаар тушаалаар Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын бүсэд Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээ нэрээр 319 аж ахуй, нэгж байгууллагад 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрхийг олгосон байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 008 дугаар тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээг журмын гуравдугаар хавсралтаар баталсан байдаг. Үүнийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга тус гэрчилгээг олгохоор заасан байдаг. Захиргааны акт ямар тохиолдолд илт хууль бус болох талаар Захиргааны ерөнхий хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Үүнд сайдын 2010 оны А/000 дугаар тушаал хамаарахгүй юм.
3.6.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасан бөгөөд хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сайд шийдвэр гаргадаг. Хүсэлтээ гаргаад хүсэлтийн дагуу дэмжсэн саналыг үндэслэн шийдвэр гардаг. Дэмжсэн саналыг үндэслэхдээ Ж.Б... нь мал бэлчих, мал аж, ахуй эрхэлдэг гэдэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйл Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа /цаашид "хамгаалалтын захиргаа" гэх/ нь дараахь үйл ажиллагаа явуулна, 10 дахь хэсэгт “зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж,байгууллагад ашиглуулах газрыг тогтоох” гэж заасан. Энэ хамаарч байгаа бүсэд Ж.Б...-ийн газар ашиглах шийдвэр хамаарч байгаа эсэх, байгаль орчны үнэлгээгээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг харгалзан үзэж сайд газар ашиглах шийдвэр гаргадаг. Шууд даалгуулах шийдвэр шүүхээр гаргуулах боломжгүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргадаг. Энэ нь сайдын эрх хэмжээний асуудал. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.7. Хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
3.7.1. Нэгдүгээрт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын захиргааны даргын Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай ЭА... гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газрын 000 дугаартай Ц.Н...-т олгосон газар ашиглах гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох болон Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай ЭА... гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газарт Ж.Б...-д шинээр гэрчилгээ олгохоор санал явуулахгүй байгаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд оршин суух айл өрхийн гэрчилгээнүүдийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн саналыг үндэслэн гаргана” гэж заасны дагуу 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/000 дугаар тушаалаар хүчингүй болгосон.
3.7.2. Налайх дүүргийн 1,6 дугаар хорооны Засаг дарга нараас ирүүлсэн судалгааны дүнг үндэслэн айл өрхийн газрын хэмжилтийг хийж гэрчилгээжүүлэх эрхийг Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Д-т Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/006 дугаар тушаалаар зөвшөөрөл өгсөн. Уг тушаалын дагуу Ж.Б...-д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газар ашиглах эрх нь нээгдсэн байсан.
3.7.3. 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газарт иргэн Ж.Б... нь гадаад оронд удаан хугацаагаар амьдрахаар явах болсон тул өөрийн хамаатан болох эгч Ц.Н...-т шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг үндэслэн Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Д нь Ц.Н...-т 000 дугаар бүхий Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээ олгосон байдаг.
3.7.4. Иргэн Ц.Н...-ийн 000 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дууссан бөгөөд сунгуулах хүсэлтээ хамгаалалтын захиргаанд гаргасны дагуу захиргаанаас Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн. Одоо уг газрыг албан ёсоор иргэн Ц.Н... гэх хүн эзэмшиж байгаа.
3.7.5. Ж.Б... газар ашиглах явцдаа иргэн Ц.Н...-т 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр 12,500,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр 21,000,000 төгрөгийг тус тус зээлж, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” гэж заасныг иргэн Ж.Б..., Ц.Н... нар зөрчсөн байх тул иргэн Ц.Н...-ийн газар ашиглах эрхийг цаашид сунгахгүй байх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн.
3.7.6. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 009 дүгээр тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/000 дугаар тушаалаар Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг салгаж бие даасан бүтэцтэйгээр зохион байгуулсан байдаг.
3.7.7. Ц.Н...-ийн нэр дээр уг газар Ж.Б...-ийн хүсэлтийг үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө шилжсэн байдаг.
3.7.8. Хоёрдугаарт, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай ЭА... гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газарт гэрчилгээжүүлэлт хийж, газар ашиглах гэрчилгээг Ж.Б...-д олгохыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд, тус газрыг иргэн Ц.Н... гэх хүн ашиглаж байна. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасны дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогддог тул манай байгууллагаас газар ашиглах гэрчилгээ олгох боломжгүй юм.
3.7.9. Иймд, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай ЭА... гэх газарт байрлах 2600 м.кв хэмжээтэй газарт Ж.Б...-д шинээр гэрчилгээ олгохоор санал явуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээ гаргахад шаардлагатай саналыг тус байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд явуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болно” гэжээ.
3.8. Хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
3.8.1. “Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтайн бүсэд орших айл өрхийн гэрчилгээг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага болон байгалын цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд байгалын нөөц газар сум дүүргийн нэгж байгууллагад газар ашиглах шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон дүүгийн захиргааны саналыг үндэслэн гаргана гэж заасны дагуу 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/000 дугаар тушаалаар хүчингүй болсон байдаг.
3.8.2. Налайх дүүргийн 1, 6 дугаар хорооны Засаг даргын саналыг үндэслээд газар дээр хэмжилт хийгээд дахин гэрчилгээжүүлэх ажлыг Хан хэнтий тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд олгосон байдаг. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/05 дугаар тушаалаар зөвшөөрөл олгосон. Уг тушаалын дагуу Ж.Б...-д газар ашиглах эрх бүрэн нээгддэг. Гэвч 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан хэнтий тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд иргэн Ж.Б... гадаад оронд удаан амьдрах болсон тул гэсэн хүсэлт бичиж өгөөд, үүнийг өөрийн хамаатны эгч болон Ц.Н...-т шилжүүлж өгөх хүсэлт гаргасан байдаг. Үүнийг үндэслээд Хан хэнтий тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга Н.Доржготов Ц.Н...-т 000 дугаар бүхий Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Уг газрыг албан ёсоор Ц.Н... эзэмшиж байгаа.
3.8.3. 2010 оноос хойш иргэн Ж.Б... нь ямар нэг байдлаар өнөөдрийг хүртэл Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газар сунгуулах, газар эзэмших тухай ямар нэг хүсэлт ирүүлж байгаагүй. Ямар нэг газар эзэмших, хугацаа сунгуулах хүсэлтийг үндэслээд 5 жилийн хугацаатайгаар олгогддог эзэмших эрхийг, 5 жилийн хугацаа дууссаны дараа тухайн хугацааг дуусахаас өмнө хугацааг сунгуулах хүсэлтээ гаргах ёстой. Хэрэв хүсэлт гаргаагүй бол дуусгавар болно. Ж.Б... санал гаргаагүй байж, даалгах, илт хууль бус болохыг тогтоолгох цаашлаад нэхэмжлэгч мөн эсэх асуудал яригдана. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэгч гэж хэн болохыг тодорхойлсон байдаг. Үүнийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна.
3.8.4. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 009 дүгээр тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/000 дугаар тушаалаар Хан хэнтий тусгай хамгаалалттай газраас Горхи тэрэлжийн байгалын цогцолборт газрын захиргаа болж бие даасан байгууллага болгон зохион байгуулсан байдаг. Ц.Н...т олгосон гэрчилгээг харвал Горхи тэрэлжийн тусгай хамгаалалтын захиргаанаас олгосон гэсэн өгүүлбэр байдаггүй. Хан хэнтий тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга Н.Д гэсэн гарын үсэг байдаг. Мөн Ц.Н...-ийн газар дээр Ж.Б...-ийн хүсэлтийг үндэслээд 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр буюу өмнө нь шилжсэн гэж үзэж байгаа. Ямар нэг байдлаар манай байгууллагад Ж.Б...-ийн 2010 тушаалыг мэдэгдэж байсан баримт байдаггүй. Мөн ЭА...-т байрлах 2600 м.кв гэдэг нь ямар нэг гэрчилгээ дээр баталгаажсан тоо биш. Хаанаас гаргаж ирсэн тоо гэдгийг ойлгохгүй байна. Иймд хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
3.9.1. “...Нэхэмжлэгч Ж.Б... нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд хамаарах ЭА... гэх газарт 2008 оны 005 дугаартай ашиглах эрх бүхий гэрчилгээжүүлэлтэд хамрагдаж байсан байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/000 дугаартай “Газар ашиглах гэрчилгээ хүчингүй болгох тухай” тушаал /хх-ийн 54 дэх тал/-аар 5 жилийн хугацаатай олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болсон.
3.9.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/006 дугаар “Гэрчилгээжүүлэлт хийх тухай” тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт өвөлжөө, хаваржаа, хашаа бүхий иргэдийн ашиглаж байгаа газарт хэмжилт хийж, кординатыг тогтоон гэрчилгээжүүлэлт хийхийг Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Д-т зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгч Ж.Б... нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа эдгээр тушаалын талаар огт мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин олгох хүсэлтийг огт гаргаж байгаагүй байдлаар ашиглах эрхээсээ татгалзаж, харин урд өмнө ашиглаж байсан газрыг гуравдагч этгээдэд олгох агуулга бүхий хүсэлт /хх-ийн 171 дэх тал/-ийг эрх бүхий байгууллагад гаргасны дагуу Ц.Н...-т 000 дугаартай эрхийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч Ж.Б... ч Авлигатай тэмцэх газарт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ өөрийн хүсэлтээр холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байсан талаараа зөвшөөрсөн байдаг.
3.9.3. Үндэсний аудитын газрын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00/0005 тоот бичгээр /хх-ийн 4 дэх тал/ гуравдагч этгээд буюу Ц.Н...-т холбогдох хууль тогтоомжийн дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон, газар ашиглалттай холбоотой ямар нэгэн зөрчилгүй болох нь нотлогддог.
3.9.4. Гуравдагч этгээд Ц.Н... нь газар ашиглах эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас олгосон цаг хугацаанаас эхлэн газартай холбоотой татвар зэрэг бусад зардлыг төлж байсан бөгөөд маргаан бүхий газар дээр одоогийн байдлаар 162 орчим сая төгрөгийн үнэ бүхий барилга байгууламж, үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан.
3.9.5. Гуравдагч этгээд Ц.Н...-ийн зүгээс нэхэмжлэгч Ж.Б...-ийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
3.10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
3.10.1. “Ж.Б... гэрчилгээ хүчингүй болсон, сунгагдахыг хүлээж байсан мэтээр нэхэмжлэлийг шаардлагадаа дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 2010 оны сайдын тушаалаар газрын гэрчилгээг хүчингүй болсон нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэг байдлаар гомдол санал гаргаж байгаагүй. Мөн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрчилгээжүүлэлт хийх тушаалаар ямар нэг газар ашиглах эрхээ сэргээх, дахин гэрчилгээ олгох талаар ямар нэг байдлаар эрх бүхий байдлаар огт хүсэлт гаргаж байгаагүй. Ж.Б... нь газар ашиглах эрхээсээ татгалзсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.
3.10.2. Гуравдагч этгээдийн зүгээс газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон цагаас өнөөдрийг хүртэл газрын ашиглалттай холбоотой зардал төлбөрийг төлөөд явж байгаа. 2020 оноос эхлэн газар дээр 162 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан. Энэ нь хөрөнгө үнэлгээний байгууллагын дүгнэлтээр нотлогддог. 2018-2020 оныг хүртэл тухайн газар дээр амьдарч байсан гэдэг нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаж байгаа зүйл илт үндэслэлгүй. Өмнөх шүүх хуралдааны үеэр ч гэсэн 2020 онд амьдарч байхад нь гэрийг нь нүүлгээд хөөгөөд гаргачихсан мэт нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас тайлбарлаж, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг гаргасан.
3.10.3. Үүнд ямар нэг байдлаар огт гаргаж өгөөгүй. Мөн Ц.Н... Ж.Б... нарын хооронд хийгдсэн хэлцэл байдаг. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд дутуу барьсан хашааны төлбөрөө барьж байгуулна гэсэн байдаг. Шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Илт үндэслэлгүй зүйлийг гуйвуулж яриад байгааг гуравдагч этгээдийн зүгээс огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан дүгнэж дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс анх шүүхэд 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан “Ж.Б...-д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ЭА...-т байрлах газар ашиглах 005 дугаартай эрхийн гэрчилгээг шинээр олгохыг Байгаль орчин аялал, жуулчлалын яаманд даалгуулах, Тусгай хамгаалалттай газрын газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэхийг хуулиар хориглосон байтал Ж.Б... миний газар ашиглах анхдагч эрхийг зөрчиж Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ЭА...-т байрлах газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яам Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас иргэн Ц.Н...-т 000 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус тус хүчингүй болгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноор захиргааны хэрэг үүсгэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ