Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 308

 

Д.С, Б.Т, Б.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 356 дугаар магадлалтай, 2014260005591 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ц.Э, шүүгдэгч Б.Т нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2013 оны 5 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Д.С нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2013 оны 11 дүгээр сарын 15-нд Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар хорих ялын зарим болох 1 жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосон, Батаад овогт Б.Т нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.А нь Эрүүгийн хуулийн  11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Д.С-ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.С, Б.Т, Б.А нарт тус бүрт 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Д.С, Б.Т, Б.А нар тус бүрт 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сэп 1 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн Д.С-ийн нийт эдлэх ялыг 9 жил хорих ял, Б.Т-ын нийт эдлэх ялыг 8 жил хорих ял, Б.А-ын нийт эдлэх ялыг 8 жил хорих ялаар тус тус тогтоож,

шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.С-ээс 1.992.729 төгрөг, Б.Т-аас 1.992.729 төгрөг, Б.А-аас 1.992.729 төгрөг тус тус гаргуулж, нийт 5.978.187 төгрөгийг хохирогч Ц.Э олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 356 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Э-ийн нэхэмжлэлээс 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ц.Э нь энэ шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг, Д.С 2.400.000 төгрөг, Б.Т 2.400.000 төгрөг, Б.А 2.400.000 төгрөгийг хохирогч Ц.Э-д төлсөн болохыг дурдсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ц.Э гаргасан гомдолдоо: “...Би хөнгөн шингэн, эрүүл биетэй, эмнэлэгт ч хэвтдэггүй хүн байсан. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ асар их хохирсон. Зодуулж хүнд бэртсэнээс хойш 2 сар хүний асаргаанд байж, 4 жил гаруй хугацаанд 7 удаа эмнэлэгт хэвтсэн. Түрүү булчирхайгаа авахуулж нэг эрхтэнгүй тахир дутуу болсон. ... Давж заалдах шатны шүүх хохирол болох 5.978.187 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх хэргийн хамт хянан шийдвэрлэнэ гэсэн заалтыг бүрэн хангаагүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд намайг үг хэлэх боломж олгоогүй бөгөөд Үндсэн хуульд заасан эрхийг хязгаарласан. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүгдэгч нарт давуу байдал олгосон, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн үзэл санаа нь хохирогчийн хохирлыг барагдуулахад чиглэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Т гаргасан гомдолдоо: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн гэх боловч нэг цаг хугацаанд үйлдэгдээд дууссан хэрэгт хуулийг 2 өөр зүйлээр зүйлчлэн олон жилийн хорих ял оногдуулсан байдлыг хянаж өгнө үү. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд дээрэмдэх явцдаа хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан бол мөн хуулийн 11.2 дугаар зүйлээр давхар зүйлчилж ял оногдуулна гэсэн заалт байхгүй. Мөн хуучин хуулийн ерөнхий ангийн 57, 58 дугаар зүйлийн зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ялыг нэгтгэхдээ хэсэгчлэн болон заримыг хүнд зүйл хэсэгт нь багтааж, одоогийн хуулийн заалтаас арай хөнгөн маягаар шийдвэрлэдэг байсан тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй гэж үзэж байгаа юм. Бидний үйлдсэн гэмт хэрэг нь хуучин Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт хамаарна. Нэг удаагийн үйлдлээр үйлдэгдсэн болохоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгээр давхар зүйлчлэгдэхгүй. Хэрэв ингэж зүйлчилбэл 10-20 жилийн хорих ялтай дээрмийн гэмт хэргийн ялд багтана. Иймд хэргийг хянан шалгаж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, цөөхөн жилийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхээс хохирогчийг өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Ц.Э, шүүгдэгч Б.Т нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.С, Б.Т, Б.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж гаргасан шийтгэх тогтоол болон магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр шүүхийн тогтоолоор Ц.Батзоригт холбогдох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж буй өөр хэрэгт нэгтгэж шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нар нь бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Э-ийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, 950.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, бэлэн 236.000 төгрөгийг дээрэмдсэн, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн 7, 8, 10, 12 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушигны бүрэн бус уналт, цээжний хөндий, арьсан доорх хий хуралдалт, бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын хажуу сэртэнгийн далд хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч Д.С нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Өргөө кинотеатрын баруун талд хохирогч Ц.Ө-ийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Д.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Т, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн бөгөөд оногдуулсан ял нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нар нь 2014 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө хохирогч Ц.Э-ийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, биед нь хүнд гэмтэл учруулж, эд хөрөнгийг нь хууль бусаар авсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд тухайн гэмт хэрэгт 10-аас дээш 20 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

Дээрх үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуульд хамаарахгүй болно.

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар нийлмэл гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэх ба шүүгдэгч нарт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн болон бүлэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг тус тусад нь зүйлчилж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэж шийдвэрлэснээр шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордоогүй байна.

Иймд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Б.Т-ын гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Харин анхан шатны шүүх хохирогч Ц.Э-ийн гаргасан 14.678.187 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нарын төлсөн 7.200.000 төгрөг, мөн өмгөөлөгчийн зардалд төлсөн 1.500.000 төгрөгийг хасч, үлдэх 5.978.187 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 1.992.729 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, хохирогч Ц.Э-ийн мэс засал хийлгэхэд гарсан зардал нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой эсэх нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр 5.978.187 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.Э нь гэмт халдлагад өртөн шүүгдэгч Д.С, Б.Т, Б.А нарт зодуулж хүндээр гэмтсэний улмаас өвчин сэдэрч, удаа дараа эмнэлэгт хэвтэж, мэс засал хийлгэснийг үгүйсгэх, түүний гаргасан иргэний нэхэмжлэл, холбогдох баримтыг үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд энэ талаар хохирогч Ц.Э-ийн гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалын шийтгэх тогтоолд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 356 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 356 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН