Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/87

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.З-оор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Ч

Шүүгдэгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, ......оны ........дугаар сарын .........-ны өдөр .............аймгийн ............суманд төрсөн, халх, ......настай, .........., ..............боловсролтой, ..............., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл....., эх, эгч, дүүгийн хамт ..............аймгийн ...........сумын ........багт байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ......... регистрийн дугаартай, Н овогт У-ын С

Шүүгдэгч У.С нь 2024 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Б. гэх Facebook хаягаас Ч.Э руу “ахаа би зам тээврийн осолд холбогдчихлоо мөнгө хэрэгтэй байна” гэж чатаар холбогдож Хаан банкны  тоот данснуудад 4 удаагийн гүйлгээгээр нийт 620,000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, хохирогч Ч.Э 620,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.   

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Ч.Э шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Хохирогч Ч.Э нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

-Шүүгдэгч У.С нь шүүхийн хэлэлцүүлэг: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв

-Улсын яллагч  нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч У.С нь прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Яллагдагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож шийдвэрлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв

- Эрүүгийн 2424000360078 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....Би 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот руу явах гээд Их-Уул сумын төвд явж байтал “О Э” гэсэн фейс хаягаас миний өөрийн “Ч Э” гэх фейс хаяг руу видео колоор залгаж орж ирээд “Ахаа би О байна, би ...... овоон дээр машин шүргэчихлээ, мөнгө зээлээч гэхээр нь би “чи царайгаа харуулаач, утас чинь яагаад байгаа юм бэ” гэсэн чинь “утас болохгүй байна аа харин гэж хэлээд салгачихсан юм. Тэгээд жаахан байж байгаад миний өөрийн  дугаарын утас руу шал танихгүй Юнителын дугаараас залгаад “би О байна аа, миний утас болохгүй байна, би машин шүргэчихлээ, мөнгөний хэрэг болоод байна, та хэдэн төгрөг зээлээч” гэж ярьчхаад түүнээс хойш нөгөө “О Э” гэсэн фейс хаягаасаа миний өөрийн “Ч Э” гэх фейс хаяг руу чат бичээд байсан ба надаас эхлээд 70,000 төгрөгийг би өөрийнхөө Хаан банкны .......... тоот данснаасаа “......” гэх гүйлгээний утгаар ........ тоот данс руу шилжүүлсэн юм. Дараа нь 250,000 төгрөгийг мөн өөрийнхөө Хаан банкны ......... тоот данснаасаа “.......” гэх гүйлгээний утгаар ******* тоот данс руу шилжүүлсэн юм. Маргааш нь буюу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотод очсоныхоо дараа мөн би өөрийнхөө Хаан банкны ......... тоот данснаасаа өөрийнхөө утасны дугаараар буюу “.........” гэх гүйлгээний утгаар ....... тоот данс руу эхлээд 100,000 төгрөг дараа нь 200,000 төгрөг шилжүүлсэн юм. Ингээд би ... хотод 3, 4 хоночхоод ... сумд буцаж ирээд 1 хоносныхоо дараа О гэх залуутай утсаар ярихад ...... гэх залуу “би таниас мөнгө төгрөг аваагүй, би машин тэрэг шүргээгүй, тантай холбогдсон фейс хаяг чинь минийх биш, надад тийм хаяг байдаггүй шүү” гэхээр нь би нийт 620,000 төгрөгөө хэн нь үл мэдэх хүн рүү шилжүүлж залилуулсан талаараа цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл өгч мэдүүлэг өгсөн юм. Харин үүнээс хойш 2024 оны 06 дугаар сарын 10-дын үед байх миний ..... дугаарын утас руу Жи мобайлын ....... дугаарын утаснаас залгаад  “О...... гэдэг хүн байна аа, манай хүүхэд С хэд хоногийн өмнө чамаас ингээд мөнгө төгрөг авчихсан байна аа, эгч нь мөнгө, төгрөгийг нь чамд буцааж өгье, эгчийн дүү гомдолгүй гээд хэлээд өгөөч” гэж нэг эмэгтэй хүн ярьсан юм. Тэгэхээр нь би “за тэгье гэхдээ би танай тэр бандитай чинь уулзмаар байна, та тэр бандийгаа надтай уулзуул” гэсэн чинь за тэгье гэсэн юм. Тэгээд тэгж ярьснаасаа хойш 2-3 хоногийн дараа тэр О..... гэх хүн над руу дахиж яриад “дансны дугаараа өгчих эгч нь мөнгийг нь хийе” гэхээр нь би өөрийн эхнэр Д.П..... Хаан банкны ...... тоот дансыг өгч тухайн дансанд тэр О...... гэх хүнээс нийт 620,000 /зургаан зуун хорин мянга/ төгрөгийг шилжүүлсэн юм. Ингээд эхнэрийн дансанд мөнгө орсон талаар манай Жи мобайлын суурин утсан дээр мессеж ирэхээр нь би гомдол, хохиролгүй болсон талаараа цагдаад бичиг хийж өгөхөөр болж тухайн О..... гэх хүнтэй тохирсон юм. Ингэхдээ би тэр надтай ярьсан О..... гэдэг хүнтэй ч тэр, түүний хүү С.... гэх залуутай ч тэр биечилж уулзаагүй бөгөөд утасны цаанаас ярьж дээрх байдлаар тохиролцсон юм. Тэгээд би мөнгөө буцааж авсныхаа дараа гомдол, хохиролгүй болсон талаараа бичиг хийгээд ... сумын төвд ирэхэд цагдаа нар нь байхгүй байсан болохоор би буцаад явчихсан юм. Надад одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй байна. Надад учруулсан хохирлоо тухайн хүмүүс надад буцаан төлж барагдуулан намайг хохиролгүй болгосон болохоор гомдол, санал гээд байх юм одоо алга. Би энэ хэрэгтэй холбоотой шүүх хуралд оролцохгүй. Би малчин хүн надад тэгж явах зав чөлөө ч гарахгүй байх, одоо би хэдэн малаа аваад Хөвсгөл аймгийн ... сум руу оторт явах гэж байгаа...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 49-57 дугаар хуудас/, 

-Гэрч Ч.Л...... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн .... сумын .... багийн иргэн У..... С.... гэж миний нөхөр У...... С..... төрсөн дүү нь байгаа юм. Би тухайн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд гэртээ байсан. У...... С..... бол У...... хотод байсан. Би Хаан банкны “.....” дугаарын дансыг 2017 оноос хойш ашиглаж байгаа, миний одоогийн ашиглаж байгаа данс юм. Манай нөхрийн дүү У........ С...... тухайн үед над руу яриад би хүнээс мөнгө авах ёстой юм. Би одоо дансгүй байна, би таны ....... тоот данс руу 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг шилжүүлээд орой авъя гэсэн юм. Би тухайн үед миний дансанд “O.....” гэх гүйлгээний утгаар шилжиж орж ирсэн 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн орлогыг 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 цаг 15 минутад ........ тоот дансруу “S......” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 59-60 дугаар хуудас/, 

- Гэрч Ц.Н....... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ч...... дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах С.... ХХК-ны харьяа дэн буудал ажиллуулдаг. Тухайн байгууллагад ажиллаад 10 жил болж байна. Би тухайн 2 залуугийн талаар сайн санаж байна. 2024 оны 05 дугаар сарын 23-ны орой миний эрхлэн үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлаар ... аймгийн ... сумын ...... багийн иргэн У...... С...., .... багийн иргэн Г....... Г....... гэх 2 залуу орж ирсэн. Тэгээд 25-ны өдөр манай буудлаас гарсан юм. Би Хаан банкны  тоот дансыг буудлын төлбөр тооцоо хийх зориулалтаар ашигладаг. Тухайн дансны эзэмшигч нь миний төрсөн охин О.Б..... гэх хүүхдийн данс байгаа юм. 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байсан шиг санагдаж байна. Манай буудалд 23-ны өдөр орж ирэн үйлчлүүлж байсан С....., Г..... гэх хоёр залуугийн нэг нь буудлын тооцооны төлбөр гэж эхлээд 100,000 /нэг зуун мянга/ төгрөг шилжүүлсэн бөгөөд дараа нь 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг салангид шилжүүлсэн. Тэгээд тэр хүмүүс 24-ний өдрөө манай буудалд хоноод 25-ны өдөр гарсан. Би тухайн хүмүүсийг огт танихгүй хүмүүс байгаа юм. Миний ажиллуулдаг буудалд 2 хоносон. Сүлдээ гэх залуу нь эхлээд миний данс руу 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн тооцоо шилжүүлээд надтай хэрүүл хийгээд тань руу 300,000 /гурван зуун мянга / төгрөг орсон байх ёстой би 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг нь авъя гэж хэрүүл хийгээд байхаар нь би тухайн мөнгө шилжүүлсэн хүн рүү нь ярьсан. Тэгэхэд над руу 100,000 /нэг зуун мянга/ төгрөг хийсэн байгаа одоо үлдэгдэл 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг нь шилжүүлнэ гээд шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 62-63 дугаар хуудас/, 

-Гэрч Ш.О....... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би .... сумын Хуягт багийн иргэн Ч........ гэх хүнийг огт танихгүй. 2024 оны 05 дугаар сарын 20-дын үеэр миний хүү У.С.......... сумаас ... хот руу явж хэд хоночхоод буцаж гэртээ ирээд хэд хоног байж байгаад надад нэг өдөр “ээж би Э........ гэдэг хүнээс мөнгө авчихсан юмаа, энэ хүн тэгсэн чинь гомдолтой гэж цагдаад өргөдөл өгч шалгуулж байгаа сураг байх юм, энэ хүнийг олж уулзаж уучлалт гуйж мөнгийг нь буцааж өгмөөр байна, та энэ хүнийг сураглаад утасных нь дугаарыг олоод өгөөч гээд Ч......... Э...... гэх нэртэй нэг Facebook хаягийн зураг” үзүүлэхээр нь би хэдэн төгрөг авсан юм гэж өөрийн хүү У.С...... асуухад 600 гаран мянган төгрөг авчихсан юмаа гэхээр нь яах гэж авдаг юм чи гэж дахин асуухад нэг их юм хэлээгүй юм. Тэгэхээр нь би У.С....... хандаж “хохино чи, яах гэж хүнээс мөнгө, төгрөг авдаг юм, чи өөрөө энэ хүнээ олж мөнгө, төгрөгийг нь буцааж өгөөрэй” гэж хэлээд эхэндээ нэг их тоогоогүй хаячихсан юм. Тэгтэл миний хүү У.С..... хэд хоног бүр надаас тэр Э...... гэх хүнийг олоод өгөөч гээд шаналаад болохгүй болохоор нь би тэр хүний Facebook хаягаас нь хайж байгаад ..... сумын ..... багийн хүн байх шиг байхаар нь Хуягт багийн таньдаг хүмүүсээсээ асууж байгаад тэр Э...... гэх хүний утасны дугаарыг нь олж авч байгаад /одоо тухайн хүний утасны дугаарыг нь санахгүй байна гэх/ өөрийн ..... дугаараас тэр Э......... гэх хүний утас руу нь залгаж “О....... гэдэг хүн байна аа, манай хүүхэд С... чамаас мөнгө, төгрөг авсан байна аа, эгч нь чамаас авсан мөнгийг буцааж төлье, миний дүү цагдаад гомдолгүй гээд хэлээд өгөөч” гэж ярьсан юм. Тэгэхэд тэр Э....... гэх хүн “харин тиймээ танай тэр хүү чинь надаас нийт 620,000 төгрөг авсан юм, эхлээд та мөнгөө миний данс руу хийчих дараа нь 2-лаа тэр бичгийг чинь хийж өгөхөө ярья” гэхээр нь би хэд хоногийн дараа дахин тэр хүнтэй ярьж эхнэрийн данс гээд Д.П..... гэх хүний Хаан банкны “*******” тоот дансыг хэлж өгөхөөр нь би тэр дансанд нь 620,000 төгрөгийг өөрийн бэр Ч.Л-ийн Хаан банкны .................тоот данснаас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 25 минутад интернэт банкаар шилжүүлүүлсэн юм. Тэгээд дараа нь Э руу дахин залгаад мөнгийг нь хийчихлээ, хэзээ сумын төв орж ирэх вэ, эгчийн дүү гомдолгүй гээд бичгээ хийгээд өгчөөрэй гэсэн чинь тэр хүн “за” гэсэн юм. Хэд хоногийн дараа Э над руу залгаад “би сумын төв ороод ирсэн байна, гомдолгүй гэсэн бичгээ хийгээд аваад ирсэн чинь цагдаа нар нь байхгүй байна шүү” гэж ярьсан ба би тухайн хүнтэй тэрнээс хойш яриагүй. Би Э гэх хүнтэй утсаар ярьж данс руу нь мөнгө, төгрөг хийж, тэгье ингэе гэж ярьснаас биш биечлэн уулзаж байгаагүй хүн байгаа юмаа. Энэ хэргийг би Э гэх тэр хүний хохирлыг нь барагдуулаад болчихсон юм болохоор нь тэгээд л хаагдчихсан юм байх гэж бодож явсан юм л даа. Миний хүү У.С ... хотоос буцаж гэртээ ирээд хэд хоног байж байгаад надад нэг өдөр “ээж би Э гэдэг хүнээс мөнгө авчихсан юмаа, энэ хүн тэгсэн чинь гомдолтой гэж цагдаад өргөдөл өгч шалгуулж байгаа сураг байх юм, энэ хүнийг олж уулзаж уучлалт гуйж мөнгийг нь буцааж өгмөөр байна, та энэ хүнийг сураглаад утасных нь дугаарыг олоод өгөөч гээд Ч Э гэх нэртэй нэг Facebook хаягийн зураг” үзүүлсэн юм. Тэгэхээр нь би хэдэн төгрөг авсан юм гэж асуухад 600 гаран мянган төгрөг авчихсан юмаа гэхээр нь яах гэж авдаг юм чи гэж нэг их юм хэлээгүй дуугүй байсан юм. Тэгсэн хэрнээ надаас тэр Э гэх хүнийг олоод өгөөч гээд хэд хоног шаналаад бүр болохгүй болохоор нь би тэр хүний Facebook хаягаас нь хайж байгаад тэр Э гэх хүний утасны дугаарыг нь олж ярьж байгаад 620,000 төгрөг буцааж өгсөн юм. Би У.С-ээс өөр юм асуугаагүй, миний хүү У.С ч энэ талаар надад нэг их юм яриагүй юм....” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 64-66 дугаар хуудас/, 

-Хаан банкны *******, *******, *******, *******, ******* дугаартай дансны хуулгууд, /хх-ийн 19-41 дүгээр хуудас/ - 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 117 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 4 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч У.С нь 2024 оны 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Б.О гэх Facebook хаягаас Ч.Э руу “ахаа би зам тээврийн осолд холбогдчихлоо мөнгө хэрэгтэй байна” гэж чатаар холбогдож Хаан банкны *******, *******, ******* тоот данснуудад 4 удаагийн гүйлгээгээр нийт 620,000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, хохирогч Ч.Э-д 620,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна. 

  Иймд У.С-ийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.     

 

Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.

 Иймд шүүгдэгч У.С-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр  шүүгдэгчтэй тохиролцсон байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, насны байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирлыг төлөх талаар санаачилга гаргасан байдал зэргийг харгалзан түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.

Мөн энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

           1. Шүүгдэгч ... овогт У-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-г энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

           5. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгүй.

6. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тэмдэглэсүгэй.      

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН