| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2021/03020/И |
| Дугаар | 184/ШШ2022/03454 |
| Огноо | 2021-12-21 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2022/03454
| 2021 12 21 | 184/ШШ2021/03454 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Мд холбогдох,
Хууль бус эзэмшлээс нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Л.М, хариуцагчийн өмгөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч Д.Г нь Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баянхайрхан 48 дугаар гудамж, 10 тоот хаяг дээр 2011 оноос хойш оршин сууж байгаа. Харин хариуцагч Л.М нь Д.Ггийн эзэмшлийн хашааны хаалганы урд мод тарьж, хашаа руу орох, гарах боломжгүй болгосон. Мд удаа дараа чөлөөлж өгөхийг мэдэгдсэн боловч чөлөөлж өгөхгүй байсан учир Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандаж хүсэлт гаргасан. Газрын албанаас Мын хашааг буулгасан боловч гэр, тарьсан модоо авахгүй газрыг бүрэн гүйцэд чөлөөлж өгөхгүй байсан тул хашааны хаалганы орц, гарцыг чөлөөлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.
Хариуцагч нь 2013 оноос эхлэн нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй оршин суусны улмаас автомашин зорчиход хүндрэлтэй болж, галын машин болон бусад том оврын автомашин зорчих боломжгүй болохоос гадна нэхэмжлэгч Г нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн төрсөн охин Г.Зулмөнхтэй хамтран ахуйн хэрэглээний зориулалтаар 3.80 квт-ын тог татах гэтэл холбогдох байгууллагаас Л.Мын гэр дээгүүр тогны шугам татагдах учир тог татах боломжгүй гэсэн хариу өгсөн.
Дээрх асуудлын улмаас хариуцагчид холбогдох байгууллагаар дамжуулан удаа дараа шаардлага тавьсан боловч “Чацарганы модны ургацыг хураан авсны дараа модыг зөөвөрлөж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлнө” гэх мэт шалтаг хэлж чөлөөлөх хугацааг хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч Д.Г нь өөрийн төрсөн охин Г.Зулмөнхтэй хамтран 3.80квт тог татаж 4 улирлын байшин барих, тухайн байшингийн бүтэц, загвараас хамааран хашааны зохион байгуулалт өөрчлөх буюу хашааны хаалганы байрлалыг өөрчлөхөд Л.Мын хууль бусаар нийтийн эзэмшлийн талбайд оршин сууж байгаа нь эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байсан тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагчийн хариу тайлбарын тухайд хэн нэгэн этгээд газар эзэмших талаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй. Энэ эрх нь хууль зөрчсөн эсэх талаарх асуудлыг газрын алба шалгаж үзсэний үндсэн дээр дүгнэлтээ гаргах ёстой. Гэрчилгээ авах хүсэлтийг нь газрын алба хүлээж авсан гэдэг нь Л.М нийтийн эзэмшлийн талбай дээр оршин суудаггүй, эсвэл ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй. Хэргийн харьяалал зөрчсөн гэх тайлбарын тухайд энэ маргаан газар олголттой холбоотой маргаан биш, хариуцагчийн үйлдэлтэй холбоотой маргаан. Удаа дараа газрын албанаас шаардлагыг тавьсан. Л.Мд ямар нэгэн гэрчилгээ олгоогүй. Нийтийн эзэмшлийн талбай дээр гэрчилгээ олгосон байна, гэрчилгээгээ цуцлаад өгөөч гэсэн агуулгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй. Бид зөвхөн нийтийн эзэмшлийн талбай дээр хариуцагч зөвшөөрөлгүй оршин сууснаар нэхэмжлэгч Д.Г гэж хүний өөрийнхөө эзэмшлийн газрыг эзэмших ашиглах эрхэд нь саад учруулаад байгаа учраас энэ газрыг чөлөөлж өгнө үү гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Л.М, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анх нэхэмжлэгч талаас орц, гарц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Орц, гарц хангалттай чөлөөлөгдсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, Сонгинохайрхан дүүргийн газрын албаны албан тоотоор нотлогдож байгаа. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа тог татах боломжгүй байгаа учраас эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж байгаа тул Л.Мыг нүүлгэхээр өөрчилсөн. Үүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл, нэхэмжлэлийн шаардлага нотлогдох ёстой.
Энэ хашаанд чацарганын модыг тариад олон жилийн хугацаанд хуулийн дагуу амьдарсан нь үнэн. Газрын бичиг баримтаа авах хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргасан. Өргөдөл хүлээн авсан баримт нь хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан. Тиймээс газрын бичиг баримтын асуудал шийдэгдэх шатандаа явагдаж байгаа гэсэн үг. Хамгийн гол асуудал нь тог татах боломжгүй учраас нүүлгэж өгнө үү гэсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй. Яг миний байгаа газар, түүний үйлдлээс болоод тог татах боломжгүй гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл ямар зорилго, ашиг сонирхлын улмаас хариуцагчийг нүүлгэх гээд байгаа нь тодорхой бус. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтууд хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан цахилгаан тог татах техникийн нөхцөл, 48 дугаар хуудсанд тог татах зөвшөөрөл гэж байгаа.
Техникийн зөвшөөрлөөс харахад Л.М гэдэг хүний газраар тог дайрч байгаа учраас энэ айл нүүчихвэл тог татагдана гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Техникийн зөвшөөрөлд тог татах зөвшөөрөл байгаа, үүнийгээ 1 жилийн хугацаанд тавих боломжийг олгосон.
Л.Мын гэр хашаа болон засмал замын хоорондох жижиг тэрэг, галын машин явах боломжгүй гэж тайлбарлаад байгаа боловч үүнийг нь чөлөөтэй, хангалттай багтаж явах хэмжээний зай байгаа нь фото зургаар батлагдана. Тог татах боломжгүй учраас хариуцагчийг нүүлгэж өгнө үү гэж нэхэмжлэгч тал газрын албанд хандсан байгаа. Үнэхээр хариуцагчийн үйлдлийн улмаас тог татах боломжгүй бол газрын алба биш эрчим хүчний газарт хандах ёстой байтал нэхэмжлэгч талаас тийм баримт гаргаж өгөөгүй.
Нэхэмжлэлийн шаардлага нь үнэхээр газар чөлөөлүүлэх юм бол иргэний хэргийн шүүх дээр биш захиргааны хэргийн шүүх дээр энэ асуудал яригдаж байх ёстой. Өөрөөр хэлбэл шүүхийн харьяалал буруу, газрын тухай асуудлаар захиргааны шүүхэд хандах ёстой. Нийтийн эзэмшлийн талбай гэдгийг нотолсон баримт байхгүй, хэрвээ нийтийн эзэмшлийн талбай байсан бол энэ хүн олон жил амьдарсан, мод тарьж ургуулсан, газрын албанаас энэ хүний албан ёсны бичиг баримтыг шийдэхээр өргөдөл гомдлыг хүлээж авахгүй байх боломжтой байсан. Манай нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэл нь Л.Мын үйлдлийн улмаас тог тавигдах боломжгүй гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, мөн хэргийн харьяалал зөрчигдсөн байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Л.Мд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч тал нь шаардлагынхаа үндэслэлийг “...Нийтийн эзэмшлийн талбай дээр хариуцагч зөвшөөрөлгүй оршин сууснаар нэхэмжлэгч Д.Г өөрийнхөө эзэмшлийн газрыг эзэмших ашиглах эрхэд нь саад учруулаад байгаа учир тухайн газрыг чөлөөлүүлэх, ингэснээр 380 квт тог татах, байшин барих, орц, гарцаа өөрчилж амьдрах, газраа чөлөөтэй эзэмших ашиглах эрх сэргэнэ” гэж, хариуцагч тал нь “...Энэ газраа олон жил амьдарч байгаа нь баримтаар тогтоогддог, эзэмших, ашиглах эрх хүссэн өргөдөл материалаа газрын албанд өгсөн байгаа, нэхэмжлэгч талын зөрчигдсөн гэх эрх баримтаар тогтоогдоогүй, тухайн үйл явдлууд бодитоор бий болоогүй” гэж тус тус тайлбарлан мэтгэлцдэг.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баянхайрханы 48-н 10 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон СХД-ийн 24-р хорооны Засаг даргын тодорхойлолт, тухайн хаягт бүртгэлтэй Дүгэрийн Г гэх иргэний үнэмлэх, 10 тоот хаягт байрлалтай гэр, орон сууцны хашааны газрыг эзэмших 000173257 дугаартай гэрчилгээ, тухай нэгж талбарын газрын кадастрын зураг, хашааны үүдний гадна талын хэсэгт орох, гарах хаалгыг хаасан байдалтай чацарганы бут, сөөг ургасан байдлыг үзүүлсэн 8 ширхэг гэрэл зураг бүхий хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтууд, тэдгээрийн нотолгоог хариуцагч тал үгүйсгээгүй, маргаагүй.
Харин маргаж буй үйл баримт буюу талуудын шаардлага, татгалзлаас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул ...нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай нь
“...нэхэмжлэгч өөрийн төрсөн охин Г.З хамтран 3.80 квт тог татахад, 4 улирлын байшин барих, тухайн байшингийн бүтэц, загвараас хамааран хашааны зохион байгуулалтыг өөрчлөх буюу хашааны хаалганы байрлалыг өөрчлөхөд, гадна талбайд автомашин зорчиход саадтай, дугуй хагарах эрсдэлтэй, ахуйн бохирдол хог хаягдал ил задгай орхиж орчныг бохирдуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өөрийн газраа хүссэнээрээ ашиглахад хариуцагч Л.Мын хууль бус суурьшил саад учруулж байна гэх тайлбарыг гаргасан байх бөгөөд тухайн хувь иргэний буюу нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрхийг нийтийн эдэлбэр газарт оршин сууж байгаа хариуцагч Л.М зөрчиж байх тул тухайн талбайг чөлөөлүүлэхийг даалгуулах хүсэл зориг нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэсэн заалтад нийцнэ.
Хариуцагч Л.М нь нэхэмжлэгч Д.Ггийн газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан бол шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, цаашилбал учруулсан хохирлыг арилгуулж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх учиртай.
Нэхэмжлэгч талаас ...380 квт тог татах, байшин барих, орц, гарцаа өөрчлөх зэргээр эзэмшил газраа чөлөөтэй ашиглах, эзэмших эрхийг зөрчсөн гэсэн тайлбар буюу энэ шаардлагынхаа үндэслэлийг нотолно хэмээн шүүхэд ирүүлсэн бичмэл нотлох баримтуудыг судлахад
- Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 сарын 06-ны өдрийн 17/2088 дугаартай “...зохих байгууллагын зөвшөөрөлгүй гэр барьж, мод тарьсан иргэнд газар чөлөөлөх талаар удаа дараа мэдэгдсэн хуудас хүргүүлсэн, хашааг чөлөөлсөн. Олон жил мод тарьсан, 7 сая төгрөгийн хөрөнгө байгаа гэх үндэслэлээр газар чөлөөлөхгүй байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхээр шийдвэрлэх шаардлагатай” гэсэн,
- Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 03-04/6009 дугаартай албан бичигт “...Та СХД-ийн Газар зохион байгуулалтын албанд тус дүүргийн 24-р хороо, Баянхайрханы 48-10 тоот хаягтай нэгж талбарын орц гарцыг хааж иргэн н.М нь хашаа барьж нийтийн эзэмшлийн талбайд чацарганы мод тарьсан талбайг чөлөөлүүлэхээр гомдол гаргахад шийдвэрлэж өгөхгүй байгаа тухай гомдол гаргасан байна. ...Иргэн М нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайд тарьсан модны ургацыг хураан авсны дараа модыг зөөвөрлөж талбайг чөлөөлж өгөхийг хүссэн байх тул гомдлыг хааж шийдвэрлэв” гэсэн,
- Бүртгэл хяналтын картны гомдлыг шийдвэрлэсэн гэх тайлбарт ...Мд нийтийн эзэмшлийн талбай чөлөөлөх шаардлага хүргүүлж хуулийн хугацаанд шийдээгүй тохиолдолд албадан чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусган ажиллаж байна гэсэн утга агуулга бүхий баримт, албан бичгүүд нь хариуцагч Л.М эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нийтийн эдэлбэр газарт бууж хашаа барьж, мод тарьж амьдарч байгаа, улмаар иргэн Д.Ггийн газрын орц, гарцыг хаасан үндэслэлээр тухайн газрыг чөлөөлөхийг шаардсан үйл явдлыг тодорхойлж байна.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 15/01868/21 дугаартай “...хүсэлтийн дугаар 21-53-000370, хэрэглэгчийн нэр Г.З, СХД-ийн 24-р хороо, Баянхайрханы 48-р гудамж, 11 тоот хаягт байршилтай, газар эзэмших эрхийн 000081724 тоот гэрчилгээтэй, 10 кВА холболт хийх зөвшөөрөл” гэх техникийн нөхцөлийн хувьд иргэн Г.ЗУБЦТС ТӨХК-д хандаж ахуйн хэрэглээнд 10 кВА тог татах техникийн нөхцөлийг гаргуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Нэг газар хамт амьдарч байсан охин Г.З тусдаа гарах үед нь газраа хувааж 2 газар болгон тус тусдаа гэрчилгээ авсан, нэг дор хамтдаа тухайн 380 квт тогийг ашиглах гэж байгаа, өнөөдрийн байдлаар өөрөө мөн зөвшөөрөл авсан, хариуцагчийн амьдарч байгаа газраар зайлшгүй дайрч тухайн тогийг татах, холбох учраас... гэсэн тайлбарыг, үндэслэлийг гаргадаг.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх техникийн нөхцөлийн дагуу тог татах үйлдэл бий болоогүй байх ба хариуцагч талын ...тог татах зөвшөөрлийн дагуу холбогдох эрх бүхий газар хандсан эсэх, зайлшгүй Мын амьдарч байгаа газраар дамжуулан тогийг татах эсэх, дүгнэлт шийдвэр гарсан эсэхийг нотлох баримтыг хэрэгт өгөөгүй, шаардлагын үндэслэл нотлогдоогүй гэх татгалзсан тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэв.
Энэхүү техникийн нөхцөлд дурдсан техникийн даалгавар, хууль дүрмийг мөрдөх гэсэн хэсэгт ...Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу шугам сүлжээний хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, угсралтын ажлын явцад тус компанийн харьяа түгээх төвөөр хяналт тавиулж, холбогдох баримтыг бүрдүүлсэн байх, цахилгаан угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх гэж заасан байна.
Энэ зааврын дагуу тог тавиулахаар, холбуулахаар эрх бүхий байгууллагад хандсан үйл баримт нотлогдоогүй ба тухайн тогийг холбоход хариуцагчийн нийтийн эдэлбэр газарт оршин сууж байгаа үйлдэл саад болсон эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн байшин барих, тухайн байшингийн бүтэц, загвараас хамааран хашааны зохион байгуулалт, хаалганы байрлалыг өөрчлөхөд, гадна талбайд автомашин зорчиход саадтай, дугуй хагарах эрсдэлтэй, ахуйн бохирдол хог хаягдал ил задгай орхиж орчныг бохирдуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах буюу өөрийн газраа хүссэнээрээ ашиглахад хариуцагчийн нийтийн эдэлбэр газарт оршин сууж байгаа үйлдэл саад болж байгаа, эрх зөрчиж байгаа гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул Л.Мд холбогдох хууль бус эзэмшлээс нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг даалгах тухай Д.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нийтийн эдэлбэр газарт хууль бусаар оршин сууж байгаа гэх асуудал болон нийтийн эдэлбэр газрыг ашиглах, хэрэглэх эрх зөрчигдсөн, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд саад болж байгаа гэх асуудлын хувьд газрын асуудал хариуцсан эрх бүхий байгууллагад хандах, зөрчлийг арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг чиг үүргийн дагуу тухайн байгууллага гүйцэтгэхээр Газрын тухай хуульд зохицуулсан. Хэрэгт авагдсан Нийслэлийн газрын албаны гомдол шийдвэрлэсэн хяналтын картад ч тодорхой дурдсан байх ба энэ талаарх хариуцагч талын татгалзал мөн үндэслэл бүхий болно.
Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж улмаар өөрийн газар эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байгаа гэх үндэслэлээр Л.Мын хууль бус эзэмшлээс нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэхийг хүссэн Д.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Л.Мд холбогдох өөрийн газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэх үндэслэлээр нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийг даалгах тухай Д.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ