Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/222

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Ө.Манзушир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч И овгийн С-н О-д холбогдох эрүүгийн 2416001970267 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл *** хүүхдийн хамтаар *** аймаг, *** сум, *** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ын ***,

Холбогдсон хэргийн талаар:

*** нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны шөнө *** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрээс иргэн ***-гийн өмчлөлийн “***”  маркийн гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу хохирогчид 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч *** нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны шөнө *** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрээс иргэн ***-ийн өмчлөлийн “Doogee V20”  маркийн гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу хохирогчид 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.Хохирогч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн барьж ашигладаг “Doogee V20” загварын гар утсаа 2024 оны 06 дугаар сарын 25-ны шөнө Есөнбулаг сумын Харзат багийн орчимд явж байгаад гээгдүүлсэн тул цагдаагийн байгууллагад хандсан. Хар өнгийн эвдрэл гэмтэл байхгүй, хэвийн ажиллагаатай, кейс байхгүй тул гадна тал нь үл ялиг элэгдсэн байж магадгүй. Өөр содон шинж тэмдэг байхгүй. 2 сим карт уншдаг ***, *** гэсэн сериал дугаартай утас байгаа юм. Улаанбаатар хотоос “Doogee”-н салбараас 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1,799,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Шаардлагатай гэвэл гар утас худалдаж авсан үнийн гүйлгээ, утасны зураг зэргийг хэвлэж өгч болно. Ашиглаж байсан тул 1.500.000 төгрөгөөр үнэлж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/,

            2.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** гэх хүнийг танина. Манай төрсөн эгч байгаа юм. *** гэх хүнийг танихгүй. Найз нөхөд садан төрлийн холбоо байхгүй. Би тухайн үед “Doogee V20” загварын гар утас болох ****-гийн гар утсыг бариад явж байсан. Тэгээд би тухайн өдөр гэртээ хүнээр хүргүүлж очоод унтаж байгаад 16 цагийн  үед миний гар утас байхгүй болохоор нь залгасан чинь дуудаж байгаад тасраад ахиж холбогдоогүй. Би “***” буудалд байхдаа *** гэх хүнээс симийг нь авч тухайн үед барьж явсан “Doogee V20” загварын гар утсанд хийж барьсан зүйл байхгүй. Мөн *** гэх хүнийг танихгүй. Зүс таних хүмүүстэй “***” буудалд архи уугаад байж байхад сүүлд нэг танихгүй эмэгтэй орж ирж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 62–р тал/,

3.“Ашид билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ- 921/239 дугаартай “Doogee V20” загварын гар утас нь 1,300,000 төгрөгийн үнэлгээтэй/ гэх дүгнэлт /хх-ийн 70-72-р тал/,

4.Юнител ХХК-иас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 12-01/5740 дугаартай албан бичгээр ирүүлсэн *** имэй кодтой утсанд *** дугаарыг хийж ашигласан байна. *** дугаарын эзэмшигч нь ***-ын *** /***/, ***, *** *** гэх албан бичиг, *** дугаарын орсон гарсан яриа мессежний лавлагаа, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 12-13–р тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *** шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

          3.Гэм хор, хохирлын талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***-д 1,300,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

          4.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овгийн ***-ын ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ***-рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан 450 (дөрвөн зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид ***-д мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР