| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2025/0006/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/05 |
| Огноо | 2024-12-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/05
2024 12 31 2025/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.А, шүүгдэгч Г.Б-, Г.М-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М ургийн овогт Г-ын Б- (РД: ...................), ........ оны .... дугаар сарын ....-ны өдөр Увс аймгийн ................... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл .......... хамт Увс аймгийн ................... сумын ....дугаар багт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, М ургийн овогт Г-ын М- (РД: .........), ......оны ... дугаар сарын ....-ны өдөр Увс аймгийн ................... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ......... Увс аймгийн ................... сумын ......дугаар багт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн товч агуулга: Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.А “шүүгдэгч Г.Б-, Г.М- нарыг бүлэглэн Увс аймгийн ................... сумын ....дугаар багийн нутагт 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Увс нуурын ай сав газраас хадлан хадах асуудлаас шалтгаалан бусадтай маргалдаж, улмаар насанд хүрээгүй хохирогч М.Ө-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Б-, Г.М- нар бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн ................... сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, Увс нуурын ай сав газраас хадлан хадах асуудлаас шалтгаалан бусадтай маргалдах явцдаа насанд хүрээгүй хохирогч М.Ө-ыг зодож, түүний биед баруун дээд 2 дугаар шүдний цөгц 3/4 хэсгээр хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас), насанд хүрээгүй хохирогч М.Ө-ын мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 37-43 дугаар хуудас), гэрч Д.Т-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас), гэрч Н.А-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас), гэрч Г.М- мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас), насанд хүрээгүй хохирогч М.Ө-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 389 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Г.М-, Г.Б- нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.М-, Г.Б- нар холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэхүү гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч Г.М-, Г.Б- нар уг хохирлыг нөхөн төлсөн нь насанд хүрээгүй хохирогч М.Ө-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Т- нарын “...М.Ө-ын биед болон сэтгэл санаанд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан тул тэд нараас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх агуулгатай хүсэлт (1 дэх хавтаст хэргийн 171 дүгээр хуудас), мөн насанд хүрээгүй хохирогчийн “...Г.Б-, Г.М- нар нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний биед халдаж гэмтэл учруулсан даа уучлалт гуйж, эрүүл мэндэд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй” мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43 дугаар хуудас) зэргээр нотлогджээ.
Шүүгдэгч нар мөн Эрүүл мэндийн даатгалын санд уг гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг болох 269’315 төгрөгийг төлсөн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг (1 дэх хавтаст хэргийн 175 дугаар хуудас) гэх баримтаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ургийн овогт Г-ын Б-, М ургийн овогт Г-ын М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-, Г.Б- тус бүрийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.М-, Г.Б- нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА