Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2019/00303

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2019/00303

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:-д холбогдох

******* хоршооны даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Жаргалант Баян-Өндөр сумдын чиглэлийн шугаманд оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Энхсаруул, хариуцагчийн төлөөлөгч *******, гэрч М.Адилбиш, З.Балдорж, Т.Пүрэвжав, С.Төмөрбаатар, Т.Отгонбаяр, В.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайдбарлахдаа: Миний бие нь 2004-2018 онуудад такси үйлчилгээний ажлыг тасралтгүй хийж, ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргалгүй ажиллаж байсан юм. Энэ салбарт ажиллаж байх хугацаандаа Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын Жуух бичиг, авто тээврийн байгууллагын 90 жилийн ойн Хүндэт медаль, Эрдэнэт хотын 40 жилийн ойн медаль зэрэг шагналуудаар шагнагдаж байсан. Ингээд ******* хоршоог анх 2015 оны 04 дүгээр сарын 20-ын өдөр хэсэг нөхдийн хамтаар үүсгэн байгуулсан ба миний бие нь тус хоршоог үүсгэн байгуулагдсан цагаас хойш тасралтгүй такси үйлчилгээнд явж байгаа билээ. Гэтэл тус хоршооны дарга 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан ба тушаалыг эс зөвшөөрч хоршооны хяналтын зөвлөлд гомдлоо 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан боловч өдийг хүртэл хариу өгөхгүй байгаа юм. Иймд ******* хоршооны даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Жаргалант Баян-Өндөр сумдын чиглэлийн шугаманд оруулахыг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ******* хоршоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хоршооны дарга шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн Жаргалант сумын зорчигч тээврийн ******* хоршоо-ны нийтийн таксины жолоочоор ажиллаж байсан *******ий 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээд дараахь тайлбарыг өгч байна.Үүнд:

1. ******* нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан бөгөөд энэ асуудлаар шаардлага тавьсан хоршооны дарга Т.Бүрнээбатарыг Жаргалант сумын автобусны буудал дээр олон түмний өмнө боож унагасан ингээд тус хоршооны нийтийн таксины жолооч нарын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэхэд ******* нь хоршооны дарга *******аас уучлалт гуйж дахин ийм зүйл гаргахгүй гэсэн хүсэлт гаргасныг нь хүлээн авч анхааруулах арга хэмжээг авсан.

2. ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус хоршооны үйл ажиллагааг зориуд харлуулж зогсоох зорилгоор 10 гаруй зүйл бичсэн хуурамч бичиг үйлдэн Орхон аймгийн Авто тээврийн төв, Жаргалант сумын Иргэдийн Хурал, ЗДТГ -т өгснийг нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн нийтийн таксины жолооч нарын хурлаар хэлэлцээд худал ташаа мэдээлэл тараасан, байгууллагын нэр хүндэд халдсан нь тогтоогдсон тул ажлаас халах шийдвэр гаргасан бөгөөд ******* хамт олноос уучлалт гуйж дахин ийм зохион байгуулалттай зүйл гаргахгүй гэсэн өргөдөл бичиж өгснийг нь хүлээн авч сануулах арга хэмжээ авсан.

3. ******* нь 2018 оны 10 дугаар сарын 15-наас 2018 оны 12 дугаар сарын 15- ны өдрийг хүртэл удаан хугацаагаар чөлөө авалгүй ажлаа хаяж өөр ажил хийх болсон мөн дур мэдэн жолоогоо бусдад шилжүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн *******гийн гаргасан гомдол зэрэг олон зөрчлүүдийг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тус хоршооны нийтийн таксины жолооч нарын хурлаар хэлэлцээд удаа дараа гаргасан алдаа дутагдлыг нэгтгээд *******ийг ажлаас халах шийдвэр гаргасан.

4. *******ий 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус хоршооны Дотоод Хяналтын Зөвлөлд гаргасан өргөдлийг 2019 оны 01 дүгээр сарын сарын 09-ны өдөр Дотоод Хяналтын Зөвлөлийн гишүүд хэлэлцээд ******* хоршоо-ны нийтийн таксины жолооч нарын 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг зүйтэй гэж дэмжсэн байна.

Иймд *******ий Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* хоршоонд холбогдуулан хоршооны даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Жаргалант Баян-Өндөр сумдын чиглэлийн шугаманд оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын ******* хоршооны даргын А/07 дугаартай тушаалаар ******* автомашины жолооч *******ийг Жаргалант Баян-Өндөр сумдын чиглэлийн шугамнаас чөлөөлсөн байна.

Дээрхи тушаалын үндэслэл нь Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн иргэн *******гийн гаргасан гомдол, Байгууллагын нэр хүндэд хохирол учруулсан зөрчлийг удаа дараа гаргасан тул Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ******* хоршооны нийтийн такси эрхлэх гэрээний 4.2.4, 4.2.12, 4.2.13, ******* хоршооны нийтийн таксины жолооч нарын 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг удирдлага болгон ажлаас чөлөөлсөн байна.

******* нь ******* хоршооны гишүүн мөн болох нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр түүнд олгосон батламж, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ******* хоршооны үүсгэн байгуулсан тухай тогтоол, хурлын тэмдэглэл, нийтийн такси үйлчилгээний зогсоол ашиглах гэрээ, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Тус хоршооны гишүүн *******ийг удаа дараа зөрчил гаргасан, байгууллагын нэр хүндийг унагаж, жолоогоо бусдад шилжүүлсэн, өөр ажил давхар эрхэлдэг зэрэг зөрчил гаргасан тул хамт олны хурлаар хэлэлцээд түүнийг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргажээ.

******* тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* хоршооны дотоод хяналтын зөвлөлд хүсэлт гаргасан бөгөөд ******* хоршооны дотоод хяналтын зөвлөлөөс нийтийн таксины жолооч нарын 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг дэмжсэн байна.

******* хоршооны даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 дугаартай тушаалд хоршооны нийтийн таксины жолооч нарын 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэл болгосон гэсэн атлаа хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хурлын тэмдэглэлд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 40 минутад хуралдсан тэмдэглэл ирүүлсэн бөгөөд ирцыг 11 хүнээр бүртгэж 9 гишүүн санал өгснөөс 7 нь татгалзаж, Дөлгөөнийг олонхийн саналаар чөлөөллөө гэжээ.

******* хоршооны даргын тушаал болон дотоод хяналтын зөвлөлийн *******д хүргүүлсэн хариунд нийтийн таксины жолооч нар 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж шийдвэрээ гаргасан талаар дурдсан боловч хэрэгт энэ өдрийн хурлын тэмдэглэл ирүүлээгүй харин 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан талаар тэмдэглэл ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

******* хоршооны даргын тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримталж *******ийг ажлаас чөлөөлсөн байна. Гэвч хариуцагч ******* хоршооны дарга ******* нь *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нийтийн такси үйлчилгээний зогсоол ашиглах гэрээ байгуулсан талаар тайлбарладаг.

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй байхад хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг тушаалын үндэслэл болгосон нь буруу юм.

Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-д Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ, Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д мөн энэ талаар хуульчилсан байна.

Хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлд хоршооны гишүүнээс хасах тухай заасан бөгөөд 18.2-т Хоршооны гишүүнээс хасах асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж заажээ.

Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар ******* хоршоо 18 гишүүнтэй байх ба Хоршооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д бүх гишүүдийн хурал гишүүдийн дийлэнхи олонхи оролцсоноор хүчин төгөлдөр байна гэжээ. Гэтэл үүсгэн байгуулагч биш н.Анхбаяр, н.Батболд, н.Пүрэвдорж нар хурлын үйл ажиллагаанд оролцож ирц бүртгүүлсэн байх бөгөөд дийлэнхи олонхи оролцсон гэж үзэх үндэслэлгүй, бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Иймд хүчин төгөлдөр бус хурлаас гарсан шийдвэр хүчингүй байх тул ******* хоршооны даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *******ийг Жаргалант Баян-Өндөр сумдын чиглэлийн шугаманд явуулахгүй байсан талаар нотлогдоогүй бөгөөд харин ч түүний зөвшөөрлийг эхнэр Энхтуяа ашиглан нийтийн такси үйлчилгээ эрхлэж байсан талаар гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч ******* няцаагаагүй тул Жаргалант Баян-Өндөр сумдын чиглэлийн шугаманд оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* хоршооноос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний Хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар ******* хоршооны даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ий Жаргалант Баян-Өндөр сумдын чиглэлийн шугаманд оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* хоршооноос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.АРИУНЦЭЦЭГ