Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 31

 

“Э Э Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/05301/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Э Э Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Б.Х-т холбогдох

“Орон сууц захиалгаар барих тухай гэрээний үүрэгт 75.405.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Б.Х-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагч Б.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч “Э Э Б” ХХК-аас:

“Э Э Б” ХХК нь Б.Х-тай 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ОС-177/13 дугаар орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг 26-р хороо, Нарлаг өргөө хотхоны N3 /723 дугаар байр/, 12 давхрын 43 тоот, 85.8 м.кв, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2.595.000 төгрөгөөр тооцон нийт 222.651.000 төгрөгөөр барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тус компани орон сууцыг барьж 2014 онд ашиглалтад оруулж, Б.Х-ын өмчлөлд шилжүүлэн өгсөн. Б.Х- нь орон сууцны төлбөрөөс 172.381.000 төгрөг төлж үлдэгдэл 50.270.000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т графикийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцож төлнө гэж заасан. Өнөөдрийн байдлаар Б.Х- нь төлбөр төлөх хугацааг 46 сар 28 өдөр хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцүүлэн Б.Х-ын төлөх алдангийг тооцож үзвэл гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь буюу 25.135.000 төгрөг болж байна гэж нэхэмжилжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяраас:

...Б.Х-тай бид эвлэрэхгүй гэдгээ албан ёсоор хэлж байна. Компанийн зүгээс харилцагч, үйлчлүүлэгч, оршин суугчдад харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлтэй байж үнийг төлөх бололцоог хэвийн журмаар харьцангуй зөөлөн байж ирсэн. 4 жилийн хугацаанд компанийн төлбөрийг төлөхгүй хохироосон. Арга буюу 2018 оны 12 дугаар сард шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр, хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Мөн гэрээний нийт үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцож төлнө гэж талууд тохиролцон гэрээ байгуулсан. Хариуцагч Б.Х- нь 46 сар 28 өдөр хугацаа хэтрүүлсэн  алдангийг гэрээнийхээ үүргийн дагуу бодохоор 159.858.600 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.6-д нийцүүлэн Б.Х-ын төлөх алдангийг тооцож үзвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 25.135.000 төгрөг болж байна. Иймд ОС-177/13 дугаар Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 50.270.00 төгрөг, алданги 25.135.000 төгрөг, нийт 75.405.000 төгрөгийг Б.Х-аас гаргуулж өгнө үү гэж тайлбар гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч Б.Х-аас ОС-177/13 тоот Орон сууц захиалгаар барих тухай гэрээний дутуу үүрэг 50.270.000 төгрөг, алданги 25.135.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э Э Б” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ХААН банк, Улаанбаатар хотын банк төрийн сан 2609006167 тоот дансанд урьдчилан төлсөн 534.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-аас 534.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э Э Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Х- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “Э Э Б” ХХК-аас “Орон сууц захиалгаар барих тухай гэрээний үүрэгт 75.405.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Миний бие энэхүү шаардлагатай холбогдуулан тайлбар гаргаж амжаагүй, шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасаар байхад намайг биечлэн оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн нэхэмжлэгч “Э Э Б” ХХК-ийн захиралтай холбогдож байрны төлбөрийг хэрхэн яаж барагдуулах ярилцаж байсан. Үндсэндээ шүүх хурал хийхгүйгээр хоорондоо учраа олсон юм.

Хэрэв шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулсан байсан бол хэргийг арай өөр байдлаар шийдүүлэх боломжтой байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөн гэрээний дагуу нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй үүрэг, гэрээгээр хүлээсэн алданги шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “Э Э Б” ХХК нь хариуцагч Б.Х-аас гэрээний үүрэг 50.270.000 төгрөг, алданги 25.135.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хариуцагч Б.Х-аас талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг 50.270.000 төгрөг, алданги 25.135.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э Э Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Э Э Б” ХХК хариуцагч Б.Х- нарын хооронд байгуулагдсан 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ОС-177/13 тоот гэрээний талаар талууд маргаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч тал шүүхэд ямар нэг тайлбар гаргаагүй болно.

Хариуцагч Б.Х- нь давж заалдах шатны шүүхэд хуульд заасан эрхээ зөрчигдсөн өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй гэж гомдол гаргасан байна

 Давж заалдах гомдлын талаар дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:

 - Шаардлагатай холбогдуулан шүүхэд тайлбар гаргаж амжаагүй гэсэн хариуцагчийн гомдлын хувьд, шүүх 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Б.Х-т нэхэмжлэлийн хувийг гардуулж хуульд заасан эрх үүрэг, мөн 14 хоногийн дотор буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй  болохыг тайлбарлан өгчээ. /хх-23-24 дэх тал/ Нэхэмжлэл гардуулснаас хойш 60 хоногийн дараа шүүх хуралдааныг товлон хийсэн нь хариуцагчаас шүүхэд тайлбар гаргах хангалттай хугацаа байсан гэж үзнэ.

- Хариуцагч Б.Х- нэхэмжлэлийн хувийг гардан аваад хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийг зөрчөөгүй, мөн хуулийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 - Хариуцагч шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасаар байхад намайг биечлэн оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой гэсэн гомдлын хувьд, шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Х-т 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанаас өмнө тайлбар гаргаж өгнө гэжээ. Хариуцагч Б.Х- нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

- Шүүх хурал хийхгүйгээр учраа олох байсан гэсэн гомдлын хувьд, хариуцагч Б.Х- шүүх хуралдаан товлосон өдөр ...гэрээний үлдэгдэл төлбөр 50.270.000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Орхон суманд байрлалтай ногооны зоорийг иргэн С.Золжаргалд худалдан борлуулсны орлогоос 2019 оны 04 дүгээр сард багтаан төлөхөөр “Э Э Б” ХХК-тай ярьж тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулахаар ярилцсан тул шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсье... гэсэн хүсэлт ирүүлсэн боловч үүнийг нотолсон баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгэсэн, түүнчлэн  хариуцагч шүүх хуралдааны шатанд эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан. Нөгөөтэйгүүр зохигчдын шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар нь бодит үнэнд нийцсэн, нотолсон  байх учиртай.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Б.Х-ын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч Б.Х-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 535.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                      С.ОЮУНЦЭЦЭГ