Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 0102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Л.Э

Шүүгдэгч                                           Г.Б

Нарийн бичгийн дарга                 О.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Бд холбогдох, эрүүгийн хэргийг прокурор Л.Э-н  эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Г-н Б.

 

Г.Б нь согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 23-3 тоотод Б.Б-н нүүрэн тус газарт нь цохих, хутгаар гуян тус газарт нь хутгалах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овгийн Г-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Э эсэргүүцэлдээ:

“ ... Шүүх Г.Бд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ... шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв гэж дүгнэсэн боловч тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... шүүгдэгч Г.Бийг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй гэж заасан.

Мөн Г.Бд холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг буюу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг удирдлага болгож, хэргийг шийдвэрлэсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийг зөрчсөн байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгаж шийдвэрлүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “... Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Э нь Г.Бийг согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 23-3 тоотод хамтран амьдрагч Б.Б-н нүүрэн тус газарт нь цохих, хутгаар гуян тус газарт нь хутгалах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Бийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч прокурор Л.Э эсэргүүцэл гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх прокурор Л.Э-н эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

 

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт тусгавал зохих зүйлсийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тусгайлан заасан бөгөөд энэ хэсгийн 3.1-д “Шүүгдэгчид ... оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг тусгахаар хуульчилсан.

 

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “ ... гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... шүүгдэгч Г.Бийг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж заасан нь хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй байна.

 

Мөн шүүх хуульд заасан ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын удирдлага болгох заалтад хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд баримтлах заалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримталсан нь үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг зөрчсөн байна.

 

Түүнээс гадна шүүгдэгч Г.Б нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаас 200.000 төгрөгийн торгох ял нь биелэгдээгүй байжээ.

 

Энэ талаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ял болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна.

 

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бичигдээгүй байх боловч шүүх хуралдаан даргалагч шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн өмнөх шийтгэх тогтоолоос оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр торгох ялаас эдлээгүй үлдсэн торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй” гэж уншиж сонсгосноор шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д “Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй тохиолдолд ноцтой зөрчилд хамаарна” гэж заасан ба энэхүү зөрчил нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

 

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

                     ШҮҮГЧИД                                                              С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                    С.УРАНЧИМЭГ