Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 131/ШШ2020/00950

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай,******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******,******* тоотод оршин суух,******* регистрийн дугаартай, ******* овогт гийн д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 17.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч С., хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмч болох унагалдай трактороор С.тэй тохиролцож ажилласан. 1 цагийн хөлс 50.000 төгрөг, 1 өдрийн хөлс 500.000 төгрөгөөр тохиролцсон. 2016 оны 06 сарын 30-аас 2016 оны 07 сарын 09 хүртэл 10 хоног, 2016 оны 08 сарын 28-ны өдрөөс 2016 оны 09 сарын 21 хүртэл 24 хоног нийт 34 хоног ажилласан. Ажиллаж байх хугацаандаа өглөө 08 цагаас шөнийн 12 цаг, 02 цаг хүртэл ажилласан. Би эхний 10 хоногийн ажлын хөлс 4.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл ажлын хөлсөө авах гэтэл одоо өгч чадахгүй ээ 2 жилийн дараанаас таныг би гомдоохгүй өгнө гэж хэлээд бага багаар цувуулан өгсөөр 4.500.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл мөнгө болох 17.000.000 төгрөгийг бүрэн гүйцэт авмаар байна. Тус мөнгийг гаргуулж өгнө үү. Би ажлын 100% гүйцэтгэлтэй хийж өгсөн. Өвөл утсаар яриад ахдаа хэдэн төгрөг өгөөч гэхэд 1.000.000 төгрөг надад өгсөн. Дараа нь дахиж яриад 1.000.000 төгрөг авсан. Миний тооцоогоор 8.500.000 төгрөг авсан. Одоо өөдөөс хэл амаар доромжлоод чи юу хийсэн юм юу ч хийгээгүй байж ямар мөнгө авах гээд байгаа гэсэн. Ажлаа хийлгэчхээд хүнийг ингэж хэлж болохгүй байх. Та бүхэн миний хийсэн ажлыг харсан. Энд тэнд таарахаараа ингэж байгаад яръя гээд алга болдог. Тухайн үед цагийн 50.000 төгрөгөөр тохиролцоод бүх ажлын дуусгасан. Гомдолтой байна. Надтай яаж тохирсон би мэдэхгүй байна.Би ажлынхаа хөлсийг зарчмаараа авбал авна гээд зүтгэнэ. Ярьж хөөрөөд 50% болгоод өгвөл надад болж байна. Одоо үед 2.000.000 төгрөгөөр амьдарна гэдэг хэцүү ш дэ. За яахав болох байх гэж бодсоор байгаад 2, 3 жил боллоо.. гэв. 

Хариуцагч С. шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 онд сумын Уурын зуух барих тендерт оролцож өөрийн хөрөнгөөр уурын зуух барих болсон. Энэ ажил тус сумын сургуулийн халаалтын шугам холбох болоход манайд ажиллаж байсан техник түр саатсан учир аймагт ирж өөрийн танил Өлзий ахаас яаралтай ажиллах бага оврын трактортой хүн олоод өгөөч гэхэд найз Дашаа байгаа гээд бид 2 Баянхонгор аймгийн төв хөх толгойд байх нэг айлд очиж анх Дашаа ахтай танилцаж байсан. Тэгээд сумын Уурын зуухнаас сургуулийн дотуур байр хүртэл, сумын захиргааны араас халуун ус хүртэл газрыг ухуулж, булуулах ажлыг 5.000.000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцож гэрт нь байхад нь 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд ажлаа хийлгэж байх явцад түүний трактор нь өдрийн цагаар халаад ажиллахгүй байсан учир зөвхөн орой өглөөний цагаар ажлаа хийж байсан. Нийт 7 хоногт зөвхөн нүхээ ухах ажлаа хийж байсан дутуу хийчихээд яваад өгсөн. Энэ талаар талбайн зөвлөх Адъяахорол мэдэж байгаа. Тэгээд эргүүлж булах байсан учир тухайн үедээ ажлын хөлс болох үлдэгдэл 4.000.000 төгрөгийг бүрэн төлсөн. Сүүлд намар сургууль орох болоод энд тэндгүй ухсан нүх болсон байсан учир сургуулиас гомдол гаргаж, сумын захиргаанаас ухсан нүхүүдийг яаралтай дарах үүрэг өгсөн. Үүний дагуу ******* гуайг ажлаа дуусгаад өг гэтэл нэмж 2.500.000 төгрөг өг гэсэн тэгэхээр нь зуухаа ашиглалтанд орохоор өгье гэж тохиролцоод нүхээ даруулж байсан. Манай уурын зуух 2016 оны 10 сард ашиглалтанд ороод түүнээс нэг их удаагүй 2017 оны эхний улиралдаа *******ын төлбөр болох 2.500.000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Тийм учраас миний бие түүнд төлөх төлбөрийн үлдэгдэлгүй байгаа. Бид анх хоорондоо ярилцаж тохиролцохдоо мөнгийг мото цагаар тооцох талаар ярилцаагүй. 5.000.000 төгрөгөөр байраар тохиролцсон..гэжээ.

Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Би Баянхонгор аймгийн сумын уурын зуухын халаалтын ажил аваад анх эхлээд унагалдай трактор хэрэг болоод манай нэг хуурай ах трактор олоод өгөөч гэхэд ******* гуйн гэрт очсон ах нь одоохондоо ажилгүй байгаа очоод ухаад өгье чи 5.000.000 төгрөг өгчих би очоод ухаад булаад янзлаад өгье гэсэн. Очиж ухаж өгчихөөд булах болтол 9 сар болсон сургуулийн хүүхэд цугларах болоод захирал, дарга нар 9 сар боллоо ш дэ хүүхэд цуглахаас өмнө нүхээ бул гэсэн ******* руу би утасдаад ярихад чи надад 2.500.000 төгрөг нэмээд өгчих би очоод булаад өгье гэхээр нь би за яах вэ та хүрээд ир би одоохондоо мөнгөгүй байна. Зуух ашиглалтад орвол болох байх та ирээд булаад өг гэсэн. Ирээд булж өгсөн. Надаас эхлээд 5.000.000 төгрөгөө авсан байсан. 2.500.000 төгрөгөө бага багаар аваад дууссан. Сүүлд мөнгө өгсөн гээд байгаа нь надтай мөнгөний талаар яриагүй байж байгаад захын тэнд таарчихаад чи ахыгаа бодно гэсэн бодох болоогүй юм уу авгай хүүхэд бие муу байна ахад нь мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд эхнэр дээрээ ирээд хэлсэн тэгээд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Өөр надад тийм илүү дутуу зүйл байхгүй. Цаг, хоног хугацаа нотлох баримтад байгаа дэвтэр дээр тодорхой байгаа. Тракторын порсунк ажиллахгүй. Трактор халаад өглөө 8 цагаас шөнийн 2 цаг хүртэл бүрэн асаалттай ажиллаж байсан зүйл байхгүй. Тэрийг сумын төвийнхөн бүгд гэрчилнэ.. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага бүрэн дүүрэн дэмжиж байна. , ******* нар нь 2016 оны 6 сард *******ын гэрт тухайн ажил гүйцэтгэх гэрээг аман байдлаар ярилцаж тохиролцсон байдаг. Ингэж тохиролцоход *******ын эхнэр Амартунгалаг хажууд нь байсан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар гэрчийн мэдүүлэг агч баталгаажуулсан. Анх тохирохдоо ******* нь цагын 50.000 төгрөг байдаг тухайн өдөрт 10 цаг ажиллана гэдэг байдлаар 500.000 төгрөгөөр тохиръё гэдгийг д хэлж тохиролцсон энэ нь *******ын тайлбар болон гэрч хажууд нь байсан эхнэр Амартунгалагын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. Мөн хариуцагчийн зүгээс 500.000 төгрөгөөр хийдэг гэж хэлж байсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж мэдүүллээ мөн тухайн яриа хийхэд гэрт эхнэр хүүхэд нь байсан гэдгийг хэлдэг. Ийм учраас анх ийм яриа хийсэн 500.000 төгрөгөөр тохиролцсон юм аа гэдэг зүйл бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. *******ын хувьд анх 2016 оны 6 сарын 30-ны өдрөөс 2016 оны 7 сарын 9-ны өдөр хүртэл эхнэр Амартунгалагын хамт очиж тухайн газрыг ухсан байдаг. Эхнэрийн хамт очсон гэдгийг хариуцагчийн зүгээс хэлж байгаа. Амартунгалаг мэдүүлэг дээрээ 10 хоног ажилласан гэдэг зүйлийг мэдүүлж байгаа учраас 10 хоног ажилласан байна гэдэг нь тухайн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. Дараа нь 2016 оны 8 сарын 28-ны өдрөөс 2016 оны 9 сарын 22-ны өдөр хүртэл 24 хоног ******* нь хүү Мандах-Оргилын хамт тухайн газар очиж ажил гүйцэтгэсэн гэдэг нь нотлогдож байгаа. Энэ нь мөн адил Мандах-Оргилын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Эхнэр Амартунгалагын Хаан банкны дансны хуулга байгаа тухайн 2016 оны 9 сарын 22-ны өдөр 60000 төгрөг Чулуунбат гэдэг хүнээс орж ирсэн байдаг. Энэ нь *******ыг 2016 оны 9 сарын 22-ны өдөр тухайн ажлыг гүйцэтгээд Баянхонгор аймгийн суманд байсан байна гэдгийг харуулж байна. Гэрч Батмөнхийн мэдүүлэгт 9 сарын 22, 23-ны өдөр ******* гуайгаар нүх ухуулсан байдаг. Энэ нь ажлаа хийж дуусгаад хамгийн сүүлд Батмөнхийн ажлыг хийж дуусгаад явсан нөхцөл байдал харагдаж байна. Эдгээр нөхцөл байдлыг дүгнэхэд нийт 34 хоног ажилласан байна. Хавтас хэрэгт нотлох баримтаар гарсан шинжээчийн дүгнэлт байгаа боловч анх энэ 2 хүний хооронд аман гэрээ хийгдсэн нөхцөл байдлаар тухайн нэхэмжлэлийн гол шаардлага бий болж байгаа. Нэг өдрийн 500.000 төгрөгөөр ажиллах ажлын шаардлага өөрчилж шийдвэрлүүлэхээр саналтай байна. Ийм учраас хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу хариуцагчаас холбогдох баримтыг үнэлэн нэхэмжилж байгаа үнийн дүнг гаргаж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэсэн саналтай байна. *******ын хувьд хариуцагчаас удаа дараа нэхэмжилсэн байгаа. Хариуцагч шүүх хуралдаанд тайлбар дээрээ зах дээр таараад чи бид 2-ын хооронд тооцоо байгаа биз дээ гэж хэлж байна. Энэ 2 ын хооронд тооцоо байсан. *******ын хувьд мөнгөө удаа дараа нэхэж байсан тайлбар байгаа. Хариуцагчийн тайлбар хэлэхдээ манай ажлыг хийж байхдаа дунд нь өөр айлын газар шорооны ажил, жорлон ухах зэрэг ажил хийж байсан гэсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад Батмөнхийн мэдүүлэг, Амартунгалагын банкны хуулга зэргээр 2016 оны 9 сарын 22-ны өдөр тухайн ажлыг дуусгасан байсан тухайн хангалттай харуулж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна. Анх ажил гүйцэтгэсэн гэрээнд 2 тал хангалттай харилцан тохиролцсон цагийн 50000 төгрөгөөр өдөрт 10 цаг ажиллана гэж тооцоод 500.000 төгрөгөөр ажиллана гэж харилцан ярилцаж тохиролцсон байгаа гэдгийг гэрчүүдийн мэдүүлэг болон зохигч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх шийдвэрээ гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын ажил гүйцэтгэсэн гэрээ амаар тохирсон байна. Талууд гаргасан нэхэмжлэл тайлбарын хүрээнд харах юм бол талууд ажил гүйцэтгэх гэрээ харилцан тохиролцжээ гэж үзлээ. Ажил гүйцэтгэх гэрээн дээр хамгийн гол нь талууд тухайн ажлын хөлсөө хэрхэн яаж тохирохов, ажлын хөлсний хэмжээ ямар байх вэ гэдэг дээр тохиролцоогүй маргаж байна. Иргэний хуулийн 344 зүйлийн 2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэсэн хуулийн заалт байна. Талууд хоорондоо ажлын хөлсөө нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа би тухайн үед өдрийн 15 цагаар тооцож, нэхэмжилсэн гэж байгаа боловч хариуцагчийн тайлбараар тухайн үед ажлын хөлсийг мото цагаар тооцох тухай хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч өөрөө тухайн үед өдрийн 15 цаг ажиллаж байсан гэдэг талаа нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч намайг бодоочээ гэж хэлдэг байсан талаараа ярьж байна. Тухайн үед талууд нэмэлт гэрээний үүргийн төлбөр 2.500.000 төгрөгийг дараа шилжүүлнэ гэж тохиролцож дутуу үлдээсэн ажлын гүйцэтгэлийг гаргаж ирсэн. Дутуу төлбөрийг газар ухуулсан компани данснаас 2017 оны 1 сарын*******-ний өдөр шилжүүлсэн байна. Энэ гэрээтэй холбоотой нэмэлтээр надад мөнгө өгөөрэй би дутуу мөнгөө авъя гэдэг байдлаар нэхэмжилж байсан зүйл байхгүй учраас өмгөөлөгчийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-т зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Хэргийн хүрээнд харах юм бол өдөрт 15 цаг ажиллаж байсан баримт хэрэгт авагдаагүй, гэрээний үнийн дүнтэй холбоотой мөнгөө байнга нэхэмжилж байсан баримт авагдаагүй байна. Иргэний хуулийн 344 зүйлийн 2-т заасныг удирдлага болгон шинжээчийн дүгнэлтийг харахад тухайн үеийн зах зээлийн ханш жишиг үнийг шинжээч хоёуланг нь хавсаргаад хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргаад өгсөн байгаа. Жишиг үнэлгээгээр маргасан хамгийн өндөр үнийн дүнгээр 789.8 метр 6.634.320 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээний дүнгээр харахад нэхэмжлэгч өөрөө 8.500.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагч энэ мөнгийг өгснөө хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ ажлын гүйцэтгэлийн мөнгийг бүрэн төлж дуусгасан байна. Энэ хөлстэй холбоотой ямар нэгэн маргаан гарч байгаагүй учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2.1-т заасан нөхцөл байдал бүрэн дүүрэн хангагдаж байна.. гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.******* нь С.д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 17.000.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгч В.*******, С. нар нь харилцан тохиролцож, 2016 оны 07,08,09 саруудад ажил гүйцэтгэх хэлцэл амаар байгуулж, ажил гүйцэтгүүлэгч С. нь Баянхонгор аймгийн сумын төвд Халаалтын шугам, сүлжээний газар ухуулах, хавтан зөөж тавих, булуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр, ажил гүйцэтгэгч В.******* нь өөрийн Унагалдай гэх трактороор дээрх ажлыг хийж гүйцэтгэн, хөлс авахаар тус тус тохиролцож, В.******* нь гэрээг дуусгавар болгон, ажлыг хүлээлгэн өгсөн, С. нь ажлын хөлсөнд 8.500.000 төгрөгийг төлсөн байна. В.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа С. нь халаалтын шугам ухуулах, хавтан зөөж тавих, шороог буцаан булуулах ажлын хөлсийг ажил дууссаны дараа өгөхөөр тохиролцсон ч ажлын хөлсөө дутуу өгсөн тул тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр 1 өдийн ажлын хөлс 50.000 төгрөгөөр тооцож, өдрийн 15 цаг буюу 15х500.000=25.500.000 төгрөг, үүнээс урьдчилгаа 8.500.000 төгрөгөө хасаж 17.000.000 төгрөг гаргуулна.. гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол хариуцагч С. нь ажлын хөлсийг цаг, өдрөөр тооцоогүй, нийт гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 5.000.000 төгрөгөөр өгөхөөр тохирсон, нийт 8.500.000 төгрөг өгсөн, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж татгалзлалаа тайлбарлажээ. Үйл баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэгч нь тогтоосон хугацаанд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч, тодорхой хэмжээний хөлс авсан, захиалагч нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан болох нь тогтоогдсон, гэрээ байгуулсан эсэх дээр маргаангүй байгаа бол ажлын хөлсний хэмжээн дээр зохигчид маргаж байна. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэг: Нэхэмжлэгч 2016 оны 07-09 саруудад хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, ажлын хөлс гаргуулах шаардлага гаргасан боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил ..гэсэн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн шүүхэд хандсан байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно..гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний хөлс шаардах эрх нь Иргэний хуулийн 346.1-д зааснаар ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн үеэс хөлсийг шаардахаар байна. Нэхэмжлэгчийн хувьд дээрх гэрээний үүргийн хөлс шаардах эрх нь гэрээний үүргийг ажил захиалагчид хүлээлгэн өгсөн үеэс буюу 2016 оны 09 сараас үүссэн бөгөөд шүүхэд 2020 оны 03 сард хандсан нь дээрх шаардах эрх дууссан байхад хандсан гэх үндэслэл тогтоогдов. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар төлбөр төлөх үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй..байна. Хоёр: Зохигчид нь анх ажил гүйцэтгэх гэрээ хэлцэл хийхдээ гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх хугацаа, ажлын хөлс, хөлс төлөх журам зэргээ нарийвчлан тохиролцоогүй, шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шаардаж байгаа 1 цагийн 50.000 төгрөг, нэг хоног 15 цаг ажиллаж байсан, нийт 34 хоног ажилласан тул ажлын хөлс 25.500.000 төгрөгөөр тооцсон ..зэрэг нь нотлогдож, тогтоогдоогүй байна. Харин зохигчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр ажил гүцэтгэгч нь 708.3 метр газрын шороог ухах, хавтан гаргах, буцаан хавтанг байрлуулж, шороог булах ажлыг хийсэн болох нь тогтоогджээ.

Улмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр ажил гүйцэтгэсэн газар үзлэг хийж, мэргэжлийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдийг шинжээчээр томилж 2016 онд унагалдай гэх трактороор газар ухуулах, булуулахад 1 цагийн болон, өдрийн ажлын хөлс хэдэн төгрөг байсан болохыг хэрэгт авагдсан материалын хүрээнд тогтоолгоход шинжээчийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 345 дугаар дүгнэлтээр 708.3 м газарт унагалдай трактороор дулааны шугам сүлжээг ухаж булсан хавтан зөөж тавьсан ажил нь 5.949.720 төгрөгөөр үнэлэгджээ. Иймд шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий гарсан, бодит байдалд нийцсэн гэж дүгнэв. Зохигчдын тайлбараар ажлын хөлсөнд нэхэмжлэгч нь 8.500.000 төгрөг авсан болох нь тогтоогдсон, үнийн дүн дээр маргаангүй байх тул шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон ажлын хөлс ажил гүйцэтгэгчид бүрэн төлөгдсөн гэж үзэв. Зохигчдын хүсэлтээр гэрчээр Б.Баасанжав, П.Амаржаргал, Ц.Адъяахорол, Б.Мандах-Оргил, Б.Амартунгалаг, Ц. нарыг асуухад тэдгээр нь ажил гүйцэтгэх гэрээний хугацаа, ажлын хөлсийг хэрхэн тохиролцсон талаар харилцан адилгүй, зөрүүтэй мэдүүлэг өгсөн, зарим гэрч нар нь үйл баримтыг тодорхой санахгүй байгаагаа илэрхийлсэн болохыг дурдав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө....гэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч В.*******аас төлсөн 242.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2-ийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус заасныг баримтлан С.гөөс ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 17.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн В.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч В.*******ын төлсөн 242.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Ч.БАЯРЦЭНГЭЛ