Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/02

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч М.,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  ... овогт О-ийн Б холбогдох 2424000000073 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ... аймгийн ... сум ... багийн ... ...-... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ... регистрийн дугаартай ... овогт О-ийн Б.

Шүүгдэгч О.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт залуу ******* ******* улсын дугаартай ******* ******* ******* загварын тээврийн хэрэгсэл дотор "найзуудтайгаа гадуур гарлаа гэсэн шалтгаанаар хохирогч Н.П-ийн толгой, нүүр, эрүүний доод хэсэг болон нуруу, гарын булчин хэсэг рүү гараараа хэд, хэдэн удаа цохиж, түүний биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүү доод эрүүнд зулгаралт, цус хуралт, 2 шууны зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт үүсгэн, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.   

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Н.П-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Хохирогч Н.П нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

-Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ахиж ийм үйлдэл гаргахгүй гэж найз охиндоо амласан...” гэв.

-Улсын яллагч М.А нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт залуу .............улсын дугаартай ******* ******* ******* загварын тээврийн хэрэгсэл дотор "найзуудтайгаа гадуур гарлаа гэсэн шалтгаанаар хохирогч Н.П-ийн толгой, нүүр, эрүүний доод хэсэг болон нуруу, гарын булчин хэсэг рүү гараараа хэд, хэдэн удаа цохиж, түүний биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүү доод эрүүнд зулгаралт, цус хуралт, 2 шууны зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт үүсгэн, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг болон үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрийг харгалзан прокурортой тохиролцсон ял албадлагын арга хэмжээний хүрээнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Эрүүгийн 2424000000073 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 1-р хуудас/,

- Хохирогч Н.П-ээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед өөрийн найз н.Н, Д.Б нарын хамт “..." нэртэй караокед суусан. Тэнд 2 цаг орчим болсон. Бид гурвыг тэнд сууж байхад манай найз залуу болох О.Б нь 23 цагийн орчимд намайг авах гэж ирсэн. Ирэхдээ манай найз залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд манай найз залуу караоке орж намайг аваад, буцаж гараад машиндаа суулгаад хөдөлсөн. Тэгээд сумын төвөөс гараад зам зуур Шатахуун түгээх станцын дэргэдүүр өнгөрөөд 1-2 км орчим яваад хээр зогссон. Тэгээд намайг "найзуудтайгаа гадуур гарлаа” гэсэн шалтгаанаар машиндаа зодож эхэлсэн. Миний үснээс үсдэж байгаад нүүр хэсэг рүү, эрүүний доод хэсэг рүү, толгой руу болон нуруу, гарын булчин хэсэг рүү хэд, хэдэн удаа цохисон. Намайг шөнөжин машин дотроо цохиод явуулахгүй байсан. Миний гар утсыг булааж аваад машины арын хэсэг рүү шидчихсэн. Тэгээд өглөө үүрээр 05 цаг өнгөрч байхад сумын төв рүү ороод нэг дэлгүүрийн гадаа дэлгүүрээс юм авах орсон хойгуур нь би гар утсаа аваад машинаас бууж зугтаагаад цагдаад дуудлага өгсөн. Манай найз залуу намайг зодох үед хажууд хүн байгаагүй. Бид хоёр л байсан. Би найзуудтайгаа караокед байхдаа 2 ширхэг пиво уусан. Намайг гараа чанга атгаж байгаад хүчтэй хэд, хэдэн удаа зодсон. Манай найз залуу ******* ******* улсын дугаартай ******* ******* ******* загварын тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Энэ машин нь миний машин байгаа юм. Одоо манай гэрийн хашаанд байгаа. Өмнө нь манай найз залуу намайг 2 удаа зодож байсан. Эхнийх нь 2024 оны 9 дүгээр сард манай гэрт намайг цохиж байсан. Тэр үед хажууд манай эгч н.С байсан. Өөр хүн байгаагүй. Дахиж одоогоос 4-5 хоногийн өмнө өөрийнхөө гэрт байхдаа намайг цохиж зодож байсан. Тэр үед хажууд манай найз залуугийн ээж н.Б байсан. Би энэ 2 удаад цагдаад хандаж байгаагүй.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 8-10-р хуудас/,

-Хохирогч Н.П-ээс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би өөрийн биед учирсан гэх гэмтэлд сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Мөн надад эмчилгээний зардалд гаргасан баримт бичиг байхгүй" гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 73-74-р хуудас/,

-Гэрч С.Б-аас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О.Б нь миний хүү байгаа юм. Н.П нь түүний найз охин нь байгаа юм. 2024 оны 6 дугаар сард манайх Н.П-г бэрээ болгож авахаар хадаг сүү тавьсан. Би уг хэрэг гарах үед ... суманд байгаагүй. ... багийн нутаг дэвсгэр ... гэх газар мал дээрээ байсан. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний орой ... сумын төв ороод гэртээ иртэл манай охин "Ээжээ, ах цагдаа дээр байгаа. Архи уусан. Н.П эгчтэй маргалдсан юм шиг байна" гэсэн. Намайг цагдаагийн хэлтэст ирэхэд хүү О.Б болон найз охин Н.П нар байсан. Н.П-ийн нүд нь хөхөрсөн, эрүү нь халцарсан байдалтай байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад "О.Б намайг цохиод” гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Миний хажууд ямар нэгэн байдлаар хэрэлдэж, маргалдсан, хэн нэгнийгээ цохисон зүйл байхгүй" гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 28-29-р хуудас/,

-Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ... сумын шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.С-ын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 000000445 дугаартай "1.Н.П-ийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүү доод эрүүнд зулгаралт, цус хуралт, 2 шууны зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт хохирол тогтоогдлоо. 2. Учирсан хохирол нь хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээг олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирол байна. 3. Учирсан хохирол нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4.Н.П*ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. дүгнэлт /Хавтаст хэргийн 35-36-р хуудас/,

-2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Н.П-ийн биед үзлэг хийсэн эмчийн тэмдэглэл /33-34-р хуудас/  2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 1-р хуудас/,

-Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалд холбогдох бичгийн нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдөрт шилжих шөнө ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт залуу ******* ******* улсын дугаартай ******* ******* ******* загварын тээврийн хэрэгсэл дотор "найзуудтайгаа гадуур гарлаа гэсэн шалтгаанаар хохирогч Н.П-ийн толгой, нүүр, эрүүний доод хэсэг болон нуруу, гарын булчин хэсэг рүү гараараа хэд, хэдэн удаа цохиж, түүний биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүү доод эрүүнд зулгаралт, цус хуралт, 2 шууны зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт үүсгэн, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна. 

  Иймд О.Б-ийн дээрх үйлдлийг ... аймгийн ... сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.     

 

Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.

 Иймд шүүгдэгч О.Б-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр  шүүгдэгчтэй тохиролцсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.

Мөн энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ... овогт О-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргаж хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6.  Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй болохыг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН