| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0002/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/08 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч С.Д*******а нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Д******* холбогдох эрүүгийн 2415000000289 дугаартай, 304/2025/0002/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дэ******* овогт С******* Д*******а, А******* аймгийн ******* суманд .. оны .. дугаар сарын ....-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А******* аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ц******* 15-1 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-д оператор ажилтай, урьд нь А******* аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Д*******а нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас 01 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ амьсгалд 3.17 хувийн, цусанд 3.3 хувийн согтолттой, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Д*******а нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэн А******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/860 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан” шийтгэл хүлээсэн байх ба тээврийн жолоодох эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байхдаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутагт улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Гэрч Ч.Т: “... 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Зоон даваан”-ы замын хяналтын пост дээр хяналт шалгалт хийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Орхон аймгаас Булган аймгийн чиглэл рүү улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь тухайн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тээврийн хэрэгслийн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба тухайн хүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд тухайн хүнээс регистрийн дугаарыг нь асууж бэлэн бус торгуулийн машин дээр шалгаж үзэхэд урьд нь 2024 оны 09 сарын 13- ны өдөр 1 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэн байсан. Тэгээд тухайн хүнийг саатуулан цагдаагийн газар дээр авч ирээд согтолтын зэргийг нь тогтоох зорилгоор согтууруулах хэмжигч багаж үлээлгэж үзэхэд 3.17 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,
-Гэрч А.Э: “... 2024 оны 11 сарын 07-ны өдөр цуг ажилладаг Баярбат гэдэг залуу С.Д*******а бид хоёрыг Орхон аймгаас гаргаж өгч байна гээд бид гурав Орхон аймагт 3-уулаа 0,5 литрийн 3 шил архи аваад уусан. Д*******а машинаа бариад би нэлээн согтсон байсан болохоор хажууд нь суугаад А******* аймаг руу явахаар Орхон аймгаас хөдөлсөн. Тэгээд би нэлээн согтсон байсан болохоор машинд урд жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад шууд унтаад өгсөн юм. Тэгээд нэг сэрсэн чинь Булган аймгийн Зоон давааны цагдаагийн пост дээр цагдаад баригдаад журамлагдсан байсан. Тэгээд С.Д*******ыг эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гээд цагдаа нар С.Д*******а бид хоёрын тээврийн хэрэгслийг саатуулж журмын хашаанд хийсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 10-12 дахь тал/,
-Жолоочийн согтуурал шалгаж 3.17% согтолтой болохыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 20 дахь тал/,
-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 162 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн “С.Д*******а 44/эр” гэж хаягласан цуснаас 3.3 спиртийн агууламж илэрсэн.
3.Цусан дахь 3,3 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,
-Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай: “ ...Жолооч Сумъяа овогтой Д*******а // нь цагдаагийн хайлт мэдээллийн санд жолооны "В,С,С1,СЕ,С1,ЕМ" ангиллын эрх хүчингүй төлөвтэй байна.
Жолооч Сумъяа овогтой Д*******а /А380021279/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
-А******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/860 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
-Жолоочийн эрх шалгасан лавлагаа, мэдээлэл / хавтаст хэргийн 30 дахь тал/
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн эцэслэн шийдвэрлэх хангалттай байна.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт:
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.Д*******а нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явууллаа.
1.4.Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч С.Д*******а нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон заалтыг зөрчин, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
С.Д******* Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан А******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/860 дугаартай шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэх ойлголтод мөн хамаарч байна.
С.Д*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг бөгөөд, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч С.Д*******ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул С.Д*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1.Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч С.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох саналтай байна....” гэв.
Шүүгдэгч: “..байхгүй...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 66 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/, А******* аймгийн ******* сумын засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 772 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 70 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 72 дахь тал/, А******* аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 76-79 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Д*******ын хувийн байдлыг тодорхойллоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Д*******а нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.Д*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Д*******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгч С.Д******* сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж онгодуулсан бол ял оногдуулсан үеэс ... хугацааг тоолно гэж” заасан тул шүүгдэгч С.Д******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
2.3.Бусад асуудал:
Шүүгдэгч С.Д*******а нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол уншиж танилцуулснаар хүчинтэй болохыг дурдан, шүүгдэгч С.Д******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 зүйлийн 1, хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дэ******* овогт С******* Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д******* оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Д******* сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч С.Д*******а нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Д******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ