Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 201/МА2019/0002

 

А.Огийн нэхэмжлэлтэй, Дорнод аймаг

дахь Боэтд холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран, нэхэмжлэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 138/ШШ2018/00907 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлоор А.Огийн нэхэмжлэлтэй, Дорнод аймаг дахь Боэтд холбогдох БОЭТ-ийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрүү нүүрний мэс заслын кабинетын хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд шилжүүлэхэд буурсан цалингийн зөрүү, нэмэгдэл 394000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр даалгах тухай гомдолтой иргэний хэргийг 2019 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2005 оноос эхлэн Дорнод аймгийн БОЭТ-ийн ЭНМЗ-н сувилагчаар ажиллаж ирсэн. 2008 онд ЭНМЗ-ийн хагалгааны сувилагчийн мэргэжил олгох курсыг төгсөж 2016 онд энэ чиглэлээр нүүр ам судлалын ахлах зэргийг хамгаалсан. Ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдсан зүйл байхгүй. Гэтэл 2018 оны БОЭТ-н захирлын Б/56 дугаар тушаалаар намайг эрүү нүүрний мэс заслын хагалгааны сувилагчаас чөлөөлж цахим лавлагааны бүртгэлийн сувилагчаар томилсон нь миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн. Миний өмнө ажиллаж байсан сувилагчийн албан тушаал одоог хүртэл хэвээр хадгалагдаж байна. Манай байгууллага ямар нэгэн бүтцийн өөрчлөлт хийгдэж орон тоо цөөрсөн хасагдсан зүйл байхгүй. Энэ талаар надад хуульд заасан хугацаанд мэдэгдэл, сонсгох ажиллагаа хийгдээгүй. Миний албан тушаалын зэрэглэл цалингийн шатлал ТҮЭМ 4-ийн 4 байсныг ТҮЭМ 3-ын 4 болж буурсан. Иймд захирлын тушаалыг хүчингүйд тооцож өмнө ажиллаж байсан эрүү, нүүрний мэс заслын хагалгааны сувилагчийн үүрэгт ажилд эргүүлэн тогтоолгох, өөр ажилд шилжүүлэхэд буурсан цалингийн зөрүү нөхөн олговор шүүхийн шийдвэр гаргах өдрөөр тооцож гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О нь Дорнод аймаг дахь Боэтийн захирлын 2018 оны Б/56 дугаартай ажлаас шилжүүлсэн, илт хууль бус тушаалын Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, энэ хугацааны цалингийн зөрүү 394 000 төгрөг гаргуулах, өмнөх ажилд нь эгүүлэн томилж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрийн үйлчилгээний албан хаагчтай холбогдох харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ёстой. Тус тушаал нь БОЭТ-ийн захирлын эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар гарсан тушаал гэж үзэж байна. Учир нь тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан байдаг. Энэ хөтөлбөрөөс хойш дараагийн засаглал гарч хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. 2012-2016 онд цахим бүртгэлийн хөтөлбөр батлагдаад хэрэгжиж дууссан байдаг. Энэ тушаал нь хууль, эрх зүйн үндэслэл муутай тушаал гэж үзэж байна. Тухайлбал Б/56 тоот тушаал нь өөр ажилд шилжүүлэх тухай гэж эхэлсэн байдаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно” гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд Ог өөр ажилд шилжүүлэн томилсон бол 45 хоног хүртэл хугацаагаар шилжүүлэх ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хууль болон түүнийг дагаж гарсан дүрэм журамд зааснаар ажилтанг сахилга, хариуцлагын асуудлаар эсхүл бүтцийн өөрчлөлтийн асуудлаар ажлаас халах ёстой байдаг. О нь Хөдөлмөрийн гэрээгээ сайн биелүүлж, хангалттай үнэлүүлж, авах ёстой нэмэгдэл урамшууллаа бүрэн авсан байдаг. Бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар зохицуулагддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажлаас халах үндэслэл болно” гэж заасан байдаг. Боэтийн хувьд бүтцийн өөрчлөлт хийгдсэн зүйл байхгүй бөгөөд Эрүү нүүрний кабинетийн мэс заслын хагалгааны сувилагчийн орон тоо нь хэвээр хадгалагдаж байгаа. Иймд Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирал нь өөрт олгогдоогүй эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг байгууллагыг захиргааны байгууллага гэж үздэг. Захиргааны байгууллага нь ажилтны эрх, хэм хэмжээг зөрчсөн шийдвэр гаргасан тохиолдолд энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийж ажилтны тайлбарыг заавал авах ёстой байдаг. Энэ сонсох ажиллагааг огт явуулаагүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т зааснаар “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлнэ” гэж заасан байдаг. Нэмэлт нотлох баримтаар гаргаж өгсөн хуралдааны тэмдэглэлээс харахад 6 ажилтны асуудлаар өөрсдөөс нь асуусан, сонссон, тайлбар авсан зүйл байхгүй байгаа нь харагдаж байна. Уг тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан “утга агуулгын илэрхий алдаатай захиргааны илт хууль бус акт байна” гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан бол”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол захиргааны илт хууль бус акт болно” гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиар өөр ажилд шилжүүлэхийг тодорхой заасан байдаг атал тус заалтыг баримталж ажиллаагүй нь харагдаж байна. 1996 оноос Эрүү, нүүрний мэс заслын кабинет нь үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хугацаанд эмч, сувилагч гэсэн орон тоотой үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Ажлын байрны тодорхойлолт болон орон тооны бүтцэд сувилагчийн орон тоо зайлшгүй байх ёстой болох нь харагдаж байгаа. Орон тооны бүтэц өөрчлөгдөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдаж байгаа. О нь өөр ажилд шилжсэнээрээ эрх зүйн байдал нь дордож цалингийн зэрэглэл буурсан. Эрүү, нүүрний мэс заслын сувилагч хэвийн бус нөхцлийн 10 хувийн нэмэгдэл авдаг. Энэ нэмэгдэл олгогдохгүй болсон. Мөн зэрэглэл буурснаас болж цалингийн зөрүү гарч ирсэн. Огийн хуучин ажил хэвээр хадгалагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Одоо Огийн хийж байгаа ажил нь дугаар олгодог ажил юм. О нь өдөртөө 600-аас 800 хүнд дугаар олгож ажилладаг. О нь мэргэжлийн ахлах зэрэгтэй, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн, мэргэжлийн дипломтой. Ийм ажилтныг бэлэн байгаа орон тоон дээр нь ажиллуулахгүйгээр өөр ажилд ажиллуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Отай 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ одоо ч цуцлагдаагүй явж байгаа. О нь одоо ахлах зэрэгтэй ажиллаж байгаа бөгөөд 2020 онд тэргүүлэх зэрэг авах боломж нь ажлаас чөлөөлөх шийдвэр гарснаас болж хаагдаж байгаа юм. Эрүү нүүрний кабинетад баримтлан ажиллах эмчилгээ оношлогооны 13 стандарт байдаг. Үүнийг Стандарт хэмжил зүйн үндэсний төвөөс баталж гаргадаг. Энэ стандартын 12-т эмчлэх, сувилах эрх бүхий өндөр нарийн мэргэжлийн эрүү, нүүрний мэс заслын эмч нарын баг эрүү хадах мэс заслыг хийнэ гэж заасан байдаг. Энэ заалтад сувилагчтай байх ёстой гэж тусгасан байгаа. Мөн хоншоорын үүдэн ба соёо шүдний мэс ажилбар хийх стандартын 16-д зааснаар эмчлэх, сувилах эрх бүхий нүүр, амны эмч, сувилагчийн хамт мэс ажилбар хийнэ гэж заасан байдаг. Эрүүл мэндийн газрын 2018 оны албан бичигт тус кабинет нь дан ганц эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй юм байна, сувилагч ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Эрүү нүүрний кабинетын эмч нь би дүрэм журмын дагуу сувилагчтай ажиллах ёстой гэдгээ хэлж байгаа. Хуульд дүрэм журамд эмч, сувилагчтай ажиллах ёстой байтал ямар үндэслэлээр сувилагчгүй ажиллуулж байгаа нь тодорхойгүй байна. Боэтийн захирлын тушаал нь Огийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илтэд хууль бус тушаал байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэжээ.

           Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж болохгүй гэсэн үүднээс цалингийн зөрүүг олгосон. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлаагүй, Засгийн газрын хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дууссан гэж тайлбарлаж байна. Тус стандарт 2012-2016 онд батлагдсан нь үнэн. Гэвч 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс цахим эрүүл мэнд хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр болсон. Дорнод аймгийн Боэтийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн удирдлагын зөвлөлийн хурлаар О болон бусад ажилтны асуудлыг шийдвэрлэсэн байдаг. О, Г, Х, О нар нь тус хуралд оролцож байгууллагын шийдвэрийг дагана гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэдгээр ажилчидтай уулзан ярилцаж захиргааны санаачилгаар өөр ажилд шилжүүлсэн байдаг. Өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан цалин буурсан шалтгааныг бүрэн арилгасан гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээнд тусгасан заалтын дагуу Ог өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дурдсан стандартад тусгагдсан мэс ажилбарыг хийх шаардлагатай болбол мэргэжлийн сувилагчийг оролцуулан мэс ажилбар хийх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан цалингийн зөрүүг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 138/ШШ2018/00907 дугаар шийдвэрээр:

1/ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Ог БОЭТ-ийн эрүү нүүрний мэс заслын кабинетийн хагалгааны сувилагчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож,

            2/ Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар БОЭТ-өөс 290563 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Од олгож, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/56 тоот тушаалыг хүчингүй болгох, 103437 төгрөгийг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

            3/ Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч А.Огийн Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үүрэг болгож,

            4/ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

5/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч БОЭТ-өөс 131640 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулж, ...шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: “Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч би Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 138/ШШ2018/00907 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Уг шийдвэрээр А.Ог БОЭТөвийн эрүү нүүрний мэс заслын кабинетийн хагалгааны сувилагчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас 290563 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

БОЭТөвийн захирлын 2018 оны 09 сарын 20-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчийг байлцуулан өөрт нь танилцуулж удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж уг асуудлыг шийдвэрлэсэн. Мөн Цахим эрүүл мэнд хөтөлбөр нь өмнөх засаглалын үед батлагдсан боловч уг хөтөлбөрийг 2018 оны 03 сарын 07-ны өдрөөс эхлэн хэрэгжсэн. Үүний дагуу энэ хөтөлбөр Дорнод аймагт ч одоо цаг үед хэрэгжиж байна. БОЭТөв нь нэг ч гэсэн ажилтнаа хортой нөхцлөөс энгийн нөхцөлд шилжүүлэн ажиллуулж байгаа болно. 2018 оны 09 сарын 04-ний өдрийн удирдлагын зөвлөлийн хуралд нэхэмжлэгч болон нэр бүхий хүмүүсийг оролцуулан зөвшөөрлийг авсан тухай баримт нь хурлын тэмдэглэлээр баталгаажсан болно. Мөн хөдөлмөрийн гэрээнд ч тодорхой тусгасан байгаа. Түүнээс гадна ажилтны цалин хөлс буурсан нөхцөл байдлыг удирдлагын зүгээс бүрэн арилгасан гэж үзэж байгаа бөгөөд 290563 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, А.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.О нь Боэтийн захирлын 2018 оны Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө хариуцан ажиллаж байсан эрүү, нүүрний мэс заслын хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд шилжүүлэхэд буурсан цалингийн зөрүү олговрыг нөхөн гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Дорнод аймгийн Боэтийн захирал нь 2018 оны 09 сарын 20-ны өдөр Б/56 дугаар тушаал гаргаж, А овогтой Ог “эрүү нүүрний мэс заслын сувилагчаас чөлөөлж, цахим лавлагааны бүртгэлийн сувилагч”-аар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс томилон ажиллуулж, ажилтан А.Ог өмнөх ажлаас нь чөлөөлж, өөр ажилд томилон шилжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан бүхий цахим системийг нэвтрүүлэхтэй холбогдуулан удирдлагын зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэл болгожээ. /хх-ийн 6 дахь тал/ 

Ажил олгогч Боэт нь 2015 оны 04 сарын 01-ний өдөр ажилтан А.Отай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “Ажлын байрны буюу албан тушаалийн нэр, ажил мэргэжлийн код”: гэдэгт “эрүү нүүрний мэс заслын хагалгааны сувилагч” гэж, гэрээний 3 дугаар зүйлийн 3.9-д “хөдөлмөрийн гэрээ хугацаагүй” байхаар тус тус заасан байна.

Ажилтан А.О нь 2005 оноос Дорнод аймгийн Боэтд сувилагчаар, 2006 оноос эрүү нүүрний мэс заслын сувилагчаар 2018 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл ажилласан ба ажиллах хугацаандаа 2008 онд “Эрүү нүүрний мэс заслын хагалгааны сувилагч”-ийн мэргэжил эзэмшсэн, 2016 онд “Нүүр ам судлалын сувилагч” мэргэжлээр “Ахлах” зэрэг олгогдсон, мөн 2016 онд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яамнаас “Сувилах” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон ба дээрх баримтуудаар ажилтан А.Ог эрүү нүүрний мэс заслын хагалгааны мэргэшсэн сувилагч гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн  12-14 дэх талууд/

Хариуцагч тал болох ажил олгогч нь ажилтныг өөр ажилд шилжүүлэхдээ түүний зөвшөөрлийг авсан гэж маргажээ. 

Ажил олгогч талын нотлох баримтаар өгсөн Дорнод аймгийн БОЭТөвийн удирдлагын зөвлөлийн 14 дугаар хурлын тэмдэглэлээр ажилтан А.Ог өөр ажилд шилжүүлэхдээ түүнээс зөвшөөрөл авсан гэдэг нь нотлогдохгүй байна. /хх-ийн 53-56 дахь талууд/

Түүнчлэн ажил олгогч Боэтийн захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлалгүй, ажилтны зөвшөөрөлгүйгээр А.Огийн урьд эрхэлж  байсан ажил, албан тушаалыг өөрчилсөн нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, түүний эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр болсон байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 31, 32 дугаар зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж ажилтан А.Ог Дорнод аймгийн Боэтийн эрүү, нүүрний мэс заслын кабинетын хагалгааны сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилтан А.Ог өөр ажилд шилжүүлсэнтэй холбоотой цалингийн зөрүүг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг ажил олгогч Боэтд үүрэг болгож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагатай нийцсэн байна.

Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа тооцооны алдаа гаргасан байх тул зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Боэтөөс улсын тэмдэгтийн хураамжид 79567 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 138/ШШ2018/00907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын “ ... 131640 төгрөг ...” гэснийг “ ... 79567 төгрөг...” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Дорнод аймгийн Боэтөөс улсын тэмдэгтийн хураамжид 79567 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                  ШҮҮГЧИД                                                                 Ж.ДОЛГОРМАА

                                                                                                    З.ЭНХЦЭЦЭГ