Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 126/ШШ2022/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Дамиран Ж.Д /регистрийн дугаар РА68120808/-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга П.М, нийгмийн даатгалын улсын байцаагч Б.М нарт холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга П.М, нийгмийн даатгалын улсын байцаагч Б.М, гэрч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал нарыг оролцуулан хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот актын тогтоох хэсгийн 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах

2. Хэргийн нөхцөл байдал:

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот, Алаг-Эрдэнэ сумын иргэн Ж.Дд хаяглагдсан Төлбөр төлүүлэх тухай актын 3 дахь заалтаар нийт 11 057 000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Төрийн банк дахь 200100030416 тоот дансанд буцаан төлүүлж, тэтгэврийн даатгалын санг хохиролгүй болгохыг Алаг-Эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагчид даалгажээ.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Нэхэмжлэгч Ж.Дд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 103 тоот албан бичгээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тогтоосон 17/153 дугаартай улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл болохыг мэдэгджээ.

4.Нэхэмжлэгч Ж.Д анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тогтоосон 17/153 дугаартай улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүнд:

... Нэхэмжлэгч Ж.Д нь 1968 онд төрсөн, нөхөр Б.Бямбацогттой 1990 онд гэр бүл болж, түүнээс хойш хувьдаа малтай, мал маллаж ирсэн бөгөөд сумын төв дээр амьдардаг хэдий ч малаа хариулах, идээ цагаагаа боловсруулах гээд малчин өрхийн хийдэг бүхий л ажлыг хийсээр ирсэн. Ж.Д нь 2018 оны 12 дугаар сард 50 нас хүрч, малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох баримтуудаа бүрдүүлж өгсөн бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс түүнд өндөр насны тэтгэвэр олгож эхэлсэн байдаг.

2021 оны 12 дугаар сард Алаг-Эрдэнэ сумын Нийгмийн даатгалын байцаагч Ж.Дтай холбогдож, түүний тэтгэврийг буруу олгосон тул цаашид олгохгүй зогсоох, урьд олгосон тэтгэврийн мөнгө 11 057 000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон тухай утсаар мэдэгдсэн бөгөөд тухайн үед Ж.Д би хуульчаас зөвлөгөө авна, хэрвээ намайг төлөх ёстой гэвэл би төлнө гэж хэлсэн байдаг. Гэтэл Алаг-Эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагч Э.Э нь Сонсох ажиллагааны тэмдэглэлд ... Тийм зөрчил илэрснийг хүлээн зөвшөөрч байна, гарсан зөрчлийг арилгаж, төлбөрийн төлнө гэж бичсэн байна.

2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн орчимд Э.Э байцаагч Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021.12.31-ний өдрийн 17/153 дугаартай төлбөр төлүүлэх тухай актыг Ж.Дд гардуулсан бөгөөд Ж.Д нь актыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж гарын үсгээ зураагүй. Тус актаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтыг тус тус үндэслэн Ж.Дд тэтгэвэр олгохыг зогсоож, урьд олгосон тэтгэвэр 11 057 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байсан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д Хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй эсхүл илүү тогтоолгож авсан бол илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно гэж заасан. Ж.Д нь тус актад заасан шиг өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн зүйл огт байхгүй. Учир нь Ж.Д

-1992.01.01-2001.01.01 хүртэл Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 9 жилийг нөхөн тооцуулсан

-2002.01-2006.09 сарыг дуустал 4 жил 9 сар

-2007.01-2009.10 сар дуустал 2 жил 10 сар

-2010.10-2015.12 сар дуустал 5 жил 3 сар тус тус нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсөн бөгөөд түүний улсад ажилласан жил нийт 21 жил 9 сар байгаа юм.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр 4 дүгээр зүйлийн 4.7.2-т зааснаар Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болсон. Энэхүү өөрчлөлт нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ үеэс малчид эмэгтэй 50 нас, эрэгтэй 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож эхлээд байсан. Нөхөр Б.Бямбацогт нь 1963 онд төрсөн бөгөөд 2018 онд 55 нас хүрч, 2019 оны 1 дүгээр сард малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул Ж.Д нь өөрийгөө мөн малчин даатгуулагчаар тэтгэвэр тогтоолгож болох юм байна гэж ойлгоод холбогдох баримтуудаа бүрдүүлэн өгсөн байдаг. Иргэдийн хувьд шаардлагатай гэсэн баримтуудыг бүрдүүлж өгдөг бөгөөд нийгмийн даатгалын байгууллагын олон шатлалт хяналтын үндсэн дээр тэтгэвэр тогтоодог. Ж.Д нь 2021 оны 17/153 тоот актад дурдсан шиг хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн зүйл байдаггүй. Тиймээс нэхэмжлэгч Ж.Д нь урьд олгосон тэтгэврийг эргүүлэн төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.

Тус актыг хүчингүй болгуулахаар 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гомдол гаргахад Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 103 тоот албан бичгээр тус актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариуг ирүүлсэн. Тиймээс тус шүүхэд хандаж Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байсан. Тус хэргийн шүүх хуралдаан 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр товлогдсон бөгөөд шүүх хурлын үеэр хариуцагч талаас Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17/09 дугаартай Акт өөрчлөх тухай актыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Уг актаар Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг үндэслэн маргаан бүхий захиргааны акт болох 17/153 тоот актын хууль зүйн үндэслэлд өөрчлөлт оруулжээ. 17/153 тоот актыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг үндэслэж гаргасан байсныг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэг болгон өөрчилсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засан эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл 2022 оны 17/09 дугаартай актаар 2021 оны 17/153 тоот актын илэрхий алдааг бус хууль зүйн үндэслэл буюу гол зохицуулалтыг өөрчилсөн байгааг илэрхий алдаа гэж яавч үзэхгүй юм.

Тиймээс нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж, 11 057 000 төгрөгийг Ж.Дгаар төлүүлэхээр шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот актын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.

Иргэн Ж.Д бол энэ мөнгийг төлөх үндэслэлгүй. Ж.Д гуай 21 жилийн турш улсад шимтгэл төлж амьдарсан. Мөн 1990 оноос хойш хувьдаа мал маллаж амьдарч ирсэн байгаа. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо ямар нэгэн байдлаар хуурамч бичиг баримт гаргаж өгөөгүй, худал мэдүүлээгүй. Тийм учраас надад тогтоосон актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа. Иймээс нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн 11 057 000 төгрөгийг төлүүлэхээ шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 дугаартай актын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Мал бүхий өрх-ийн өрхийн тэргүүнд малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоож, эхнэрт нь малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэнтэй нэхэмжлэгч маргаагүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийн 1 дэх заалт нь олгогдож буй тэтгэврээс суутгал хийх тухай ойлголт юм. Харин зогсоогдсон тэтгэврээс суутгал хийх хууль зүйн ойлголт байхгүй ... гэжээ.

5.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга П.М, тэтгэврийн байцаагч Б.М нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багт оршин суугч Ж.Д нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нөхөн тооцуулсан 9 жил, нийгмийн даатгалын сайн дурын даатгалыг 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 жил 9 сар, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 02 жил 10 сар, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 05 жил 03 сар, нийт 21 жил 9 сар шимтгэл төлсөн байна. Шимтгэл төлж ажилласан дээрх хугацаа болон бусад холбогдох баримтыг үндэслэн малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоож 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс олгож эхэлсэн байна. Харин Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан удирдамжийн хүрээнд хийгдсэн дотоодын хяналт шалгалтаар иргэн Ж.Дгийн малчин нөхцлөөр тогтоогдсон тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Үүнд:

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчдад олгох архивын лавлагаагаар өрхийн тэргүүлэгч Б.Бын нэр дээр гарсан 1995-2004 оны Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухай оны тооллого-ын бүртгэл малын А дансны лавлагаа, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2005-2009 оны малын А дансны лавлагаа нь мал бүхий өрхийн бүртгэлтэй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2 нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол заалтыг, мөн Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 1.2 (Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгонодахь заалт, 3.1.5, 3.9 дэх заалтуудыг тус тус хангахгүй байна.

Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3 дахь хэсгийн 3.9-д Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа, цэргийн алба хаасан хугацаа, малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй гэж заасан. Харин Ж.Дд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон гэж бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэрт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил компани /17-160715 гэсэн тамга дарсан. Учир нь Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэл нь 1992 онд татан буугдсан. Энэ хөдөлмөрийн дэвтэрт Ж.Дг 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нэгдлийн гуанзад туслах тогоочоор, 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нэгдлийн гуанзанд туслах тогоочоор, 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Тээвэр үйлчилгээний хоршоонд ажилчнаар, 1994 оны 03 дугаар сарын 10-наас Тээвэр, үйлчилгээний хоршооноос чөлөөлж, Мандал-Эрдэнэ ББХК-д тогоочоор ажиллуулав гэсэн бичилт хийгдэж, тамга тэмдгээр баталгаажсан байна.

Ж.Д нь 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон гэх бичилттэй энэхүү хөдөлмөрийн дэвтрийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрөө авчирч өгснийг тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан. Анх тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэхэд энэ хөдөлмөрийн дэвтэр байгаагүй. Харин 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу жил тооцуулахдаа энэ хөдөлмөрийн дэвтрийг хуулбарлаж өгсөн. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан Алаг-Эрдэнэ сумын архивын баримт нь Нийгмийн даатгалын хэлтсийн архивт хадгалагдаж байна. Иймээс хөдөлмөрийн дэвтрийг нуун дарагдуулсан, худал мэдээлсэн гэж үзэж болно.

Иргэн Ж.Д нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 9 жилийг нөхөн тооцуулсан. Нөхөн тооцуулсан дээрх 1992-1994 оны хугацаа нь малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлсэн хугацаатай давхцаж байна. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2, Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3 дахь хэсгийн 3.9-д заасныг тус тус зөрчиж байна. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2-д заасан болзол нөхцлийг хангахгүй байгаа тул Ж.Дд малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоох үндэслэлгүй гэж үзэж 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17/153 дугаартай улсын байцаагчийн акт тогтоож, илүү авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Даатгуулагч нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасны дагуу 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь нээлттэй байна.

... Ж.Д нь 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нэгдлийн гуанзанд тогоочоор, 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Тээврийн үйлчилгээний хоршоонд ажилчнаар, 1994 оны 03 дугаар сарын 10-наас Тээвэр үйлчилгээний хоршооноос чөлөөлж, Мандал-Эрдэнэ ББХК-д тогоочоор ажиллуулав гэсэн бичилт хийгдэж, тамга, тэмдгээр баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийг тэтгэвэр тогтоолгох баримт бичиг бүрдүүлэхдээ өгөөгүй нуун дарагдуулсан. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн Засаг даргаар малчин байсан гэж тодорхойлолт хийлгэсэн. 1991-1994 онд малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлж байсан болох нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн. 1994 оны 03 дугаар сарын 10-наас Мандал-Эрдэнэ ББХК-д тогоочоор ажиллуулав гэсэн бичилт нь энэ хугацаанаас хойш ч мөн малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлж байсан гэх үндэслэлтэй байна. Иймээс Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 3.1.9-д заасан болзол нөхцлийг хангахгүй гэж үзсэн. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд нөхөн тооцуулсан дээрх хугацаа нь малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлсэн хугацаатай давхцсан, малын А данс нь мал бүхий өрхийн бүртгэлтэй байна. Энэ хугацаа нь /1992-2001/ нийт шимтгэл төлж ажилласан хугацаанд хуулийн дагуу тооцогдоно, харин малчнаар ажилласан хугацаанд тооцогдох боломжгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2 нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол заалт Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 1.2 (Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгонодахь заалт 3.9 дэх заалтуудыг тус тус хангаагүй. Харин мал бүхий өрхийн А данстай бол өрхийн тэргүүлэгч нь малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоолгож болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2, Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 1.2, 3.1.3, 3.1.5, 3.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж байх тул Нийгмийн даатгалын хэлтсийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн байцаагч нар илүү авсан тэтгэврийг төлүүлэх тухай акт тогтоосон. Иймд Ж.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анхны нэхэмжлэлийг актыг бүхэлд хүчингүй болгуулах байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. Ж.Д гуай бол 1990 оноос мал маллаж ирсэн гэсэн. Хөдөлмөрийн дэвтэр дээрээ тогоочоор ажиллаж байсан гэж бичигдсэн учраас малчнаар ажилласан гэдэг нь тогтоогдохгүй байна. Малчин өрхийн А дансны мэдээлэл хойшоо задардаг. Мал бүхий өрх бол хойшоо задрахгүй. 1995-2000 оны А данс бол тийм байгаа. Малчин өрх, мал бүхий өрх, бусад өрх гээд гурван тэмдэглэгээ байгаа. Үүний хувьд Ж.Дн хувьд бол нөхөр Б.Бямбацогтын нэр дээр мал бүхий өрх гэсэн тэмдэглэгээ байгаа. Малчин өрх, мал бүхий өрх гэдэг Хөдөлмөрийн тухай хууль дээр жилийн дөрвөн улиралд малаа маллаж байгааг малчин өрх гэж үзнээ гэсэн заалт байгаа. Энэ хуулийн нөхцөл бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.7 дугаар зүйл заалтаар зүйлчилсэн байгаа. Ж.Д гуай бол сумын төвд амьдраад малчин өрхийн хийдэг бүх ажлыг хийсээр ирсэн гэсэн. ... Мэдээж 2018-2019 онд шинэ хууль хэрэгжүүлсэн учраас нийгмийн даатгалын байгууллагын зүгээс хууль болон зохицуулалттай холбоотой хэн нэгний алдаа гарсан байх. Хяналт шалгалтын хүрээнд бид нар тодорхой чиглэлийн дагуу хяналт шалгалт хийх эрх хуулиараа олгогдсон байгаа. Тийм учраас хяналт шалгалтын ажил хийгээд Ж.Д гуайнх бол мал бүхий өрхийн А дансаар тэтгэвэр тогтоосон. Ийм учраас Ж.Д бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.7 дугаар зүйл болон бусад малчны тэтгэвэр тогтоохтой холбоотой журам, заавар чиглэлийг хангахгүй байгаа учраас малчнаар тэтгэвэр тогтоох боломжгүй. Малчнаар тогтоогдсон тэтгэврийг нөхөн төлөх үндэслэлтэй байна.

... Хувийн хэрэг дээр манай байцаагч хүлээж авсан материал дээр гарын үсэг зураад хүлээж авсан байгаа. Үүнд анх хөдөлмөрийн дэвтрээ өгөөгүй байна. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Э.Э байцаагч Ж.Дгаас хөдөлмөрийн дэвтрийг шаардаж гаргуулж авсан. Ж.Дн 2005-2015 он хүртэлх А дансны мал бүхий өрхийн данстай. Өрхийн тэргүүн малчин даатгуулагчаар малчны тэтгэвэр тогтоолгож болно. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн шаардлагыг хангах хэрэгтэй гэж үзэж байна. Иймд тэтгэврийн 11 057 000 төгрөгийг Ж.Дгаас нэхэмжилж төлүүлэх нь зөв юм гэв.

6.Гэрч Э.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

Ж.Д нь өргөдөл, нийгмийн даатгалын хоёр дэвтэр, малын А дансны хуулбар, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тухайн багийн даргын 1992-1994 он хүртэлх мал маллаж байсан гэсэн тоот зэргийг авчирсан. Хөдөлмөрийн дэвтрээ өгөөгүй, хоёр нийгмийн даатгалыг шалгахад ажилласан жил хүрч байсан учраас тэтгэврийн тогтоосон. 20 гаруй жилтэй байсан. 2019 онд малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоохдоо малын А дансаар тогтоодог байсан. Мал бүхий өрх, малчин өрх хоёрыг хооронд нь ялгах дээд шатны байгууллагаас зөвлөмж, чиглэл 2020 оны 04 дүгээр сард ирсэн. Ж.Дн тэтгэврийг 2019 оны 04 дүгээр сард малын А дансны нөхцлөөр тэтгэвэр тогтоодог байсан. Мал бүхий эсэх гээд нарийн үзэж байгаагүй. ... Сүүлд малын А дансаар тэтгэвэр тогтоодог болсон. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17/153 дугаартай актаар Ж.Дгаар төлбөр төлүүлэх тухай эхний удаа утсаар ярьсан. Дараагийн удаа гэрт нь очиж яриа хийсэн. Тухайн үед таны тэтгэвэр 1992-1994 он хүртэлх хугацаанд та хөдөлмөрийн дэвтэртэй байсан байна. Улсаас нөхөн даатгалын 2013 оны хэрэгжсэн хууль дээр таны жил давхцсан байна. Мөн та хөдөлмөрийн дэвтэртэй байсан байна. Танайх мал бүхий өрх байсан учраас таны тэтгэврийг зогсоосон. Авсан хугацааны тэтгэврийн мөнгөө буцааж төлөхөөр болсон гэж уулзсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа гэдэг нь, манай шалгалтаар давхардсан гэдэг нь гарч ирсэн. Өмнө 2013 онд нөхөн тооцуулахдаа хөдөлмөрийн дэвтрээ өгч канондуулж байсан нь гарч ирсэн. Түүнтэй давхардуулсан учраас малчин жил рүү ороод тооцогдоод явсан. Малчин жил хүрэхгүй, бас малын А данс бүхий өрхөөр тэмдэглэгдсэн байсан. ... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

7.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Дгийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот актын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга П.М, нийгмийн даатгалын улсын байцаагч Б.М нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

8.Нэхэмжлэгч Ж.Д нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 дугаар актыг хүчингүй болгуулахаар өргөдөл гаргасны хариуд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 103 тоот албан бичгээр актыг хүчингүй болгох үндэслэлгүй болохыг мэдэгдэж, тэрээр 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

9.Нэхэмжлэгч Ж.Д анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот акт, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17/09 тоот актыг тус тус хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн боловч сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот актын Тогтоох хэсгийн 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах хэмээн өөрчилсөн тул ийнхүү хамгийн сүүлд өөрчлөгдсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

10.Ж.Д нь 1968 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн.

11.Нэхэмжлэгч Ж.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагчид хандан нийт 22 жил 9 сар ажилласан хэмээн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргажээ.

12.Нийгмийн даатгалын байгууллага 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс Ж.Дд тэтгэврийн доод хэмжээ буюу сарын 310 000 төгрөгийн тэтгэвэр тогтоон олгож эхэлжээ.

13.Энэхүү тэтгэвэр тогтоосон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон ... бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, 37.4-т Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно гэж заасны дагуу Ж.Д руу чиглэсэн эерэг үйлчлэл бүхий захиргааны акт юм.

14.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай Нийгмийн даатгалын хэлтсийн 2019-2021 онд шинээр тогтоогдсон тэтгэвэр тогтоолтыг хянаж шалгах ажлын удирдамж-ийн дагуу Ж.Дгийн тэтгэвэр тогтоолтод хяналт шалгалт хийжээ.

15.Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот Төлбөр төлүүлэх тухай Алаг-Эрдэнэ сумын иргэн Ж.Дд хаяглагдсан актаар Ж.Д нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтыг зөрчиж 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үндэслэлгүй тэтгэвэр авсан зөрчил илэрсэн гэж үзэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй эсхүл илүү тогтоолгож авсан бол илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно гэснийг үндэслэн,

1 дэх заалтаар Ж.Дгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тогтоосон №342217 хувийн хэргийн дугаартай, өндөр насны тэтгэвэр олголтыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс түдгэлзүүлэн зогсоож,

2 дахь заалтаар илүү авсан тэтгэвэр нийт 11 057 000 төгрөгийг тэтгэврийн даатгалын санд буцаан төлүүлж,

3 дахь заалтаар актаар төлүүлэхээр тогтоосон нийт 11 057 000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Төрийн банк дахь 200100030416 тоот дансанд холбогдох иргэнээр буцаан төлүүлж, тэтгэврийн даатгалын санг хохиролгүй болгохыг Алаг-Эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагчид даалгаж шийдвэрлэжээ.

16.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.137.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот Төлбөр төлүүлэх тухай акт нь захиргааны актын бүх шинжийг агуулсан Ж.Д руу чиглэсэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

17.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17/09 тоот Акт өөрчлөх тухай актаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн улсын байцаагчийн 17/153 ... дугаартай Төлбөр төлүүлэх тухай акт тогтоохдоо Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалтыг хэрэглэсэн нь буруу гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг үндэслэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол гэж өөрчлөн засчээ.

18.Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан.

19.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17/09 тоот Акт өөрчлөх тухай акт нь өмнөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн улсын байцаагчийн 17/153 дугаартай Төлбөр төлүүлэх тухай актын Тогтоох хэсгийн агуулгад өөрчлөлт оруулаагүй байх тул бие даасан захиргааны акт гэж үзээгүй болно.

20.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: ... 2/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол гэж заасны дагуу Ж.Д нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагчид өргөдөл гаргажээ.

21.Ж.Д нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1992 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал бүгд 9 жил 0 сар нөхөн тооцуулж баталгаажуулжээ. /хэргийн 98 дугаар хуудас/

22.Мөн тэрээр 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015 он буюу /хэргийн 96-101 дүгээр хуудас/ бүгд 14 жил нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан байна.

23.Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1-д Нийгмийн даатгалын байгууллага (байцаагчдаатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно:

... 3.1.3.даатгуулагч Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991-1994 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан бол хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, тухайн орон нутагт мал маллаж оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт гэж заасан байна.

24.Өөрөөр хэлбэл дээрх журамд малчин тэтгэвэр тогтоолгохдоо ... дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, багийн Засаг даргын тодорхойлолт-ыг хавсаргаж өгөхийг шаарджээ.

25.Үүний дагуу Ж.Д нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1701000132 дугаар баталгаажилтын хуудас, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/08 тоот Ж.Д нь 1992-1994 онд Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн нутагт мал маллаж амьдарч байсан нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг хавсаргаж өгсөн байх тул Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1-д заасныг зөрчөөгүй байна.

26.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж,

3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох" гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах ажиллагааг гэж заасан.

27.Хариуцагчийн зүгээс Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3 дахь хэсгийн 3.9-д ... малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн ... хугацааг малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй гэж заасан тул түүний хөдөлмөрийн дэвтэрт Ж.Дг 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нэгдлийн гуанзад туслах тогоочоор, 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нэгдлийн гуанзанд туслах тогоочоор, 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Тээвэр үйлчилгээний хоршоонд ажилчнаар, 1994 оны 03 дугаар сарын 10-наас Тээвэр, үйлчилгээний хоршооноос чөлөөлж, Мандал-Эрдэнэ ББХК-д тогоочоор ажиллуулав гэсэн бичилт хийгдэж, тамга тэмдгээр баталгаажсан хугацааг малчнаар ажилласанд тооцохгүй гэж маргасныг хүлээн авах боломжгүй байна.

28.Учир нь Нийгмийн даатгалын байгууллага буюу төр өөрөө Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.1-д зааснаар Ж.Дгийн 1992-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсныг хүлээн зөвшөөрч олгосон 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1701000132 дугаар баталгаажилтын хуудас хүчин төгөлдөр байна. Төрийн байгууллага өөрийн өмнө гаргасан шийдвэрийг хожим үндэслэлгүйгээр хүлээн зөвшөөрөхгүй байх эрхгүй.

29.Иймд Ж.Дн нөхөн тооцуулсан 1992-1994 оны хугацаа нь малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлсэн хугацаатай давхцаж байна гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

30.Харин Ж.Дд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэрт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил компани /17-160715/ гэсэн тамга дарсан. Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэл нь 1992 онд татан буугдсан хэмээн хариуцагч тайлбартаа дурдсанаас үзвэл татан буугдсан нэгдлийн хөдөлмөрийн дэвтэрт сүүлд байгуулагдсан компанийн тамга дарагдсан тул Ж.Дн 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсан байдлыг нотолж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

31.Ж.Д нь 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон гэх бичилттэй энэхүү хөдөлмөрийн дэвтрийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрөө авчирч өгснийг тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан. Анх тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэхэд энэ хөдөлмөрийн дэвтэрээ өгөөгүй нуун дарагдуулсан гэж хариуцагчийн маргасанд дараах тайлбар өгөх нь зүйтэй байна.

32.Ж.Д нь 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулахдаа Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон гэх хөдөлмөрийн дэвтрийг хуулбарлаж өгсөн нь хэргийн оролцогчдын тайлбар, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

33.Ж.Дгийн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан Алаг-Эрдэнэ сумын архивын баримт нь Нийгмийн даатгалын хэлтсийн архивт хадгалагдаж байгаа талаар хариуцагчийн тайлбараас үзэхэд тэрээр хөдөлмөрийн дэвтрийг нуун дарагдуулсан гэх үндэслэлгүй.

34.Өмнө нь Нийгмийн даатгалын байгууллагад өгсөн, нэгэнт тодорхой болсон мэдээллийг дахин өгөөгүй гэдэг нь мэдээллийг нуун дарагдуулсан үйлдэл болохгүй.

35.Алаг-Эрдэнэ сумын архивын баримт нь Нийгмийн даатгалын хэлтсийн архивт хадгалагдаж байгаа гэж хариуцагч тайлбарласан бөгөөд тэтгэврийн дэвтрийн 342217 дугаартай 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудаст Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд хянаж гарын үсэг зурсан тул нэхэмжлэгч Ж.Дг буруутгах боломжгүй.

36.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийн 1-дтэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс ... үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол гэсэн хуульд заасан нөхцөл бүрдээгүй байна.

37.Хариуцагч талаас Ж.Дгийн нөхөр Б.Бямбацогтын нэр дээр Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тухай оны тооллого-ын баримтад 1995-2004, 2005-2009 оны малын А дансанд мал бүхий өрх гэсэн бүртгэлтэй гэж тайлбарласантай нэхэмжлэгч маргаагүй.

38.Нэхэмжлэгч Ж.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөл гаргахдаа анхнаасаа мал бүхий өрх гэсэн баримтыг гаргаж өгсөнтэй хариуцагч маргаагүй.

39.Ж.Дгийн тэтгэвэр тогтоолгох өргөдөлдөө хавсаргаж өгсөн баримтууд болох 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон 1701000132 дугаар баталгаажилтын хуудас хуурамч биш, түүний нөхөр Б.Бямбацогтын нэр дээрх мал бүхий өрх гэсэн бүртгэлтэй мал тооллогын баримтууд хуурамч биш, нийгмийн даатгал дэвтрүүд хуурамч биш, Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/08 тоот албан бичиг хуурамч биш байхад түүнийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийн 1-д зааснаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж үзэхгүй.

40.Хариуцагч нар Ж.Д нь Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн Засаг даргаар 1992-1994 онд мал маллаж байсан гэж хуурамч тодорхойлолт хийлгэсэн хэмээн тайлбарлаж байгаа боловч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 дугаар актад болон 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлд Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/08 тоот албан бичгийг хуурамч болох талаар дурдаагүй, актын үндэслэл болгоогүй, уг албан бичгийг хуурамч болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийвэр байхгүй байна.

41.Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/08 тоот албан бичгийн үнэн зөвийг тухайн тодорхойлолт гаргасан албан тушаалтан хариуцах ба албан тушаалтны хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тодорхойлолтын үнэн зөвийг иргэн хариуцах хууль зүйн үндэслэлгүй.

42.Нийгмийн даатгалын байгууллага өөрөө Ж.Дгийн 1992-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсныг хүлээн зөвшөөрч олгосон 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1701000132 дугаар баталгаажилтын хуудсаар тооцсон хугацаа болон түүний нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан хугацаа нийлээд 20-иос дээш жил гэсэн хуулийн шаардлага хангаж байсан тул тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч Э.Эийн мэдүүлгээр нотлогдож байна. Энэ тохиолдолд иргэн тамга, тэмдгийн зөрчилтэй өмнөх хөдөлмөрийн дэвтрийг гаргаж өгөх үүрэггүй юм.

43.Харин мал бүхий өрхийн өрхийн тэргүүнд малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоож, эхнэрт нь малчин нөхцлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй хэмээн хариуцагчийн тайлбарласантай нэхэмжлэгч маргаагүй. Ж.Д нь мал бүхий өрх-ийн эхнэр байсан гэдэг үйл баримт 2019 оны 04 сарын 10-ны өдрөөс буюу анхнаасаа тодорхой байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй.

44.Мал бүхий өрх-ийн эхнэрт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: ... 2/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол гэж заасны дагуу тэтгэвэр тогтоох эсэхийг шийдвэрлэх нь нийгмийн даатгалын байгууллагын эрх хэмжээнд хамаарч байна.

45.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д малчин гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгохоор заасан байна. Нэхэмжлэгч Ж.Д нь хууль, журамд заасны дагуу хүсэлт, баримтаа гаргаж өгсний дагуу түүнийг малчин мөн эсэхийг шалган тогтоох нь төрийн байгууллагын чиг үүрэгт хамаарах бөгөөд тэтгэврийн дэвтрийн 342217 дугаартай тэтгэвэр тогтоолтын хуудсаар иргэнд үүссэн хууль ёсны итгэлийг хамгаалах үндэслэлтэй.

46.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: ...4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах.

Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. гэж заасан тул иргэн Ж.Дд үүссэн хууль ёсны итгэлийг хамгаалах нь зүйтэй.

47.Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т ... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ гэж заасан.

48.Зөвхөн гэм буруутай болох нь нотлогдсон этгээд хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд, төрийн байгууллага зөвхөн хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах нь хууль дээдлэх зарчимд нийцнэ.

49.Дээр дурдсанаар иргэн Ж.Д нь хуурамч бичиг баримт бүрдүүлснээс нийгмийн даатгалын санд хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдохгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, иргэнд үүссэн хууль ёсны итгэлийг хамгаалж, сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

50.Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна гэж заасан байна.

51.Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийн 1 дэх заалт нь олгогдож буй тэтгэврээс суутгал хийх тухай ойлголт юм. Харин зогсоогдсон тэтгэврээс суутгал хийх хууль зүйн ойлголт байхгүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй болохыг дурдъя.

52.Шүүх хуралдаанд оролцсон гэрч Э.Эийн мэдүүлэг, хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл /хэргийн 35-36 дугаар хуудас/ зэргээс үзэхэд захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийсэн, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

53.Сонсох ажиллагааг 2001-2015 оны малын А данс мал бүхий өрхөөр тэмдэглэгдэн тэтгэвэр тогтоосон бичиг баримтын бүрдэл зөрчилтэй тул тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоож, илүү авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх гэсэн хүрээнд хийсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийн 1, 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасныг баримтлан Дамиран Ж.Дгийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга П.М, нийгмийн даатгалын байцаагч Б.М нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот актын 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ