Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/451

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Э.У,

иргэдийн төлөөлөгч С.Д,

шүүгдэгч Ж.Х,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Хт холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... төрсөн, ..... оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, .... дугаарын регистртэй, Ж.Х.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ...гудамж 01 тоотод байхдаа иргэн Ж.Эын зүүн урд хавирга тус газарт 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл гэмтэл бүхий хүнд санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн,

мөн шүүгдэгч Ж.Х нь согтуугаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг, 17-3 тоотод байх иргэн Э.Чын гэрт Ж.Нтай ахын дүү гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж нүүр хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ж.Х нь мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ...... дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ...гудамж 01 тоотод байхдаа иргэн Ж.Эын зүүн урд хавирга тус газарт 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл гэмтэл бүхий хүнд санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн,

мөн шүүгдэгч Ж.Х нь согтуугаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг, 17-3 тоотод байх иргэн Э.Чын гэрт Ж.Нтай “ахын дүү гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж нүүр хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах:

 

            Хохирогч Ж.Эын: “...Миний төрсөн эгч Эийн төрсөн хүү байгаа юм. Би нагац ах нь. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 18 цаг өнгөрч байхад гаднаас манай дүү Х шал согтуу, хөл дээрээ тогтохгүй манай гэрт буюу Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг 3д-01 тоотод ирсэн. Гэрт орж ирээд суугаад байж байтал тоононд тогтоосон байсан гэрэл масслаад анивчаад байсан. Тэгээд Х босч үзээд гэрлийг потроноос нь татаад салгачихсан. Би гэрэл засах гээд улаан иштэй отвёрк аваад гэрлээ засах гээд байж байтал Х жижиг бор иштэй хутга барьчихсан, ямар удаан засдаг юм бэ гэж хэлээд зүүн хавирга тус газарт 1 удаа хутгалсан. Тэгэхээр нь би саарал малгайтай цамцан дээрээ куртка өмсөөд, гутлаа өмсөөд гэрээс гараад зугтсан. Гэрээс гараад гүйж байтал Х араас байж бай хөөе гэж хэлээд намайг араас хөөсөн. Тэгээд би доод хашааны булан эргээд цагаан байрны хажууд хальтарч унасан. Тэгтэл Х араас гүйж ирээд хэвлий хэсэгт 3 удаа дэвссэн. Тэгээд намайг бос гээд миний малгайтай цамцны малгайнаас чирээд гэртээ ор гээд намайг татаад аваад явсан. Гэрт орж ирэхэд зүүн хавирга хэсгээс цус гарсан. Тэгэхээр нь би сальфетка авч арчиж, цусаа тогтоосон. Тэгээд толинд харахад 2 нүд улайчихсан байсан. Тэгээд би нүүр гараа угаагаад орондоо ороод хэвтсэн. Миний хажууд утсаар яриад хэвтэж байгаад 22 цаг болж байхад усны аж ахуй очиж хонолоо, өглөө ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Тухайн үед гэрийн гадаа машин ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 01 сарын 05-ны өдөр 10 цаг болж байхад Х гэрт ирсэн. Ирээд намайг “бие гайгүй юу” гэж асуугаад эмнэлэг орж үзүүлэх үү гэж асуусан. Тухайн үед миний хэвлийгээр өвдөөд байсан болохоор Хтай хамт эмнэлэг явсан. Тэгээд хүлээн авах дээр очиход урагшаа орж үзүүл гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гараад за за гайгүй байлгүй дээ гэж хэлээд хойд таксины буудлын эмийн сан ороод өвчин намдаах эм, толгойны эм, үрэвслийн эм авсан. Тэгээд Хтай хамт гэрт ирсэн. Гэрт ирээд эмээ уучихаад байж байтал Х би гарчихаад ирье гээд явсан. Тэгээд 2 өдөр гэртээ хэвтээд 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 23 цаг өнгөрч байхад хэвлийгээр хүчтэй өвдөж хоол цай орохгүй байхаар нь ээжид хэлээд түргэн дуудсан. Тэгээд эмнэлэг эмч ирээд авч явсан. Хүлээн авах дээр ирээд маргааш өглөө яваад ирээрэй гэхээр нь ээж, ахын хамтаар 01 дүгээр сарын 08-ны өдөр өглөө 09 цагт эмнэлэг явсан. Очоод шинжилгээ өгөөд эхо болон рентгенд харуулсан. Гантулга эмч үзээд яаралтай хагалгаанд ор гээд орохоор болсон. Тухайн үед Хтай муудалцаж маргаагүй. Х “ямар удаан гэрэл янзалдаг юм” гээд гэр дотор наашаа цаашаа холхиод байсан. Тэгээд эргээд хартал хутга барьчихсан байсан. Тэгээд юм хэлэлгүй намайг хутгалсан. Манайх 4,5 хутгатай манай гэрийн хутга бол биш байсан. Жижиг бор өнгийн хүрэн судалтай хурц иртэй хутга харагдсан. Одоо хутга хаана байгааг мэдэхгүй. Х намайг хутгалахад бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Зугтаагаад гэрээс гарч яваад буцаж орж ирэхэд ээж орон дээрээ хэвтэх гээд сууж байсан. Гаднаас орж ирэхдээ ээжид юм хэлээгүй, цааш харж байгаад Хтай хамт цусаа цэвэрлэсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Х нэлээн согтуу хэл ам нь ээдэрсэн, хөл дээрээ тогтохгүй байсан. Дээгүүрээ саарал өнгийн малгайтай цамцтай байсан. Доогуураа ноосон саарал өмдтэй байсан. Цамцан дотроо подволк өмсөөгүй байсан. Гэрээс гарахдаа хар куртка, гутал өмссөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/,

Хохирогч Ж.Эын дахин өгсөн “...Миний биеийн байдал одоо гайгүй байгаа. Хоол ундаа өөрөө идэж байгаа. Эмнэлгийн хяналтанд байгаа шархандаа боолт хийлгэж байгаа. Би сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирол гаргуулахгүй. Надад дүү Хаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Ц “...Миний отгон хүү байгаа юм. Би Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг ЗД-01 тоотод хүү Эын хамт амьдардаг. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай хүү Э хувцас угаана гээд хувцасаа гаргаад тавьчихсан байсан. Тэгээд 15 цагийн үед юм шиг санагдаж байна манай хүү гараад явсан. Удалгүй 16 цагийн үед согтуу орж ирсэн. Тэгээд миний даралт ихсээд байсан болохоор гэрт байсан 0.33 литрийн хараа нэртэй архиа ганцаараа уусан. Тэгээд хүү Этай хамт байж байхад манай зээ хүү Х гаднаас орж ирсэн. Тэгээд гэрэл асаасныг санаж байна. Миний хүү ирж байгаа юмуу гэж асуухад тиймээ гэж хэлсэн. Тэгээд маргааш буюу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 06 цагийн үед сэрсэн. Тэгээд сэрээд харахад зүүн талын орон дээр манай хүү Х, хүү Э хоёр унтаж байсан. Тэгээд Э надад ийм юм болчихсон байна гээд цамцаа сөхөж харуулсан. Тэгээд харахад зүүн талын цээжний дунд хэсэгт жижиг шарх байсан. Тэгээд хүүгээсээ яасан юм бэ гэж асуухад зүгээрээ зүгээр ээж битгий санаа зов гэж хэлсэн. Харин Х босоод гараад явсан. Тэгээд Х өвчин намдаах цагаан эм, шарх арчдаг шингэн уусмал аваад ирчихсэн байсан. 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Э хоол унд идэхгүй өвдөөд байна гэхээр нь 23 цаг өнгөрч байхад 103 руу залгаад дуудлага өгсөн. Тэгээд эмч нар ирээд манай хүүг эмнэлэг рүү надтай хамт авч явсан. Эмч нар үзээд маргааш 08 цаг 50 минутанд амбулаторийн гэмтлээр үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би хүү Эрдэнэбатад залгаж хэлээд эмнэлэг дээрэ ирж ав гэж хэлсэн. Э болон Эрдэнэбатын хамт эмнэлэг дээр ирээд шинжилгээ өгч эход үзүүлсэн. Тэгтэл эмч нар яаралтайгаар хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлсэн. Хыг орж ирэхэд би баруун талын орон дээр унтаж байсан. Тэгээд Х гэрэл асаахад нь сэрээд миний хүү ирсэн юм уу гэж асуучхаад буцаад унтаад өгсөн. Би унтаж байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Манай хоёр хүү хоорондоо ах дүүгийн хэвийн сайхан харилцаатай байдаг. Хоорондоо маргалдаж байгаагүй. Гэрийн байдал бол өмнөх шигээ хэвийн эвдэрч гэмтсэн зүйл байхгүй, цус болсон зүйл харагдаагүй. Хэн чамайг ингэсэн юм бэ? Яачихсан юм бэ? Гэж асуухад хэн гэдгийг хэлээгүй зүгээрээ зүгээр ээж гэж байсан. Манай хүү Э дээгүүрээ хар хөх цамц, доогуураа хар өмдтэй байсан. Х миний хажууд манайд ирэхдээ архи тамхи огт хэрэглээгүй ирдэг. Би хэрэглэдэггүй гэж бодож байна. Э бол хааяа хааяа архи уучихдаг. Тухайн өдөр Э бол бага зэргийн согтуу байсан. Хыг бол уусан үгүйг нь мэдэхгүй байна. Өөр нэмж ярих зүйл алга” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

Гэрч Ж.Э “...2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай багийн дэнжийн нэг залуу манай гэрт ирээд Э хүнд зодуулчихжээ намайг таньд хэлээрэй явуулсан юмаа гэж хэлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай дүү Эын бие өвдөөд эмнэлэгийн түргэн тусламж дуудаж үзүүлээд эмнэлэг дээр байна гэж сонсоод өөрөө аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжын тасаг дээр очсон. Э зүүн цээжний хажуу талдаа язарсан соривтой, бие чинь яаж байна гэж асуухад гэдсээр өвдөөд байна гэж хэлсэн. Өөр ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Тэгээд үзүүлээд маргааш ирж шинжилгээ өгч, зураг авхуулаарай гэж хэлсэн. Тэгээд би 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 09:00 цагт дүү Эыг Төв аймгийн Зуунмод сумын нэгдсэн эмнэлэгээр үзүүлэх гээд ээж Бтай хамт явсан. Очоод эхо болон рентгэнд үзүүлж цусны шинжилгээ өгсөн. Тэгээд эмч хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, одоо яаралтайгаар хагалгаанд орно гэж хэлсэн. Тэгээд манай дүү өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн үед утсаар ярихдаа би “хэн чамайг ингэсэн юм бэ” гэж асуухад манай дүү “манай эгчийн хүү Х намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би гараад зугтаасан” гэж хэлсэн. Хэдний өдөр гэдгээ бол надад хэлээгүй. Хоорондын харилцаа бол хэвийн байдаг. Өмнө нь маргалдаж муудалцаж зодолдож байгаагүй. Э, Х нар хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн харагддаг. Хамт нийлж уудаг талаар би мэдэхгүй байна. Х манай дүүг зодсон өдрөө согтуу байсан гэж Э надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,

Шүүгдэгч Ж.Хын сэжигтнээр өгсөн:“...Би хувиараа Улаанбаатар хотод барилга дээр туслах ажилтан хийдэг. Би Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн ЗД-1 тоотод эмээ Б, нагац ах Э хамт 3-уулаа амьдардаг. Би эхнэр хүүхэдтэй. Эхнэр хүүхэдтэйгээ хамт байхгүй байгаа. Хүүхэд өвөө эмээ дээрээ Бүрэн суманд хөдөө байдаг. Эхнэр хотод ажилладаг, аймагт ирэж очин байдаг. Танинаа. Манай ээжийн төрсөн дүү миний нагац ах байгаа юм. Би төрсөн цагаасаа эхлээд өвөө Жүгдэрнамжил гэх хүнээр овоглосон. Би 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би гадуур найзтайгаа уугаад байж байгаад 21 цагийн үед гэртээ харьсан. Гэрт ороход эмээ Б, нагац ах Э хоёр нэлээн согтуу 2 талд орон дээр хэвтэж бйасан. Тэгээд би одоо ууж идэхээ болиоч гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаад хэрэлдэж байгаад гадаа гарсан. Өөр болсон зүйлийн талаар санахгүй байна. Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр сэрээд нагац ах Эрдэнэбат ах ёо ёо бие өвдөөд байна гэхээр нь би юу болсон бэ, та яагаад ёоолоод байгаа юм бэ гэж асуухад чи над руу хутга бариад дүрсэн шүү дээ тэгээд би гэрээс гараад зугтаад хашаанаас гараад гүйсэн. Чи араас гүйж ирээд миний цээж рүү 2 удаа дэвссэн гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Тэгээд та юу яриад байгаа юм бэ гэж хэлээд би цамцыг нь дээш сөхөөд харахад зүүн хэвлийн доод хэсэг шарх болсон байдалтай байсан. Тэгээд 11 цагийн үед би найзындаа очихоор явсан. Тэгээд би найзындаа очиход манай найз байхгүй болохоор нь эмээгийн утас руу залгаад Э ахтай яръя гэж хэлээд ярьсан. Бие чинь яаж байна ахаа гэж асуухад гэдэсний энд өвдөөд байна гэж хэлэхээр нь шууд гэр рүү явж очоод ахыг аваад эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод яаралтай хүлээн авах дээр очоод үзүүлэх гэхэд дотрын тасагт цаг авч үзүүл гэж хэлсэн. Тэгээд ах за за миний дүү хоёулаа явъя гэж хэлээд би замаараа эмийн сан ороод өвчин намдаагч эм авч өгсөн. Тэгээд гэр рүү харих замаараа хойд таксины буудлын “Заяа” төв дэлгүүрээс 0.5 литрийн хараа нэртэй архи надаар авхуулсан. Тэгээд би ахыг гэрт оруулж өгчихөөд за та өвдвөл над руу залгаарай гэж хэлээд найзынх руугаа явсан. Намайг гэрт ороход эмээ, нагац ах хоёр хоёулаа согтуу байсан болохоор би ах руугаа одоо ууж идэхээ болиоч гэж хэлсэн. Тэгээд л маргалдаж эхэлсэн юм. Эмээ Б нэлээн согтсон байдалтай байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үед эмээ, ах, бид гурав гурвуулаа согтуу байсан. Бид гурав гурвуулаа биеэ хянах чадваргүй байсан. Би цохиж зодсон талаараа юу ч санахгүй байна. Ах хэлэхдээ чи хутга бариад над руу дүрсэн, 2 удаа дэвссэн гэж хэлсэн. Би хутганы талаар сайн санахгүй байна. Миний биед бол хутга байгаагүй. Өмнө нь муудалцаж маргалдаж байгаагүй. Төрсөн ах дүү хоёр шиг л байдаг. Би энэ талаар санахгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар шалтгааны улмаас ийм үйлдэл хийсэнээ санахгүй байна. Архи их уусан болохоор ийм зүйл болсон гэж бодож байна. Хийсэн зүйлдээ маш их гэмшиж байна. Ахын биеийн байдал гайгүй байгаасай гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-28-р тал/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №7 дугаартай “...Ж.Эын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн “хүнд” зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 33-35-р тал/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд 1,7х0,3см зүсэгдсэн гэмтэл үүссэн байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд үүссэн урагдал хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинэ үүссэн гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 83-86-р тал/,

Шүүгдэгч Ж.Хын яллагдагчаар өгсөн “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, Надад сонсгож байгаа прокурорын яллагдагчаар татаж байгаа дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би гадуур найзтайгаа уугаад байж байгаад 21 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 3Д-01 тоотод байх гэртээ очсон. Гэрт ороход эмээ, ах хоёр гэрийн 2 талд орон дээр хэвтэж байсан. Тэгээд ах Э согтуу байхаар нь би ууж идэхээ болихгүй юмуу гэж хэлээд маргасан. Тэгээд болсон зүйлийн талаар санахгүй байна. Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 10 цагийн үед сэрэхэд Э ахын хажууд орон дээр би хамт хэвтэж байсан. Тэгээд ах цамцаа дээш нь сөхөөд чи намайг ингээд дүрчихсэн шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарч зугтсан гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг явж үзүүлье гэж хэлээд ахыг дагуулаад эмнэлэг рүү явсан. Би ахыг архи уучихсан согтуу байхаар нь ууж идэхээ одоо болихгүй юмуу гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Би тэр талаар огт юу ч санахгүй байгаа. Өглөө сэрэхэд л ах надад чи намайг ингэсэн гэж хэлсэн. Хоёулаа согтуу, архи уусан байсан. Ах намайг ороход орон дээр тасарчихсан унтаж байсан. Гэрт ороход эмээ ах хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Эмээ орон дээрээ унтаж байсан. Надад өөрт хувийн хутга гэж байхгүй. Би хутга авч явж яахав дээ. Би хутганы талаар огт юу ч санахгүй байгаа. Эмнэлгээс гарчихсан гэртээ байгаа. Биеийн байдал гайгүй байна гэсэн. Эмнэлэгт хэвтэж байхад хэрэгтэй эм тариа, ойр зуурын хэрэглээний зүйл, хоол унд зэргийг эмнэлгээс гарах хүртэл нь хүргэж өгч байсан. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-р тал/,

Хохирогч Ж.Нын: “... Би өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр найз Цтэй хамт Чын ээжийн гэрт цагаан сарын буузыг нь хийж 01 цагийн үед дуусаад Ч Ц бид гурав Чын гэрт очиж хонох гээд Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг 17-3 тоотод Чын гэрт очсон чинь Х гэх залуу ганцаараа Чын гэрт агарын 0,75 граммын хэмжээтэй архи уугаад сууж байсан. Бид нар ороод тухайн архийг хувааж уугаад сууж байгаад би Хыг ахын дүү гээд хэлчихсэн чинь намайг ахын дүү гэж хэллээ гэж хэлээд уурлаад гараараа миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон тэгээд би Цийн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Х намайг цохих үед Ч байхгүй гараад явчихсан байсан. Цбаяр орон дээр хэвтэж байсан би Цийн утсыг аваад шууд дуудлага өгчхөөд байж байтал Ц орон дээрээс босоод ирсэн удаагүй цагдаа нар ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Тэр үед Ч сэрээд ээжийнхээ гэрт очиж хонолоо гээд явсан. Ц Х хоёр Чын гэрт үлдсэн. Миний зүүн талын хөмсөг, уруулын дотор талд язарсан байсан. Хүлээн авахын эмч миний уруулын дотор талд нэг оёдол тавьж өгсөн. Тэгээд цагдаа дээр ирэхэд Хыг цагдаа нар аваад ирчихсэн байсан. Х бид хоёрын согтуурлыг шалгахад миний 4.75, Х 4,51 хувьтай байсан. Ч, Ц бид гурав бууз хийж байхдаа пиво уусан. Чын гэрт ирэхэд Х 0,75 граммын хэмжээтэй агар гэх бичиглэлтэй архи талаасаа доошоо болчихсон ганцаараа уугаад сууж байсан. Тэр архинаас нь бид нар хамт хувааж уугаад сууж байгаад би гарч нойл орчоод ирсэн чинь дахиад 0,5 граммын хэмжээтэй агар архи задалчихсан байсан тэр архийг хэн авсныг мэдэхгүй байна. Тэр архинаас би ганц нэг л татсан ерөнхийдөө согтсон байсан. Цтэй холбоо барих утас: ..., Чын дугаарыг мэдэхгүй байна. Шалтгаан гээд байх зүйл байхгүй юм ярьж сууж байгаад үл хүндэтгэсэн гэж шалтгаанаар Х намайг зодсон. Би Хыг ахын дүү гээд хэлчихсэн юмаа Би Хыг зодож цохисон асуудал байхгүй ээ. Би Хыг 2024 оны 01 дүгээр сарын 29-нд Чын гэрт анх харсан. Урд нь ямар нэгэн байдлаар таньдаг танилцсан зүйл байхгүй тэр өдөр л анх танилцсан. Х надаас дүү болохоор нь би ахын дүү гээд хэлчихсэн чинь намайг ахын дүү гэж дуудлаа гэх шалтгаанаар зодсон. Миний зүүн хөмсөг язарч уруулын дотор талд нэг оёдол тавьсан. Миний эрүү хөндүүртэй юм зажилж идэж чадахгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-р тал/,

Гэрч Э.Чын: “... Би Ж.Х, Ж.Н нарыг танина. Ж.Хын төрсөн ах Хонгорбаатартай найзууд учраас тэр холбоогоороо танилцаж Хтай найзалж нөхөрлдөг юмаа. Ж.Нтай мэргэжил нэгтэй нэг салбарт ажилладаг болохоор найзуудын харилцаатай найзууд.  Би 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр найз Ж.Н, Ц нарын хамт ээжийнхээ буузыг хийж өгсөн юмаа. Бууз хийж байхдаа бид гурав ганц нэг пиво уусан. Буузаа хийж дуусаад Ц Н бид гурав ээжийн гэрээс гараад Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг 17-3 тоотод манай гэрт очсон юмаа. Манай гэрт Х нэг хоноод манайд байсан юмаа бид гурав гэрт ороход Х нэг шилтэй агар нэртэй 0,75 граммын хэмжээтэй архи ганцаараа уугаад сууж байсан. Бид гурав ороод тухайн архинаас хамт хувааж уусан. Архи дуусаад дахиад агар нэртэй 0,5 граммын архи ууссан тухайн архийг хэн авсныг мэдэхгүй байна ямар ч гэсэн дахин нэг шил архи ууж байгаад би тасраад унтаж байтал хүмүүс хэрэлдээд байх шиг болохоор нь сэрсэн чинь Нын хөмсөг сэтэрчихсэн нүүр нь цус болчихсон Х өөрөө мань чинь Ныг цохисон гээд зогсож байсан. Ц сандал дээр унтаж байсан би Хыг яагаад хүн цохиж байгаа юм бэ гээд уурлачхаад гэрээсээ гараад ээжийнхээ гэрт очиж хоносон. Манай гэрт Н Х Ц гурав үлдсэн. Маргааш өглөө нь буцаад гэртээ ирэхэд Н Х Ц гурав пиво уугаад байж байсан. Ж.Х Ж.Н хоёр нэлээн согтуу байсан. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг сэрээд ирсэн чинь Х мань чинь Ныг цохчихсон шүү өөрөөсөө л болсон шүү гээд зогсож байсан. Н юм ярихгүй байсан. Ц намайг сэрэхэд сандал дээр унтаж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-р тал/,

Гэрч З.М“... Би Ж.Хыг танина. 2020 онд анх гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан албан ёсны гэрлэлтийн баталгаатай бид хоёрын дундаас нэг охин төрсөн. Охин минь одоо 4 настай төв аймгийн Бүрэн суманд манай аав ээж хоёр дээр байдаг юмаа. 2023 оны 7 дугаар сараас хойш гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа байдаг болсон. Бид хоёр гэрлэлтээ салгуулаагүй байгаа. Ж.Х нь сэргэлэн ямар ч хүнтэй эвээ олдог хүн ялгаж харьцаад байдаггүй хүнд тусархуу зантай бид хоёр хамт байдаг байхад нэг ч удаа архи ууж гэртээ агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй Ж.Х өөрөө бүтэн өнчин эмээ өвөө дээрээ хүн болсон гэж ярьдаг байсан. Эмээ ах нь архины хамраалтай болохоор тэд нартайгаа дотно байж чаддаггүй Ж.Хтай гэр бүл нь дотно харилцаад ярилцах харилцаа байдаггүй болохоор тэрэнд Ж.Х их шаналж сэтгэл санаагаар унадаг байсан. Архи уух шалтгаан ч гэсэн тийм байсан байх гэж бодож байна. Ж.Х багаасаа л бүтэн өнчин байсан болохоор эцэг эхийн хайраар дутаж өссөн тэрийгээ ч гэсэн хэлдэг байсан. Ж.Хын эмээ ах хоёр нь архины хамааралтай болохоор Төв аймгийн Зуунмод сумын 2-р баг 3д-1 тоотод ерөнхийдөө л архины хамааралтай хүмүүс цугладаг байсан. Ж.Х архи уудаг байсан гэхдээ архи уухдаа юугаа ч мэдэхгүй тэгтлээ тасраад ахыгаа хутгалчихсан гэхэд нь бид одоо ч гэсэн итгэхгүй байгаа. Төв аймгийн төв телевизийн сэтгүүлч Хонгорбаатар төрсөн ах нь гэхдээ ямар ч холбоо харилцаа байхгүй Ж. Х багаасаа л өөрийгөө авч явж ирсэн ах дүү нар гээд дэмжээд туслаад байх хүн байхгүй төрсөн ах Ж.Хонгорбаатар ч гэсэн тоодоггүй. Саяхан ийм хэрэг болсны дараа Ж.Хын эмээ нь манай аав ээж хоёр луу залгаад миний нэг хүүхдийг шоронд явуулсан одоо дахиад нэгийг нь явуулах гэж байна гэж ярьж дарамталсан байсан. Ж.Х бид хоёрын дундаас гарсан охин Энхлүүнийг 2021 онд Ж.Хын нагац ах нь харж байгаад өвлийн хүйтнээр нүцгэн гадаа гаргаад байшингийн буланд хаяж байхад замаар явж байсан Улаанбаатар хотын иргэн олж аваад эмнэлэгт хүргэж өгч миний охин амьд гарч байсан миний охиныг наймаалж шиг харагдаад байсан гээд аймаар зодсон байсан тэр асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдаад 12 жилийн хорих ял авч байсан тэрийг дахин Ж.Хын эмээ нь сөхөж яриад та хоёр миний нэг хүүг ял өгөөд явуулсан одоо дахиад нэг хүүг минь шоронд явуулах гэлээ гэж ярьсан байсан. Би Ж.Хыг ахыгаа хутгалсан гэдэгт нь итгэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-р тал/

Гэрч Б.Г: “... Би Ж.Хыг танина. Ж.Хтай нэг ангид сурдаг байсан. Тэр үеэс хойш найзалж нөхөрлөж байна. Бид хоёр найзын харилцаатай олон жил найзалж байна. Ж.Хын зан төлөвийн хувьд даруухан хүнтэй амархан учир зүйгээ олчихдог шалтгаангүй хүнтэй муудалцаж маргалдаж зодолдоод байдаггүй даруухан өөрөөс нь шалтгаалсан ямар нэгэн зүйл болох юм бол тухайн бүрд нь уучлалт гуйгаад өөрийнхөө бурууг тэр даруй хүлээгээд явдаг хүнлэг зантай залуу гэж хэлмээр байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд хааяа хааяа архи уугаад байдаг болчихсон архи уух шалтгаанаа хэлдэггүй байсан Ж.Х цагдаагийн сургуулийн ахлагчийн курст сурдаг байхад нь бид хоёр хотод хамт байдаг байсан юмаа. Тэр үед архи уудаггүй байсан их л төлөв залуу гэж хэлнэ дээ. Би Хын ах эмээ хоёрыг мэднэ. Гэрээр нь орж гардаг байсан. Архи их уудаг архины хамааралтай хүмүүс гэж хэлнэ. Гэрт нь хааяа ороход архи уучихсан байдаг. Ж.Хыг хүнээс сонсоод утсаар залгаад асуусан чинь уулзаж байгаад ярина гэж хэлсэн. Дараа уулзсан чинь юм ярихгүй болохоор дахин дахин асууж чадаагүй би одоо ч гэсэн ямар хэрэг үйлдсэн талаар нь тодорхой зүйл мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-р тал/,

Шүүгдэгч Ж.Хын сэжигтнээр өгсөн: “... Би 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр найз Э.Чын гэрт байж байтал орой 22 цагийн үед гаднаас Э.Ч Ц Н нар орж ирсэн ирэхдээ тэр гурав гаднаас 2 том пиво бариад орж ирсэн тухайн пиво бид дөрөв хувааж уугаад сууж байтал Н намайг ахын дүү гээд үгээр өдөөд байхаар нь чи яагаад зүгээр ярьж байгаад одоо болохоор ахын дүү гээд байгаа юм бэ гээд уур хүрээд Нын нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохисон. Н намайг цохиж амжаагүй цохих гээд гараараа савахад нь би бултчихсан юмаа. Тухайн үед Ц Ч нар тасарчихсан Н бид хоёр л юм яриад сууж байсан. Э.Чтай Ц нартай найзууд найзын харилцаатай Ж.Нтай анх 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр л анх танилцсан. Урд нь таньдаггүй байсан. Би нар пиво уусан. Архи ууснаа санахгүй байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Н жижүүрт дуудлага өгсөн. Н бид хоёр нэлээн согтуу байсан. Цагдаа дээр ирээд драгерь багажаар согтуурлыг шалгахад минийх 4.51 хувьтай Нынх 4,75 хувьтай байсан. Би Ж.Нтай ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байгаагүй зүгээр согтуу хүмүүс юм ярьж сууж байгаад л маргалдсанаасаа болоод Ж.Ныг цохчихсон юмаа ямар нэгэн шалтгаан гээд байх зүйл байхгүй ээ. Би Ж.Нын хохирлыг барагдуулсан зүйл байхгүй хохирлын баримт гаргаж өгвөл хохирлыг бүрэн барагдуулна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-р тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Төв аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн: “1. Ж.Нын биед дээд уруулын дотор салст, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхид цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 127-128-р тал/,

Шүүгдэгч Ж.Хын яллагдагчаар өгсөн: “...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Б.М 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн одоо мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Би Ж.Нын хохирлыг барагдуулсан зүйл байхгүй Ж.Нтай уулзсан хохирол нэхэмжлэхгүй адилхан согтуу байсан юм чинь хэн хэнийх нь буруу байсан байх согтуу хүмүүс хэн хэнийхээ үгийг даагаагүйгээс ийм асуудал болсон юм чинь би чамаас хохирол нэхэмжлэхгүй надад хохироод байсан зүйл байхгүй гэж хэлсэн. Хэрэв Ж.Н хохирлын баримт гаргаж өгнөл хохирлыг барагдуулахад бэлэн байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-р тал/,

Шүүгдэгч Ж.Хын яллагдагчаар дахин өгсөн: “... Би төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Э.У 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэсэн прокурорын тогтоолыг танилцууллаа тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хоёр хэрэгт дээрээ болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж ярих зүйл байхгүй ээ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй Миний ярьсан зүйл үнэн би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-р тал/,

Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн: “... Ж.Эын биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны 13:40 цагийн яаралтай тусламжийн хуудас №125-д хэсэг газрын үзлэгт: Хэвлийн зүүн хажуу урд хананд суганы урд шугамаар 10-11-р хавирганы завсраар 1.5-1.8 см орчим шархтай, шархыг шалгахад хэвлий рүү нэвтэрнэ гэснээс үзэхэд шархны хэмжээ нь 1.5-1.8 см байна, ир, мөр тал нь эмнэлгийн бичиг баримтанд тусгагдаагүй, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21:05 цагийн хагалгааны тэмдэглэл дээр хэвлийн хөндий рүү нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн гэсэн байсан нь шархны гүн, чиглэлийг тогтоох боломжгүй байна..." гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 31-33-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г: “...Миний хувьд хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Би албан бичгийн дагуу томилолтоор хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Лавлагаагаар харахад Ж.Э нийт 2.973.875 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна.” гэх мэдүүлэг /1-х хх-ийн 39-р тал/,

Хохирогч Ж.Эын дахин өгсөн: “...Намайг хутгалсан гэх хутганы ямар нэгэн содон шинж тэмдгийг анзаарч сайн хараагүй Хын барьж байсан хутгыг хальт харахад л жижиг хурц иртэй үзүүртэй урд нь харж байгаагүй бор иштэй хутга байсан Номиншүрийн байцаагч манай гэрийн 4 хутганы зургийг харуулаад таныг хутгалсан хутга энэ хутганууд дотор байна уу гэж асуусан би байхгүй байна гэж хэлсэн Хын намайг хутгалсан хутга жижиг хурц иртэй бор иштэй хутга байх шиг байсан гэж хэлсэн. Харин тийм байна саяхан л байх шиг байсан анзаараагүй юм байна сая таныг хэлээд зураг харуулахад чинь нээрээ хоёр хутга нь байхгүй юм байна гэж л мэдлээ тухайн хутга хаашаа яагаад алга болчихсоныг мэдэхгүй байна. Хын ээж 3 дугаар ангид байхад нь нас барсан тэр цагаас хойш ээж бид хоёртой хамт амьдарч байгаа урд ямар нэгэн байдлаар хутга бариад ямар нэгэн зүйл авч шидэх зэрэг үйлдэл гаргаж байгаагүй, бид хоёр хоорондоо хэрэлдэх ам мурийх асуудал гардаггүй байсан. Миний биеийн байдал хэвийн байна. Х эмчилгээний зардал төлсөн асуудал байхгүй би ч Хаас нэхэмжлээгүй тухайн үед хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас ийм асуудал болсон. Надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

           

Дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд засан хэргийн нотлобол зохих байдлуулыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хүсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн, хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ...гудамж 01 тоотод байхдаа иргэн Ж.Эын зүүн урд хавирга тус газарт 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл гэмтэл бүхий хүнд санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн үйл баримтыг,

мөн шүүгдэгч Ж.Х нь согтуугаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг, 17-3 тоотод байх иргэн Э.Чын гэрт Ж.Нтай ахын дүү гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж нүүр хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тус тус тогтоохдоо дээрх мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ж.Х болон түүний өмгөөлөгч Т.Б нараас:...”Шүүгдэгч Ж.Х нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй” гэжээ.

 

Тухайлбал хохирогч Ж.Нын нүүр хэсэг рүү нь гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Ж.Хын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн объектив шинжийг,

Мөн хохирогч Ж.Эын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл бүхий гэмтлийг зэвсэг буюу хутга хэрэглэж учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангасан байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт ...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг... ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох гэж ойлгоно.

 

Шүүгдэгч Ж.Хын холбогдсон тухайн хэд хэдэн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

           

Шүүгдэгч Ж.Х нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогч Ж.Нын биед дээд уруулын дотор салст, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, хохирогч Ж.Эын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл бүхий хүнд хохирол тус тус учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан гэмтлүүд нь шүүгдэгчийн хувьд санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлэгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Ж.Хыг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Ж.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 өдрийг 15000 төгрөгөөр тооцон 30 хоногийн хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн 5 жил 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар 4 ширхэг хутга хураагдан ирсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болохыг дурдъя.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б: “Шүүгдэгч Ж.Х нь гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна.” гэх дүгнэлтүүдийг,

 

Шүүгдэгч: “Би гэм буруугаа ойлгож, харамсаж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Ж.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан хууль ёсны боолн шудалга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагаад эдлүүлэхээр,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хохирол, хор, уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

Шүүгдэгч Ж.Х нь хохирогч Ж.Нын биед дээд уруулын дотор салст, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

хохирогч Ж.Эын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл бүхий хүнд хохирол тус тус учирсан байна.

           

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Хаас 2.973.875 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд санд олгох нь зүйтэй байна.

Хохирогч Ж.Э, Ж.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тус тус тогтоолгохгүй гэснийг,

 

Эрүүгийн ..... дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Ж.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг хутгыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж тус тус шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 2, 36.5 дугаар зүйлийн 1,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хт 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Хт 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Ж.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Хт оногдуулсан 3  /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хын шүүхээс тогтоосон Төв аймаг, Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалт тогтоосон бүсээс гарахыг хориглосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг, хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолохыг дурдсугай.

 

8.Шүүгдэгч Ж.Хт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Хаас 2.973.875 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож,

шүүгдэгчийн иргэний бичиг баримт болон бичгийн баримт ирээгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагдан хоригдсон хоноггүйг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

 

11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.  

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ДЭЛГЭРМӨРӨН

 

           ШҮҮГЧИД                                      Т.БАТЖАРГАЛ                      

 

                                                                           Ш.ГАНДАНСҮРЭН