Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 33

 

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

Хэргийн индекс: 135/2018/00807/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Оюунцэцэг даргалж шүүгч Г.Давааренчин, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1138 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Б-

                  Б. А- нарт холбогдох

“Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр Ч.Б-ыг бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Орон сууц хамтран өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга хамтран өмчлөгч болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Ч.Б-, түүний өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б-, хариуцагч Ч.Б-, хариуцагчийн өмгөөлөгч О.Энхсаруул, М.Ганзориг, хариуцагч Б.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Ч.Б-аас:

Би өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг Согоот 6 хороолол 13-78 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцандаа ганцаараа амьдардаг байсан. Тухайн үед байрандаа байхад өвчний улмаас нойр хүрдэггүй, их зовиур шаналгаатай, ганцаараа байж чадахгүй байсан. Ах холбоонд инженер хийдэг байсан. Би ахдаа Хас банкинд зээлтэй байгаа, тэрийг та төлөөд манай байранд суу гэж бид хоёр тохиролцсон. Тэгтэл эхнэр нь удалгүй ирсэн гэж дуулдсан. Тэгээд байж байтал ах маань том хүүдээ байрны урьдчилгаа хэрэгтэй байна, байрыг чинь худалдаж авч байгаа мэтээр гэрээ хийж банкнаас зээл авъя гээд 23.000.000 төгрөгөөр гэрээ хийгээд мөнгийг нь ах, бэр хоёр аваад хот явсан. Надад нэг ч төгрөг өгөөгүй. Ахыг байрандаа байгаа гэж бодож байтал саяхнаас уг байрандаа байхгүй, мөн охиноо өмчлөгчөөр оруулсныг мэдлээ. Энэ талаар ахтайгаа уулзаж асуухад байрыг чинь өгнө өө гэдэг. Иймд би байраа огт худалдаагүй, ахаас байрны мөнгө гэж ер аваагүй, тэрээр байрны урьдчилгаа мөнгө олж өгөх гэж надтай дүр үзүүлэн гэрээ хийсэн. Иймд бидний хооронд байгуулсан гэх худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон, орон сууцны өмчлөх эрхийг сэргээн, улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ч.Б-гаас:

Ч.Б-ын тавьсан шаардлагын аль алийг нь хүлээж авахгүй, Ч.Б- намайг нэг өдөр дуудаж би танд байраа бэлэглэе гэсэн, ах дүү нар ч хэлсэн дүү чинь чамд байраа өгч байна гэсэн, 2008 оны 05 дугаар сард би байрандаа орсон өөрөө түлхүүрийг нь өгч оруулсан, 2008-2010 он хүртэл би байранд байсан, энэ байр миний эзэмшилд байсан гэж би бодсон, гэтэл Ч.Б- байрыг зээлд тавьсан байсан, тавихдаа 2008 оны 06 дугаар сард эхнэр маань 2,3 удаа урагшаа явж барилгын материал авчирч байранд засвар хийсэн хаалганаас эхлээд бүгдийг сольсон. Тэгээд байрыг банкны зээлд тавьсан. Гэтэл Ч.Б- байрыг банканд үзүүлээд 2008 онд өндөр хүүтэй зээлийн барьцаанд тавьж зээл авсан байсан. Зээлийг төлж байгаад дараа нь төлөхгүй орхиод Дашням гэдэг хүн төлсөн байгаа, тэр хүнийг би танихгүй, дараа нь манай дүү Ч.Баярцэнгэл төлсөн байгаа, манай эхнэр надад хэлсэн чамд энэ байрыг өгсөн л юм бол гэрчилгээг нь аваач гэж, гэрчилгээг нь авч өөрийн болгож авъя гэж хэлдэг байсан. 2010 онд миний дүү Ч.Баярцэнгэл манай эхнэр лүү утасдаж банк энэ байрыг зээлийн төлбөрт авах гээд байна гэсэн, эхнэр бид 2 энэ байрны зээлийг төлж авъя гээд зээлийг төлсөн. Манай хүүхэд оюутан, би 2 банканд зээлтэй байсан. Нэгэнт бидний эзэмшилд байгаа юм чинь зээлийг төлье гэхэд Ч.Б- зөвшөөрсөн хэн ч албадаагүй, зээлийг хамт очиж хаагаад гэрээ хийсэн, худалдах-худалдан авах гэрээ хийсэн. 2010 онд зээлд 3, 4 сая төгрөг бараг төлсөн. Бид 2010 онд худалдах-худалдан авах гэрээ хийж мөнгийг авсан баримт нь хэрэгт байгаа, албан ёсоор гэрээ хийж 2010 онд өөрийн эзэмшилд аваад охиноо хамтран өмчлөгчөөр оруулсан. 1 өрөө байрыг тухайн үеийн үнэлгээгээр 23.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Баримт нь байгаа тиймээс би байраа охиндоо 2 өрөө байр авахын тулд Монгол банканд барьцаанд тавьж зээл авсан 9.000.000 төгрөг байршуулсан, 14.000.000 төгрөг зээлсэн, би болон миний охин энэ байрны шударга өмчлөгч юм гэжээ.

Хариуцагч Б.А-гаас гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар дээрх орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэж байгаа бөгөөд миний өмчлөх эрх хөндөгдөж байна. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын согоот баг 6 дугаар хороолол 13-р байрны 78 тоот 1  өрөө байрны хамтран өмчлөх эрхийг намайг шударгаар олж авсан, дээрх орон сууцны шударга хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Б- нь 9.000.000 төгрөгийг бэлэн банканд байршуулж, 14.000.000 төгрөгийг банкнаас зээлэхэд би хамтран зээлдэгчээр оролцсон, худалдах-худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн гэж баттай хэлэх байна, нотариат дээр очиж энэ гэрээг хийсэн, гэрээ хийхэд Ч.Б-, Ч.Б- бид гурваас өөр хүн байгаагүй гэжээ.

            Хариуцагч Б.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А- 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр уг маргаан бүхий орон сууцанд хамтран өмчлөгчөөр орсон дангаараа энэ байрыг өмчилсөн зүйл байхгүй. Ч.Б- болон Б.А-гийн нарын нэр дээр энэ өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Уг гэрээ худалдагч тал худалдан авагч талд 23.000.000 төгрөгөөр гэж үнийг тохиролцсон байдаг. Энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж байгаа боловч энэ 23.000.000 төгрөгийн тухайн үед уг орон сууц 23.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн мөнгө шилжүүлэн өгсөн зарлагын ордерыг хавтаст хэрэгт авагдсан байгаа, Ч.Б- гэдэг хүн мөнгө хүлээж авсан байгаа, энэ баримтаар уг байр 23.000.000 төгрөг гэдгийг нотолж байна, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1138 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг баримтлан Ч.Б-, Ч.Б- нарын хооронд байгуулагдсан 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Ч.Б-гаас 45.166.327 төгрөгийг гаргуулж Ч.Б-д олгож,

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар орон сууц хамтран өмчлөх эрхийг шударгаар олж авсан, шударга хамтран өмчлөгч болохыг тогтоолгох тухай хариуцагч Б.А-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 110.831 төгрөг нөхөн гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Ч.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 383.781 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б-д олгож, нэхэмжлэгч Ч.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272.950 төгрөг, хариуцагч Б.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273.000 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Б-, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

            Дээрх анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. ...Дээрх хэргийн нөхцөл байдал дээр Ч.Б- маргадаггүй бөгөөд би ахдаа Хас банкинд зээлтэй байгаа тэрийг та төлөөд манай байранд суу гэж бид хоёр анх тохиролцсон...” гэх тайлбарыг гаргадаг. Бодит байдал дээр 2008 оны 05 дугаар сард Ч.Б- нь уг орон сууцыг эзэмших болсон бөгөөд 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ч.Б- банкны барьцаанд тавьж зээл авсан байдаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй байна. ...бэлэглэлийн гэрээний санал өөрчлөгдөж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулах тухай тохиролцоо явагдсан. Ингээд 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр орон сууцны үнийг 23.000.000 төгрөгөөр, орон сууцны үнийг төлөх нөхцөлийг гэрээний 3 дахь заалтаар банкинд 9.000.000 төгрөг байршуулсан бөгөөд 14.000.000 төгрөгийг лизингээр төлөхөөр тохиролцсон. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, шинжээч Капитал зууч ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулах үед гэрчилсэн нотариатч Б.Энхчимэгийг мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Гэтэл шүүх дээрх нотлох баримтуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл нолохгүй гэж заасан. Шүүх дээрх нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй талаар хуульд үндэслэн хөдөлшгүй байдлаар тайлбарлах үүрэгтэй гэтэл шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд яагаад үнэлээгүй талаар тайлбарлаагүй нь үндэслэлгүй болжээ. Ийнхүү шүүх хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай холбогдолтой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг  тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй  байна. 

Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч Ч.Б-, Б.А- нарт холбогдуулан Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр  Ч.Б-ыг бүртгэхийг  Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэл гаргасныг,

            Хариуцагч нар “...байрыг тухайн үеийн үнэлгээ 23.000.000 төгрөгөөр худалдаж авсан..., ... албан ёсоор гэрээ хийж..., ...өөрийн эзэмшилд аваад охиноо хамтран өмчлөгчөөр оруулсан..., ...би болон миний охин энэ байрны шударга өмчлөгч...” гэж  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна.

Хариуцагч Б.А- “Орон сууцны шударга хамтран өмчлөгч  болохыг тогтоолгох”  сөрөг нэхэмжлэлийг  нэхэмжлэгч Ч.Б-д  холбогдуулан гаргажээ.

            Ч.Б- нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг Согоот 6 хороолол, 13 дугаар байр, 78 тоот нэг өрөө орон сууцны өмчлөгч  байсан  2008 онд тус байрыг Ч.Б-д эзэмшүүлсэн, дараа нь 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр  худалдах-худалдан авах гэрээ байгуулсан  байна. \хэргийн  6 дугаар тал\

            Нэхэмжлэгч дээрх худалдах-худалдан авах гэрээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл  учир хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “...орон сууцыг худалдах зорилгогүй байсан, ах банкнаас зээл авахыг хүссэн тул..., ...гэрээ хийсэн..., ...орон сууцны үнэ 23.000.000  төгрөг аваагүй..., гэж тайлбарласан байна.

            Хэрвээ дүр үзүүлж хэлцэл хийсэн бол талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг. Талууд хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, энэ үйлдлээр  гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэх хүсэл сонирхолтой байна.

            Тухайлбал: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “... худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг  худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг  тус тус хүлээнэ. “   гэж  заасан  тэгвэл хуулийн энэ заалтыг мөрдөх хүсэл эрмэлзэлгүй байхыг  ойлгоно.

Гэтэл зохигчид худалдах-худалдан авах гэрээний дагуу Ч.Б-аас  Ч.Б-н өмчлөлд орон сууцыг шилжүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, Ч.Б- үнийг банкнаас зээл авч, Ч.Б- уг мөнгийг хүлээн авсан нь  нотлох баримтаар тогтоогдсон байна.

Ч.Б- 23.000.000 төгрөгийг Хас банкнаас бэлнээр хүлээн аваад  Ч.Б-д хүлээлгэн өгсөн гэх боловч түүний уг тайлбар нь  гэрч  Ч.Баярбаясгалан \1 дүгээр хавтас 103 дугаар тал\ Ч.Баярсайхан \1 дүгээр хавтас 134 дүгээр тал\ , Ч.Баярцэнгэл \1 дүгээр хавтас 137 дугаар тал\, Г.Ханд \ 1 дүгээр хавтас 140 дүгээр тал\   нарын мэдүүлгээр  бүрэн тогтоогдохгүй  байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө  өмчлөх эрх Ч.Б-ынх дуусгавар болж, Ч.Б-д өмчлөх эрх үүсч,  гэрээний зүйлийн үнийг Ч.Б- хүлээн авснаар нэхэмжлэлд дурдсан   үндэслэлүүд нь үгүйсгэгдэв.

Ч.Б- нь Ч.Б-д маргааны зүйл болох орон сууцаа 2008 оноос  түр эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзнэ. Харин дараа нь зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдэж, энэ гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцох  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болж чадахгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Б-ын “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөгчөөр улсын бүртгэлд  бүртгүүлэх нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-ыг буруу тайлбарлан хэрэглэсэн,  нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан Б.А-гийн сөрөг нэхэмжлэл нь хуульд нийцээгүй  байна.

Сөрөг нэхэмжлэл нь агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзсан буюу нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хариу тайлбарын үндэслэл байх тул сөрөг нэхэмжлэл гэж үзэх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан аль нэг шийдвэрийг шүүх гаргаагүй байхад өмчлөх эрх зөрчигдсөн гэж урьдаас үзэх боломжгүйг шүүх анхаараагүйг  тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Баянжаргалын хариуцагч Ч.Б-, Б.А- нарт холбогдуулан гаргасан 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байхыг тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг, Согоот 6 дугаар хорооллын  13-78 тоот  байрны өмчлөгчөөр  бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3--т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдолд төлсөн 383.781 төгрөгийг, төрийн сангийн  орлогоос  шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                        ШҮҮГЧИД                                       Г.ДАВААРЕНЧИН          

                                                                                                               С.ЭНХЖАРГАЛ