| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2019/01106/И |
| Дугаар | 181/ШШ2019/01215 |
| Огноо | 2019-05-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2019/01215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Д -гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Н -д холбогдох
10,080,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Одгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч******* нь манай ангийн н.Бадруул гэдэг хүн Батлах хамгаалах яаманд ажилладаг, охиныг чинь ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд оруулж өгнө амалсан. Үүнийг нэхэмжлэгч ******* зөвшөөрч түүнд 2018 оны 06 сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингэж байж байтал******* 2018 оны 07 сарын 16-ны өдөр мөнгө бага байна дахин мөнгө шаардлагатай байна гэж утсаар ярьсан.
Тэгэхээр нь нэхэмжлэгч ******* өөрийн эхнэр Ө.Сэржмаагийн хадгаламжийг барьцаалан 4,130,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 19.1 хувийн хүүтэй, мөн 2018 оны 07 сарын 20-ны өдөр өөрийн нэр дээрх хадгаламжийг барьцаалан 6,500,000 төгрөгийг 21 сарын хугацаатай, жилийн 19.1 хувийн хүүтэй нийт 10,630,000 төгрөгийг зээлж*******гийн дансанд 2018 оны 07 сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд байж байтал 2018 оны 09 сарын 21-ний өдөр одоо дотуур байр болон дүрэмт хувцасны мөнгө хэрэгтэй байна гээд 1,000,000 төгрөгийг өөрийн нөхөр болох Б.Цогт-Эрдэнийн дансанд шилжүүлж авсан.
Тэгж хэлээд чимээ сураггүй болохоор нь 2018 оны 11 сард нөхцөл байдал юу болж байгаа талаар лавлаж асуухад******* нь Онцгой байдлын сургуульд оруулж чадахгүй боллоо, харин тус сургуулийн харьяа Эрх зүй нийгмийн ухааны сургуульд оруулж өгье гэсэн байдаг.******* нь нийт 13,060,000 төгрөгийг авсан бөгөөд нийт 4,000,000 төгрөгийг буцаан өгсөн.
Хариуцагч нь танил талаа ашиглан нэхэмжлэгчийн охин Д.Цолмонгэрэлийг Онцгой байдлын сургуульд оруулж өгнө гэсэн амласан амлалтаа биелүүлэхгүй, удаа дараа худал хэлж, мөнгө нэхэн зээл авахуулан нэхэмжлэгчийг хохироосон тул үндсэн мөнгөний зөрүү 9,060,000 төгрөг, зээлийн хүү 1,020,000 төгрөгийг*******гаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгчээс авсан 13,000,000 төгрөгийн зарим хэсгийг түүнд буцаан өгч, 9,060,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхдаа хоорондын тооцоогоор дээрхи үлдэгдлээс 210,000 төгрөгийг хасуулахаар тохиролцсон. Учир нь 2018 оны 12 сард нэхэмжлэгчийн том охин Алтантүлхүүр надаас 32 инчийн зурагтыг 300,000 төгрөгөөр худалдан авахдаа надад 150,000 төгрөг өгч, үлдэх 150,000 төгрөгийг өгөөгүй. Мөн 2018 оны 6, 7 сард Алтантүлхүүр надаас 60,000 төгрөг зээлж аваад буцааж өгөөгүй. Энэ тухай би нэхэмжлэгч болон түүний охинд хэлж, үлдэгдэл 9,060,000 төгрөгөөс 210,000 төгрөгийг хасч, үлдэх 8,850,000 төгрөгийг өгье гэхэд тэд зөвшөөрсөн.
Тийм учир би нэхэмжлэлийн энэ шаардлагын хэмжээнээс 210,000 төгрөгийг эс зөвшөөрч, үлдэх 8,850,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
Харин зээлийн хүүнд төлсөн 1,020,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би тухайн зээлийн харилцаанд оролцоогүй, хамааралгүй юм. Үүний зэрэгцээ би нэхэмжлэгчийг зээл авч байгааг огт мэдээгүй, энэ тухай надад нэхэмжлэгч хэлж байгаагүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,850,000 төгрөгийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн том охин хариуцагчаас зурагт худалдан авсан байдаг. Нэхэмжлэгч зөвшөөрвөл түүний үлдэгдэл дүнг хасч тооцуулмаар байна.
Зээлийн хүүнд төлсөн 1,020,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч сургуульд оруулж өгөх үүрэг хүлээгээгүй, н.Бадруул гэдэг хүн оруулж өгнө л гэсэн, нөгөө талаар зээлийн харилцаанд******* оролцоогүй учир хариуцах үндэслэлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан, ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд охин Д.Цолмонгэрэлийг оруулахаар өгсөн 9,060,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 1,020,000 төгрөг, нийт 10,080,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,850,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 1,230,000 төгрөгийг эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Нэг. 9,060,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.
Зохигч талуудын тайлбараар******* нь *******гийн охиныг өөрийн танил талыг ашиглан Хууль Сахиулахын Их Сургуульд элсэн суралцуулах, ******* нь үүнд шаардлагатай мөнгийг өгөхөөр тус тус харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
Зохигч талуудын дээр дурдсан тохиролцоо нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байна.
Учир нь аливаа их, дээд сургуульд элсэн суралцахыг хүсэгч нь тодорхой болзол шалгуурыг хангаж, тодорхой шалгалтыг өгч тэнцсэний үндсэн дээр тухайн сургуульд суралцах эрхээ олж авдаг байтал бусдад мөнгө өгсний үндсэн дээр өөрийн охиныг их, дээд сургуульд суралцуулах гэсэн нэхэмжлэгчийн хүсэл зориг, үйлдэл буруу байна.
Нөгөө талаас хариуцагч нь анхнаасаа бусдад боломжгүй зүйлийг амлаж, их, дээд сургуульд элсэлтийн шалгалтгүйгээр суралцуулах шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтан биш атлаа нэхэмжлэгчээс тодорхой мөнгөн хөрөнгийг авсан байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 13,060,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 4,000,000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримтын талаар зохигч талууд маргахгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч*******гаас 13,060,000 - 4,000,000 = 9,060,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгох нь зүйтэй.
Хариуцагч******* нь нэхэмжлэгч *******гийн охин Д.Алтантүлхүүртэй худалдах, худалдан авах гэрээний болон зээлийн гэрээний харилцаанд орсон, Д.Алтантүлхүүр нь түүнд нийт 210,000 төгрөгийг өгөх ёстой учир уг дүнг 9,060,000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй гэж тайлбарлан маргаж байх боловч******* болон *******,******* болон Д.Алтантүлхүүр нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь тус тусдаа харилцаа байх тул хариуцагчийн уг тайлбар үндэслэлгүй байна.
Хоёр. 1,020,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.
Өмнө дурдсанаар зохигч талуудын хооронд үүссэн харилцаа нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл учир аливаа эрх, үүрэг үүсгэхгүй, улмаар зээлийн хүүнд төлсөн гэх 1,020,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах боломжгүй юм.
Түүнчлэн, хариуцагчид өгөхөөр тохиролцсон мөнгөн хөрөнгөө хэрхэн бүрдүүлэх нь нэхэмжлэгчийн өөрийн асуудал бөгөөд тухайн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн хүлээх үүрэг нь хариуцагчид хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Бусад.
Энэхүү шийдвэр нь*******гийн зүгээс *******гийн охин гэх Д.Алтантүлхүүрт холбогдуулан худалдах, худалдан авах болон зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Хариуцагч******* нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа бичгээр илэрхийлж, бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа учир түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг шүүхээс хүссэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч*******гаас 9,060,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 1,020,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 8,000 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 159,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР