Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Н.Цогтгэрэл,

Шүүгдэгч Р.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Раашдэлэгийн Оюунцэцэгт холбогдох эрүүгийн 201625022178 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шарайд овогт Раашдэлэгийн Оюунцэцэг, Монгол улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 7-14 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Сааралын 10-02-0 тоотод түр оршин суух Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчид 2 дугаар гудамжны 355 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй /РД: ЖЬ73102865/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Р.Оюунцэцэг нь 2016 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдөр, мөн оны 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 барилгын материалын дэлгүүр дотор үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ц.Анхбаяраас “барилгын заслын ажил хийж байгаа юм, удахгүй мөнгийг нь өгнө” гэж 1.255.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан,

мөн давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 барилгын материалын дэлгүүр дотор үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.Гэрэлт-Одоос “барилгын заслын ажил хийж байгаа юм, удахгүй мөнгийг нь өгнө” гэж 357.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж нийт 1.612.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Оюунцэцэг мэдүүлэхдээ: “...Би Анхбаярын эхнэр Алтантуяагаас барилгын материал зээлээр авсан. Манай найз Ганболд Гүнтэд барилгын ажил хийж байгаа, эзэн нь гадаадад байгаа ирэхээр нь мөнгийг нь өгнө. Чи надад барилгын материал аваад өгөөч гэж хэлэхээр нь би итгээд барилгын материал зээлээр авч өгсөн. Манай нийтийн байранд өөрөө ирж барилгын материалаа авдаг байсан. Би Ганболдод чи мөнгийг нь өгөөрэй, би хүнээс зээлээд авчихсан байгаа шүү гэж хэлж байсан. 6 дугаар сарын 3-ны өдөр сүүлийн барилгын материалаа авахдаа Ганболд би 5-ны өдөр мөнгийг нь өгнө, мөн барилга дээр хүн цөөхөн байгаа нөхрийг чинь ажиллуулна гэж хэлээд авсан. Тэгээд 5-ны өдөр ирэхгүй болохоор нь маргааш нь Гүнтэд очиж Ганболдыг хайсан. Тэгэхэд тийм хүн энд ажил хийгээгүй гэж хэлсэн. Би Ганболдтой ЭКО констракшны барилга дээр ажиллаж байхдаа танилцсан. Алтантуяа надад та надаас бараа зээлж хүнд өгч байгаа юм чинь би танд үнийг нь нэмж бичээд өгье гэхээр нь би тэг ээ тэг гэж хэлсэн. Ганболд мөнгийг нь өгөх юм чинь падаан дээрээ мөнгийг нь нэмээд биччих гэж би хэлсэн. Анхбаяраас 1.200.000 төгрөгийн бараа материал, Гэрэлт-Одоос 357.000 төгрөгийн бараа материал авсан. Би Гэрэлт-Одод 130.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг нь 20-ны өдөр өгөхөөр болсон. Анхбаяр өглөө шүүх хуралд ирнэ гэсэн боловч ирсэнгүй гэв.

Хохирогч Ц.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах 32 барилгын материал зардаг дэлгүүрт лангуу түрээслэж ажиллуулдаг юм. 2016 оны 05 сарын эхээр урд өмнө надаас барилгын материал авдаг Оюунцэцэг гэх эмэгтэй барилгын материал авсан. Хамгийн сүүлд 2016 оны 05 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Оюунцэцэг эмэгтэй 1.255.000 төгрөгийн барилгын материал авч яваад одоо болтол мөнгө төгрөгийг нь өгөхгүй байсан газраасаа нүүгээд явсан байсан. Оюунцэцэгийн 95167672, 96657672 гэсэн дугаар луу удаа дараа залгахад холбогдох боломжгүй гэж байсан. Оюунцэцэг нь манай дэлгүүрийн хойд талын гудамжинд нийтийн байранд амьдарч байгаад шөнөөр нүүгээд явсан байсан.Оюунаа манай дэлгүүрээс нийтдээ 1.255.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал авч яваад залилан мэхлээд байна. Би Оюунцэцэгийн Налайх дүүрэгт байх 1-р хороо уурхайчдын 355 тоот гэсэн хаяган дээр очиж үзэхэд тухайн хаяган дээрээ байхгүй байсан. Анх Оюунцэцэг нь 2016 оны 05 сарын эхээр надаас оюутны байр янзалж байгаа дотор засал чимэглэл хийж өгч байгаа гээд надаас нэрээ бичүүлээд барилгын материал будаг замаск, өнхрүүш зэргийг авдаг байсан…” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

…Оюунцэцэг нь урьд нь 3-4 удаа зээлээр бараа аваад мөнгийг нь өгч байсан л даа. Тэгээд сүүлд нь хүний байшин сав янзлах гэж байгаа гэж хэлээд надаас бараа материал авсан. Мөнгийг нь өнөөдөр юм уу маргааш өгнө гэж хэлээд явсан юм. Гэвч бид нараас бараа авсан өдрөө шөнө нь нийтийн байрнаасаа нүүсэн, утсаа салгаж алга болсон юм. Бид нар зөндөө хайсан л даа…” гэсэн мэдүүлэг /хх-73/,

Хохирогч Н.Гэрэлт-Од мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 05 сарын 31-ний өдөр Оюунцэцэг эмэгтэй 357.000 төгрөгийн барилгын материал авч яваад одоо болтол мөнгө төгрөгийг нь өгөхгүй байсан газраасаа нүүгээд явсан байсан. Оюунцэцэгийн 95167672, 96657672 гэсэн дугаар луу удаа дараа залгахад

холбогдох боломжгүй байсан. Оюунцэцэг нь манай дэлгүүрийн хойд талын гудамжинд нийтийн байранд амьдарч байгаад шөнөөр нүүгээд явсан сурагтай байсан очиж үзэхээр хаалга үүд цоожтой нийтийн байрны хүнээс асуухад шөнө нүүгээд яьсан байна гэж хэлсэн. Оюунцэцэг гэх эмэгтэй манай дэлгүүрээс нийтдээ 357.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал авч яваад залилан мэхлээд байна. Би Анхбаярын хамт Оюунцэцэгийн Налайх дүүрэгт байх 1-р хороо уурхайчдын 355 тоот гэсэн хаяган дээр очиж үзэхэд тухайн хаяган дээрээ байхгүй байсан... Анх Оюунцэцэг нь 2016 оны 05 сарын эхээр надаас оюутны байр янзалж байгаа дотор засал чимэглэл хийж өгч байгаа гээд надаас нэрээ бичүүлээд барилгын материал/ будаг замааск, зэргийг авдаг байсан…” гэсэн мэдүүлэг /хх-43-44/,

…Манайхаас нийт 3 удаа бараа материал авч байсан, авахдаа түр хугацаагаар та надад зээлж бай, би дараа нь мөнгийг нь өгье гэж хэлээд авдаг байсан ба эхний 2 удаагийнх дээрээ бараа материалынхаа мөнгийг өгч байсан. Тэгээд байхаар нь би тэр хүнд маш их итгэж байсан юм. Тэгтэл тэр миний итгэлийг олж байгаад хамгийн сүүлд ирж бараа авахдаа чанар сайтай Солонгос улсад үйлдвэрлэгдсэн үнэтэй бараа материалууд сонгож аваад байсан ба алга болсон. Хүмүүсээс сонсоод байсан чинь тэр хүүхэн бид нараас эд зүйлс аваачсан өдрийнхөө шөнөдөө нүүгээд явчихсан гэж байсан. Тэгэхээр тэр хүүхэн анхнаасаа бид нарыг залилах санаатай байсан нь тодорхой байна. Тэгээд бас надаас сүүлийн удаа эд бараа материал авч залилахдаа та Анхбаярт битгий хэлээрэй, би таниас авч байгаа шүү гэх мэт яриа өрнүүлж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-71/,

Насанд хүрээгүй гэрч Х.Ижилбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байх гэж бодож байна, хүүхдийн баярын дараахан байсан. Манай ээж надад "ээждээ хэдэн юм өргөөд өгч туслаач" гэж намайг дагуулаад Сансар супермаркетаас урагшаа нэг гудам явахад буланд байрлах нэг барилгын материалын дэлгүүр рүү дагуулж яваад хайрцагтай юмнууд өргүүлсэн юм. Би тэр зүйлсийг нь сайн мэдэхгүй байна...Би хажууд нь байсан манай ээж нэг ажил хийх гэж байгаа юм, зуслангийн газарт гэх мэтийн юм ярьсан би сайн сонсоогүй юм…” гэсэн мэдүүлэг /хх-82-83/,

Гэрч Б.Хосбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: манай эхнэр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Барилгын материалын 32 дэлгүүрт барилгын материал зардаг Анхаа гэдэг хүний лангуунаас барилгын материал авсан, бас Анхаа гэдэг хүний хажуу талын лангуунаас бас нэг хүнээс барилгын материал авсан гэж манай эхнэр надад хэлсэн. Тэр барилгын материалуудыг Гүнтэд нэг барилга дээр хэрэглэсэн юм. …манай барилгын эзэн нь гадагшаа явчихсан байгаа, ирэхээр нь мөнгийг өгнө” гэж хэлдэг байсан. Бид нар өмнө нь хэд хэдэн удаа Анхаа гэдэг хүнээс аваад мөнгийг нь өгдөг байсан л даа, харин сүүлийнх дээр нь чадаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-107-108/,

Хохирогч Н.Гэрэлт-Одоос “…Раашдэлэг овогтой Оюунцэцэгтэй тохиролцсон. 357.000 төгрөгөөс 130.000 төгрөг бэлнээр авсан…” гэсэн хүсэлт /хх-159/,

Шүүгдэгч Р.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-97/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-126-128/,

Материал авсан гэх зарлагын баримтууд /хх-25-26, 37/,

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт         /хх-130/,

Шүүгдэгч Р.Оюунцэцэгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-20-21, 47-48, 90-91, 129, 131-134/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Р.Оюунцэцэг нь 2016 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдөр, мөн оны 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 барилгын материалын дэлгүүр дотор үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ц.Анхбаяраас “барилгын заслын ажил хийж байгаа юм, удахгүй мөнгийг нь өгнө” гэж 1.255.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан,

мөн давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 барилгын материалын дэлгүүр дотор үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.Гэрэлт-Одоос “барилгын заслын ажил хийж байгаа юм, удахгүй мөнгийг нь өгнө” гэж 357.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж нийт 1.612.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хээрг үйлдсэн болох нь,

хохирогч Ц.Анхбаярын “...2016 оны 05 сарын эхээр урд өмнө надаас барилгын материал авдаг Оюунцэцэг гэх эмэгтэй барилгын материал авсан. Хамгийн сүүлд 2016 оны 05 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Оюунцэцэг эмэгтэй 1.255.000 төгрөгийн барилгын материал авч яваад одоо болтол мөнгө төгрөгийг нь өгөхгүй байсан газраасаа нүүгээд явсан байсан. Оюунцэцэгийн 95167672, 96657672 гэсэн дугаар луу удаа дараа залгахад холбогдох боломжгүй гэж байсан. Оюунцэцэг нь манай дэлгүүрийн хойд талын гудамжинд нийтийн байранд амьдарч байгаад шөнөөр нүүгээд явсан байсан. Оюунаа манай дэлгүүрээс нийтдээ 1.255.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал авч яваад залилан мэхлээд байна. …” гэх мэдүүлэг         /хх-13-14/,

хохирогч Н.Гэрэлт-Одын “…2016 оны 05 сарын 31-ний өдөр Оюунцэцэг эмэгтэй 357.000 төгрөгийн барилгын материал авч яваад одоо болтол мөнгө төгрөгийг нь өгөхгүй байсан газраасаа нүүгээд явсан байсан. Оюунцэцэгийн 95167672, 96657672 гэсэн дугаар луу удаа дараа залгахад холбогдох боломжгүй байсан…” гэх мэдүүлэг /хх-43-44/,

насанд хүрээгүй гэрч Х.Ижилбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-82-83/, гэрч Б.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-107-108/, эд зүйлийн үнэлгээ /хх-126-128/, барилгын материал авсан гэх зарлагын баримтууд /хх-25-26, 37/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудар нотлогдон тогтоогдож байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Р.Оюунцэцэгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Р.Оюунцэцэгт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

Р.Оюунцэцэгт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

Р.Оюунцэцэг нь бусдад нийт 1.612.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч Н.Гэрэлт-Од нь “…Р.Оюунцэцэгээс 357.000 төгрөг авах ёстойгоос 130.000 төгрөгийг авсан…” гэснийг үндэслэж Р.Оюунцэцэгээс нийт 1.482.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Анхбаярт 1.255.000 төгрөгийг, Н.Гэрэлт-Одод 227.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шарайд овогт Раашдэлэгийн Оюунцэцэгийг давтан үйлдлээр итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Р.Оюунцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Р.Оюунцэцэгт оногдуулсан 3 /гурав/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р.Оюунцэцэгээс 1.482.000 /нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Анхбаярт 1.255.000 /нэг сая хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг, Н.Гэрэлт-Одод 227.000 /хоёр зуун хорин долоон мянга/ төгрөгийг тус тус олгосугай

5. Р.Оюунцэцэг нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Оюунцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Оюунцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ИДЭР