Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 201/МА2019/0001

 

Б.Оийн нэхэмжлэлтэй,

“Ш ш” ХХК-д холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, Б.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/00898 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч Г.Сн давж заалдах гомдлоор Б.Оийн нэхэмжлэлтэй, “Ш ш” ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан тул үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай гомдолтой иргэний хэргийг 2019 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие “Ш ш” ХХК-д 2011 оноос эхлэн бага эмчээр ажиллаж эхэлснээс хойш 2018 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Гэтэл тус компанийн захирлын 2018.09.01-ний өдрийн №639 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан. Уг тушаалд “Монгол гал тогооны үйлчлэгч Ц.Мт 2018.05.13-ны өдөр буруу тарилга хийснээс болж буглаа үүсч, хариуцсан ажлаа хийх чадваргүй болж, мэргэжлийн эмчид үзүүлэх хүртэл эрүүл мэндэд нь хохирол учруулж хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн” гэсэн байна.

Миний бие 2018.05.12-ны өдөр Ц.Мт диклоденк нэртэй тариаг нэг удаа тарьсан нь үнэн. Энэ тухай өөрийн тэмдэглэдэг рапортын дэвтэр болон тарилгын дэвтэртээ бичсэн. Ц.Мг тариаг надаар тариулахаасаа өмнө Ж эмчээр 9 удаа тариулсан байсан. Би нэг л удаа тарьсан. Намайг тэр өдөр тариа тарихад мэдэгдэхээр бэрсүү үүссэн шинж ажиглагдаагүй. Би бага эмчийн хувьд хүнд тариа хийхдээ хурууныхаа өндгөөр тэмтэрч, хаана тарих эсэхээ шалгаж үзэж байж хийдгийг мэднэ. Ц.Мийн баруун өгзгөнд нь нэвчдэс үүссэн гэсэн байсан. Гэтэл би зүүн өгзгөнд нь тариа хийсэн. Зүүн өгзгөнд нь хийсэн болохоо би өөрөө сайн мэдэж байна. Би хүнд тариа хийхдээ ихэвчлэн гарынхаа байрлалаар зүүн талд нь эхэлж тариа хийдэг. Тэр өдөр би Ц.Мийг цонх руу харуулж байгаад зүүн өгзгөнд нь тарьснаа сайн мэдэж байна. Чухам хэзээ тариулсан тарианы улмаас өгзгөнд нь нэвчдэс бэрсүү үүссэн болох, миний тарьсанаас болсон уу, Ж эмчийн тарьснаас болсон уу, хувь хүний эрүүл ахуйн арчилгаанаас болсон уу гэдгийг огт шалгаж тогтоогоогүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад зөвхөн хэн нэгний ятгалганд орж өргөдөл гаргаснаас болж намайг ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Рапортын дэвтэр болон тарианы дэвтэр дээр би Ц.Мт тариа хийсэн тухайгаа дэлгэрэнгүй байдлаар буюу “сүүлийн тариа, зүүн өгзгөнд хийв” гэдгээ тодорхой бичсэн. Рапортын дэвтрийг ихэвчлэн би бичдэг. Ж эмч огт тэмдэглэл хийдэггүй. Ер нь эмнэлгийн практикт хүнд тариа хийсэн тухайгаа бичиж тэмдэглэхдээ булчин эсхүл судсанд хийсэн тухайгаа л тэмдэглэдэг. Гэтэл Ж эмч намайг удаа дараа гүтгэж байсан учраас би тарианы дэвтэр, рапортын дэвтрийг маш дэлгэрэнгүй байдлаар бичиж тэмдэглэдэг болсон. Иймд миний бие намайг ажлаас халсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул намайг тус компанийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааг 2018.09.01-ний өдрөөс 2018.11.30-ны өдрийг дуусталх хугацаагаар тооцсон. Би 750 000 төгрөгийн үндсэн цалинтай, үүн дээр ажлын байрны болон ажилласан жилийн нэмэгдлээс гадна өөр хэд хэдэн төрлийн нэмэгдэл авдаг. Иймээс 6-8 саруудын цалингаас дундаж цалингаа тооцоод суутгадаг шимтгэлүүдийг суутгаад нийт 3 705 528 төгрөгийг нэхэмжилж байна. 9 сард би ажиллаагүй” гэжээ.

            Хариуцагч “Ш ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.О нь манай компанид захирлын 2011.04.15-ны өдрийн 90 тоот тушаалаар бага эмчийн ажилд орсон бөгөөд захирлын 2018.09.01-ний өдрийн 639 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь халах шийдвэрийг гаргасан. Шалтгаан нь аж ахуйн хэлтсийн Монгол гал тогооны үйлчлэгч Ц.Мт тарилга буруу хийснээс болж түүний биед буглаа үүсч, хариуцсан ажлаа хийх чадваргүй болж мэргэжлийн эмчид үзүүлэх хүртэл эрүүл мэндэд нь хохирол учруулж хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.3.2.5.25, Хөдөлмөрийн дотоод журмын 4.26.25 дахь хэсгийг баримтлан тушаал гаргасан. Уг тушаалыг гаргахдаа ажилтан Ц.Мг компанид гаргасан өргөдлийн дагуу Б.От сахилгын арга хэмжээ авч ажлаас чөлөөлсөн тул тушаал үндэслэлтэй гэж үзэж байна. Ц.М нь өргөдөлдөө Б.Ор хамгийн сүүлийн тариагаа тариулсан. Түүнээс хойш маш их өвдөж байнга эмнэлгээр явж байгаа талаараа дурдсан ба түүний биед учирсан буглааны тухай эмнэлгийн тодорхойлолт, өвчний баримт, О эмчийн тариа хийсэн ажлын тэмдэглэл зэргийг үндэслэн 2018 оны 8 сарын 29-ний өдрийн компанийн удирдах албан тушаалтны бүрэлдэхүүнтэй хийсэн хурлын шийдвэрээр ажлын хариуцлага алдсан болох нь тогтоогдож байна гэж үзэн гэрээг цуцалсан. ...Мөн Б.О нь тарианы дэвтэр болон рапортын дэвтэр дээр тариа хийсэн газраа /өмнө нь шалгахад тэмдэглээгүй байсан/ “зүүн өгзгөнд” гэж бичиж зассан байсан бөгөөд энэ нь компанийн бичиг баримтанд засвар хийж алдаа зөрчил гаргасан. Компанийн удирдлага энэ талаар огт мэдээгүй байсан бөгөөд гомдол гаргасны дараа уг зөрчлийг нь илрүүлсэн. Гомдол гаргагч хэн нэгний ятгалганд орж өргөдөл гаргасан гэж үзэхгүй. Гомдол гаргаж өөрөө тариа хийсэн хүнээ нэрлэн заасан нь хамгийн том нотолгоо бөгөөд нэгэнт ажлын хариуцлага алдсан нь тогтоогдсон байхад мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах шаардлагагүй... Б.О өмнө нь удаа дараа ажлын хариуцлага алдсан алдаа зөрчил гаргаж байсан бөгөөд сахилгын арга хэмжээ авагдаж байсан... Иймд манай байгууллага 400 гаруй ажилчидтай, ажлын байр нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцогддог, эрүүл мэнд хариуцсан эмчийн хариуцлагаас ажилчдын эрүүл мэнд шууд хамаардаг тул Б.Ог үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй. Манай компани өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний дагуу хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.О нь сарын 750 000 төгрөгийн үндсэн цалинтай, нэмэгдлүүд авдаг, манай компани цалингаа тухайн сарын 25-ны өдрөөс дараа сарын 25-ны өдрөөр тасалбар болгодог, Б.О нь 9 сард 6 хоног ажиллаагүй, 8 сарын ажлын хоногт тооцогдоно” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/00898 дугаар шийдвэрээр:

1/ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ог “Ш ш” ХХК-ийн бага эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоон, “Ш ш” ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 4 705 344 /дөрвөн сая долоон зуун таван мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож,

2/ Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.От олгох 4 705 344 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг ”Ш ш” ХХК-ийн санхүүд даалгаж,

3/ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

4/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ”Ш ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 160 435 төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.С давж заалдах гомдолдоо: “…Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэхдээ дутуу үнэлж, хариуцагчийн татгалзаж буй үндэслэл, талуудын тайлбар зэргээр тогтоох боломжгүй нөхцөл байдалд анхаарснаас хуулийг хэрэглэхдээ алдаатай шийдвэр гаргажээ гэж үзэж гомдолтой байна.

1. Нэхэмжлэгч Б.О нь “Ш ш” ХХК-д бага эмчээр ажилладаг. ...Ажилтан Ц.Мт үзүүлсэн тусламж үйлчилгээ бол эмчийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж буй үйл явдал. Гэтэл шүүхээс ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүргийг зөрчин компанийн эрх, ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд хор уршиг, саад тотгор учруулсан болох нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа эмч хүний үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирсон явдал компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл юм. Үүнийг ажлын хариуцлага алдсан гэж компани үзэж арга хэмжээ авсан.

2. Ц.Мт 2018 оны 05 сарын 12-ны өдөр буюу хамгийн сүүлийн диклоденк тариаг тарьсан болох нь маргаангүй нотлогдсон. Харин аль хэсэгт тарьсан болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь буруу байна. ...Харин нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа зүүн өгзгөн дээр тарьсан тухайгаа тэмдэглэсэн байдлыг хариуцагч тал үгүйсгэн гэрчээр нотлуулж, бусад баримтаар нотолж байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлсэн нь шүүхийн шийдвэр буруу гарахад нөлөөлжээ. Шинжлэн судлуулахаар нотлох баримт болгон гаргаж өгсөн тарианы болон рапортын дэвтэр дээр Б.О нь тарилга буруу хийсэн талаар асуудал үүссэний дараа өөрт байгаа дэвтэрт өөрийгөө хамгаалан засвар хийж нэмж оруулсан байдаг. Энэ талаар гэрч мэдүүлж байхад гэрчийн мэдүүлгийг илтэд үгүйсгэсэн нь үндэслэлгүй байна. Харин бусад нотлох баримтаар гэрчийн мэдүүлэг давхар нотлогдож байна. Иймээс шүүхийн үгүйсгэж буй үндэслэлийг зөвшөөрөхгүй байна.

3. ...Хамгийн гол нь тариа хийлгээд хохирсон хүн хэнээр, хэдийд, хаана, яаж хийлгэсний улмаас эрүүл мэндээрээ болон эдийн засгаараа хохирч байгаа юм бэ гэдгийг маш сайн нэрлэн зааж нотолж байхад шүүхээс үүнийг үгүйсгэж байгаа нь буруу.

4. ...Б.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3.2.5 дахь хэсэгт ноцтой зөрчлийг нэрлэн заасан ба 10.2.2 дахь заалтаар компани дараах тохиолдолд ажилтны хөдөлмөрийн гэрээг мэдэгдэл өгөхгүйгээр шууд цуцлана гэж зохицуулсан нь гэрээний талуудын хуульд нийцүүлэн гаргасан тохиролцоо хэм хэмжээ юм. Ингэснээрээ байгууллага хууль зөрчөөгүй болно.

5. ...Шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг гэрчийн мэдүүлэг давхар нотолж байгаа ба үйл явдлыг тогтооход хамгийн чухал ач холбогдолтой. Шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй талаараа тодорхой ойлгомжтойгоор зааж чадаагүй.

6. Шүүхээс ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцохдоо 6-8-р саруудын нийт цалинг үндэслэн тооцсон нь компанийн эрх ашигт хохиролтой байна. 7-р сард улсын баяр наадам болж нийтээр амрах хоногууд таарсан ба энэ үед ажил эрхэлж байсан хүмүүст Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэмэгдэл цалин олгосон байгаа. Гэтэл нөхөн олговорт энэ нэмэлт төлбөр орох үндэслэлгүй байхад анхаарахгүй тооцсон нь нэг өдрийн цалингийн хэмжээг буруу тооцсоноор олговол зохих цалингаас илүү хэмжээний цалин олгогдох болжээ.

“Ш ш” ХХК-ийн хувьд УДШ-ийн 33 дугаар тогтоолд заасны дагуу ноцтой зөрчил гэдэгт юуг тооцох вэ гэдгийг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээндээ нарийвчлан тусгайлан зааж өгсөн. Ингэснээрээ ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох нь ойлгомжтой байгаагийн дээр тухайн ажилтны хийсэн үйлдэл нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл байгаа болох нь үндэслэлтэй юм. Эмч хүн маш хариуцлагатай ажиллаж хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах эрхэм үүрэгтэй, тангарагтай хүмүүс. Гэтэл эмчийн хийсэн тарилгаас болж хүн эрүүл мэндээрээ хохирсон болох нь хэрэгт цугларсан Мийн компанид гаргаж өгсөн өргөдөл, шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, эмнэлгийн карт, тарианы болон рапортын бүртгэлээр Б.Огийн мэргэжлийн алдаа гаргасан нь шууд нотлогдож байхад шүүхээс шалгах ажиллагаа явуулаагүй, нотлогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Заавал хүний амь нас, эрүүл мэнд маш ноцтойгоор хохирох ёстой биш биз дээ. Удаа дараа алдаа гаргаж байсан баримтуудыг шүүхэд өгсөн. Цаашид алдаа гаргахыг хэн ч мэдэхгүй тийм учраас сахилгын зөрчил гаргасан асуудлыг байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль, дүрмэндээ зааснаар шийдвэрлэснийг буруу гэж үзэхгүй байна. Ноцтой зөрчлийн талаар ажилтан, ажил олгогч нарын хооронд гэрээгээр зааж тохиролцсон байгаа нь хуульд харшлаагүй, хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ зөрчиж алдаа гаргасан явдал үнэн тул шүүхээс эдгээр байдлыг анхааран хэрэгт цугларсан нотлох баримт, үйл явдал, фактыг үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дорнод аймаг “Ш ш” ХХК-ийн захирал нь 2018 оны 09 сарын 01-ний өдөр 639 дугаар тушаал гаргаж, “Ш ш” ХХК-ийн Улааны уурхайн захиргаа, аж ахуйн хэлтсийн бага эмч ажилтай Б.Оийг ажлаас чөлөөлөхдөө /халахдаа/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.3.2.5.25, Хөдөлмөрийн дотоод журмын 4.26.25 дахь заалтуудыг үндэслэл болгожээ. /хх-ийн 4 дэх тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг. Түүнээс гадна ажилтан Б.Огийн гаргасан зөрчил нь нотлох баримтаар нотлогдсон байх ёстой.

Ажилтан Б.Онь 2018 оны 05 сарын 12-ны өдөр тус компанийн үйлчлэгч Ц.Мт “диклоденк” гэх тариа хийсэн үйл баримт тогтоогдсон ба компанийн үйлчлэгч Ц.М нь 2018 оны 07 сарын 17-ны өдөр эмчид үзүүлж эхо-д харуулахад “баруун өгзөгний гадна 1/4-т 2,1 см гүнд /1,1х1,4 см/, /1,1х1,39 см/ орчим хэсэг газрын эхо ойлт ихэссэн. /нэвчдэс/” гэжээ. /хх-ийн 34 дэх тал/

Мөн хэрэгт нотлох баримтаар өгсөн “Рапортын дэвтэр”-т Ц.Мнь 2018 оны 05 сарын 12-ны өдөр “диклоденк” гэх тарианаас гадна “пирацетам” гэх тариаг Na Ce 09% -иар 2018 оны 05 сарын 21-ний өдрийг дуустал хийлгэсэн гэж тэмдэглэгдсэн байна.

Дээрх баримтуудаас үзэхэд үйлчлэгч Ц.Мийн өгзгөнд үүссэн буглаа нь ажилтан Б.Огийн 2018 оны 05 сарын 12-ны өдөр “диклоденк” гэх тариа хийснээс үүссэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Учир нь Ц.М нь 05 сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд ажилтан Б.Ор тариа хийлгэсэн байх ба энэ хугацаанд өгзөг нь ямар нэгэн байдлаар эмзэглэж өвдөж байсан бол эмчид хэлж үзүүлэх боломжтой байсан байна.

Мөн Б.Огийн 05 сарын 12-ны өдөр хийсэн тарианаас болж буглаа үүссэн гэж байгаа бол хэд хоногийн дараа зовиур мэдэгдэх, Б.Огийн тариа хийсэн үйлдлээс болж буглаа үүссэн эсэхийг зайлшгүй мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагатай байсан байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж ажилтан Б.Оийг “Ш ш” ХХК-ийн Улааны уурхайн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагатай нийцсэн байна.

Анхан шатны шүүх ажилтан Б.Огийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар тооцож олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д зааснаар дүгнэлт хийгээгүй” гэж тайлбар гаргаж байгаа боловч талууд хэргийн харьяаллын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан гаргаагүй, энэ талаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, хариуцагчийн өмгөөлөгч Б.Анхбаярын харьяаллын талаар маргаан байхгүй гэсэн тайлбар зэргийг үндэслэн энэ талаар тус шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Иймд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Хариуцагч “Ш ш” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 435 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 138/ШШ2018/00898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ш ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Ш ш” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 160 435 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.НАРАНБАЯР

                  ШҮҮГЧИД                                                                   Ж.ДОЛГОРМАА

                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ