Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 126/ШШ2022/0028

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Мд холбогдуулан гаргасан Холбогдогч Г.Хд шийтгэл оногдуулсан 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0046985 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б би, тус аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.М нь иргэн Г.Х нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дахинт Халхан даваа гэх газарт мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй орхисон гэх 04/348/23 дугаартай зөрчлийн шинжтэй мэдээлэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Г.Хд 2022 оны 03 дугаар сарын 25-ны Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсугай гэж шийдвэрлэсэн байна.

Материалд авагдсан нотлох баримтуудтай танилцахад эрх бүхий албан тушаалтан нь дээрх шийдвэрийг гаргахдаа өөрийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн ... зөрчил үйлдснийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний 12 цаг 20 минутад илэрүүлж ... тэмдэглэл үйлдэв ... гэсэн тэмдэглэл, холбогдогч Г.Хгийн ... мод бэлтгэсэн нь үнэн, тэгээд дараа нь цэвэрлэх гээд амжаагүй ..., ... талбайгаа цэвэрлэж, хүлээлгэж өг гэж хэлж байсан, чадаагүй байгаа нь миний буруу л даа ... гэх мэдүүлэг, ойн мод бүхий газрыг харуулсан 2 ширхэг гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар холбогдогч Г.Хгийн үйлдсэн зөрчил нь нотлогдож байна гэж дүгнэжээ.

Гэтэл Зөрчлийн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зохих зөвшөөрөлтэйгээр мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно гэж, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, 1.1-д энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн ... гэж тус тус хуульчилсан байх бөгөөд дээр дурьдсан нотлох баримтуудаар холбогдогч Г.Х нь уг зөрчлийг хэзээ үйлдсэн буюу зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс эхлэн тоолох, мөн тэрээр тухайн газраас мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байсан эсэх зэрэг нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг шалгаж, тогтоолгүйгээр буюу зөрчлийг нотлох талаар хэрэг бүртгэлт явуулалгүйгээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

Иймд эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, холбогдогч Г.Хд шийтгэл оногдуулсан байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэний 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0046985 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.М шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.М би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн Г.Хд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 3 дахь заалтаар шийтгэл оногдуулсныг Хөвсгөл аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Б нь зөрчлийг нотлох талаар хэрэг бүртгэл явуулаагүй гэсэн үндэслэлээр 0046985 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.М нь иргэн Г.Хд мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй орхисон гэх 03/348/23 дугаартай зөрчлийн шинжтэй мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Г.Хд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээрр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулжээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнийн үйлдсэн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046985 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, дүгнэлт ирүүлсэн байна.

Шүүх зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046985 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бгийн Холбогдогч Г.Хд шийтгэл оногдуулсан 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0046985 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бүхий гомдлыг хариуцагч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.М бүхэлд нь зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ