Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/07

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч П.Ч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн П.Ч*******ад холбогдох эрүүгийн 2415000000287 дугаартай, 304/2025/0001/Э индекстэй хэргийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х******* Д******* овогт П******* Ч*******, Булган аймгийн Х******* суманд 1966 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 58 настай, ам бүл 1, Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр баг “ ” гэх газар оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.Ч******* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн нутаг “ анга” гэх газарт байх гэртээ тус багийн иргэн Н.Б*******той үл ялих зүйлээр шалтаглан маргаж түүний биед халдан зүүн гарын бугалганы гадна дээд хэсэгт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.Ч******* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагийн орчим Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн нутаг “ анга” гэх газарт байрлах гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус багийн иргэн Н.Б*******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа түүний зүүн гарын бугалгын гадна дээд хэсэгт 1 удаа хутгалж “зүүн гарын бугалгын гадна дээд хэсэг шарх, цээжний зүүн хэсэгт, зүүн гарын бугалгад цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

-Хохирогч Н.Б*******ийн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр адуундаа яваад адуугаа ололгүй ирсэн. Тэгээд гэртээ харилгүй шууд морио услах санаатай саахалт айл Ч******* ахынд очсон. Намайг очиход Ч******* ах ганцаараа архи уугаад гэртээ согтуу сууж байсан. Тэгээд намайг зурагтаар бөх үзээд сууж байхад Ч******* ах хулгайчуудыг ална гэж надад хандаж хэлээд байхаар нь би таны юуг хулгайлсан юм та согтуу байна унтаж амар гэж хэлэхэд миний урдуур тойрч гүйгээд хутгаараа хатгачихаад гэрээсээ хөөсөн. Тэгэхээр нь би та намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлэхэд битгий хуц гэрээс чи зайл гэж хөөхөөр нь би гэртээ харьсан. Одоо миний биед өвчин, зовиур байхгүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... Надад П.Ч******* эмчилгээний зардалд 150,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 31 дэх тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.А: “...Хохирогч Н.Б******* нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойших хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 522,439 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна. Тухайн хэрэгт буруутай этгээд болох П.Ч*******аас 522,439 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлж, хохирлыг бүрэн барагдуулах хүсэлтэй байх тул энэ мөнгөн дүнг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, баримт / хавтаст хэргийн 36-37, 22-23 дахь тал/,

-Гэрч Г.Г: “...Намайг 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой Хутаг- Өндөр сумын төвд эргүүл хийж байх үед эрүүл мэндийн төвөөс манай эмнэлэгт Хуурай анга гэх газраас иргэн Н.Б******* нь бусдад хутгалуулсан байдалтай ирсэн байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би дэд ахлагч Б.Ц хамт эрүүл мэндийн төв дээр очиход сувилагч Уртнасан нь хутгалуулсан шарханд оёдол тавьж байхаар нь Б*******оос юу болсон талаар асуухад би саахалт айл Ч******* ахын гэрт нь ороод бид хоёр маргалдахад намайг хутгаар хатгасан гэж хэлсэн. Тэгээд би “ Хавчир анга” орж Ч******* гэх хүн дээр очиход гэртээ архи уусан байдалтай согтуу байхаар нь аймгийн төв рүү авч яваад цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан. Намайг очиход Б*******ийн зүүн гарын мөрний хэсэгт хутгаар хатгасан шарх байсан. П.Ч*******ын согтолтын хэмжээ нь харахад зүгээр биеэ авч яваа байдал нь хэвийн байсан. Би цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны драйгер багажаар согтолтыг шалгахад 0.94%- тай гарсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

-Гэрч Б.Э: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед манай нөхөр Б******* намайг хонио харж байгаарай би адуундаа явлаа гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Тэгээд би Х******* сумын 1-р баг Цагаан бургас гэх газарт хониндоо явж байхад 17 цагийн үед манай хүүхэд Б нь залгаад аав хажуу талын хөрш Ч******* ахад хутгалуулаад гэртээ ороод ирлээ гэж хэлэхээр нь би яараад ирэхэд манай нөхөр Б******* нь зүүн мөрөндөө хутгалуулсан байдалтай цус нь гараад тогтохгүй байсан. Тэгэхээр нь эмнэлэг рүү яаралтай авъя яваад мэс заслын сувилагч Уртнасан нь 6 удаа оёдол тавьж өгсөн...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

-Гэрч Б.Бийн: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед манай аав Б******* нь адуундаа яваад орой 17 цагийн үед гэртээ ирэхээр нь та ямар удаж ирэв гэхэд аав нь Ч******* ахад хутгалуулчхаад ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээж рүү утасдаж хэлээд ээж ирээд аавын зүүн мөрний цус тогтохгүй болохоор нь эмнэлэг рүү яаралтай авч явсан. Б******* нь гаднаас хутгалуулчихлаа гэж хэлээд дээлээ тайлахад зүүн мөрөнд нэлээн гүн хутганы зүсэгдсэн шинэ шарх байсан тухайн үед цус алдаад байхаар нь эмнэлэг рүү авч явсан. Тухайн өдөр аав улаан дээлтэй байсан. Ээж аавын дээлийг үзээд зүүн мөрөнд нь хутгаар зүсэгдэж цоорсон байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

-Гэрч Х.О: “...Би иргэн Н.Б*******ийн биеийн байдлыг 2024 оны 11 сарын 14-ний өдөр үзсэн. Тухайн үед Н.Б*******ийн биеийн байдлыг үзэхэд зүүн мөрний гадна талд хурц эрмэгтэй зүйлээр ойролцоогоор 5 см зүсэгдсэн гадна талдаа 4 оёдолтой шархтай бас зүүн талын мөр нь ягаарч хөхөрсөн бага зэрэг хавдсан байсан. Би тухайн үед үрэвслийн эсрэг өвчин намдаах эмчилгээ бичиж өгөөд явуулсан. Иргэн Н.Б******* 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед манай эрүүл мэндийн төв дээр зүүн мөрөндөө хутгалуулсан гэсэн дуудлагаар ирээд мэс заслын сувилагч Х.Уртнасанд үзүүлж оёдол тавиулсан айсан. Н.Б******* нь надад хэлэхдээ Ч******* гэх хүн намайг хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

-Гэрч Х.У: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой ээлжийн сувилагч над руу залгаад эмнэлэг дээр биедээ хутгалуулсан хүн ирсэн. Эмч хөдөө дуудлагад явсан учраас та ирж биеийг нь үзэж оёдол тавих юм байна гэж хэлсэн. Тэгээд намайг ирэхэд 50 орчим настай эрэгтэй хүн зүүн гарын булчинд 1 удаа хутгалуулсан шинэ шархтай байсан. Тэгээд би эрүүл мэндийн төвийн дотоод журмын дагуу цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдэж дуудлага өгсөн. Тухайн иргэн өөрийгөө Б******* гэж байсан ба зүүн гарын булчингийн хутгалуулсан хэсгээс цус гараад тогтохгүй байсан. Тэгээд би дотор талдаа цус тогтоох 3 оёдол гадна арьсан дээр 4 оёдол тавьж оёсон. Даралт өндөр байсан тул даралтын эм өгөөд өвчин намдаах тариа хийж өгөөд явуулсан. Би юу болсон талаар асуухад саахалт айл болох Ч*******ынд ороход ганцаараа архи ууж байсан. Тэгээд миний хажуугаар өнгөрөхдөө зүүн гар луу хутгаар хатгасан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 55-56 дахь тал/

-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр 15-ны өдрийн 376 дугаартай:

1.Магадлуулагч Н.Б*******ийн биед зүүн гарын бугалгын гадна дээд хэсэг шарх, цээжний зүүн хэсэгт, зүүн гарын бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Уг гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

4.Уг шарх, цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 61-64 дэх тал/,

-Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

-Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-15, 16-17 дахь тал/,

-Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-18, 19-20 дахь тал/ зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.Ч******* дээд боловсролтой байх бөгөөд өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтээ илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч П.Ч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна....” гэв.

Шүүгдэгч: “...байхгүй...” гэв.

Шүүгдэгч П.Ч*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийг хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр 15-ны өдрийн 376 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч П.Ч******* хохирогч Н.Б*******ийг хутгалсан үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан “гарын бугалгын гадна дээд хэсэг шарх, цээжний зүүн хэсэгт, зүүн гарын бугалгад цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Энхбатын “...Н.Б*******ийн биед учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.Ч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Шүүгдэгч П.Ч*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Н.Б*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.Ч*******ыг хохирогч Н.Б*******ид төлөх төлбөргүйд тооцов.

Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Н.Б*******ийн эмчилгээнд 522.439 төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогджээ.

Шүүгдэгч П.Ч******* нь дээрх 522,439 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

   Улсын яллагч: “.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...байхгүй...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 87 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хавтаст хэргийн 89 дэх тал/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хавтаст хэргийн 90-91 дэх тал/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /хавтаст хэргийн 92 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 93 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 94 дэх тал/, Булган аймгийн Х******* сумын Хутаг багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 97 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 98 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч П.Ч*******ын хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Ч******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч П.Ч*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Ч*******ад тусгайлан сануулав.

2.2.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд тус тус  даалгаж, шүүгдэгч П.Ч******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******* Д******* овогт П******* Ч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч*******ыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Ч*******ад сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 13 см нийт 26 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд тус тус даалгасугай.

5. Шүүгдэгч П.Ч******* нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг  тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ч*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ