| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0229/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/229 |
| Огноо | 2024-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овгийн *** -гийн *** -д холбогдох 2416002850277 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт *** аймгийн Есөнбулаг сумын *** баг *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, *** регистрийн дугаартай, *** овгийн *** -гийн ***,
Шүүгдэгч ***нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын *** баг *** тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болон эхнэр *** -той маргалдан улмаар гараараа нүүр рүү нь цохиж, гэрээс чирч гаргаад хөл, гуя руу өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь зүүн нүдний доод зовхи, эрүү, зүүн мөр, баруун суга, баруун бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл үүсгэсэн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч ***нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын *** баг *** тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болон эхнэр ***-той маргалдан улмаар хохирогч ***-ид хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас ***-ийн гараараа нүүр рүү нь цохиж, гэрээс чирч гаргаад хөл, гуя руу өшиглөж биед нь зүүн нүдний доод зовхи, эрүү, зүүн мөр, баруун суга, баруун бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч ***гэм буруутай болох нь:
1.Хохирогч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр ***-ийн хамт *** суманд айлын хүүхдийн даахинд яваад шөнө 00 цаг өнгөрч байхад аймаг руу орж ирсэн. Тэгээд гэртээ очиж унтъя гэхэд манай нөхөр *** найзууд караокед дуудаад байна гэхээр нь би нөхрийнхөө хамт очоод шөнө 03 цагийн үед гэр рүүгээ явъя гэсэн чинь явахгүй гээд байхаар нь би нөхрөө орхиод гэртээ ганцаараа ирээд хаалгаа цоожлоод унтсан миний нөхөр *** нь араас ирсэн. Гэрт орж ирээд намайг хараад бил хоёр маргалдаад бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүссэн.Намайг хэд хэдэн удаа цохиж авсан. Гараараа нүүр рүү цохиод чирч гэрээс гараад хөл гуя, тахим гээд тэр чигт нь өшиглөж зодсон. Манай нөхөр намайг зодож байхад бид хоёрын хажууд хүн байгаагүй. Намайг энэ хавар зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Тэгээд цагдаагаар шалгуулаад надаас нөхөр гуйгаад байхаар нь гомдолгүй гээд торгуулаад өнгөрч байсан юм. Миний зүүн нүд, эрүү хэсэг хөхөрсөн. Гар, хөл, гуя гээд олон газар хөхөрсөн байсан одоо миний биед шарх сорив байхгүй. Надад гомдол санал байхгүй, би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,
2.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн “...1.2 *** -ийн биед зүүн нүдний доод зовхи, эрүү, зүүн мөр, баруун суга, баруун бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх хэрэг учрал болсон гэх 2024.11.05-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх 198 дугаартай шинжийн дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/,
3.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 410 дугаартай шийтгэвэр /хх-ийн 22-24-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/, “ надад, гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх41/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч *** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оногдуулсан 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй.
Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “надад, гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй” /хх-41/ гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36,10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овгийн ***-гийн ***-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оногдуулсан 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид ***мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР