Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 0008

 

С.Т-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:

Прокурор Т.Г Шүүгдэгч С.Т Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Р.Н

 Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 358 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Т-т холбогдох,  эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х овогт С-н Т.

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө      аймгийн      сумын     багийн        тоотод Т.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хамтран амьдрагч Б.Х-г онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х овгийн С-н Т-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар 19 /арван есөн/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2.1 дэх хэсэгт заасныг журамлан С.Т-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт тооцож Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1,2.7,2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 19 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 19 жил 02 /арван есөн жил хоёр сар/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Т-н эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч С.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Т-н цагдан хоригдсон 171 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Б-н 49.321.161 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч төлөх төлбөргүйг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн    аймаг    сум      багийн       тоот      га газартай хашаа,      мкв хувийн сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн оруулгатай ажлын хүрэм, цагаан өнгийн футболк, цэцгэн хээтэй дэрний уут, саарал өнгийн орны бүтээлэг будангийн дэрний уут, 25x19 см хэмжээтэй хяргаж авсан саарал өнгийн буйдангийн бүтээлгийн хэсэг, 47x41 см хэмжээтэй хяргаж авсан саарал өнгийн буйдангийн бүтээлгийн хэсэг, цэнхэр өнгийн хос таавчиг, гал тогооны шүүгээний хаалганы гаднаас арчиж авсан цус мэт зүйл, гал тогооны өрөөний хулдаасан дээрээс хусаж авсан цус мэт зуйл, унтлагын өрөөний хивснээс хяргаж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон хивсний хэсэг, унтлагын өрөөний хивснээс хяргаж авсан цус мэт зүйлээр бохирлогдсон хивсний хэсэг, талийгаачийн нөмөрч байсан дөрвөлжин судалтай шар цоохор өнгийн хөнжлийн даавуу, юүдэнтэй хар өнгийн ноосон цамц, саарал өнгийн футболк, хар өнгийн даавуун өмд хех өнгийн дотоож, саарал өнгийн 3 нэг хос оймс, шар алаг өнгийн пүүз 1 хос, хар өнгийн богино куртек, цагаан цоохор өнгийн футболк, шар өнгийн ноосон хос оймс, хар өнгийн биеийн тамирын өмд, ягаан өнгийн дотоож, урагдсан улаан өнгийн футболк, цагаан саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн хос оймс, цагаан өнгийн пүүзэн гутал 1 хос, хатаасан цус, үс, хумс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргахаар зааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо: “Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018-11- 13-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолыг гардаж аваад, шүүгдэгч С.Т-н өмгөөлөгчийн хувьд шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь 2018-11-13-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоороо шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах, 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 19 жил 02 сарын хугацаагаар тогтоосон. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа ба харин шийтгэх тогтоолын зарим хэсгийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Шүүгдэгч С.Т-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Амь хохирогч, шүүгдэгч хоёр нь хууль ёсны гэр бүл биш, мөн хамтран амьдарч байсан, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс биш байсан. Энэ нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд амь хохирогч нь шүүгдэгчийн гэрт түр хугацаагаар хэрэг гарахаас өмнө хэдхэн хоногийн өмнө ирсэн байдаг. Мөн амь хохирогчийн гэх юм шүүгдэгчийн гэрт байхгүй бөгөөд амь хохирогч өөрийн гэх юм шүүгдэгчийн гэрт огт авчраагүй, хамтын амьдралтай гэх амьдрал ахуйгаа нэгтгэсэн зүйл байхгүй. Энэ тухай хохирогч Б шүүх хуралдаан дээр охины маань юм эгчийнх нь гэрт байгаа гэдгийг хэлж мэдүүлсэн. Мөн багийн Засаг даргын тодорхойлолтоор шүүгдэгч, амь хохирогч нар нь хамт амьдардаггүй гэдэг нь тогтоогддог. Хэрэг гарах үед шүүгдэгч, амь хохирогч нар нь гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан гэх нотлох баримт байхгүй байна. Шүүгдэгчийн хажуу 4 айлын буюу хөрш амьдардаг гэрчүүд амь хохирогчийг үе үе ирдэг, хамт амьдардаггүй гэдгийг гэрчлэн мэдүүлэг өгсөн байдаг. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж, ял шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч С.Т-г хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Амь хохирогчийг хэргийн газрын үзлэг хийхээс 3-6 цагийн өмнө нас барсан байна гэсэн Шүүхийн шинжилгээний албаны 41 дугаартай дүгнэлт гарсан. Гэтэл анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт:

“... өөрөөсөө хүч чадлаар сул дорой, согтууруулах ундаа их хэрэглэсэн эмэгтэй хүнийг согтуурч мансуурсан тул өөрийгөө хамгаалах чадвар байхгүйг мэдэж байсан...” гэжээ. Гэтэл шүүгдэгчийн мэдэж байсан гэдгийг шүүх ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг заагаагүй бөгөөд гэрч П.О, Ц.Б, Г.Б нарын болон шүүгдэгчийн өөрийнх нь ... тэврээд аваад гарсан... гэх мэдүүлгээр тогтоогдсон гэсэн нь үндэслэл муутай байна. Шүүгдэгчийн ийнхүү амь хохирогчийг аваад гарсанаас нас барах хүртэл хугацааг тооцоогүй, мөн нас барах үедээ амь хохирогч биеэ хамгаалах чадвартай үгүйг хэрхэн яаж, ямар нотлох баримтаар тогтоож байгаа, мөн шүүгдэгч нь амь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байна гэдгийг мэдэж байсан гэдэг нь мөн л хэрхэн яаж, ямар нотлох баримтаар тогтоож байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ хүндрүүлэх нөхцөл байдлыг хангалттай нотлож байгаа нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Мөн шүүгдэгч өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн байгаа ба адилхан согтуурсан хүн хүний биеэ хамгаалах чадвартай эсэхийг мэдэх бололцоо байсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Мөн шүүх хуралдаан дээр хохирогч Т.Э нь мэдүүлэхдээ... амь хохирогч Х нь унтаад Т-г ирэхэд сэргэсэн байсан, тэгээд намайг зодохоор нь Т-г болиулж, намайг гэрээс гаргасан... гэж мэдүүлсээр байхад анхан шатны шүүх хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч С.Т-г онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэл муутай байна. Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгтээ “... Онц харгис хэрцгийгээр” гэдэг ухагдахууныг Эрүүгийн хуульд тайлбарлаагүй тул хэрэглэх боломжгүй гэж дүгнэх нь учир дутагдалтай бөгөөд энэ ухагдахуун нь хууль зүйн ойлголт тул шүүх хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар хуулийн ойлголтыг тайлбарлаж хэрэглэх үндэстэй. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 50-р зүйлийн 4 дэхь хэсэгт Улсын дээд шүүх “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан ба Улсын Дээд шүүхийн 2009 оны 14 дүгээр тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт “онц харгис хэрцгий аргаар” гэдэг ухагдахууныг тайлбарласан нь одоо хүртэл тухайн ухагдахууныг нэг мөр ойлгож хуулийг хэрэглэхэд хүчинтэй хэвээр байна...” хэмээгээд 2002 оны Эрүүгийн хуулийн тайлбарыг хэрэглэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбар нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн адил хүчинтэй байдаг бөгөөд дараагийн Эрүүгийн хуулийг урд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тайлбараар тайлбарлан хэрэглэж, ял ногдуулах үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн 2009 оны тайлбарыг хэрэглэж байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж байгаа хууль зүйн үндэслэл мөн бөгөөд шүүгдэгчид ашигтай тохиолдолд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэг байхад энэ хэргийн тухайд харин ч хүндрүүлэн зүйлчилж ял шийтгэл ногдуулахаар урд Эрүүгийн 5 хуулийн тайлбарыг буцаан хэрэглэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ... Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно... гэж заажээ. Иймд Эрүүгийн хуульд тайлбарлаагүй ухагдахууныг урд хэрэглэж байсан одоо хүчингүй болсон Эрүүгийн хуулийн тайлбарыг хэрэглэсэн нь анхан шатны шүүх нь хууль хэрэглэхдээ ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байна. Хэрэгт хийгдсэн шүүхийн шинжилгээний алба болон хүрээлэнгийн хийсэн дүгнэлтүүд дээр амь хохирогч Х-н цусны бүлэг зөрүүтэй байна. Шүүхийн шинжилгээний албаны 2018-06-12-ны өдрийн №41 дугаартай дүгнэлтэд... Талийгаач нь       бүлгийн цустай байна... /хх-н 98-102/ Шүүхийн шинжилгээний албаны 2018-06-11-ний өдрийн №3904, 2018-06-13-ны №5977 дугаартай дүгнэлтүүдэд тус тус ... талийгаач Б.Х-н гэх цус ABC системээр      бүлгийн харъяалалтай... гэжээ. Талийгаач ямар бүлгийн цустай гэдгийг аль шинжээчийн дүгнэлтийг барьж тогтоох нь ойлгомжгүй байна. Эндээс талийгаачийн цусан дахь этилийн спирт тогтоож шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт үнэхээр талийгаач хүнд зэргийн согтолттой байсан эсэх нь тус тус эргэлзээтэй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018-11-13-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулж өгнө үү” гэжээ. Хохирогч Т.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Т.Б нь шүүгдэгч С.Т-с нэхэмжлэх зүйлгүй гомдол санал байхгүй түүнд оногдуулсан хорих ялыг багасгахад татгалзах зүйлгүй. Тодорхой хугацаанд охинтой минь дотно явсан тул үнэхээр харамсаж байгаа ч одоо С.Т-т гомдолгүй. Залуу хүн тул алдсан алдаандаа дүгнэлт хийж цаашид ажиллаж амьдрана гэдэгт нь итгэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд миний бие оролцохгүй. Нэгэнт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул өмгөөлөгч Д.О-г мөн оролцуулахгүй болно” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.13-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Т-н өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдол гаргажээ. Гомдолтой хамт Т.Б-н тайлбарыг ялтны ах Б шүүхэд авчирч өгсөнтэй танилцлаа. Хохирогч нь ийм тайлбар гаргаж байгаагаа өмгөөлөгчдөө хэлээгүй бөгөөд давж заалдах гомдолтой тэрээр танилцаагүй гэж үзэж байна. Уг нь сэтгэл санааны хохирол гаргуулахаар давж заалдах гомдол гаргана гэж ирээд юу ч гэсэн Б-тэй уулзана гэж яваад эргэж надтай уулзаагүй. С.Т-н ах Б нь хохирогч Б-т хэдэн төгрөг өгч, дээрхи тайлбарыг гаргуулсан байж болзошгүй. Ямар ч байсан хохирогч Б өөрөө шүүх дээр ирж давж заалдах гомдолтой танилцаагүй, өөрийн биеэр тайлбарыг авчирч өгөөгүй. Түүний өөрийнх нь хүсэл зоригийн дагуу бичигдсэн эсэхийг би мэдэхгүй, гэхдээ эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ цуцлаагүй тул би тайлбар гаргаж байна. Харин шүүх хуралдаанд оролцохгүй. Мэдээж хэрэг энэ хэргийг шат шатны 6 шүүх хянах учраас би үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. Ялтан С.Т-ын хэрэг нь нотлогдож тогтоогдсон бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон. С.Т нь гэр бүлийн харилцаатай Х-г согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ хамгаалж чадахгүй гэдгийг нь мэдсээр байж онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироосон. Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлгүй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Г дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч С.Т-н өмгөөлөгч Р.Ц-ын давж заалдах гомдлыг үндэслэн С.Т-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч С.Т нь 2018 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө  аймгийн  сумын  багийн  тоот хашаанд байх гэртээ Т.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хамтран амьдрагч Б.Х-г биеэ хамгаалж чадахгүйг нь мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож алсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгч С.Т-н гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтанд үндэслэн түүнд хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд шүүгдэгч С.Т Б.Х нар нь 2017 оны 6 дугаар сараас хойш хамт амьдарч байсан, С.Т 2018 оны 03 дугаар сарын 26-нд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Б.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан, С.Т, Б.Х нарыг хамтын амьдралтай байсныг гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлэг зэргээр амь хохирогч Б.Х, шүүгдэгч С.Т нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан байна.

Мөн Б.Х-н биед учирсан олон тооны гэмтэл, язарч урагдсан шарх, цус хуралт, хугарал, сорви, ясны хугарал, зулгаралтууд нь шүүгдэгч С.Т-н гэм буруутай үйлдэл буюу цохих, өшиглөх, дэвсэх зэрэг олон удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн гэмтлүүд ба хохирогчийг Ц.Б-нд согтуу байхад нь шүүгдэгч С.Т өшиглөж, зодож гэртээ хүчээр авчирч, Т.Э, 7 Б.Х нарыг гаднаас нь түгжиж, шөнийн цэнгээний газарт архи уусаны дараа гэртээ эргэн ирээд дахин зодсон. Хохирогч Т.Э энэ үед салгах гэсэн боловч өөрөө зодуулж, зугтан гарч ойролцоох дэлгүүрт орж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх химийн шинжилгээгээр амь хохирогч Б.Х-н цусанд 4.1 промилль процентийн этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, шүүгдэгч С.Т нь хөнгөн зэргийн согтолттой гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд хохирогч нь хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалах чадваргүй байхад нь мэдсээр байж, түүнийг зодож, олон тооны шарх, гэмтэл үүсгэж, онц харгис хэрцгийгээр алсан болох нь нотлогдож байна.

Онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэдэг ойлголт нь хууль зүйн ойлголт тул шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж энэ зүйл ангиар зүйлчилж ял оногдуулсныг үгүйсгэж өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц-н ...Шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С. Т-н өмгөөлөгч Р.Ц-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА