| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0232/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/227 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагч Ө.Манзушир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овгийн ***-ын ***-д холбогдох эрүүгийн 2416002990303 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, ***, “***” ХХК-д *** ажилтай, ам бүл ***, эцэг, ах нарын хамт *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай, *** овгийн ***-ын ***,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 08 цагийн үед *** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулах “***” ХХК-ийн уурхайн талбайд хохирогч ***–тай үл ялих зүйлээс болж маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд доод үүдэн нэг шүдний ганхалт, доод уруулын дотор талд язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь:
1.Хохирогч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 07 цаг 30 минутад автобусанд сууж үйлдвэр ажлын байранд очоод хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа ажлын наряд бүртгэлд гарын үсгээ зурсан. Би түлшний машинаа асааж түгээлтэд хөдөлсөн. Тэгээд ***-г түлшээ ав гэж дуудахад түр амрах байрнаас гарч ирэхгүй байсан. Би хүлээгээд ирэхгүй болохоор нь өөрөө очсон юм. Тэгээд чи чинь хаашаа юм бэ? түлшээ аваач гэхэд юун сүртэй юм бэ? гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаж түлшний машин дээр очсон. Тэгэхэд *** түлш өгөхөд бэлэн болгосон зогсож байсан. Би ***-г чам шиг хүүхэд надад байгаа шүү гэж хэлсэн чинь тэгээд яадаг юм пизда чинь гэхээр нь би баруун гуя хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн чинь миний уруул руу цохиход энгэр хэсэг рүү цус гойжсон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р тал/,
2.Гэрч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн орчимд *** ахтай түлш түгээлтэд цуг туслахаар явдаг юм. Өглөө түлшээ өгөх гээд *** ах ***-г дуудахад ирэхгүй удаад байсан. Тэгээд намайг дууд гэхэд би дуудахад хувцсаа солиод амралтын өрөөнд байж байсан. Тэгээд би буцаж ирээд *** ахад дуудсан гэж хэлсэн. Тэгээд ирэхгүй жоохон удсан чинь *** ах дуудахаар явсан юм. Би ковшид түлшээ хийж байхад ***, *** ах 2 замдаа муудалцаад ирж байснаа *** ах хөл рүү нь өшиглөж байсан тэгсэн чинь тэр хоёр барилцаж авсан байхаар нь би очиж салгасан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р тал/,
3.Гэрч ***-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** ах надад хэлэхдээ ***-г түлшээ ав гэж дахин дахин дуудсан. Ирэхгүй болохоор нь ***-ыг явуулж дуудсан ч ирэхгүй байсан гэж хэлсэн. *** ахын уруул нь цус болсон байсан тэгтэл *** цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18-р тал/,
4.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 263 дугаартай “... 1.2 ***-ын биед доод үүдэн нэг шүдний ганхалт, доод уруулын дотор талд язрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно. 4. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1- зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 21-р тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *** шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч ***-г ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 37 дугаар хуудаст “...*** овогтой *** миний бие ***-д ямар нэг санал байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хохирогчийн хүсэлт авагдсан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч *** овгийн ***-ын ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид ***-д мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР