Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/13

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,     

Улсын яллагч О.Батнасан,    

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б,

Шүүгдэгч О.Ба,      

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,               

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн О-ын Ба-т холбогдох 2428000000198 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харьяаллын дагуу шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хавцгайт гэр хорооллын тал дээр Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар түүний үснээс нь зулгаан газар унагаах, гараараа цохих зэргээр эрх чөлөөнд нь халдаж, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн шуу, баруун бугалга, зүүн дал, зүүн шилбэ, баруун өвдөг, зүүн өгзөгт цус хуралт, цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                        

ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Ба-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                    

Шүүгдэгч О.Ба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд анх харилцан зодоон болсон гэж би өөрөө бодоод байгаа. 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө зодолдоод тэгээд маргааш өглөө нь бид 2 хоорондоо жоохон муудалцаад тэрнээс хойш уулзаагүй. Тэгээд хэрэг болсны маргааш нь Б.Б цагдаад гомдол гаргасан байсан. Би гомдол гаргасан талаар нь огт мэдээгүй суман дээрээ очоод байж байтал хэрэг гарснаас хойш 19 хоногийн дараа надад байцаагч нь мэдэгдсэн. Тухайн үед би өөрийгөө хэрэгтэн болсон гэж мэдээгүй. Тэгээд цаг хугацаа алдсан. Би цагдаад хандъя гэж бодоогүй явж байтал Б.Б цагдаад гомдол гаргасан байсан. Б.Б-г цагдаад  гомдол гаргангуут цагдаа надтай холбогдсон бол харилцан зодоон болсон гээд адилхан гомдол, саналтай гээд би явах байсан. Хэрэг болсны маргааш нь надад Б.Б-тэй адилхан шинж тэмдэг илэрсэн байсан. Толгой хавдсан, үснээс зулгаасан болохоор үс унасан, бие хөхөрсөн байсан. Хөнгөн гэмтэл байсан учраас арван хэд хоногийн дараа арилсан байсан. Тэгээд шинжээчийн дүгнэлтээр надад гэмтэл гараагүй гэв.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: О.Ба-ийн ярьсан хов живийн талаар ярьсан гээд байгаа зүйл болоогүй. Ярьж байгаа зүйл нь худлаа. Өөрийнхөө хамт явсан залуугаа надтай хардаад энэ чамтай явалдаж үзэх юмсан гэсэн шүү дээ гээд тэрнээс болоод би тухайн үед нэлээн уусан учраас яг яасныг мэдэхгүй тэгсэн мөртлөө ямар ч байсан би О.Ба-ийн дээр нь гараад суучихсан. Тэгээд О.Ба намайг уучлаарай намайг тавьчих аа хоёулаа болъё гэхээр нь би тавиад босоод эргэсэн чинь буцаагаад намайг үсдээд унагаад дээрээс дэвсээд өшиглөсөн. Машинаас буу гэхэд буухгүй байсан гэж ярьж байгаа нь бас худлаа. Би зодуулчхангуутаа О.Ба рүү намайг яагаад ингэж байгаа юм бэ гээд уйлсан чинь юм хэлэхгүй байснаа нөгөө 2 залуугийнхаа хажууд зогсчхоод муу янхан гэсэн /уйлав/. Тэгээд миний янхан байх чамд ямар гай болсон юм гээд жоохон байж байгаад намайг хүргээд өгчих гэсэн. Тэгээд манайхаас урд чулуун засмал дээр машинд нь суусан чинь 10 дугаар ангийн дүүгээрээ машинаа бариулаад өөрөө хажууд нь суучихсан тэрийгээ яв, зогс гээд байсан. Тухайн үед найз залуу нь ард миний хажууд суусан байсан. Тэгээд замдаа 2 муу пизда минь намайг бага доромжлоорой гээд юу ч болоогүй байхад тэгээд байсан. Тэгэхэд намайг үгээр өдсөн гэж худлаа хэлээд байна. Би огт юу ч яриагүй. Тэгээд манайхаас 2, 3 гудамжны урд ирэнгүүтээ нөгөө залуугаа зогс гэж зогсоонгуутаа бууж тойрч ирээд миний талын хаалгыг татаад намайг дахиж зодох гэж дайрсан. Тэгээд миний хөхөн дээрээс хөх няц болтол базсан. Тэрийгээ өөрөө мэдэж байгаа. Тэгээд зүгээр хоолойноос татсан гэж яриад байна. Намайг буу гэж хэлээгүй. Тэгж хэлсэн бол би буугаад явах байсан. Намайг зодох гэж дайрсан. Тэгээд би шууд гэр рүүгээ гүйж ороод уйлаад нөхөртөө хэлээд 1 минут ч болоогүй гараад иртэл явсан байсан. Маргааш нь би О.Ба рүү залгаад хоёулаа ярилцъя би хүрээд очих уу эсвэл чи хүрээд ир гэсэн чинь чи цагдаа нөхөртэй юм чинь өргөдөл гаргаад явахгүй юу гэж хэлсэн. Бусдаар надад цагдаа, шүүхээр явах бодол байгаагүй гэв.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед өөрийн найз болох Батэй уулзсан. Тухайн өдөр манай найз болох Ба нь өдрөөс хойш надтай уулзъя, ууя гэх мэтээр дуудаад байсан. Тэгээд Ба бид хоёр уулзаад дэлгүүрээс архи, пиво аваад аймгийн тал руу гарсан. Тухайн үед Ба өөрийнхөө машинтай явж байсан ба Ба бид хоёроос гадна Ба-ийн найз залуу болох О бас нэрийг мэдэхгүй нэг залуу нийтдээ дөрвүүлээ байсан. Тэгээд дэлгүүрээс авсан архиа Ба, О бид гурав уусан ба нэрийг нь мэдэхгүй залуу уугаагүй. Тэгээд Ба, О хоёр дэлгүүр хаахаас өмнө архи нь авна гээд дэлгүүр явсан. Ба, О хоёрын дэлгүүрээс авчирсан архийг бид гурав хувааж уугаад сууж байтал би архиндаа нэлээн согтоод тухайн үед миний ухаан санаа хэвийн бус байсан. Нэг ухаан ороод харсан чинь Ба бид хоёр үсдэлдчихсэн би Баийн дээр нь гарсан байсан ба Ба миний өөдөөс уучлаарай болъё хоёулаа зэрэг үснээсээ тавья гэж хэлэхээр нь би үснээс нь тавиад босгосон. Тэгсэн чинь Ба босож ирээд намайг үсдээд миний дээр гарч суусан ба тухайн үед бид хоёрыг хамт байсан хоёр залуугийн нэг нь салгасан. Маргааш өглөө нь миний хамаг бие хөх няц болсон байсан. Тухайн үед миний биеийн цээж хэсгээр хөхөрсөн, хүзүү хөндүүртэй, толгой өвдсөн. ...Уг хэргийн улмаас миний өмсөж явсан ягаан өнгийн футболк урагдсан. Уг футболкийг нэхэмжилж байна. Мөн толгой өвдөөд унтаж чадахгүй байсан учраас эмнэлэгт үзүүлж томографын зураг 27.000 төгрөгөөр авхуулсан. Тархи хөдөлсөн байсан болохоор толгойгоо бариачаар 50.000 төгрөгөөр бариулсан. Ба намайг зодож миний биед хөнгөн хохирол учруулснаас гадна намайг зодож байх үедээ болон зодсоны дараа хэл амаар доромжилж сэтгэл санаагаар маш их хохироосон. Би зодуулснаасаа болоод ямар нэгэн зүйлээс айж цочих, тайван бус байх, сэтгэл санааны байнгын хямралтай байна. Одоо ч мөн адил цагдаагийн байгууллага дээр энэ хэргийн талаар мэдүүлэг өгч сэтгэл санаагаар хямарч байна. Тийм учраас би сэтгэл санааны хохирол нэхэмжилмээр байна. Би энэ хэргийн улмаас эдийн болон сэтгэл санаагаар хохирч байна. Хохирлоо Ба гэх хүнээр төлүүлж авмаар байна.” (хавтаст хэргийн 12-13, 15 дахь тал)        

Гэрч Т.Оч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Ба гэдэг хүнтэй Өмнөговь аймгийн Хавцгайт хорооллын тэнд тал дээр пиво уусан. Би П-ыг дуудаад утасны цэнэглэгч авсан манай дүү ирсэн. Ба найзыгаа дуудаад Ба-ийн найз нь 1 шил Агар нэртэй архи, 1 ширхэг 2,5 литрийн пиво авч ирсэн. Тэгээд би нэлээн муудаад машинд унтсан, нэг сэргэсэн чинь Ба дуудсан, найзтайгаа маргалдсан байсан. Тэгээд Ба-ийн найз Б-г бид нар хүргэж өгсөн, тэгээд хүргэж өгчихөөд бид гурав харьж унтсан.” (хавтаст хэргийн 22 дахь тал)

Насанд хүрээгүй гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би үеэл ах болох Очд утасны цэнэглэгч өгөхөөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хавцгайт гэр хорооллын тал дээр очсон. Намайг очих үед Оч ах, Ба эгч, Ба эгчийн найз нь гэх бас нэг эмэгтэй байсан. Тухайн үед Оч ах, Ба эгч болон түүний найз Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ба эгч болон Б нар юм ярьж байснаа гэнэт маргалдаад Б нь Ба эгчийг үсдэж дарсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Тэр хоёр дахиж хэрэлдээд Ба эгч Б-гийн баруун мөр рүү 2-3 удаа гараараа цохисон ба Ба эгч Б-гийн үснээс татаад газар унагаагаад дээр нь гараад суухаар нь би очиж салгасан. Бид нар тухайн газраас яваад Бгийн гэрийн ойролцоо очсон ба тухайн үед Б нь Ба эгчийн машинаас буухгүй байхаар нь Ба эгч машинаасаа буугаад Б дээр очоод Ба-ийн цамцных нь захаас заамдаж аваад машинаасаа татаж буулгасан ба тэр үед Б-гийн хоолой хэсэг дээр нь Ба эгчийн хумьсны мөр гараад жоохон шалбарсан байсан. Тэгээд Б-г машинаасаа буулгачихаад бид нар харьсан... Тухайн үед Ба эгч Б-гийн баруун мөр рүү 2-3 удаа гараараа цохисон мөн Б-гийн үснээс нь татаж унагаагаад газар унагасан. Бас машинаасаа Ба эгч Б-г буулгах гээд цамцных нь захаас гараараа заамдаж татахдаа Б-гийн хоолойд жоохон шалбалсан.” (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

Шүүгдэгч О.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шөнө 22 цагийн үед би ангийн найз болох Б-г дуудаж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багт байх Хавцгайт гэр хорооллын тал дээр уулзсан. Тухайн үед Б дэлгүүр орж Агар нэртэй 0.700 литрийн архи, 2.5 литртэй том пиво, ус зэргийг авсан ба тухайн архийг би, Б манай найз болох Оч бид гурав уусан. Тэгээд архиа ууж дуусаад хоорондоо юм ярьж сууцгааж байгаад Б бид хоёр болоод өнгөрсөн хов живийн талаар ярьж байгаад хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгээд би Б-г хоёулаа жоохон зайтай гарч байгаад ярилцъя гэж хэлэхэд Б намайг үсдэж дараад миний дээр суусан. Тэгэхээр нь би Бг өөр дээрээсээ босгож дийлэхгүй байсан болохоор миний үснээс тавьчихаа хоёулаа зүгээр хоорондоо ярилцъя гэж Бд хэлэхэд Б миний үснээс тавиад намайг босгосон. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдээд би Б-гийн үснээс барьж аваад доош нь дархад Б газар унасан ба би дээр нь гараад суусан. Тэгээд байж байтал бид хоёртой хамт байсан Оч-гийн дүү гэх нэг хүүхэд бид хоёрыг салгасан. Салаад Б бид хоёр тал дээр нэг хэсэг хэрэлдээд Б над руу архины шил барьж дайрахад Оч-гийн дүү голоор орж хориод Бгээс архины шилийг нь авч хаясан. Тэгээд Б-г гэрт нь хүргэж өгөх гээд бид нар тухайн газраас миний машиныг Очгийн дүүгээр бариулаад Бгийн гэрийн ойролцоо очсон. Тухайн үед Б миний машины хойд талын суудал дээр сууж байсан ба намайг үгээр өдөөд байхаар нь би Б-г машинаас чи буу гэж хэлсэн чинь буухгүй байсан. Тэгээд би машинаасаа буугаад хойд талын хаалгаа нээгээд Б-гийн цамцны хоолой хэсгээс барьж татаж машинаасаа буулгасан ба тэр үед Б-гийн хоолой миний хумсанд урагдсан байх. Тэгээд явах гэж байтал Бгийн гар утас миний машинд үлдсэн байхаар нь араас нь очиж Б-д гар утсыг нь өгчихөөд гэртээ харьсан.” (хавтаст хэргийн 18-19 дэх тал)  

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 436 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Б-гийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн шуу, баруун бугалга, зүүн дал, зүүн шилбэ, баруун өвдөг, зүүн өгзөгт цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Б-гийн биед үүссэн гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 29-30 дахь тал)  

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 495 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “О.Ба-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” (хавтаст хэргийн 46-47 дахь тал)

“Дамно” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ӨмЦ-24-138 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “2024 оны 01 сард Улаанбаатар хотоос худалдаж авсан ягаан өнгийн хэрэглэж байсан, эмэгтэй футболк, 1 ширхэг, үнэ 53,940 төгрөг.” (хавтаст хэргийн 36-39 дэх тал)  

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал)

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал)

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал)

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 63-65 дахь тал)

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 72 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 66 дахь тал)

Жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 67 дахь тал). 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1336 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хавцгайт гэр хорооллын тал дээр Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргээс шалтгаалан хохирогч Б.Б-гийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. Хохирогч Б.Б-гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй ч гэр бүл, нийгэм хамт олны дэмжлэгт орчин шаардлагатай.” (хавтаст хэргийн 98-100 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Ба-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Ба-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, замын зардал 200,000 төгрөг, футболкны зардал 53,940 төгрөг, компьютер томографт харуулсан 27,000 төгрөгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан тул дээрх хохирол төлбөрийг, мөн сэтгэцэд учирсан хохирол нь дүгнэлтээр нэгдүгээр зэрэглэл гэж тогтоогдсон учраас дээрх хохирол тогтоох маягтыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлснээр тооцож шүүдэгчээс тус тус гаргуулах үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь хэлэх зүйл байхгүй гэх,

Шүүгдэгч нь хүний биед хөнгөн хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч О.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хавцгайт гэр хорооллын тал дээр Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс нь зулгаан газар унагаах, гараараа цохих зэргээр эрх чөлөөнд нь халдаж, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн шуу, баруун бугалга, зүүн дал, зүүн шилбэ, баруун өвдөг, зүүн өгзөгт цус хуралт, цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.      

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ба-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 15 дахь тал), гэрч Т.Оч-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), насанд хүрээгүй гэрч Д.П-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 436 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал), “Дамно” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ӨмЦ-24-138 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 38 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1336 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 98-100 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч О.Ба-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн шуу, баруун бугалга, зүүн дал, зүүн шилбэ, баруун өвдөг, зүүн өгзөгт цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 436 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)-ээр тогтоогдож байна.     

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.   

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч О.Баийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.      

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч О.Ба-ийн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч О.Ба нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, зүүн шуу, баруун бугалга, зүүн дал, зүүн шилбэ, баруун өвдөг, зүүн өгзөгт цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд замын зардал 200,000 төгрөг, толгойгоо бариулсан 50,000 төгрөг, компьютер томографт харуулсан 27,000 төгрөг, футболкны 53,940 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилсэн болно.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “... “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх)  шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ; 2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл ...”, 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг  мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж заасны дагуу мөрдөгч хохирогч Б.Б-гийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон боловч шүүгдэгч эс зөвшөөрч дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаснаар энэ журмын 2.4-т заасны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1336 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлээр (хавтаст хэргийн 98-100 дахь тал) тогтоосон байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж хуульчилсан байна.        

Шүүгдэгч О.Ба-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн сэтгэцэд учирсан хор уршиг нэгдүгээр зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1336 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 98-100 дахь тал)-ээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн нас, гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөл, зовуурь, шаналал, гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож шийдвэрлэлээ.          

Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 төгрөг нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.    

Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн эд зүйлсэд 53,940 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ӨмЦ-24-138 дугаартай шинжээчийн “2024 оны 01 сард Улаанбаатар хотоос худалдаж авсан ягаан өнгийн хэрэглэж байсан, эмэгтэй футболк, 1 ширхэг, үнэ 53,940 төгрөг.” дүгнэлт (хавтаст хэргийн 36-39 дэх тал)-ээр, мөн шатахууны зардал 200,000 төгрөг, компьютер томографын шинжилгээний 27,000 төгрөгийн баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эдгээр нэхэмжлэлүүдийг шүүх хангаж шийдвэрлэв.

Иймд шатахууны зардал 200,000 төгрөг, компьютер томографын шинжилгээний 27,000 төгрөг, футболкны үнэ 53,940 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 3,293,400 төгрөг, нийт 3,574,340 төгрөгийг хангаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бгээс толгойгоо бариулсан гэх 50,000 төгрөгтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул 50,000 төгрөгийн хохирол төлбөрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч, хохирогч нар шүүх хуралдааны явцад шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 3,574,340 төгрөгийн хохирлын талаар эвлэрч, 4 сарын хугацаанд нэг сая төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.                   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Ба-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч нар нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Ба-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Шүүгдэгч О.Ба нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.          

Шүүхээс шүүгдэгч О.Ба-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ба-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ба-т шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.    

Бусад асуудлаар.

Шүүгдэгч О.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ба-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ө овгийн О-ын Ба-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ба-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ба-т шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ба-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ба-ээс эмчилгээ, эд хөрөнгө, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нийт 3,574,340 (гурван сая таван зуун далан дөрвөн мянга гурван зуун дөч) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлээс 50,000 (тавин мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.      

6. Шүүгдэгч О.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Ба-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ