Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/414

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

  Улсын яллагчаар Э.У,

  Хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Б.Б,

  Шүүгдэгч Г.О, түүний  өмгөөлөгч И.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

  Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Од холбогдох эрүүгийн ..... дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, .....өдөр .... төрсөн, .... настай, .... боловсролтой, .... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл .... оршин суух хаягтай, Г.О, Регистрийн дугаар: .....

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Г.О нь Төв аймгийн Баянчандмань сумын Замт 1 дүгээр баг Илтийн 10-7 тоотод 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.Стай хашаанд үхэр хашлаа гэдгээр шалтаглан маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.О нь мэдүүлэхдээ: “Гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна. Яллах дүгнэлт ойлгогдож байна, тайлбарлуулах шаардлагагүй.” гэв.

 

Хохирогч Д.С нь мэдүүлэхдээ: “2020 онд энэ хүн 2 хүүхдээ над дээр орхиод нүүгээд явсан. Тухайн үед би хашаанд нь үхрээ оруулах гэсэн чинь энэ миний өмчийн хашаанд үхэр хашуулахгүй гээд намайг үсдээд авсан. Би адилхан үсэдсэн. Тэгээд намайг унагаагаад миний дээр гарч сууж байгаад зодсон. Тэгээд тэнэг, янхан авгай, чамайг боож алаад шороонд булаад хэдэн үхрийн чинь сэвсийг гоожуулна гэж хэлсэн. Надаа хохирол төлөөгүй. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ.” гэв.

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.О нь Төв аймгийн Баянчандмань сумын Замт 1 дүгээр баг Илтийн 10-07 тоотод 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.Стай хашаанд үхэр хашлаа гэдгээр шалтаглан маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд “дээд баруун 3 шүдний булгаралт, зүүн талын 4-р хавирганы хугарал, баруун, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Сгийн ...2020 онд энэ хүн 2 хүүхдээ над дээр орхиод нүүгээд явсан. Тухайн үед би хашаанд нь үхрээ оруулах гэсэн чинь энэ миний өмчийн хашаанд үхэр хашуулахгүй гээд намайг үсдээд авсан. Би адилхан үсэдсэн. Тэгээд намайг унагаагаад миний дээр гарч сууж байгаад зодсон. Тэгээд тэнэг, янхан авгай, чамайг боож алаад шороонд булаад хэдэн үхрийн чинь сэвсийг гоожуулна гэж хэлсэн. Надаа хохирол төлөөгүй. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ..., мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Сгийн... Би Төв аймгийн Баянчандмань суманд хэдэн мал маллаж амьдардаг хүн байгаа юм. 2024 оны 7 дугаар сарын 21-ний оройны 20 цагийн орчимд хэдэн үхэрээ өөрийн ач хүү болох Түвшинбаярын эзэмшлийн хашаанд оруулсан байсан чинь манай хүү Болдбаатартай хамт амьдардаг байж байгаад 2022 онд шүүхээр ороод гэр бүлээ салгасан манай хуучин бэр болох .... гэх эмэгтэй ирээд та миний өмчлөлийн газарт үхэр оруулсан байна үхэрээ ав энэ газар миний өмчлөлийн газар гээд бид хоёр маргалдаж эхэлсэн би тухайн үед ....а гэх хүний өөдөөс энэ миний ач хүүгийн өмчлөлийн газар гээд хэлтэл балай авгай минь наад үхрээ аваад манай хашаанаас зайл гээд миний үснээс зулгааж бариад авхаар би зөрүүлж ... гэх эмэгтэйгийн үснээс зулгааж зууралдсан чинь ....намайг газар унаган миний дээрээс өвдөглөж дарж сууж байгаад миний нүүрлүү гараараа цохиж намайг өөдөөс үг хэлэхээр гарын салаавч гарган миний ам руу гарын салаавчаа чихэж “балай янхан авга минь чамайг би энд цусгүй боогоод ална шүү” гээд намайг дээрээс дарж цохиж зодож байх үедээ танай малын сэвсийг гоожуулаад алчиж чадна шүү гээд миний дээрээс дарж байгаад намайг маш их удаан хугацаанд зодсон тухайн зодуулсаны улмаас миний биеийн баруун талын 4 дэх хавирга хугарсан одоо миний цээж хэсэг өвчтэй амьсгаа авч болохгүй байгаа би тухайн хүнд зодуулсаны улмаас өөрийн биед учирсан гэмтлийг нарын мэргэжлийн эмнэлэг болон шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Тухайн үед О гэх хүний хоёр дүү ирсэн байсан хамт байсан мен миний дүү Нацаг гэх хүн хамт байсан юм. Би тухайн өдөр гадаа бороо ороод гадаа шавартай байхаар би тухайн өөрийн ач хүү Т нэр дээрх эзэмшлийн хашаанд би үхрээ хашиж байсан юм. Миний биеийн баруун талын 4 дэх хавирга хургасан, хамар муруйсан, нүүр хэсэг хэсэг газарт шалбарч хавдаж хөхөрсөн байгаа, цээж хөндүүртэй байна. Би тухайн орой О гэх хүнийг үснээс зулгаасан О миний үстэй толгойноос түрүүлээд зулгааж зуураад байхаар нь би зөрүүлж үсдсэн юм. Би өөрийнхөө биед гэмтлийг шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Бид хоёр ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Би гомдолтой байна зүгээр байж байгаад малаа хүүгийнхээ хашаанд хашсаны төлөө хүнд зодуулж биедээ гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирч байгаадаа маш гомдолтой би өөрийн биед учирсан гэмтэл бэртэлийн эмчилгээний зардал мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Г өгсөн...“Эрүүл мэндийн даатгалын сангийн лавлагаар харахад Д.С /РД:.../ нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ГССҮТ-өөс 124.762 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянчандмань сумын эрүүл мэндийн төвөөс 80.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Лимон фармаас 26.982 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянчандмань сумын эрүүл мэндийн төвөөс 50.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 296.369 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 28.350 төгрөг нийт 606.463 төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээг тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан 606.463 төгрөгийг буцааж улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн .... дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Н... 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би Төв аймгийн Баянчандмань суманд С эгчийн гэрт байсан чинь С эгчийн хүүтэй сууж байсан хуучин бэр болох О С эгчийн гэрт орж ирээд та манай миний хашаанд үхэр хашлаа гээд уурлаад хэрүүл хийгээд С эгчийн үснээс чирч гаргаад газар унагаагаад дээрээс нь өвдөглөөд хавирга хэсэг рүү нь гараараа цохисон үснээс мөн зулгаагаад байхаар нь би салгасан. Тэгээд О яваад өгсөн би С эгчийг аваад эмнэлэг очиж үзүүлсэн. О нь С эгчийг үсдэж аваад газар унагаагаад хөлөөрөө хавирга хэсэг рүү 4 удаа өшиглөсөн мөн дээрээс нь өвдөглөөд гараараа нүүр ам болон хавирга хэсэг рүү нь олон удаа цохисон яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна. С нь О зодож цохисон зүйл байхгүй. О нь учиргүй дайраад байхаар нь өөдөөс нь ганц хоёр түлхсэн байх хөгшин хүн юун хүн зодож чадахгүй. О, С хоёр нь архи уугаагүй эрүүл байсан.... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “1 дүгээр асуултад: Д.Сгийн биед дээд баруун 3 шүдний булгаралт, зүүн талын 4-р хавирганы хугарал, баруун, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, шүүгдэгч Г.О яллагдагчаар өгсөн... Би тогтоолтой уншиж танилцлаа. Би ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хэргийн талаар урьд өмнө нь дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа одоо мэдүүлэг өгөхгүй. Эхлээд С нь миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд Сгийн үснээс зулгаасан. Тэгээд газар унаагаагаад дээрээс нь дарж суусан. Ер нь бол С нь түрүүлж намайг цохисон бид хоёр харилцан зодолдсон. Би өмнө нь С гэх хүний хүүхэдтэй гэр бүл болж байсан манай хадам ээж байсан. Би хүүхдээс нь салаад 3-4 жил болж байна. Тухайн хэрэг болох үед С нь манай хашаанд үхрүүдээ оруулсан байхаар нь би хашаанд үхэр малаа битгий оруулаа баас шээс нь дийлдэхгүй байна гэж 2-3 удаа сануулж хэлхэд улам зөрөөд манай хашаанд оруулаад байхаар нь би уурласан юм. Гэтэл миний өөдөөс дайраад бид хоёр барилцаж авсан. Би одоогоор С хохирол мөнгө төлсөн зүйл байхгүй байгаа...” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Г.О холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдий, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Шүүгдэгч Г.О хохирогч Д.Сг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Г.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршигийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Сгийн эрүүл мэндэд "дээд баруун 3 шүдний булгаралт, зүүн талын 4-р хавирганы хугарал, баруун, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, баруун, зүүн хацарт цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардал нэхэмжлээгүй болно.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэсний дагуу,                  Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг “Хоёрдугаар” зэрэглэл 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Хохирогч Д.Сгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хоёрдугаар” зэрэглэлд тогтоосон байх тул хохирлыг гаргуулах нь зүйтэй.

“Сэтгэцэт учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баяалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь саргаар өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгох ба сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.

 Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Сгийн сэтгэцийн хор уршигийн зэрэглэл “Хоёрдугаар” зэрэглэлд хамаарч байх ба 5*660.000=3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Сд олгож, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 606.463 төгрөгийг шүүгдэгч Г.Оас гаргуулахаар тус тус шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хохирогч Д.С энэ хэрэгтэй холбоотой гаргасан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу Г.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Г.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

  Шүүх шүүгдэгч Г.Од хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 3/гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн ..... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч ргал нь цагдан хоригдсон хоноггүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О 3/гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Од шүүхээс тогтоосон .... нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Г.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Оас 3.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Сд олгож, 606.463 төгрөгийг шүүгдэгч Г.Оас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч Д.С энэ хэрэгтэй холбоотой гаргасан эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ДЭЛГЭРМӨРӨН