| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2019/03059/И |
| Дугаар | 181/ШШ2019/02594 |
| Огноо | 2019-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2019/02594
| 2019 12 12 | 181/ШШ2019/02594 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.П-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.З-д холбогдох
9.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжэгч Б.П , хариуцагч Э.З , гэрч А.Б , нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа:
Б.П би, Э.З д 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 9.500.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5925042332 тоот данснаас Э.Замбагын хаан банкны 5037127112 тоот дансруу интернет банк ашиглан түүний гэрт нь шилжүүлсэн билээ.
Хариуцагч Э.З нь түүний нөхрийн хамт надаас дээрх мөнгийг 6 сарын хугацаатай түр зээлсэн бөгөөд хугацаа дууссанаас хойш элдэв шалтгаан тооцон өнөөг хүртэл төлөөгүй учир Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт залилуулсан гэсэн гомдол гаргасан боловч иргэний хэрэг байна гээд хэрэгсэхгүй болгосон.
А.Б бол Монголдоо нэртэй форекс байсан учраас би итгэсэн. Би өөрийн нэр дээрх хоёр данс, Замбагын нэр дээрх нэг дансыг хянах, харах ёстой. Учир нь би мөнгөө байршуулсан юм чинь өөрийнхөө дансыг харж хяналгүй яахав дээ.
Б бид хоёрын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 36.000.000 төгрөг дотор энэ 9.500.000 төгрөг ороогүй. Үнэхээр орсон л юм бол гэрээндээ энэ тухайгаа тусгахгүй яасан юм бэ. Би 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 9.500.000 төгрөгийг Э.З бэлнээр эргүүлэн төлсөн болно гэсэн бичгийг хийж өгсөн боловч надад ямар ч мөнгө өгөөгүй. Замбага энэ 9.500.000 төгрөгийг өөрийнхөө дансруу оруулж алдчихаад өгсөн гээд байж болохгүй, А.Б чинь форексээр хэд хэдэн хүнийг хуурч байсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэд хэдэн хүнд өртэй байгаа бөгөөд оршин суугаа хаяг нь олддоггүй, төлбөрөө ч төлдөггүй юм. Харин энэ шүүх дээр гэрч болчихсон явж байх юм. Би Замбагын дансаар 9.500.000 төгрөгийг шилжүүлсэн, түүнээс хойш энэ мөнгөө Замбагаас нэхэж байгаагүй нь үнэн.
Иймд Э.З ас 9.500.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Э. Замбага миний хаан банкны 5037127112 тоот дансанд Б.П интернет банкаар гүйлгээ хийж 9.500.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ энэ нь зээл биш гүйлгээ байсан юм.
Уг мөнгийг Б.П ын өөрийнх нь хүсэлтээр, би хаан банкны данснаасаа бэлнээр авч Найман шарга валют худалдааны төвөөс, 4050 ам доллар бэлнээр худалдан авч, Худалдаа хөгжлийн банкны гадаад гүйлгээний 499224392 тоот долларын дансандаа доллароор хийж, улмаар Австрали улсын РЕРРЕRSTONE компаний форекс арилжааны 505388 тоот дансанд 2014 оны 11 сарын 28-ны өдөр шилжүүлсэн болно. Тухайн үед 1 ам долларын ханш 1892 төгрөг байсан, би 9.500.000 төгрөгөөр доллар авахад 9.460.000 төгрөгөөр 5000 ам доллар болж байсан боловч би 4050 ам доллар авч шилжүүлсэн. Энэ долларыг шилжүүлж байхад П хүлээн зөвшөөрөөд 4050 ам доллараа форекс арилжаандаа оруулаад явж байсныг тэдний хоорондоо бичиж байсан фасе бүүк захидалаар нотлогддог. П өөрөө миний нэр дээр данс нээгээд надад зааварчилсан , түүнийх нь дагуу би 4050 ам долларыг шилжүүлсэн. Би энэ хүнээс ямар ч мөнгө зээлээгүй, энэ П , Б хоёр форекс арилжаандаа хэрэглэчихээд алдагдалд орохоороо надаас нэхэж байгаа нь ойлгомжгүй байна.
Хожим П , Б нар тооцоо нийлж зээлийн гэрээ байгуулахдаа дутуу шилжүүлсэн 1000 ам долларыг нэмж зээлийн гэрээ байгуулсан. Энэ бүхнийг Б болон П нар мэдэж байгаа мөртлөө одоо надаас 9.500.000 төгрөгийг нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Энэ мөнгийг миний данс руу шилжүүлээд доллар авахуулах үед Б ийн хөл нь өвдсөн байсан бөгөөд намайг ойр зуурын гарч орох зүйлд явуулдаг байсан.
Миний бие Э. Замбага нь А.Б той 2014 оны 2 сараас 2018 оныг дуустал хамтран амьдарсан болно.
А.Б , Б.П нар нь 2013 оноос танилцаж форекс гадаад валютын арилжааг тус тусдаа хийж байснаа, 2014 оны 11 сараас хамтран хийхээр тохиролцсон юм. Энэхүү хамтран форекс арилжаа хийхдээ Б.П нь Э. Замбага миний нэр дээр 505388 тоот форекс арилжааны данс нэгийг нээж өгсөн.
Б.П өөрийнхөө нэр дээр 506319 болон 506478 тоот хоёр данс нээж А.Б , Б.П нар хамтран нийт гурван дансаар арилжаа хийж эхэлсэн болно.
Миний бие А.Б , Б.П нарын хийж байгаа зүйлд нь оролцдоггүй байсан тул сайн мэдэхгүй, П надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул тэдний хоорондоо бичиж байсан фасебүүк чатнаас уншиж ойлгон, заримыг нь А.Б оос асууж холбогдох хэсгүүдийг нотлох баримтаар шүүхэд авч ирж өгсөн.
А.Б , Б.П нарын фасе бүүк чатны 2014 оны 11 сарын 27- ны өдрийн захидалдаа 505388 тоот дансыг Э. Замбагын нэр дээр Б.П нээж А.Б т бичсэн захиа, дараа нь 2014 оны 12 сарын 12 ны өдөр 506319 тоот дансыг Б.П өөрийн нэр дээрээ нээж, А.Б т дансны нэр болон нууц үгийг бичсэн захиа, дараа нь 2014 оны 12 сарын 14-ны өдөр 506478 тоот дансыг Б.П өөрийн нэр дээрээ нээж А.Б т дансны нэр болон нууц үгийг бичсэн захианууд байгаа болно.
2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А.Б , Б.П нар тооцоо нийлээд 1-р дансанд 5000 ам доллар, 2-р дансанд 10000 ам доллар, 3-р дансанд 4000 ам доллар , бэлнээр 2000 ам доллар нийд 21000 ам доллараар арилжаа эхэлсэн гэдэг.
Гэтэл дараа нь 14000 ам долларын алдагдалд ороход, үлдэх 7000 ам долларыг Б.П өөрөө татаж авсан.
Б.П нь 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр А.Б той тооцоо нийлэн, форекс арилжааны гурван дансны нийт алдагдал болох 18,800$ ам долларт баримт болгох үүднээс зээлийн гэрээ байгуулах санал тавьсан.
Улмаар Б.П , А.Б нар 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гурван дансны бүх алдагдалд санал нийлж баримт болгох үүднээс 18.800 $ ам доллар буюу 36.000.000 төгрөгний үнийн дүнд зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Тухайн өдрийн Монгол банкны зарласан ам долларын төгрөгтэй харьцах ханш 1969 төгрөг байсан.
Үүний дараа Б.П нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр А.Б ийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд эвлэрүүлэн зуучлагч дээр эвлэрлийн гэрээ байгуулахаар урьсан.
Эвлэрүүлэн зуучлагч М.Цэрэнбалжирын оролцоотойгоор 2016 оны 3 дугаар сарын 02- ны өдрийн 85 тоот Эвлэрлийн гэрээ байгуулагдсан.
Энэ Эвлэрлийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г. Амаржаргалын 101/11132016/12510 тоот захирамжаар баталгаажуулан шийдвэрлэсэн болно.
Мөн Б.П нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 9.500.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тухай баримтыг үйлдсэн байдаг.
Б.П ын нэхэмжилж буй 9.500.000 төгрөг нь бүхэлдээ 2016 онд тус шүүхээр шийдвэрлэгдэж, одоо хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт багтсан мөнгө юмаа.
Гэтэл Б.П нь А.Б оос төлбөр гаргуулан авах шүүхийн шийдвэртэй ч, Э.З миний данс руу гүйлгээ хийсэн баримтаар хоёрдох удаагаа нэхэмжлэл гаргаж байгаа нь шунахайн сэдлээр, ашиг олох зорилготой хууль бус үйлдэл гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэж байна.
П 9.500.000 төгрөгийг Замбага надад 6 сарын хугацаатай зээлсэн гэдэг нь худлаа, нэхэмжлэл дээрээ ч Замбага болон түүний нөхөрт зээлдсэн гэж бичсэн байгаа бөгөөд энэ нь А.Б , Б.П нарын Форекс арилжааны хамтын ажиллагааны хөрөнгө оруулалт байсан. Энэ хамтын ажиллагаа нь ямар нэгэн хугацаагүй бөгөөд зээл биш юм. Хэрэв хугацаатай зээл байсан бол Б.П үүнийгээ нотлох ёстой, надаас нэг ч удаа нэхэж байгаагүй.
П Б ийг цагдаад өгч шалгуулаад иргэний хэрэг байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариуг авсан.
Нэхэмжлэгч Б.П нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үнэхээр Замбага надад 9.500.000 төгрөгийг зээлдүүлсэн юм бол түүнээс хойш өдийг хүртэл яагаад нэхэж байгаагүй юм бэ. Энэ цаг үеэс чинь хойш өчнөөн жил өнгөрсөн байхад гэнэтхэн л надаас 9.500.000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.
Энэ бол надад ямар ч хамааралгүй асуудал бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Э.З нь 9.500.000 төгрөгийг эргүүлэн төлсөн болно гэсэн Б.П ын гарын үсэгтэй баримтыг ч би харж байгаагүй, шүүхэд нэхэмжлэл өгсөний дараа энэ баримтыг А.Б оос авсан. Би А.Б , Б.П нарын хийж буй форекс арилжаанд оролцдоггүй, энэ талаар ямар ч мэдлэг, баримт байхгүй тул шүүхэд өгсөн баримтуудыг бүгдийг нь А.Б оос авч шүүхэд өгсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд гэрч А.Б ийн мэдүүлгийг сонсов.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Б.П нь Э.З д холбогдуулан 9.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Э.Замбагын 5037127112 дугаартай Хаан банкны данс руу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 9.500.000 төгрөгийг шилжүүлсэн нь талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна./хх-ийн 5-р хуудас/
Хариуцагч Э.З нь дээрх мөнгийг хүлээн авч түүгээрээ 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4050 ам долларыг авч 499224392 дугаартай өөрийн долларын дансанд хийж, мөн өдөртөө 505388 дугаартай дансанд шилжин орсон байна. /хх-ийн 17-р хуудас/
НЭГ: форекс арилжааны талаар:
Форекс гэдэг нь FOReign Exchange буюу гадаад валютын арилжаа гэсэн үг бөгөөд богино нэр нь FOREX юм. Өөрөөр хэлбэл дэлхий дахинд тархсан электрон системийн тусламжтайгаар арилжаа хийх үйл ажиллагаа буюу биет бус арилжаа юм.
Б.П , А.Б нар нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл А.Б ийн Am Zo фэйсбүүк хаягаар /чатаар/ харилцаж нэг улсын валютыг, өөр нэг улсын валютаар худалдан авч Форекс арилжаа хийж байсан болох нь зохигчийн тайлбар, гэрч А.Б ийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 23-135,137-158-р хуудас/
Иймд нэхэмжлэгч Б.П ыг А.Б той хамтран Форекс арилжаалагч хийж байсан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Б.П нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 506319 тоот, 2014 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 506478 тоот дансуудыг өөрийн нэр дээр нээж, 2014 оны 11 сарын 27- ны өдөр 505388 тоот дансыг Э. Замбагын нэр дээр нээж, А.Б т дансны нэр болон нууц үгийг бичиж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна./хх-ийн 33,34,42,45, 168-170, 176-р хуудас/
Форекс арилжаалагч нар нь дээрх хугацаанд электрон системийн тусламжтайгаар биет бус арилжаа хийхдээ анх 5000 ам $ -аар арилжаа хийх санал гаргаж 506319, 506478, 505388 тоот дансуудаар арилжаа хийж эхэлсэн байх бөгөөд арилжааны явцыг харилцан бие биедээ танилцуулан ажиллаж иржээ. /хх-ийн 23-36-р хуудас/
Арилжааны явцад тэдний байршуулсан мөнгөн хөрөнгө 100% өсөж нийлбэр дүнгээрээ 25.000.000 ам доллар орчим болж байсанаа 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 4.500 ам долларын алдагдалд орж 505388 тоот данс мөнгөгүй болж үлдэх дансуудаар арилжаа хийж, дахин алдагдалд орж, үлдэх мөнгийг Б.П татаж аван хоорондоо тооцоо нийлэхэд 14.000.000 долларын алдагдалтай болж А.Б нь нийт 18.800 ам доллар буюу 36.000.000 төгрөгийн алдагдлыг хүлээн зөвшөөрч энэ дүнгээр нотариат орж гэрээ байгуулахаар тохиролцон, Зээлийн гэрээ байгуулж эвлэрүүлэн зуучлагчид очиж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтогдож байна. /хх-ийн 37, 38, 41, 42,44, 46, 47, 48, 49, 65, 71, 79, 84, 85, 90, 92,93,167-174, 176, 178-181, 19, 21, 22-р хуудас/
Мөн Нэхэмжлэгч Б.П нь А.Б д 36.000.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүгүй, алдангигүй зээлдүүлсэн тухай зээлийн гэрээ үйлджээ./хх-ийн 19-р хуудас/
Б.П нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дээрх зээлийн гэрээний үнийн дүн дээр хохирол гэх 4.000.000 төгрөгийг нэмж нийт 40.000.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлж барагдуулахаар Эвлэрлийн гэрээ байгуулж улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 12510 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарчээ. /ХХ-ийн 19, 21, 22-р хуудас/
Дээрх бүхнээс үзэхэд хариуцагч Э.Замбагын 5037127112 дугаартай Хаан банкны данс руу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гүйлгээгээр орж ирсэн /шилжүүлсэн/ 9.500.000 төгрөг нь Б.П , А.Б нарын хооронд хийгдсэн форекс арилжаанд орж, 505388 тоот дансанд дутуу шилжүүлсэн 1000 ам долларыг нэмж нийт 5000 ам доллар буюу 9.500.000 төгрөгийг Б.П , А.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн Зээлийн гэрээнд багтсан гэж үзэхээр байна.
ХОЁР: Э.З д зээлдүүлсэн гэх 9.500.000 төгрөгийн талаар
Нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Б.П нь хариуцагч /зээлдэгч/ Э.Замбагын 5037127112 дугаартай Хаан банкны данс руу 9.500.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлж, Э.З нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4050 ам долларын 499224392 дугаартай өөрийн долларын дансанд хийж, мөн өдөртөө Австрали улсын PEPPERSTONE компаний форекс арилжааны 505388 дугаартай дансанд 4050 ам доллар /1 ам $ =1895.17 төгрөг, нийт 7.675.438,5 төгрөг/ орсон талаар талууд маргадаггүй болно. /хх-ийн 17-р хуудас/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т заажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Э.З д холбогдуулан ... зээлийн гэрээний үүрэгт 9.500.000 төгрөгийг шаардаж байх бөгөөд энэ эрх нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.
Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Э.Замбагын дансанд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 9.500.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд зээлдүүлсэн мөнгийг нэхэмжлэгчийн тохирсон хугацаа гэх 6 сарын дараа буюу 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлөөгүй байх бөгөөд тэрээр эрх зөрчигдсөн тухайгаа 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзлээ. /х.х-ийн 5-р хуудас/
Нэхэмжлэгч Б.П нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Энхээ овогтой Замбага нь өмнө нь Хаан банкны дансаар шилжүүлэн авсан 9.500.000 төгрөгийг бэлнээр эргүүлэн өгсөн болно гэсэн бичгийг үйлдэж гарын үсэг зурсан байх боловч энэ бичгийг хариуцагч Э.З шүүхэд нэхэмжлэл өгсөний дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардаж авсаны дараа А.Б оос авсан, энэ тухай мэдэхгүй гэж байх тул зээлийн гэрээний үүргийн талаар хариуцагч Э.З тай ярилцаж байсан гэж үзэх үндэсгүй. /хх-ийн 20-р хуудас/
Иймд хариуцагч /зээлдэгч/ Э.З ас 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан Э.З ас 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.П ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтйин хураамжид төлсөн 166.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО