Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч З.Эрдэнэболд, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бутангууд овогт Занаагийн Эрдэнэболдод холбогдох эрүүгийн 201725020054 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Бутангууд овогт Занаагийн Эрдэнэболд, Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 188 дугаар гудамжны 31 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд нь Увс аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн /РД:ОЭ81121113/;

 

Шүүгдэгч З.Эрдэнэболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 10-614 тоотод хамтран амьдрагч Г.Түмбаярыг “халхын гуйлагчингууд машин унагаасан” хэмээн уурлан, сууж байсан хуванцар сандлаараа түүний зүүн гарыг цохиж зүүн гарын богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Эрдэнэболд мэдүүлэхдээ: “...12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө би хохирогчид согтуу агсам тавьж, хуванцар сандлаар хохирогчийн гарыг нь цохисон. Тухайн үед би тасарсан байсан болохоор болсон үйл явдлыг сайн мэдэхгүй байсан. Болсон үйл явдлын талаар хохирогчоос маргааш нь асуухад “надад чи агсам тавьсан” гэж хэлсэн. Хохирогч ээж рүү минь ярьж хүүхэд чинь согтуу миний гарыг хугалсан ирж хүүхдээ ав гэж хэлсэн байсан. Тэгээд ээж минь ирж намайг авч явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Хохирогч Г.Түмбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэболд хоолоо хийчихээд “байр орчихоод ирье” гээд гараад явсан. Тэгээд тэр шөнө 00:30 цагийн үед ирсэн. Ирэхдээ 0,33 литрийн архи барьчихсан орж ирсэн. Тэр архи уугаад согтсон. Тэгээд бид 2 юм яриад би кино үзээд орон дээр хэвтэж байсан. Тэгтэл Эрдэнэболд гэнэт “Халхын гуйлагчингууд машин унагаасан” гээд өөрийнхөө сууж байсан хуванцар сандалыг аваад намайг цохисон. Тэр үед би хэвтэж байсан болохоор зүүн гараараа хаасан, миний гарын шуун дээр цохисон. Сандал цаашаа даваад унасан. Эрдэнэболд цаашаа эргээд халуун савтай цай, аяга таваг байсан ширээг хөмөрч хаясан. Тэрнээс нь намайг оносон зүйл байхгүй. Тэгээд дахин хуванцар сандал бариад над руу ирэхээр нь би айгаад аргадаж тайвшруулж байгаад цохихыг нь болиулсан. Тэгээд би хүү рүүгээ залгаж хэлсэн. Хүү Гансэлэм хүрч ирээд Эрдэнэболдын ээж аавруу нь ярьж "хүүхдээ ав" гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очиж гарынхаа зургийг авахуулаад гипсдүүлээд ирсэн...Эрдэнэболдод өөрийнх нь эзэмшилд Приус-10 маркийн 07-83 УНГ улсын дугаартай суудлын автомашин байсан. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шөнө Гансэлэм, Эрдэнэболд бид 3 Говь-Алтай аймаг руу явсан. 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар руу буцсан. Манай хүү Гансэлэм машиныг нь барьж яваад Төв аймгийн Эрдэнэсант сумын орчинд онхолдсон юм. Тухайн үед машин нь бүтэн эргэчихсэн юм... Түүнээс хойш архи уухаараа “машин унагааж эвдэлсэн” гэж агсам тавьдаг. Манай хүү машиныг нь унагаасан хойш 100,000 төгрөг өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-17/,

 

Гэрч Э.Гансэлэм мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн үед ээж над руу утсаар залгаад ээж нь Эрдэнэболдод зодуулчихлаа, хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би явж очсон. Намайг очиход ээж зүүн гараа барьчихсан сандал дээр сууж байсан ээж гар эвгүй болчихлоо, Эрдэнэболд сандалаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарыг харсан чинь шуугаараа мушгирсан байдалтай байсан, тэгэхээр нь би хараад хугарсан гэж ойлгосон. Хажууд нь Эрдэнэболдод согтуу агсам тавьсан байдалтай гэр орных эд зүйлсийг бусниулчихсан, аяга таваг хагалсан байдалтай байсан…” гэсэн мэдүүлэг /хх-19/,

 

Гэрч Д.Оюунцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Эрдэнэболдын хамтран амьдрагч Түмбаяр утасдаад “Эрдэнэболд энд согтуу байна, миний гар хугарчих шиг боллоо” гэсэн. Намайг 7 өнгөрөөгөөд очиход гэмтлийн эмнэлэгт зүүн гараа гипсдүүлээд ирж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-23/,

 

Гэрч З.Батчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Түмбаяр гараа

 

гипсдүүлчихсэн байсан. Бид нарыг очиход цагдаад дуудлага өгнө гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-25/,

 

Шүүгдэгч З.Эрдэнэболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би өөрийн эзэмшлийн Приус-10 маркийн машинаараа таксинд явж байгаад ирсэн. Ирэхдээ 1 шил 0,35 литрийн архи авчраад гэртээ уусан. Тэрнийг ууж дуусчихаад гэрт байсан 0,35 литрийн 1 шил архийг уусан. Тэгээд согтоод тасарчихсан байна лээ...Түмбаяраас юу болсон тухай асуухад “чи өчигдөр орой зурагт үзээд хэвтэж байхад хэрүүл өдөөд байсан. тэгээд сандал аваад цохихоор нь гараараа хаасан чинь миний зүүн гарыг хугалсан” гэж хэлж байсан. Тэгээд би мэдсэн юм. Түмбаяр Гансэлэм гэдэг 25 настай нэг хүүтэй юм. Тэгээд өнгөрсөн 10 дугаар сард Түмбаяр, Гансэлэм бид нар Говь-Алтай аймаг руу хувийн ажлаар явсан юм. Буцаж ирэхдээ хүү Гансэлэм нь миний приус-10 маркийн машиныг жолоодож яваад унагаагаад эвдчихсэн юм...Тэрнээс болж би архи уухаараа энэ тухай ярьдаг юм шиг байна лээ…” гэсэн мэдүүлэг /хх-39/,

 

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12 /,

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 892 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Г.Түмбаярын биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-27/,

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, бусад баримт /хх-29-33/,

 

Шүүгдэгч З.Эрдэнэболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-45, 70/,

Сонгонохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-48/,

Шүүгдэгч З.Эрдэнэболдын хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-50-62/,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримт /хх-63/,

Хохирогч Г.Түмбаярын “З.Эрдэнэболдод гомдолгүй” гэх хүсэлт /хх-82/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч З.Эрдэнэболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 10-614 тоотод хамтран амьдрагч Г.Түмбаярыг “халхын гуйлагчингууд машин унагаасан” хэмээн уурлан, сууж байсан хуванцар сандлаараа түүний зүүн гарыг цохиж зүүн гарын богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь,

хохирогч Г.Түмбаярын “…Эрдэнэболд гэнэт “Халхын гуйлагчингууд машин унагаасан” гээд өөрийнхөө сууж байсан хуванцар сандалыг аваад намайг цохисон. Тэр үед би хэвтэж байсан болохоор зүүн гараараа хаасан, миний гарын шуун дээр цохисон. ...би гэмтлийн эмнэлэг дээр очиж гарынхаа зургийг авахуулаад гипсдүүлээд ирсэн... Манай хүү Гансэлэм З.Эрдэнэболдын машиныг нь барьж яваад Төв аймгийн Эрдэнэсант сумын орчинд онхолдсон юм. Тухайн үед машин нь бүтэн эргэчихсэн юм... Түүнээс хойш архи уухаараа “машин унагааж эвдэлсэн” гэж агсам тавьдаг. Манай хүү машиныг нь унагаасан хойш 100.000 төгрөг өгсөн…” гэх /хх-17/,

гэрч Э.Гансэлэмийн “…ээж нь Эрдэнэболдод зодуулчихлаа, хүрээд ир гэсэн. ...Намайг очиход ээж зүүн гараа барьчихсан сандал дээр сууж байсан ээж гар эвгүй болчихлоо, Эрдэнэболд сандалаар цохичихлоо гэж хэлсэн.” гэх/хх-19/,

гэрч Д.Оюунцэцэгийн “...Түмбаяр утасдаад “Эрдэнэболд энд согтуу байна, миний гар хугарчих шиг боллоо” гэсэн.” гэх/хх-23/,

гэрч З.Батчимэгийн “...Түмбаяр гараа гипсдүүлчихсэн байсан. Бид нарыг очиход цагдаад дуудлага өгнө гэж байсан.” гэх/хх-25/,

хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12 /, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-14/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 892 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Г.Түмбаярын биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх/хх-27/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, бусад баримт /хх-29-33/, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримт /хх-63/ болон шүүгдэгч З.Эрдэнэболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

З.Эрдэнэболдод Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Г.Түмбаяр нь “гомдолгүй” гэж бичгээр гаргасан хүсэлтийг харгалзаж мөн шүүгдэгч З.Эрдэнэболдын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүнд оногдуулах ял шийтгэлийг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн хохирогч Г.Түмбаяр нь биеийн эрүүл мэндэд учирсан гэм хорын талаарх нотлох баримтыг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд ирүүлээгүй ба шүүхэд бичгээр гаргасан “миний бие З.Эрдэнэболдод гомдолгүй болно” гэсэн хүсэлт, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.2 дахь хэсэгт заасан “баримт сэлт гаргаж өгөх”, 42.3.4 дэх хэсэгт заасан “шүүх хуралдаанд оролцох” эрхээр нь хангасан байхад шүүхийн дуудсанаар ирээгүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг рентген зургийг хохирогч Г.Түмбаярт буцаан олгож, 1 ширхэг сандлыг устгахыг Эд мөрийн баримт устгалын комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Эрдэнэболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Бутангууд овогт Занаагийн Эрдэнэболдыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар З.Эрдэнэболдыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар З.Эрдэнэболдод оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг рентген зургийг хохирогч Г.Түмбаярт буцаан олгож, 1 ширхэг сандлыг устгахыг Эд мөрийн баримт устгалын комисст даалгасугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, З.Эрдэнэболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар З.Эрдэнэболдод оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн  1 дүгээр хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Эрдэнэболдод урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч

нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Эрдэнэболдод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР