| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2018/0183/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2020-12-22 |
| Зүйл хэсэг | 23.5.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 56
Н.Х, Г.Ш нарт
холбогдох эрүүгийн хэргийн
тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 148 дугаар цагаатгах тогтоолтой, Н.Х, Г.Ш нарт холбогдох, 1835001730167 дугаартай эрүүгийн 4 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Ц.А / цахимаар/ нар оролцов.
Монгол улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ...-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, ........-т ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-...., эхнэр, .... хүүхдийн хамт хамт Увс аймгийн Улаангом сумын .... дүгээр багийн ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г.Ш /РД:............./.
Монгол улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ....-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, Увс аймгийн Х сумын ....... ажилтай, ам бүл-...., эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн .... сумын ... дүгээр багийн ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй Х овогт Н.Х /РД:............./.
Шүүгдэгч Н.Х нь Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгчөөр, шүүгдэгч Г.Ш тус сумын цагдаагаар тус тус ажиллаж байхдаа 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан “Саатуулах байрны дэглэм, журам”-ын 2 дахь хэсэгт заасан ахуй нөхцөл хангагдаагүй, цагдаагийн хэсгийн байранд хохирогч О.Б-г “согтуугаар зөрчил үйлдсэн” гэх үндэслэлээр саатуулахдаа мөн журмын 3.4-д заасан “...саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй болон хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлс авч орох, утаат тамхи нэвтрүүлэх, татахыг хориглоно” гэх, 4.6.7-д заасан “саатуулагдсан хүнд үзлэг хийх, түүний эд зүйлийг хураан авах ажиллагааг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О.Б нь цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Г.Ш, Х овогт Н.Х нарт Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1835001730167 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ш, Н.Х нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/148 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Г.Ш, Х овогт Н.Х нарт Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1835001730167 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ш, Н.Х нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Учир нь: Г.Ш, Н.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг урьд нь цагаатгаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон гэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Прокуророос хяналтын шатны шүүхийн 2019 оны 381 дугаартай тогтоолд заасан ажиллагааг хийж гүйцэтгэн хэргийг анхан шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэхэд хэргийг дахин хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж байгаа нь хяналтын шатны шүүхийн гаргасан шийдвэрийг анхан шатны шүүх үгүйсгэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1-т заасан албан тушаалтан албандаа хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, цаг хугацаа алдаж биелүүлсэн нь хохирол, хор уршиг хүргэсэн болгоомжгүй үйлдэл байдаг байх тул энэ зүйлийн 2-т хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь дээрх үүргээ огт биелүүлээгүй эс үйлдэхүйгээр илэрнэ.
Прокурорын яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүгдэгч Н.Х, Г.Ш нарын албан үүрэгтээ хайнга хандсан буюу хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогчийн амь нас хохирсон болохыг нотолж чадаагүй байна гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Хохирогч О.Б-г шүүгдэгч Н.Х зөрчилд холбогдуулан хэсгийн байранд авч ирээгүй, түүнийг удаан хугацаагаар гавлаж эрх чөлөөнд хууль бусаар халдсан үйлдэл гаргаагүй, мөн үзлэг хийхдээ журамд заасны дагуу бүрэн гүйцэт үзлэг хийж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлсийг хураан авсан бол хохирогч тус хэсгийн байранд өөрийгөө боомилох нөхцөл бүрдэхгүй байх ба хохирогчийг хэсгийн байранд авч ирж удаан хугацаагаар гавлаж, биед нь бүрэн гүйцэт үзлэг хийхгүйгээр, хараа хяналтгүй орхиж буй яллагдагч Н.Х, Г.Ш нар нь үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлэхгүй байгаа үйлдэл бөгөөд дээрх үйлдэл нь хохирогч О.Б-г өөрийгөө боомилоход хүргэж буй шалтгаант холбоо бий болсон гэж үзэхээр байхад шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хэдийгээр хохирогч О.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бусдаас архи нэхэх, агсам тавих зэргээр нийтийн хэв журам зөрчсөн, мөн хохирогч О.Б-г Цагдаагийн байгууллагаас буюу мөрдөгч, Б.М нь гэрчийн мэдүүлэг авахаар хайж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа боловч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэрээр О.Б-г хууль бусаар сараалжин төмрөөс гавласан үйлдлийг зөвтгөж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Н.Х, Г.Ш нар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан /Саатуулах байрны дэглэм, журам”-ын 2 дахь хэсэгт заасан ахуй нөхцөл хангагдаагүй, цагдаагийн байранд иргэн О.Б-г “согтуугаар зөрчил үйлдсэн” гэх үндэслэлээр саатуулахдаа мөн журмын 3.4-д заасан “Саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй болон хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлс авч орох, утаат тамхи нэвтрүүлэх, татахыг хориглоно”, 4.6.7-д заасан “Саатуулагдсан хүнд үзлэг хийх, түүний эд зүйлийг хураан авах ажиллагааг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь гэрч М, Ц.Б, Д.Б, Д.Т нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Гэтэл шүүх хохирогч цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж нас барсан үйл баримт нотлогдож байгаа боловч шүүгдэгч Н.Х, Г.Ш нар албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай үйлдэл нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хэсгийн төлөөлөгч Н.Х, хэсгийн цагдаа Г.Ш нар нь талийгаач О.Б-г саатуулах байранд оруулахдаа эд зүйлийг хураан авсан байх боловч үзлэгийг дутуу хийж, юүдэнтэй малгайны үдээс буюу бүч оосрыг хураан аваагүй байна.
Энэ нь Н.Х, Г.Ш нар хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.
Мөн албан үүргээ зохих ёсоор нь биелүүлээгүй гэдэгт албан тушаалтанд хуулиар болон дүрэм журмаар тодорхойлогдсон үүргээ биелүүлэхдээ хагас дутуу биелүүлэх, оромдох, дүр исгэх, чанаргүй гүйцэтгэх зэрэг хайнга хандсан эс үйлдэхүйг хамааруулан ойлгодог.
Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Хэсгийн төлөөлөгч Н.Х, хэсгийн цагдаа Г.Ш нар нь талийгаач О.Б-д үзлэгийг хангалттай хийгээгүй, хийсэн үзлэг нь оромдох, дүр исгэсэн үйлдэл байх ба хийсэн үзлэг нь чанартай хийгдсэн бол цагдаагийн хэсгийн байранд О.Б нь өөрийгөө боомилж, амь насаа хохироох нөхцөл бүрдэхгүй байсан.
Мөн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...Өндөрхангай сумын цагдаагийн хэсгийн байранд хүнийг саатуулах, албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааны зөвшөөрөл олгогдоогүй учир шүүгдэгч нараас тухайн харилцаатай холбоотой буй саатуулах байрны дэглэм журмыг хэрэгжүүлж ажиллах журмыг шаардах боломжгүй юм. Мөн тус сумын цагдаагийн хэсгийн байр саатуулах эрүүлжүүлэх байрны зөвшөөрөлгүй, ахуй нөхцөл хангагдаагүй байгаа нь шүүгдэгч нарын үйлдлээс үл хамаарах хүчин буй холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр шийдвэрлэгдэх асуудал тул саатуулах байрны ахуй хангагдаагүй байранд хүн саатуулсан гэж тэдгээрийг буруутгах боломжгүй юм” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Өөрөөр хэлбэл хэсгийн төлөөлөгч Н.Х, хэсгийн цагдаа Г.Ш нар нь ажил албан тушаалдаа хайнга хандсан үйлдлийн улмаас цагдаагийн хэсгийн байранд О.Б нь өөрийн амь насанд аюул учруулж болох эд зүйлтэй нэвтрэн орж, өөрийнхөө амь насыг хохироосон байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/148 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Г.Ш, Н.Х нарт холбогдох 1835001730167 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Увс аймгийн Прокурорын газраас Н.Х-г Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгчөөр, Г.Ш-г тус сумын цагдаагаар ажиллаж байхдаа 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хууль зүй , дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан “Саатуулах байрны дэглэм, журам”-ын 2 дахь хэсэгт заасан ахуй нөхцөл хангагдаагүй, цагдаагийн хэсгийн байранд иргэн О.Б-г “согтуугаар зөрчил үйлдсэн“ гэх үндэслэлээр саатуулахдаа мөн журмын 3.4-д заасан “..саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй болон хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлс авч орох, утаат тамхи нэвтрүүлэх, татахыг хориглоно” гэх , 4.6.7-д заасан “Саатуулагдсан хүнд үзлэг хийх, түүний эд зүйлийг хураан авах ажиллагааг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О.Б нь цагдаагийн хэсгийн байранд өмсөж явсан малгайтай цамцны бүчээр өөрийгөө боомилж нас барсан гэж үзэн тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Ш, Н.Х нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч О.Б нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын цагдаагийн хэсгийн байранд өөрийнхөө өмсөж байсан цамцны малгайн уяагаар өөрийгөө боомилсны улмаас зүрх судасны хурц дутлаар нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Харин шүүгдэгч Н.Х, Г.Ш нарын албаны үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдэл тогтоогдоогүйгээс гадна хохирогчийг саатуулсан үйлдэл нь хохирогч өөрийгөө боомилж нас барсан үйл явдалтай шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Хохирогч О.Б нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын төвд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бусдаас архи нэхэх, агсам тавих зэргээр нийтийн хэв журам зөрчсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд түүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор саатуулсан үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Прокуророос шүүгдэгч Г.Ш, Н.Х нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаар тушаалаар батлагдсан “Саатуулах байрны дэглэм, журам”-ын 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, ахуй нөхцөл хангагдаагүй, цагдаагийн хэсгийн байранд хохирогч О.Б-г саатуулсан, ингэж саатуулахдаа мөн журмын 3.4-д заасан “...саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй болон хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлс авч орох, утаат тамхи нэвтрүүлэх, татахыг хориглоно”, 4.6.7-д заасан “саатуулсан хүнд үзлэг хийх, түүний эд зүйлийг хураан авах ажиллагааг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах “ гэж заасныг тус тус зөрчиж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас О.Б нь өөрийгөө боомилж нас барсан гэж ялласан байна.
Шүүгдэгч Г.Ш, Н.Х нар нь хохирогч О.Б-г саатуулахдаа түүний биед байсан бүс, тэлээ, малгай, калибр бууны сум, бэлэн мөнгө, тамхи, асаагуур зэргийг хураан авсан нь тогтоогдсон байх тул саатуулагдаж буй этгээдийн биед үзлэг хийх, амь биед аюул учруулж болох эд зүйлийг хураан аваагүй буюу албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Нөгөө талаар хохирогч нь өөрийн өмсөж байсан цамцны малгайны уяаг ашиглан өөрийгөө боомилсон үйлдэлд шүүгдэгч нарыг буруутгах үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүхээс хэрэг учрал болсон үйл баримтыг тогтоосон нөхцөл байдал болон прокурорын яллах үндэслэл болгож буй нотлох баримтуудыг тодорхой, үндэслэлтэй үгүйсгэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг цагаатгасан байх бөгөөд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан шийдлийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 148 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН ШҮҮГЧИД Л.АЛТАН
Н.МӨНХЖАРГАЛ