Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 58

 

 

     Б.М-д холбогдох эрүүгийн

                 хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 464 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай Б.М-д холбогдох, 2035000500139 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул нар оролцов.

Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Увс аймгийн ...... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ...., ............ нарын хамт Увс аймгийн ............ сумын ....-р багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, М ургийн овогт Б-ын М /Регистрийн дугаар: ............../

Шүүгдэгч Б.М нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг 029 тоот хашаанд байрлах  иргэн Б.Ш-ийн ажлын байрнаас 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Samsung S8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 320,000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М ургийн овогт Б-ын М-д холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд “Хэргийг прокурорт буцаах тухай” 464 дүгээр захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Увс аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байна.

Шүүх Эрүүгийн 2035000000139 дугаартай хэрэгт мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ”-г тогтоогоогүй байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг эргэлзээгүй, бүрэн гүйцэт тогтоох зайлшгүй шаардлагатай байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Т нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол үйлдэж, шинжээчээр “Г Э” ХХК-ийг томилсон байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадварыг тодруулахын зэрэгцээ шинжээч нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасан шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд байх шаардлагыг хангасан байх ёстой.

Шүүгдэгч Б.М-д холбогдох хэрэгт шинжээч томилсон тогтоолд “Г Э” ХХК-д даалгаж, шинжээч Д.Г-д хууль сануулж хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт гаргасан байх тул тусгай зөвшөөрөл бүхий Д.Г-ын гаргасан үнэлгээний дүнг үндэслэлгүй гэж үзэх нь учир дутагдалтай юм.

Шинжээч Д.Г нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргахдаа Г Э ХХК-ийн өөрийн мэдээллийн сан болон Увс аймгийн зах зээлийн мэдээлэлд үндэслэн 20/41 дугаартай дүгнэлтийг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, шинжээч нь ямар баримтад үндэслэн тухайн Samsung S8 загварын гар утсыг 320,000 /гурван зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлсэн талаараа дүгнэлтдээ тодорхой тусгасан байна.

Иймд шинжээч томилж, дүгнэлт гаргах ажиллагаа нь хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул “Г Э” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 20/41 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, тухайн дүгнэлтийг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Мөн шүүх нь шүүгдэгч Б.М-аас хохирогч Б.Ш-ийн эзэмшлийн Samsung S8 загварын гар утсыг мөрдөгч С.Т 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хураан авч, “Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/ үйлдсэн байна. Энэхүү ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулсан атлаа мөрдөгч энэ талаараа боломжит хугацаанд буюу прокурорт мэдэгдээгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөгч...эд зүйл..хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулна” гэж, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно”, 2 дахь хэсэгт энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ” гэж тус тус заасныг мөрдөгч зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуул ийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан байх тул яллах дүгнэлтэд дурдагдсан эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/ болон тухайн хураан авах ажиллагаанд үндэслэгдэж хийгдсэн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/ зэргийг нотлох баримтаар тооцох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл мөрдөгч шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Мөрдөгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн ажиллагаа юм.

Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Т нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “эд зүйл хураан авсан тэмдэглэл”-ээр иргэн Б.М-аас хохирогч Б.Ш-ийн Samsung S8 загварын гар утсыг хураан авахдаа прокурорын зөвшөөрөлгүйгээр хураан авч, дараа нь прокуророор тухайн эд зүйл хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх боловч шүүх эд зүйл хураан авах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдлийг зөрчил гаргасан шатанд нь засуулахаар буцаасан нь үндэслэлгүй юм.

Учир нь тухайн хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авах ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн зөрчлийг мөрдөн шалгах ажиллагаагаар дахин зөвтгөх боломжгүй, уг эд хөрөнгийг хохирогчид буцаан олгосон тул бусад нотлох баримтыг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Иймд эд зүйл хураан авах ажиллагааг зөрчил гаргасан шатанд нь засах боломжгүй бөгөөд дахин прокурорын зөвшөөрлөөр, эсхүл прокурорын хүчинтэйд тооцох тогтоол гаргаснаар хэргийн нөхцөл байдалд өөрчлөлт орохгүй юм.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй нотлох баримтыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “...Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” байх гэсэн заалтыг баримталж, бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон эсэхэд бодит дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байсан.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 464 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 10 дугаар  сарын 05-ны өдрийн 464  дүгээр  “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.М-д  холбогдох,  2035000000139  дугаартай эрүүгийн  хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Увс аймгийн Прокурорын газраас Б.М-ыг 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг 029 тоот хашаанд байрлах Б.Ш-ийн ажлын байрнаас түүний Samsung S8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  “эд хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүйгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй, мөн шүүгдэгч Б.М-аас хохирогч Б.Ш-ийн эзэмшлийн Samsung S8 загварын гар утсыг хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн хэмээн дүгнэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр  прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагааг хянаад Б.М-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад   үнэлэлт өгч, шаардлагатай тохиолдолд хохирогч, гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулан, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоон шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар  хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь  үйлчлүүлэгчтэй  харилцан тохиролцож, эсвэл хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр эд хөрөнгийн үнэлгээ хийж, эд хөрөнгийн үнэ цэнийг тогтоохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.М-д холбогдох хэрэгт мөрдөгч С.Т 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол үйлдэж, шинжээчээр “Г Э” ХХК-ийг томилж, шинжээч Д.Г-д холбогдох хуулийг сануулсан баримт хэрэгт авагдсан байна.

Энэхүү мөрдөгчийн тогтоолыг үндэслэн эд хөрөнгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Г Э” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Д.Г нь Увс аймгийн Улаангом суманд Samsung S8 загварын гар утас /хуучин/-ны зах зээлийн үнэ цэнэ 2020 оны 8 дугаар сарын байдлаар 320.000 /гурван зуун хорин мянга/  төгрөг болохыг “Г Э” ХХК-ийн мэдээллийн сан болон Увс аймгийн зах зээлийн үнийн  мэдээлэлд үндэслэн гаргаж, үнэлгээг баталгаажуулсан байна.

Шинжээч томилж, дүгнэлт гаргах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, эрх бүхий этгээд эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх ба  энэхүү  эд хөрөнгийн үнэлгээг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцох боломжтой байна.

Мөн шүүгчийн захирамжид “мөрдөгч С.Т шүүгдэгч Б.М-аас хохирогч Б.Ш-ийн эзэмшлийн Samsung S8 загварын гар утсыг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөгч ...эд зүйл хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулна” гэж, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно”, 2 дахь хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ” гэж тус тус заасныг зөрчиж, прокурорын зөвшөөрөл аваагүй, прокурорт нэн даруй мэдэгдээгүй тул уг зөрчлийг зөрчил гаргасан шатанд нь засуулах”-аар  заажээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М-аас хохирогч Б.Ш-ийн гар утсыг  хураан авах ажиллагааг явуулахдаа прокурорын зөвшөөрөл аваагүй, мөн нэн даруй прокурорт мэдэгдэж зөвшөөрөлгүй явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцуулаагүй нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн боловч уг зөрчлийг засах боломжгүй ба энэхүү зөрчлийг засаагүй нь шүүхээс гарах шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзлээ. Учир нь:

  Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Т 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “эд зүйл хураан авсан тэмдэглэл”-ээр Б.М-аас хохирогч Б.Ш-ийн Samsung S8 загварын гар утсыг хураан авч, уг утсанд үзлэг хийж,  2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Б.М-д буцаан хүлээлгэн өгсөн байна. Хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авах ажиллагаа явуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн боловч уг эд хөрөнгийг хохирогчид буцаан олгосон, гар утсаа буцаан авсан талаараа хохирогч мэдүүлсэн зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. Хохирогч хулгайд алдсан гар утсаа мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан авсан байх тул зөрчлийг арилгуулах нэрийдлээр дахин хураан авах, үзлэг хийх зэрэг ажиллагаа явуулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй болно. 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 464 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 464 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.М-д холбогдох 2035000000139 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                               Н.МӨНХЖАРГАЛ