Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2020/02680

 

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын29 өдөр

181/ШШ2020/02680

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Эрдэнэбилэг /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Үржинжавын Цогбадрах /РД:/-д холбогдох,

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэг, хариуцагч Ү.Цогбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцацрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 сарын 20-ны өдөр Ү.Цогбадрах нь надаас суурь машин аваад 10 хоногийн дараа 5,000,000 төгрөг авчирч өгөхөөр автомашинаа барьцаанд тавиад гарын үсгээ үлдээгээд явсан. Одоо болтол мөнгийг маань өгөөгүй байгаа тул 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2018 оны 06 сард Хэнтий аймгийн Батширээт сумаас Пүрэвчулуун, Шаравжамц нар над руу утсаар ярьж модны суурь машин зарах хүн байна уу гэж асуусан. Би хүнээс асууж өгье гэсэн. Дархаа гэж хүнээс асуутал Эрдэнэбилэгт байгаа гэсэн. Тэгээд 5 сая төгрөгөөр зарна гэсэн. Би Пүрэвчулуун, Шаравжамц 2-луу залгаад энд хүн зарна гэж байна гэж хэлсэн. Тэгээд би суурь машины эзэнтэй уулзаад утсаар Пүрэвчулуун, Шаравжамц нарыг Эрдэнэбилэгтэй яриулсан. Пүрэвчулуун, Шаравжамц, Эрдэнэбилэг нар утсаар наймаагаа ярьж тохирсон. Пүрэвчулуун, Шаравжамц нар Эрдэнэбилэгийг суурь машинаа авч ирж суурилуулж өгөөд мөнгөө аваад яв гэсэн. Эрдэнэбилэг өөрөө яваагүй дүү Дархаагаа явуулсан. Тэр үед Пүрэвчулууны портер машин хотод байсан ба Хэнтий явах гэж байсан тул уг машинд суурь машинаа ачаад явсан. Энэ үед намайг машинаа үлдээчих гэсэн. Хэнтийд очоод суурь машиныг суурилуулж өгөөд мөнгөө авах гэсэн чинь мотор нь шатсан байсан. Тэгээд би буцаад хот руу ирсэн. Б.Эрдэнэбилэгээс очоод машинаа авах гэсэн чинь мөнгө авч ирж өгөөд ав гээд өгөөгүй. 4-5 хоногийн дараа Пүрэвчулуун, Шаравжамц хоёр Хэнтийгээс хотод ирээд тэй уулзаад миний машиныг авч өгсөн.  нар нь энэ суурь машины асуудал чамд хамаарахгүй, бид 2 Эрдэнэбилэгт төлж өгнө гэдгээ надад ярьсан. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст н бид нарыг дуудаж уулзуулаад Шаравжамц, Пүрэвчулуун нарыг суурь машиныг Эрдэнэбилэгт буцаагаад авч ирээд өгчих гээд явуулсан. гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэг нь хариуцагч Ү.Цогбадрахад холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2018 оны 06 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэг нь хариуцагч Ү.Цогбадрахад марк, загвар тодорхойгүй суурь машиныг 5,000,000 төгрөгөөр худалдах, Ү.Цогбадрах нь суурь машиныг 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Ү.Цогбадрахын өөрийн гараар бичсэн 10 хоногийн дараа 5 сая төгрөг авчирч өгөөд машинаа авахаар гэрээ хийв гэсэн агуулга бүхий баримтаар тогтоогдож байна.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байх бөгөөд худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч нь уг суурь машиныг өөрөө биш Пүрэвчулуун, Шаравжамц нар нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэгээс худалдан авсан гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байсан боловч шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбараар хариуцагч нь уг суурь машиныг Г.Эрдэнэбилэгээс 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байсан ба 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон суурь машиныг Пүрэвчулуун, Шаравжамц нарт мөнгө нэмэн худалдах, дундаас нь ашиг олох үүднээс Пүрэвчулуун, Шаравжамц гэгч нартай өөр тохиролцоо хийсэн, улмаар хариуцагч Ү.Цогбадрах нь нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэгээс суурь машиныг авч явсан байх боловч суурь машины мөнгийг төлөөгүй болох нь тогтоогдсон.

Пүрэвчулуун, Шаравжамц гэгч нар нь суурь машины мөнгийг Ү.Цогбадрахад суурь машиныг суурилуулах үед мотор шатсан байсан гэх асуудлын улмаас өгөөгүй, улмаар үүнээс шалтгаалан талуудын хооронд маргаан гарч, Пүрэвчулуун, Шаравжамц гэгч нар нь Г.Эрдэнэбилэгт мөнгийг нь буцаан өгөхөөр болсон гэх хариуцагчийн тайлбар нь түүнийг худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээсэн хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хариуцагч нь уг суурь машин нь гэмтэлтэй байсан гэсэн тайлбар гаргадаг боловч үүнийгээ шүүхэд баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар Г.Эрдэнэбилэгээс суурь машиныг хүлээн авах үед суурь машинд гэмтэл байсан болох нь тогтоогдоогүй, нөгөө талаар Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дахь заалтад зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид, мөн зүйлийн 247.2 дахь заалтад зааснаар худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжих тул суурь машиныг Хэнтийд аваачиж суурилуулах үед мотор гэмтсэн байсан гэх хариуцагчийн тайлбар нь суурь машины үнийг нэхэмжлэгчид төлөхгүй байх үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ү.Цогбадрахаас суурь машины үнэ 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэгт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байх боловч 2018 оны 06 сарын 20-ны өдрөөс хойш үргэлжилсэн талуудын маргааны явцад нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэгт Ү.Цогбадрахаас суурь машиныг авсан гэх этгээдүүдийн зүгээс 500,000 төгрөг төлсөн гэдгийг нэхэмжлэгч шүүх хуралдаанд зөвшөөрсөн тул нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэг 500,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй гэж үзэн хариуцагч Ү.Цогбадрахаас 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Ү.Цогбадрахаас 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэгт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 сарын 01-ний өдөр төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Цогбадрахаас 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эрдэнэбилэгт олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР