Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганзориг /томилолтоор/

хохирогч Ш.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*******,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2407000000228 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                         

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, *******тай, *******, боловсролтой, мэргэжилтэй, , , , , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******ийн ******* нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр , “” ХХК-ийн урд 2 урсгалтай зам дээр улсын дугаартай Киа к5 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугаартай Киа Рино маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарч Ж., Ж.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.******* “гэм буруу дээр маргахгүйгээр, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ч.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнөх шүүх хуралдааны үеэс хойш одоогийн байдлаар биеийн байдал харьцангуй эмчилгээ үйлчилгээ хийгдээд дээрдэж сайжирч байгаа. Би гэнэтийн ослын даатгалд даатгуулсан даатгалтай байсан. Тэгсэн чинь энэ даатгал надад олгогдохгүй гэсэн. Эмнэлэг хүн хүлээж авахгүй байгаа гэдэг учраас оны дараагаас эхэлж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх боломжтой гэсэн, давхар надад мэдрэлийн талын эмчилгээний заалт орж ирсэн. Жоохон удаан суугаад явахаар миний хоёр хөл доошоо бадайрч мэдээ алдаж байгаа учраас мэдрэлийн эмчид бас давхар үзүүлээд хяналтад нь орсон байгаа. Үүнийг сайн эмчлүүлэхгүй бол суугаа болох магадлал өндөр байна гэдгийг эмнэлгийн талаас надад хэлж зөвлөж байгаа. Гомдол саналын хувьд гомдолтой байгаа. Би 4-5 сар ах дүү, үр хүүхдүүдээрээ тэжээлгээд, эдийн засгийн чадваргүй байгаа учраас тэр талыг бодож ярилцах болов уу гэсэн санал байна. Ажил байдлын хувьд цалингийн тодорхойлолт гэж надаас гарахгүй. Хувиараа юм хийж мөнгө олдог байсан. Өмнөх хурал дээр ч гэсэн хэлж л байсан. Ажилгүй байсан хугацааныхаа хохирол төлбөрийг гаргуулж авмаар байна” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

            Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр , “” ХХК-ийн урд 2 урсгалтай зам дээр улсын дугаартай Киа к5 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугаартай Киа Рино маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч Ж., Ж.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • 3ам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-09 дэх тал),

 

  • Иргэний нэхэмжлэгч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хот дээрээс хувиараа явж байсан жижиг тэрэгт орох зорилгоор 20 цагийн үед очиж суусан тухайн үед нэлээд настай ******* хүн байсан. ... ороод өнгөрөөд л явж байтал би зүүрмэглээд унтчихсан байсан, тэгээд гэнэт сэрээд урагшаа зам руу хартал өөдөөс гэнэт хар өнгийн зүйл орж ирээд мөргөлдчихсөн. Нэг сэрсэн чинь урд сууж байсан залуу үхлээ аваарай гээд орилоод байсан. Тэгээд хажууд сууж байсан эмэгтэй хүнийг хартал тухайн охины хамар, амнаас цус гарчихсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би буугаад мөлхөөд гартал хүмүүс ирээд эмнэлэг цагдаа дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

  • Хохирогч Ш.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр сумаас таксинд суугаад хот руу явсан бөгөөд би машиндаа сэлбэг авахаар явж байсан. ... дээр очтол тендерын машин байхгүй байсан бөгөөд улсын дугаартай К5 загварын машин явна гээд зогсож байхаар нь машинд сууж хүн дүүрэхийг хүлээж байгаад 1 хүн дутуу хотоос хөдөлсөн. Бид нар өнгөрөөд дөнгөж гараад явж байхад манай машины маш хурдтай явсан бөгөөд бидний урд нэг ачааны машин явж байсан ба тухайн үед өөрийнхөө сууж явсан машины ийг тэр ачааны машиныг гүйцэж түрүүлэх гэж байгаа юм байна гэж бодсон ч эсрэг урсгалд машины гэрэл их ойрхон тусахаар нь арай амжихгүй юм байна гэж бодож байтал манай машин осол гаргаж урд явж байсан ачааны машиныг мөргөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

  • Хохирогч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр би аймгаас хотод 19 цаг өнгөрч байх үед ирсэн. Тэгээд хот дээр очоод байж байтал рүү хувиараа явдаг улсын дугаартай тээврийн хэрэгслийн настай ах 2 хүн аваад рүү хөдөллөө гэхээр нь орой болчихсон байсан учир шууд суусан. Тэгсэн дахиж 1 хүн олдохгүй байна гээд удалгүй шууд гарчихсан, тэгээд би машинд сууж явж байгаад рүү орж ирж байх үед би унтаад өгсөн, өмнө бас машинд сууж ирсэн болохоор ядраад унтчихсан. Тэгээд нэг сэрсэн чинь би Налайх дүүргийн эмнэлэг дээр сэрсэн. Тэгээд Налайх дүүргээс бид нарыг шууд хот Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...Миний хамар хугарсан, нүдний ухархай гэмтсэн өөр гэмтэл байхгүй. Би бол суудлын бүсээ зүүгээгүй, бусад зорчигч нарыг зүүсэн үгүйг мэдэхгүй байна. Одоо бол ил гэмтэл шарх байхгүй, нүд бүрэлзээд нүд хааяа харанхуйлаад байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

  • Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр орой аймгийн нутагт байх зуслангийн байшин дээрээ ажил хийж байгаад элс дуусахаар нь элс ачихаар ны нутаг дэвсгэрт байрлах Элстэй гэдэг газрын хөндлөн зам дээр элсний карьераас элс ачихаар улсын дугаартай ачааны Киа Рино маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан чинь машин гэнэт ухасхийгээд араас миний барьж явсан машиныг өөр машин мөргөх шиг болсон. Би зам чөлөөлөөд баруун гар тийшээ засмал замаас гараад зогсоод замын хажууд байх шороо нь дээр замаа чөлөөлөөд машинаас буугаад харсан чинь Киа машин мөргөөд хамар нь чихэгдсэн байсан, машин дотор нь оосоо гадна 3 зорчигч явж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамт ажилладаг , Магнай нарын хамт аймгийн сумын нутагт зуслангийн байшинд явган хүний зам хийж байгаад улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй уг машиныг жолоодоод элс ачихаар ны нутагт байрлах элсний карьераас элс ачихаар замд явж байсан чинь миний сууж явсан машины араас машин мөргөсөн юм. Ямар учраас араас мөргөсөнийг мэдэхгүй. Тэгээд замаа чөлөөлөөд бид нар машинаас буугаад харсан чинь араас суудлын саарал өнгийн зөв талдаа рультэй Киа маркийн машин байсан юм. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй толгой хойшоо савагдсан, юм мөргөөгүй учраас би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 408 дугаартай “Жамъянгийн *******ын биед бүсэлхийн 1 нугалмын шахагдсан хугарал, хөндлөн сэртэнгийн сэлтэрсэн хугарал, баруун талын 1, зүүн талын 3 хавирганы хугарал, баруун мөр, цээж, хэвлий, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 409 дугаартай “ийн н биед зүүн талын хоншоор ясны духны сэртэнгийн хугарал, зүүн талын гайморын хөндийн өмнөд ханын хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар зарын 09-ний өдрийн 410 дугаартай “Гүржавын ын биед баруун хөмсөгт шарх, зүүн өвдөг шилбэнд зулгаралт, баруун мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тоггоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4379 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “2352043850 дугаартай О.” гэж хаягласан хуруу шилтэй цуснаас спиртын агууламж илрээгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4377 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Ч.*******” гэж хаягласан цуснаас спиртын агууламж илрээгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 74-75 дахь тал),

 

  • “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 24/141 дугаартай “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17 “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байх тул дээрх үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Киа К5 маркийн улсын дугаартай автомашины Ч.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Киа Рино маркийн улсын дугаартай автомашины О.г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Киа К5 маркийн улсын дугаартай автомашины Ч.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 84-86 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

            1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийснээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг. Гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэнд, амь насанд учирсан хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг.

 

            Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

 

            Тус хэрэгт шүүгдэгч Ч.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, Ж., Ж.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ч.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, урдаа явсан улсын дугаартай Киа Рино маркийн автотээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас, өөрийн автотээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч Ж.гийн биед “зүүн талын хоншоор ясны духны сэртэнгийн хугарал, зүүн талын гайморын хөндийн өмнөд ханын хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч Ж.*******ын биед “бүсэлхийн 1 нугалмын шахагдсан хугарал, хөндлөн сэртэнгийн сэлтэрсэн хугарал, баруун талын 1 зүүн талын 3 хавирганы хугарал, баруун мөр, цээж, хэвлий, баруун өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.*******г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Ч.*******д холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд иргэний нэхэмжлэгч Г.ын биед дахин шинжилгээ хийлгэх, гэмтлийн зэрэг хүндэрч өөрчлөгдсөн тохиолдолд Г.ыг хохирогчоор тогтоож, эрх, үүрэг танилцуулах, тайлбар, мэдүүлэг авах зэрэг нэмэлт ажиллагааг хийхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн боловч иргэний нэхэмжлэгч Г. нь шинжээчийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй, гомдолгүй болсон тул дахин шинжилгээ хийлгэхээс татгалзаж байна гэдгээ илэрхийлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдав. 

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж., Ж.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Г.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

  1. Хохирогч Ж. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.******* нь хохиролд 1,800,000 төгрөгийг төлж барагдуулж, хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж, хохирогч нь гомдол санал байхгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Ж.д төлөх төлбөргүйд тооцов.

 

  1. Хохирогч Ж.******* нь оношилгоо, эм тариа, замын зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 600,080 төгрөг, шүүхийн шатанд баримтаар 218,445 төгрөг буюу нийт 818,525 төгрөг нэхэмжилж, шүүхийн хэлэлцүүлэгт “хувиараа трактор түрээслэж ажил хийж 1 сард 2,000,000 төгрөг олдог байсан бөгөөд ослоос хойш нийт 5 сар ажил хийж чадаагүй тул олох байсан орлого 10,000,000 төгрөг”-ийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийг гаргасан.

 

Хохирогч Ж.*******ын баримтаар нэхэмжилсэн нийт 818,525 төгрөгийг шүүгдэгч Ч.******* төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт болон хохирогч Ж.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт “баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр бүрэн төлөгдсөн” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Ж.******* нь өвчтэй байх хугацаанд олох байсан орлого 10,000,000 төгрөг нэхэмжилж байх боловч аймгийн Архуст сумын Засаг даргын “трактор, үрлэгч, хаман боогч зэрэг техникийг түрээсийн гэрээгээр түрээслэн ажиллаж байгаа нь үнэн” гэх тодорхойлолтыг үндэслэн шүүх олох байсан орлогыг тооцоолон гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу олох байсан орлого, цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.*******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  1. Иргэний нэхэмжлэгч Г. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт оношилгоо, эм тариа, шатахууны зардалд баримтаар 1,068,250 төгрөг нэхэмжилсэн байсан боловч хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж шийдвэрлэсний дараа иргэний нэхэмжлэгч Г. нь гомдолгүй болсон тул дахин шинжилгээ хийлгэхээс татгалзсан, шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх тайлбарыг өгсөн байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Г.т төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин иргэний нэхэмжлэгч Г. нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.*******гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

 

            4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх ба Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ш.*******ын эмчилгээ үйлчилгээнд 287,402 төгрөг, хохирогч Ж.гийн эмчилгээ үйлчилгээнд 3,556,995 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.ын эмчилгээ үйлчилгээнд 1,798,607 төгрөгийн төлбөр буюу нийт 5,643,004 төгрөг төлөгдсөн байна.  

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Ш.*******ын эмчилгээ үйлчилгээнд төлөгдсөн 287,402 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.ын эмчилгээ үйлчилгээнд төлөгдсөн 1,798,607 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Харин хохирогч Ж.гийн эмчилгээ үйлчилгээнд төлөгдсөн 3,556,995 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч Ч.******* төлж барагдуулаагүй байх тул түүнээс 3,556,995 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв. 

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг хотын дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Л.******* “шүүгдэгч Ч.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, *******тай, өндөр насны гарсан, ганц бие, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ослын улмаас өөрөө хүнд гэмтэл авсан, эмнэлгийн тусламж авч байгаа, хохирогч нарт хохирол төлбөрийг барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг хамгийн доод хэмжээгээр хасаж өгнө үү” гэсэн дүгнэлт, тайлбар тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч Ч.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүх шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (зорчигч тээвэрлэн явахдаа хурд болон урд яваа машин хоорондын зайг тохируулан яваагүй байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн байдал), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, өөрийнх нь эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, *******тай эмчилгээ хийлгэх шаардлагатай байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 1 жилийн хугацаанд хотын дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 1 (нэг) жилийн хугацаанд хотын дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар  шүүгдэгч Ч.*******гаас 3,556,995 (гурван сая таван зуун тавин зургаан мянга есөн зуун ерэн тав) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.*******, иргэний нэхэмжлэгч Г. нар нь цаашид гарах эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого буюу гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.*******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЭНХЖАРГАЛ