| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/00201/И |
| Дугаар | 155/ШШ2021/00335 |
| Огноо | 2021-03-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2021/00335
| 2021 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2021/00335 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Э,
Хариуцагч: Б.Нд холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2021/00201/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр Бат-Эрдэнийн Б.Нтэй танилцан, үерхэж байгаад 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, энэ үеэс хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр охин С, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү Сэ нарыг төрүүлсэн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол таарч байсан боловч зан байдлын хувьд таарч тохирохгүй болсон. Учир нь Б.Н үргэлж архи ууж, хардаж, хэл амаар доромжлон айлгаж, зодож дарамтлах болсон. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид амьдрах ямар ч боломжгүй боллоо.
Иймд 2015 оны 0000 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж, охин С, хүү Сэ нарыг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Э, бид хоёр 2015 онд танилцаад 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр охин С, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү Сэ нарыг төрүүлж өсгөөд сайхан л амьдарч байсан. Бид хоёр А сумын 4 дүгээр багт малаа маллаад хүүхдүүдээ өсгөөд амьдардаг. Миний хувьд хааяа нэг баяр ёслолын үер найз нөхөдтэйгээ нийлж пиво, архи бага зэрэг уудаг байсан тохиолдлууд байсан. Энэ байдлаас шалтгаалаад эхнэр минь шүүхэд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан байна. Миний хувьд цаашид архи ууж, болж бүтэхгүй зан гаргахгүй, эхнэр хүүхэдтэйгээ элэг бүтэн, элэгсэг, үр хүүхдээ өнчрүүлэхгүй сайхан амьдарна. Эхнэрээ зарим үед гомдоож байсан бол уучлаарай. Би хоёр хүүхдээ орхиж, эхнэрээсээ салж чадахгүй.
Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцлахгүй, цаашид сайхан амьдрах боломж олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2020 оны 8 дугаар сараас хойш Б.Нгээс тусдаа хүүхдүүдийн хамт айлын хашаанд ээжийн илүү гэрт амьдарч байна. Б.Нтэй цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, охин С, хүү Сэ нарыг өөрийн асрамжид авч, хоёр хүүхдэдээ тэтгэлэг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлнэ. Би Б.Нтэй гэр бүл болохоос өмнө 2014 онд охин Э.Нандин-Эрдэнийг төрүүлсэн бөгөөд манай ээжтэй хамт амьдардаг байсан. Би хуваарьт эд хөрөнгөө авч, Б.Н хашаа байшин авч өгнө гэж тохиролцсон боловч одоо болтол юу ч өгөөгүй. Өөрийн гэсэн гэр оронгүй хэцүү байгаа тул биднийг айл болоход бэлдэж өгсөн 5 ханатай, дан бүрээстэй гэрийг авмаар байна. Тус гэрийг 2.000.000 төгрөгөөр үнэлж байна гэв.
Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулна. Бидний дундаас төрсөн охин Н.С, хүү Сэ нарыг ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Э.Э өөрийн гэсэн хуваарьт хөрөнгөө авсан. Би хашаа байшин авч өгөхөөр тохиролцсон боловч чадахгүй байна. 2.000.000 төгрөгөөр үнэлсэн, манай эцэг, эхийн бэлдэж өгсөн өөрийн 5 ханатай, дан бүрээстэй гэрийг Э.Э болон хүүхдүүддээ өгөхийг зөвшөөрч байна гэв.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Б.Нд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид болох Э.Э, Б.Н нар 2020 оны 8 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Б.Н нар 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн А сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон Эрэгтэй: РД: ра92082916, Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, овог: Бичээч, эцэг /эх/-ийн нэр: Бат-Эрдэнэ, нэр: Б.Н, эмэгтэй: РД: уд91040440, Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, овог: Буурал, эцэг /эх/-ийн нэр: Эрдэнэбилэг, нэр: Э.Э нар 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлд бүртгэсэн тухай 0000 бүртгэлийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр охин Н.С, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү Н.Сэ нар төрсөн болох нь Хөвсгөл аймгийн А сумын улсын бүртгэлийн ажилтны бүртгэсэн 6704000014, 6704000067 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Далайн-Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Хүүхдүүдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, хүүхдийн нас, амьдарч дассан орчин нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Н.С, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Сэ нарыг эх Э.Эийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Б.Нгээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Охин Н.С, хүү Н.Сэ нар төрүүлсэн эх Э.Эийн асрамжид үлдсэн нь эцэг Б.Нн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Н.С, хүү Н.Сэ нартай эцэг Б.Н хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.
Хариуцагч Б.Н 5 ханатай, дан бүрээстэй гэр буюу 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Э, охин Н.С, хүү Н.Сэ нарт өгөхөөр тохиролцсон болохыг дурьдлаа.
Иймд Э.Э, Б.Н нарын гэрлэлтийг цуцалж, охин Н.С, хүү Н.Сэ нарыг эх Э.Эын асрамжид үлдээн, хариуцагч Б.Нгээс охин Н.С, хүү Н.Сэ нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, мөн 5 ханатай, дан бүрээстэй гэр буюу 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э, охин Н.С, хүү Н.Сэ нарын өмчлөлд олгохоор шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Н.С 05 нас 01 сар, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Сэ 01 нас 04 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийн 50 хувь болох 106.900 төгрөгийг охин Н.С, Н.Сэ нарт сар бүр төлөх нийт 106.900*2=213.800 төгрөгийн тэтгэлгийг эцэг Б.Н төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Н.С, Н.Сэ нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.565.600 төгрөг болж байна.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Э.Эын эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 68.428 төгрөг, бүгд 138.628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгээс улсын тэмдэгтийн хураамж бүгд 138.628 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Эд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Буурал овогт Эрдэнэбилэгийн Э.Э, Бичээч овогт Бат-Эрдэнийн Б.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Н.С, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Н.Сэ нарыг төрсөн эх Э.Эийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Нн Сг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Нн Сийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Нгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хариуцагч Б.Нгээс 5 ханатай, дан бүрээстэй монгол гэр буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Э.Э, охин Н.С, хүү Н.Сэ нарын өмчлөлд шилжүүлсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Н, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Э нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 138.628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгээс улсын тэмдэгтийн хураамж бүгд 138.628 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Э.Эд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Золжаргалд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА