Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2017/00334

 

2

017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2017/00334

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ГБ

            Хариуцагч: Б._М

            3 560 645.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , хариуцагч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баасангийн М нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр № тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 4 100 000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй авсан болно. Б.М нь МТ ХХК-аас халагдсанаас цалингийн орлогогүй болсон шалтгааны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байна. " тоот зээл нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 406 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 2 841 787.11 төгрөг, хүү 702 387.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 417.35 төгрөг, нийт 3 560 645.77 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Б.М нь цалингийн орлогогүй болсон ба гэр бүлийн хүн болох С.О нь Бамбай-Уул ХХК-д харуул хамгаалалтын ажилтан хийдэг. Зээлдэгч энэхүү зээлээ гэр бүлийн хэрэглээнд зориулж авсан. Түүний нөхөр болох С.О цалингийн орлоготой цалингийн орлогоосоо төлөх боломжтой боловч өнөөдрийг хүртэл зээл төлөхгүй байна. Иймд Б.М ы дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 3 560 645.77 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 71 920.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Б М нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Голомт банкнаас 4 100 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, цалин дээрээсээ суутгуулан төлөхөөр тохиролцон гэрээ хийж авсан боловч 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдсөн болно. Хөдөлмөр эрхлээгүй байсан ч 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг өөрийн боломжоор аль болох төлж иргэний хариуцлагаа ухамсарлаж байсан боловч тус банк нь үндсэн зээлээс бус хүүгийн хүү тооцож хасаж, үндсэн зээл нь хасагдахгүй эргэн төлөлт нэмэгдсээр байсан тул төлж дийлэхгүй хүүг нь зогсоох эсхүл төлөлтийг багасгаж өгөх хүсэлт гаргасан ч банк боломжгүй хэмээн хүүг нь өсгөсөөр байсан. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 1 815 406 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 2 284 594 төгрөгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх боломжийг олгож өгнө үү. Миний нөхөр болох С.О нь хөдөлмөр эрхэлдэг боловч 6 ам бүлтэй, үндсэн цалин 320 000 төгрөгөөс шимтгэл, цалингийн зээл гэх мэт төлөгдөн сард 90 000 төгрөгнөөс дээш төгрөг авдаггүйг харгалзан үзнэ үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь хариуцагч Б.М д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2 841 787.11 төгрөг, зээлийн хүү 702 387.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27 417.35 төгрөг, нийт 3 560 645.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.М нь 2015 оны 01 дүгээр сарын 22ы өдөр Голомт банкны Орхон салбартай ЗГ ---дугаартай зээлийн гэрээ байгуулан 4 100 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 21.60 хувийн хүүтэй авч, цалингийн зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, цалингийн зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь хариуцагч Б.М ыг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд гэрээний үүргийг зөрчиж 406 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 3 560 645.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.М эс зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.М оос үндсэн зээлийн төлбөрт 2 841 787.11 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 417 068 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10 231 төгрөг, нийт 3 269 086.11 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 291 559.66 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.М нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу зээлээ төлөөгүй хэдий боловч 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 250 000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн төлбөрийг хасч тооцсон болно. Түүнчлэн нэхэмжлэгч 250 000 төгрөгөөс гадна мөнгө төлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байх боловч энэ талаар баримтаа ирүүлээгүй хэдий ч хариуцагч Б.М 3 удаа ирж мэдэгдэл өгсөн талаар хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М оос 3 269 086.11 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 291 559.66 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71 930 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б.М оос 71 930 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

           

           

           

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ